Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/226

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 1838000500085 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Н.

Шүүгдэгч М.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багт өөрийн гэртээ согтуугаар эхнэр М.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Цагдаагийн ахлагч Д.Э-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж модоор цохиж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багт өөрийн гэртээ согтуугаар эхнэр М.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Цагдаагийн ахлагч Д.Э-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж модоор цохиж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч М.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед манай нөхөр Н айлд очино гээд гэрээсээ гарсан юм. 17 цагийн үед би гэртээ түлээгээ хагалж оруулчихаад хүүхдээ цэцэрлэгээс авах гээд байж байхад нөхөр ирсэн. Нөхөр чи утсаа авахгүй байна, чам руу арав хорин удаа залгаж байхад чи утсаа авсангүй хэнтэйгээ яриад байгаа юм гээд уурлаад намайг цохиж аваад байсан. Тэгснээ чамайг ёстой ална гээд хутга аваад куртикны урд задгай хэсгээс нь татаж ирээд куртикийг хутгаараа зүсээд байсан. Хутгаа бол миний биенд хүргээгүй юм. Зүүн гар руу нэг удаа өшиглөсөн, нуруу руу цохисон, хамар руу цохисон чинь цус гарсан. Хамрын цусаа угааж байхад гарнаас цус гарч ирсэн. Н гэрээс хутга авч гарч ирэхээс өмнө миний баруун гарт ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Н намайг айлгаад хэсэг ухаан балартсаны дараа л миний баруун гарын ар хэсэгт хөндлөн зүсэгдсэн байсан. Цагдаа Э Н-д хандаж хоёулаа цагдаагийн байр хүртэл алхчихаад чи буцаад гэртээ ирээрэй гэж хэлэхэд Н хашаа руу гүйж ороод мод барьж гарч ирээд цагдаагийн зүүн гар руу цохисон. ...Н гэрээс хутга авч гарч ирэхээс өмнө миний баруун гарт ямар нэгэн гэмтэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 16 дугаар хуудас/,

Хохирогч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Жаргалант сумын цагдаагийн байрны үүдэн дээр цэнхэр дээлтэй, улаан өнгийн резинэн бээлий өмссөн 30 гаруй насны эмэгтэй уйлчихсан цагдаад дуудлага өгье гээд зогсож байсан. Би байрныхаа үүдэнд гараад уулзахад намайг манай нөхөр зодоод хутгалчихлаа гээд баруун гараа гаргаж үзүүлсэн. Уг зүссэн хэсгээс цус гарч байсан. Тэгээд нөгөө хүүхнийг дагуулаад гэр рүү нь явсан. Тэгээд гэрт нь орох гэхэд нэг залуу уйлчихсан гэрийнхээ зүүн талын орон дээр хутга бариад суусан байдалтай. Орж ирэх юм бол бүгдийг чинь ална шүү гэхээр нь юу болсон талаар асуухад би өнөөдөр архи уучихсан байна. Намайг эхнэр доромжлоод байна пиздаанууд аа гээд баруун гартаа барьсан хутгаа хоолойндоо тулгаад орж ирэх юм бол өөрийгөө ална шүү зайлаарай гээд орилоод байсан. ...Тэгээд нэрийг нь асуухад Н гэж надтай танилцсан. Тэгээд би цагдаагийн байр руу хамт очоод эргэж гэртээ ирээрэй гэж хэлэхэд шууд хашаа руугаа зугтаагаад орсон. Буцаж хашаанаас гарч ирэхдээ урт мод гартаа барьж ирээд над руу далайхаар нь зүүн гараараа хамгаалахад уг мод хугарч хугарсан хэсэг толгойн ар хэсэг рүү цохисон. Архи хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”2018 оны 01 дүгээр сарын 10-ны оройн 20 цагийн үед ажил дээрээ байхад цагдаа орж ирээд хүнд хутгалуулчихсан хүн авчирлаа. Та анхны тусламж үзүүлээд өгөөч гэсэн. Тэгээд тэр эмэгтэй баруун гарын ар хэсэгт нэг оёдол тавьж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Юу болсон талаар асуухад нөхөр нь гэртээ хоёр залуутай хамт архи уусан юм. Тэгээд нөхөр нь айлд очно гэж гараад буцаж гэртээ ирээд намайг цохиж зодсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаартай:

  1. М.О-н биед гэмтэл тогтоогдлоо.
  2. М.О-н биед баруун гарын сарвууны ар дээд хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 5 дугаар хуудас/,

       Хохирогч М.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай эвлэрлийн гэрээ /хх-ийн 3 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн 1838000500085 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Н нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-71 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч М.О, Д.Э нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838000500085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн урдаа цахилгаантай, цахилгааны хоёр талд халаастай, малгайтай зах хэсгээрээ цагаан цайвар үстэй, зүүн доод хэсэг, зүүн ханцуйны дээд хэсэгт урагдсан, зүүн энгэр дотор талдаа улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.О-т буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838000500085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч М.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Н-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      6. Эрүүгийн 1838000500085 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн урдаа цахилгаантай, цахилгааны хоёр талдаа халаастай, малгайтай зах хэсгээрээ цагаан цайвар үстэй, зүүн доод хэсэг, зүүн ханцуйны дээд хэсэгт урагдсан, зүүн энгэр дотор талдаа улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон куртик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.О-т буцаан олгосугай.

     8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НЯМСҮРЭН