| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03545/И |
| Дугаар | 191/ШШ2025/10341 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/10341
| 2025о 11 с 24ө | Дугаар 191/ШШ2025/10341 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, З.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,******* тоотод оршин суух, *** *** /рд: *** /-д холбогдох,
Гэм хорын хохиролд 20,299,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.*******, иргэдийн төлөөлөгч Г., нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн тогтоолын дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ү.******* нь улсын дугаартай, приус 30 маркийн автомашины өмчлөгч бөгөөд *** оны 11 сард тус автомашиныг худалдаж авсан. 2024 оны 12 сарын 21-ний үүрийн 04 цагт миний дагавар охин Т. нь найз Ө. хамт намайг унтаж байх хооронд миний автомашиныг найз Ө. нь жолоодон нууцаар авч гараад явсан байсан. Үүрээр 05 цагийн үед замын цагдаагаас над руу залгаж охин чинь авто осолд орсон, гэмтэл дээр хүрээд ирээ гэсний дагуу очиход машин авч явсан хоёр маань осолд орсон хүнд байдалтай байсан. Охин Т.д хүндэвтэр гэмтэл гарсан ба машин маань авах юмгүй гэмтэж тоосгон байшин мөргөсөн байдалтай байсан. Замын цагдаагаас Ө. дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч 2025.03.28-ны өдрийн Тээврийн прокурорын газрын тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгоод байна. Тогтоолын тогтоох хэсгийн 1-т ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, 3-т .... учирсан хохирлоо Ө.гийн хууль ёсны төлөөлөгч Г.аас гаргуулахаар хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Монгол улсын Иргэний хуулийн 497,499 дүгээр зүйлд зааснаар буруутай этгээдээр төлүүлж арилгуулахаар түүний оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу шүүхэд хандаж байна. Автомашинд учирсан хохирлыг хөрөнгө үнэлгээ хөрөнгө үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 18,975,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 1,064,000 төгрөг, оношилгоо 110,000 төгрөг, ачилтын машин 150,000 төгрөг буюу нийт 20,299,000 төгрөг болсон. Энэ талаараа Г. холбогдох би мэдэхгүй шүүх цагдаа чинь шийддэг юм байгаа биз гээд утсаа салгасан гэв.
Хариуцагч Г. шүүхэд тайлбар гаргаагүй.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эцэг эх нь насанд хүрээгүй хүн жолоо барьж бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явж болохгүй гэдэг ойлголтыг өгөөгүй гэм буруутай байна. Үүнээс болж өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг сүйтгэсэн гэм буруу байна. 3,800,000 төгрөгөөр машиныг зарсан бол хохирлоос хасч тооцох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-28-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ү.******* хариуцагч Г.д холбогдуулан гэм хорын хохирол болох авто машинд учирсан хохиролд 18,975,000 төгрөг, үнэлгээ хийсний хөлсөнд 1,064,000 төгрөг, оношлогооны төлбөрт 110,000 төгрөг, ачилтын машины зардалд 150,000 төгрөг, нийт 20,299,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
3. Хариуцагч Г.д шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 07 сарын 31-ний өдөр гардуулж өгсөн.
3.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш хуульд заасан хугацаа буюу 2025 оны 08 сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
4. 2024 оны 12 сарын 21-ний өдрийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн *** -р хороо, гудамжид насанд хүрээгүй Ө. тоёота приус маркийн улсын дугаартай авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас байшин мөргөсөн, үүний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч Т., Ө. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ү.*******ийн өмчлөлийн Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Тээврийн Прокурорын газрын 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-9-23/
4.1. Насанд хүрээгүй Ө.гийн үйлдлийн улмаас Ү.*******ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй., 503 дугаар зүйлийн 503.5-д Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ., 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
4.2. Осол хариуцагч Г.ын насанд хүрээгүй охин Ө.гийн шууд бус санаатай үйлдлийн улмаас гарсан байх тул хариуцагч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ү.*******ийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
4.3. Ү.*******ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 18,975,000 төгрөгийн эвдрэл хохирол учирч, үнэлгээ хийлгэсний хөлсөнд 1,064,000 төгрөг, оношлогооны төлбөрт 110,000 төгрөг, ачилтын машины зардалд 150,000 төгрөгийг тус тус төлсөн, нийт 20,299,000 төгрөгийн хохирол учирсан болох нь бэлэн мөнгөний орлогын баримтууд, Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байх тул хариуцагчид хариуцуулах үндэслэлтэй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй., 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заажээ.
4.4. Иргэдийн төлөөлөгч насанд хүрээгүй хүүхэд болон эцэг, эх гэм буруутай, хохирлоос авто машиныг зарсан 3,800,000 төгрөгийг хасах боломжтой гэж дүгнэлт гаргасан.
4.5. Иргэдийн төлөөлөгчийн гэм буруутай, хохирлыг багасгах гэх дүгнэлтийг шүүх харгалзан үзэх үндэслэлтэй байна.
4.6. Тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч Ү.*******ийн насанд хүрээгүй 14 настай охин Т.д жолооны эрхгүй үед авто машин жолоодож болохгүйг хэлж ойлгуулаагүй, түүний охин Т. өөрийн санаачлагаар авто машиныг жолоодож эхэлсэн, Ү.******* авто машины түлхүүрийг авах боломжийг олгосон зэрэг буруутай үйлдэл осол гарахад нөлөөлсөн нь тогтоогдож байх тул хохирлын хэмжээг багасгаж, хариуцагчаас нийт нэхэмжилсэн 20,299,000 төгрөгийн 30 хувь болох 6,089,700 төгрөгөөр бууруулан 14,209,300 төгрөгийг гаргуулах боломжтой гэж үзэв.
4.7. Иймд дээрх үндэслэлээр, хариуцагч Г.аас гэм хорын хохиролд 14,209,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.*******эд олгож, нэхэмжлэлээс 6,089,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан дүн 14,209,300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.аас гэм хорын хохиролд 14,209,300 /арван дөрвөн сая хоёр зуун есөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.*******эд олгож, нэхэмжлэлээс 6,089,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228,997 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
З.БАЯРМАА