Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/ма2018/01124

 

 

 

 

 

 

 

 

 

.Мөнхсүх, Я.Уранчимэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14ий өдрийн 102/ШШ2018/00805 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Сүхээд холбогдох,

Үхрийн үнэ 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Мөнхсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Амгалан

Хариуцагч: Д.Сүхээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Сүхээ манай улаан халзан, хээлтэй, гунжин үхрийг 2016 оны 8 дугаар сард бэлчээрээс хулгайлж авсан, Сонгинохайрхан дүүргийн цагдаад гомдол гаргахад түүнээс авсан мэдүүлгээр нотлогдоно. Манай тугалах үнээ өнөөдрийн ханшаар 2 000 000 төгрөгийн үнэтэй байгаа. Д.Сүхээ миний эзэмшлийн Пронтер машиныг мал, мотоцикл оролцуулан 2015 онд худалдаж авсан, мотоцикл нь бичиг баримтгүй надад ирсэн бөгөөд 2 жилийн татвар төлөөгүй байсан. Иймд Д.Сүхээгээс хулгайлж авсан үхрийн үнэ 2 000 000 төгрөг, мотоциклийн бичиг баримт гаргуулахыг хүсэж байна гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Сүхээ 2016 оны 8 дугаар сард Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нарын гэрт ирээд үхрийг нь асуугаад 3 настай гунжин үнээг нь аваад явсан байдаг. 2017 онд үхэр хулгайлсан тухай гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Д.Сүхээ нь Э.Мөнхсүхэд малчны шар гэх хөргөгчийг худалдсан боловч ажиллахгүй болохоор нь буцааж ав гэхэд маргаан үүсэж, хөлдөөгчийн үнэ гэж гунжин үхрийг нь бэлчээр дээрээс нь дур мэдэн аваад явсан байдаг. Э.Мөнхсүх нь Д.Сүхээгийн аваад явсан үхрийг хөргөгчийн үнэд ав гэж Д.Сүхээд хэлээгүй, тэр үхрийг зүсэлж өгөөгүй байдаг. Тухайн үед гунжин үхэр хээлтэй байсан тул өнөөдөр 3 толгой мал болсон байх ёстой. Д.Сүхээ шүүхэд гаргасан тайлбартаа хөлдөөгчний үнэ 800 000 төгрөгт гунжин үхэр авсан гэж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ дүнг багасгаж Д.Сүхээгээс 800 000 төгрөгийг, мөн өмнө нь эднийд худалдсан мотоциклийн бичиг баримтын хамт гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Я.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Сүхээ манайд малчны шар хөргөгч зарсан, үнэнд нь манай нөхөр үхэр оролцуулж төлнө гэж хэлж байсан боловч үхэр зүсэлж хэлээгүй байхад бидний зөвшөөрөлгүй манай үхрийг бэлчээрээс нь аваад явсан, түүний манайд худалдсан малчны шар хөлдөөгч ажиллахгүй байгаа буцааж өгнө гэжээ

Хариуцагч Д.Сүхээ шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн үхрийг хулгай хийж аваагүй, би Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нарт 2016 оны 05 дугаар сарын 20-ны үеэр өөрсдийнх нь хүсэлтээр малчны шар хөлдөөгч, 1 ширхэг 100 вт-ын аккумлятор, 60 вт-ын нарны толь өгсөн, хөлдөөгчнийхөө 800 000 төгрөгийн үнэнд нэг охин гунжин үхэр авсан, 100 вт-ын аккумлятор, 60 вт-ын нарны толийг Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нараар 25 ширхэг хонь маллуулсаны хөлсөнд өгсөн. Гэтэл энэ хүмүүс миний хонийг өөр хүмүүст миний зөвшөөрөлгүй маллуулахаар өгсөн байсан, тэр хүнээс нь хонио буцааж авах болоход миний хонийг өгөхгүй хөлс нэхсэн. Би хөлдөөгчний үнэд түүний өгсөн гунжин үхрийг авсан, энэ хавар л тугалах насны үхэр байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Д.Сүхээгээс 800 000 /найман зуун мянган/ төгрөгийг, DAYUN маркийн модел DY-150, VIN-L7GPCKLY1E404779, E6048344 дугаар бүхий PRODUCT CERTIFICATE, Нарны Буман Гэрэл ХХК-ийн албан тоотын бланк, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1005710, нэмэлт маягт 0517138 зэрэг баримтуудын хамт гаргуулан Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сүхээгээс 23 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Сүхээ давж заалдах гомдолдоо: ...Талуудын хооронд үүрэг үүссэн буюу арилжааны гэрээ хийгдэж худалдагч тал нь малчны шар хөлдөөгчөө Э.Мөнхсүх, Ч.Уранчимэг нарын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд Д.Сүхээ миний бие хөлдөөгчнийхөө хариу төлбөр болох үхрийг гэрээ байгуулагдсанаас хойш 3 сарын дараа өөрийн өмчлөлдөө авсан. Тухайн үед нэхэмжлэгч нар нь худалдсан хөлдөөгч болох үхэртэй холбогдуулан ямар нэг гомдол гаргаж байгаагүй. Түүнчлэн миний хариу төлбөрт авсан гунжин үхэр 2016 оны 3 дугаар улирлын байдлаар 500 000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. 800 000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгчийг 500 000 төгрөгийн гунжин үхрээр дүйцүүлэн харилцан үүргээ гүйцэтгэж дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Мөнхсүх, Я.Уранчимэг нар нь хариуцагч Д.Сүхээд холбогдуулан үхрийн үнэ 800 000 төгрөг гаргуулах, өмнө нь худалдсан мотоциклын бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх зохигчдын хоорондын маргааны харилцааг зөв тодорхойлж бусдын эд зүйлийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр олж авсантай холбоотойгоор үүсэх үүргийн талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв хэрэглэн шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Сүхээ нь нэхэмжлэгч нараас гунжин үхэр авсан үйл баримтын талаар маргаагүй, харин авсан үхрийг хөлдөөгчний үнэд тооцож авсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч нар няцаан малчны шар хөлдөөгчийн оронд үхэр зүсэлж хэлээгүй байхад зөвшөөрөлгүйгээр үхрийг бэлчээрээс нь аваад явсан гэж тайлбарласан тул хариуцагч нь хөлдөөгчний үнэд үхэр авах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон гэдгээ нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцсоноор тодорхой эд хөрөнгийг харилцан өмчлөлдөө шилжүүлэх эрх, үүрэг үүснэ. Хариуцагчаас авсан хөлдөөгчний оронд нэхэмжлэгч ньтухайн гунжин үхрийг өгөх талаар талууд тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан үхрийг бодитойгоор буцааж өгөх боломжтой гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлж гэж заасны дагуу уг үхрийн үнийг төлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №19/03 дугаартай Итгэлт-Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр гунжин үхэр 500 000 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байсан талаар дүгнэлт авагдсан байх тул энэ хэмжээгээр үхрийн үнийг гаргуулах нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт нийцнэ. /хх 30/

Тухайн гунжин үхэр тоо толгойн хувьд өссөн, ашиг шимээ өгсөн гэх баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүхээс гунжин үхэр нь тоо толгойны хувьд өсөж, улмаар тодорхой хэмжээгээр ашиг шимээ өгсөн байх магадлалтай гэж үзэж 800 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14ий өдрийн 102/ШШ2018/00805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэсний дараа 493 дугаар зүйлийн 493.2 гэж нэмж, 800 000 төгрөг гэснийг 500 000 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 93 950 төгрөг гэснийг 15 650 төгрөг гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Сүхээгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН