Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/378

 

 

 

 

 

   

 

2025           03             27                                          2025/ДШМ/378

 

 

Б.А-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/445 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр Б.А-т холбогдох 2405046350001 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Б-н А, 1989 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, Говь-Алтай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.. /;

Б.А- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүүхээ төвийн зогсоол дээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд “Toyota prius” маркийн - УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" заалтыг зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т холбогдуулан 2405046350001 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Прокурор Ч.Батбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.А- нь 2024 оны 10 сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.11-ний өдрийн 2276 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөг торгох шийтгэл хүлээсэн бөгөөд дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүүхээ төвийн зогсоол дээр 2024.11.05-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд, “Toyota prius” маркийн - УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж буюу санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэвч шүүхээс дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзэж “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Б.А-ын үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагад нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлж, шүүхээс шийтгэл оногдуулах шийдвэр гарах хүртэлх хугацаанд уг этгээд дахин ижил төрлийн зөрчил үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн тохиолдолд дээрх үйлдлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгтгэн шийдвэрлэх эсэх талаар хууль хэрэглээний нэгдмэл ойлголтой болох шаардлагатай байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:           

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, шинжлэн судалсан нотлох баримт болон тэдний санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтын эх сурвалжид  тулгуурлан, хэргийн бодит байдал, гэмт хэргийн шинж хангагдахгүй талаар дүгнэлт хийсэн  ба Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.   

Тийм учраас, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, түүний үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэлгүй, харин дүгнэлтийг дараах байдлаар тодотгож байна.       

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, тус зүйл дэх  хуульчлагдсан буюу аутентик тайлбарын нэгдмэл үзэл санаа, утга агуулгыг гуйвуулж,   алдагдуулах байдлаар хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.               

Б.А- анх 2024.10.31-ний шөнийн цагт тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон байх ба тус зөрчилд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.11-ний өдрийн 2276 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар түүнд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэх оногдуулсан” /хх-28-29/, цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаанд“...2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар 12 сарын хугацаагаар эрх хасагдсан...” гэж бүртгэгдсэн /хх-08/ байна.   

Гэвч Б.А- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.11-ний өдрийн 2276 дугаар шийтгэвэр гарахаас өмнө буюу анх үйлдсэн дээрх зөрчлийг нь шалгаж байхад 2024.11.05-ны өдөр мөн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон  зөрчил үйлдсэн нь илэрсэн байх тул тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэсэн шинж бүрэн хангагдахгүй гэж анхан шатны шүүхээс зохих үйл баримт, үндэслэлийн хүрээнд дүгнэсэн байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл дахь хуульчлагдсан тайлбарт:   

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно.” гэж хуульчилсан нь тухайн үйлдэл хийсэн жолоочийн хувьд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тухай эрх бүхий албан тушаалтны эсхүл шүүхийн шийдвэр холбогдох хууль тогтоомжийн дагуу албан ёсоор гарч, хүчин төгөлдөр болсон байхыг нэгэн зэрэг илэрхийлнэ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.   

Тодруулбал: “Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ” гэж,  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8, 7 дахь хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч өөрт нь харьяалуулсан зөрчлийн хэргүүдийг хянан шалгаж, шийдвэр гаргах буюу эрх хасах болон бусад шийтгэл оногдуулах эрхтэй, түүнчлэн Эрүүгийн шүүх нь харьяалуулсан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх буюу эрх хасаж, баривчлах зэрэг шийтгэл оногдуулах эрхтэй байхаас гадна Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нийтлэг үндэслэл, журмын хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зохих процессын хэлбэр, дарааллын дагуу хэрэгжиж, улмаар эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлд оролцогч гомдол, прокурор дүгнэлт бичих, мөн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэвэрт оролцогч  гомдол, прокурор эсэргүүцэл бичих зэргээр эрүүгийн хэргийн шүүхэд давхар хяналтын процесс ажиллагаа явагдах, эсхүл хуулиар тогтоосон хугацааны дотор эрх бүхий этгээдээс гомдол, дүгнэлт, эсэргүүцэл бичигдээгүй тохиолдолд зөрчил үйлдсэн  холбогдогчид оногдуулсан шийдвэр нь эцсийнх буюу хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болох зэргийг нарийвчлан  зохицуулсан байдаг.

 Хууль ёсны зарчим бол хууль тогтоох болон хууль хэрэглэх үйл ажиллагаанд заавал баримтлах суурь үзэл баримтлал болдог.  

Хууль ёсны зарчмын дагуу зөвхөн Эрүүгийн хуулиар тусгайлан тогтоосон үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцдог, Эрүүгийн хууль нь тодорхой зохицуулалттай ба шууд, яв цав хэрэгжих, хэрэглэгдэх үйлчлэл бүхий имперавтив хэм хэмжээ учраас тус хуулийг төсөөтэй хэрэглэх буюу үзэл бодол, төсөөлөх байдлаар хуульд байхгүй зүйлийг нөхөн гаргах, шинээр утга агуулга бий болгох зэргээр тайлбарлахыг хориглодог.

Мөн хууль ёсны зарчмын нэг чухал агуулга буюу хуулийг нэг мөр ойлгох шаардлага нь  хууль тогтоох ба хууль хэрэглэх үйл явцын хоорондын уялдаа хамааралтай, нэгдмэл, нийцэлтэй байх утга агуулгыг илэрхийлдэг.      

Өөрөөр хэлбэл, хуулийг зөв хэрэглэхийн тулд хуулийн бичвэрийн агуулгыг хянаж, зохих арга зүйг ашиглан тайлбарлах боломжтой боловч тухайн хуулийн бичвэрийн утга агуулга, тухайн хуулийг баталсан хууль тогтоогчийн үзэл санаа, зорилгыг гуйвуулж, алдагдуулах байдлаар тайлбарлан хэрэглэх боломжгүй байдаг.     

Аутентик тайлбар нь албан ёсны тайлбарын нэг төрөл бөгөөд эрх зүйн хэм хэмжээний акт батлан гаргах төрийн эрх бүхий байгууллага өөрийн батлан гаргасан эрх зүйн актын утга, агуулгыг тодотгон тайлбарлахад чиглэгддэг төдийгүй заавал биелэгдэх шинжийг агуулдаг.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, тус зүйл дэх аутентик тайлбар нь бүхэлдээ хууль зүйн шалгуурын хувьд ойлгомжтой, хоёрдмол утгагүй хуульчлагдсан байх ба тухайн аутентик тайлбар нь зорилго, утга агуулгаараа тухайн 27.10 дугаар зүйлийн 5 хэсгийн бичвэрийн утга агуулга, хэрэглэх нөхцөлийг шууд тодорхойлж, баталгаажуулсан байна.             

Тийм учраас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 хэсэг ба тус зүйл дэх аутентик буюу хуульчлагдсан тайлбарын нэгдмэл үзэл санаа, утга агуулга,  уялдаа хамаарал, нийцлийн шинжийг гуйвуулж, алдагдуулах байдлаар тайлбарлан хэрэглэх үндэслэлгүй гэж тодотгон дүгнэж байна.      

3. Б.А-т холбогдох тус гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь түүний хууль бус үйлдлийг зөвтгөсөн, эсхүл зөрчилд хүлээлгэх бусад хариуцлагаас чөлөөлж буй асуудал бишээс гадна түүний сүүлд үйлдсэн зөрчилд нь хууль зүйн бусад хариуцлага хүлээлгэх болон тус зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх процесс ажиллагаа нь эрүүгийн гэмт хэргээс жич шийдвэрлэгдэх буюу шүүхээс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж буй процесс ажиллагаанаас тусдаа хэрэгжих үндэслэл, журмыг Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан болно.          

Мөн зөрчлүүд тус бүр өөр цаг хугацаанд үйлдэгдэж төгссөн байх тохиолдолд үргэлжилсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хүлээлгэх шийтгэлийн төрөл, хэмжээг Зөрчлийн тухай хуульд заасан дээд хэмжээнд багтаан тогтоох болон бусад үндэслэл, журмыг Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 2.4 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 9, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, холбогдох бусад зүйлд тусгайлан зохицуулсан байх төдийгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлүүдийг заавал нэгтгэхгүй, нэгтгэх эсэх асуудал нь нэг үйлдэлтэй нийлмэл зөрчилд хамаарах үндэслэл бүхий болохыг тэмдэглэж байна.      

4. Иймд дээрх үндэслэл хүрээнд: Прокурорын бичсэн “анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ Б.А-ын үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн дээрх тохиолдолд зөрчлүүдийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгтгэн шийдвэрлэх эсэх талаар хууль хэрэглээний нэгдмэл ойлголтой болох шаардлагатай байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах” агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

5. Б.А-ын үйлдсэн дээрх зөрчлийн хувьд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй ховор тохиолдол байж болохыг үгүйсгэхгүй боловч цаашид  дээрх нөхцөл байдал давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд тухайн төрлийн зөрчлийг шалгах, хянан шийдвэрлэх процесс ажиллагааг даруй, хялбаршуулж явуулах, жолоодсон тээврийн хэрэгслийнх нь ашиглалтыг түр зогсоох болон хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад мөрдөн шалгах, эрх хязгаарлах ажиллагааг тэр даруй хэрэгжүүлэх зэрэгт анхаарал хандуулах нь чухал болохыг тэмдэглэж байна.             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/445 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.АЛДАР

 

                                   ШҮҮГЧ                                                    Д.ОЧМАНДАХ

 

                                   ШҮҮГЧ                                                    Г.ГАНБААТАР