Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1838004770266 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.М-,

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Г.Б-г үсдэж дарсан. ...гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...коридорт хана руу түлхэж зогсчихоод нүүр рүү цохиж маажин хамар мушгисан. Та нөхрөөсөө өөр хүнтэй явдаг чинь үнэн биз дээ гэсэн чинь босч ирээд намайг 2 үсдэж аваад ... зүүн хөл рүү хоёр удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч И.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хоёулаа барилцаад авахаар нь би босч ирээд та хоёр одоо гарцгаа гээд салгасан. ...Б.М- босч ирээд Г.Б-г үсдэж аваад доош дарахаар нь ... салгасан. Б.М- ... толгойгоор нь шал мөргүүлсэн асуудал байгаагүй” гэх мэдүүлэг /ххийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд удалгүй Г.Б- манай өрөөнд уйлж орж ирээд нөхөр рүүгээ залгаад танай эгч намайг ажил дээр ирж зодлоо гэж ярьж байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...захиргааны хаалгаар Г.Б-, Б.М- гэдэг хоёр хүүхэн заамдалцсан байдалтай, Б.М- нь Засаг даргын өрөөнд орно гээд хэрэлдээд Г.Б-г чирээд Засаг даргын өрөө рүү орсон. ...хоёулаа барилцаад авчихсан, Г.Б-г Б.М- нь чирээд байсан. ...Г.Б-гийн нүүр хэсгээс цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дараа нь Г.Б-гийн өрөөнд ороход уйлчихсан сууж байсан. Намайг ингэж зодлоо гээд үсээ самнасан чинь үс нь унаж ирээд, мөн цээжин дээр нь зулгарсан, нүднийх нь хэсэгт маажсан харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаартай: 1.2. Г.Б-гийн биед хүзүү, зүүн бугалганд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 4. Г.Б-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004770266 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 3 заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.М- нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Г.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний болон замын зардал 300.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогч Г.Б- нь шүүгдэгч Б.М-ээс дээрх зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838004770266 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838004770266 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Г.Б нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН