Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/490

 

2025            04             30                                           2025/ДШМ/490                                                         

 

А.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Ууганцэцэг,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/357 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Ууганцэцэг нарын, мөн хохирогч Г.Н болон түүний Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Ад холбогдох эрүүгийн 2010022590508 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.А нь “Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь-Эх бурхан мөн” гэж иргэн Г.Нийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан орчин цагт дуурайлган хийсэн Дарь-Эх гэх бурхныг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 ам.доллараар худалдсан буюу дуураймал эд зүйлийн бодит байдлыг нуух замаар жинхэнэ гэж итгүүлэн хуурч, түүнд 1.330.933.326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А хохирогч Г.Нт 1.540.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 158.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хүүний төлбөрт олох байсан орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, эрүүгийн 2010022590508 дугаартай хэрэгт прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай зөвшөөрлөөр А.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүүргийн хороо, М.Гандийн гудамж, 49 дүгээр байрны ...тоот хаягт байршилтай хувийн орон сууц, Азийн Урлаг ББН-ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 35 дугаар байр, ... тоот орон сууцны шилжилт хөдөлгөөн хязгаарласныг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30,5 см өндөртэй суурь 9 см өндөртэй, суурь хэсгээрээ 21,5 см өргөнтэй, суурь 12 см өргөнтэй, мөр хэсгээр 17,5 см өргөнтэй бие хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй, шаргал өнгийн металл бурхныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 03 дугаар сард иргэн Г.Нтай Занабазар дэг сургуулийн хийцийн Улаан дарь эх бурхныг үнэ тохирон өөрийн гэрт үзэж харилцан үнэ тохиролцож Ногоон дарь эх, Улаан дарь эх гэсэн хоёр бүтээлээс эхнэр Оын хамт сонголт хийж худалдах, худалдан авах гэрээ иргэн хоорондын хэлцэл болсон.

Хэрэгт авагдсан гэрч Оын мэдүүлэгт /1хх 20/ 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Аийн гэрт очиж Н бид хоёр Улаан дарь эхийг авъя гэж зөвшөөрч тохиролцсон.

... хавтаст хэргийн 68, 69, 70, 71, 72, 74, 76, 82, 86, 94, 95 дугаар хуудсанд Занабазарын дэг сургуулийн бүтээлүүд будагтай байгааг тогтоосон.

Нотлох баримтуудын зураг номууд, орчуулга бүгд авагдсан байгаа нь дүгнэлт худал болохыг няцаасан байна.

Шинжээчээр томилогдоогүй /2хх 133/, мэргэжлийн зөвлөлийн дарга Д гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна.

Цагдаагийн байгууллагаас Пад тодорхой даалгавар өгсөн болохоор Пын мэдээллээр дүгнэлт гаргасан гэсэн нь дүгнэлт бүхэлдээ худал, зохион байгуулалттай гаргасныг нотолж байна.

Шинжээч Эын шүүхэд өгсөн мэдүүлэгт “... соёлын өвийн төвийн 4-5 шинжээч үзээд соёлын өв буюу хуучин байна гэж хэлсэн. Соёлын яамнаас өмнөх дүгнэлтийг хүндэтгэж үзэх ёстой гэсэн чиглэл өгсөн бөгөөд түүний дагуу миний бие шинжээчийн зөвлөлийг хуралдуулахгүйгээр албан бичгээр хариу өгсөн” гэв.

... О.М нь “Шүүхийн шинжилгээний тухай хуулиар мэргэжилдээ мэргэшсэн хүнийг томилох, гэтэл бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тохиолдолд тус тусдаа дүгнэлт гаргаад бүрэлдэхүүн дүгнэлтээ нийлүүлж эсрэг дүгнэлтээ хавсаргана” гэжээ.

... Д “... П гуай бол хуучин бурхан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. ...”,

Э “... манай дээр /Соёлын өвийн төв/ цагдаа дээр бурхнаа авч ирсэн байсан. Ер нь бол хуучин бурхан Ж иргэн засварлагч монгол зургийн 2-3 хүнээр үзүүлсэн.”,

Шинжээчийн дүгнэлт гаргасан Д.Т /соёлын арга зүйч багш, багшлах арга зүйн курс төгссөн/, Гүчин-Иш /түүхч, хэл судлаач/, Даваадарь /сэргээн засварлагч, сийлбэрч/, Очирболд /хувиараа бизнес эрхлэгч, барималч/, Ж /үйлдвэр урлалын сургууль/ нарын шинжээчид нь урьд дүгнэлт гаргаж байгаагүй, шинжилгээ хийх эрх байхгүй байгаа нь дүгнэлт хуурамч, хууль бус гэж үзэж дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн хийсэн хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт хэсэгт Г.Н “манай гэрт эхнэр Оын хамт ирж 2 бурхнаас Улаан дарь эх бурхныг сонгож үнэ тохирч авснаа үгүйсгэж зураг үзсэн мэтээр худал мэдүүлгийг эхнэр Оын өгсөн гэрчийн мэдүүлгээс зөрж худал ярьж байгаа нь санаатайгаар гүтгэсэн үйлдэл байна.

24-1-97 дугаартай Дарь эх бурхантай харьцуулсан шинжилгээ нь үлгэр домгийн шинжтэй шинжлэх ухааны наад захын мэдлэггүй болохыг баталж байна. Энэ шинжилгээнд хурууны хэмжээ гэдэг хэмжигдэхүүнээр шинжилгээ хийсэн байгааг ойлгохгүй байна.

...Бурхан дотроо хоосон байна гэж дүгнэсэн нь далдыг харагч нар дүгнэлт гаргасан гэж ойлгогдож байна. Тагийг нь салгахгүйгээр металл дотор хоосон байгааг ямар шинжлэх ухаанаар тогтоосон нь тодорхой биш, нотолгоогүй байна.

Энэ мэт худал хуурамч дүгнэлт гаргаж намайг болон Монголын түүх соёлын бүтээлийг устгах аюул тохиолдож байгааг эсэргүүцэж байна. Би өөрийн итгэл үнэмшлээр хадгалж, цуглуулсан бүтээлээ Г.Нт үнэ тохирч худалдсан нь хүмүүс хоорондын худалдах, худалдан авах хэлцэл байсан. Надад Нт хуурамч зүйл худалдах бодол санаа байгаагүй юм. Хэргийн үнэн зөвийг тунгаан, хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Ад яллагдагч хэргийн материалтай танилцах, гомдол хүсэлт гаргах эрх эдлэх боломжийг хангаагүй хууль зөрчсөн байхад хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журам, шаардлага ноцтой зөрчигдсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдээгүй, бодит байдалд үндэслээгүй асуудлууд байгаа гэж үзэж, энэ талаар шүүх хуралдааны явцад гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаасан дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтуудыг зөрчиж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчлөө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар мөрдөгч “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, ...тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ, ...оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана гэж заасан.

Гэтэл яллагдагч болон түүний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрхийг эдлүүлээгүй, мөрдөгч нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шинжээчийн дүгнэлт танилцуулаад, энэ өдрөө хэргийг прокурорт шилжүүлж, прокурор мөн өдөр нь яллах дүгнэлт үйлдсэн байсан бөгөөд энэ тухайгаа яллагдагч, оролцогч нарт мэдэгдээгүй. Мөн дээрх хуулийн 32.1 дүгээр зүйлийн 10-т зааснаар “энэ хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй” гэснийг зөрчин шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэлээ. Мөрдөгчийн гаргаж байгаа шийдвэрт гомдол, хүсэлт гаргах яллагдагчийн эрх ноцтойгоор зөрчигдөж, эрх хязгаарлагдсан байхад оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг хянах үүрэг бүхий прокурор ч энэ байдалд хяналт тавьж, зөрчлийг арилгаагүй, шүүх ч оролцогчид танилцуулаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй гэснийг зөрчин хэргийг хүлээн авч шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчлөө.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; санаатай гэх байдлыг нотолно” гэсэн. Энэ байдал нотлогдоогүй, энэ талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй, нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж мэтгэлцсэн өмгөөлөгч миний саналд шүүх ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.

Шүүх алдаагүй, эргэлзээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хууль ёсны зарчим алдагдсан байна гэж үзэж байна. Шүүгдэгч А.А нь анхны мэдүүлгээсээ эхлэн “энэ Улаан дарь эх бурхан нь хуурамч бишээ, Занабазарын сургуулийн дэг хийцийн бурхан юмаа” гэж тууштай мэдүүлсээр ирсэн бөгөөд шүүх хуралдаан дээр хүртэл хуурамч биш гэдэгт итгэл үнэмшилтэй хэвээрээ байна гэж мэдүүлж, яагаад ингэж үзэх болсон үндэслэлээ тайлбарласан. Гэтэл шүүх А.Аийг “урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, надаас авсан зүйлээ хэзээ ч буцааж өгч болно” гэж төөрөгдөлд оруулан орчин цагт хийсэн бурхныг худалдсан нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэсэн байна. А нь Улаан дарь эх гэх бурхныг орчин цагт хийгдсэн гэдгийг баттай мэдэж байсан гэдгийг нотолсон баримт нотолгоо хэрэгт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; санаатай гэх байдлыг нотолно” гэсэн. Энэ байдал нотлогдоогүй, энэ талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй, нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж мэтгэлцсэн өмгөөлөгч миний саналд шүүх ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. “Аливаа үйлдэл нь хүний ухамсартай үйл ажиллагааны илрэл болохын хувьд өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилготой, сэдэлттэй байдаг”. Хуурамч эд зүйл зарж байна гэж мэдэж, ухамсарлан ойлгосон, тэрийг хүсэж хийсэн үйлдэл байж байж гэмт үйлдэл болно. Өөрийн гэртээ шүтээндээ хадгалж шүтэж байсан бурхнаа хуурамч биш юмаа гэдэг итгэл төгс сэдлээр худалдаж байгаа үйлдэл нь хуурах, мэхлэх үйлдэл бишээ. А нь тухайн бурхныг хуурамч буюу орчин цагт хийснийг мэдэж, мэдсээр байж худалдсан гэх байдлыг нотлох ажиллагааг хийгээгүй талаарх өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг анхан шатны шүүх няцаагаагүй байна. Мөн шүүх шийтгэх тогтоолдоо гэрч Ц.Г, Х.Ц, шинжээч Б.Г нарын мэдүүлгийг дурдсан байх бөгөөд эдгээр нь хэрэгт ач холбогдолгүй, оролцогч талуудын аль аль нь шинжилж судлаагүй, мөн гэм бурууг нотлох баримтууд биш байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн гэм буруутай болохыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй.

3. Шүүх алдаагүй, эргэлзээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хууль ёсны зарчим алдагдсан байна гэж үзэж байна. Шүүх 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолынхоо гол үндэслэл болгосон бөгөөд энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн байхад байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн хууль зөрчиж, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах эрхгүй, Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхныг таньж мэдэх хангалттай мэдлэггүй, шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлалд тулгуурлаагүй, дадлага туршлагагүй этгээдээр дүгнэлт гаргуулсан байгааг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юмаа гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийн үндэслэлийг няцаасан үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан байна.  

2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь дараах хуулиудыг зөрчин гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.”, мөн хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдийг урьж, шинжилгээ хийлгэж болно.” гэж заасан. Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд гэдгийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Шүүх шинжилгээний тухай хуульд тодорхой зааж өгсөн ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмших гэрчилгээ бүхий иргэн шинжилгээг явуулахаар зохицуулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/158 дугаар тушаалын хавсралтаар “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааны журам” батлагдсан бөгөөд энэ журмаар Шүүхийн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж шинжээч томилохыг хориглоно” гэж заасан байна. Гэтэл хуулинд заасны дагуу шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр биш, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй иргэдийг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэсэн нь шинжилгээ хийх ажиллагаа хуулинд заасан журмын дагуу явагдаагүй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Шүүх шүүгдэгч А.Аийг гэм буруутайд тооцон хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан журмуудыг ноцтой зөрчсөн, шинжлэх ухааны мэдлэг, үндэслэлд тулгуурлаагүй, Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхны талаар дүгнэлт гаргах хангалттай тусгай мэдлэггүй, хувийн сонирхол бүхий хүмүүсийн гаргасан шинжээчийн дүгнэлт гэх баримт нь хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Гэтэл шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтыг шийдвэрийнхээ гол үндэслэлээ болгосон нь шүүхийн тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий болоогүй байна.

Шүүгдэгч А.А нь залилах гэмт хэрэг үйлдсэн нь хуулинд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хангалтай нотлох баримтаар баттай нотлогдоогүй.

А.А өөрийн эзэмшлийн бурхныг худалдахдаа бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхитэй үйлдэл байхгүй буюу А “Улаан дарь эх” гэх бурхныг зарж, арилжаа наймаа хийсэн үйлдэлд гэм буруутай үйлдэл байна гэх үйл баримт хангалттай нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж заасан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хүсэлт гаргах эрхийг хууль бусаар хязгаарлан хэт нэг талыг баримтлан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан буюу яллагдагчийг цагаатгах үндэслэл болох боломжтой нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлгийг хүсэлт гаргасан агуулгаас өөрөөр цуглуулж, бэхжүүлсэн байдаг.

Тодруулбал, яллагдагчийн өмгөөлөгчөөс мөрдөгчид гаргасан хүсэлтдээ нэр бүхий хүмүүсийг гэрчээр асууж, хэрэгт ач холбогдол бүхий Дарь эх бурхан нь А.Ад хэдий хугацаанд, хэрхэн хадгалагдаж байгаа талаар тодруулж мэдүүлэг авахуулах талаар тодорхой дурдсан байдаг. Уг хүсэлтийг мөрдөгчөөс хангаж шийдвэрлэсэн боловч хүсэлтэд дурдсан асуултаар, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах агуулгын хүрээнд мэдүүлэг авахгүйгээр зөвхөн А.Аийн хувийн байдлын талаар гэрчийн мэдүүлэг авсан нь хуульд заасан өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах эрх, болон яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хэлбэрийн хувьд хангасан мэт боловч агуулгын хувьд хязгаарласан шийдвэр болсон.

Гэтэл дээрх нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзэлгүйгээр “ .... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна..” /шийтгэх тогтоолын 12-р тал/ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-ийг хууль, тогтоомжийг зөрчиж гаргуулсан тухайд:

А.Аийн хохирогч Г.Нт худалдсан Дарь эх бурхан нь Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхан мөн эсэх нь тусгай мэдлэг шаардлагатай асуудал тул дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 31-ний 04а/5705 дугаар албан бичгээр “Эртний эдлэл болон хэлбэр хийцийн шинжилгээ хийдэггүй тул шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй” талаар хариу ирүүлсэн ба энэ үндэслэлээр шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэх болсон байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2-д “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална.” гэж заасан ба тус зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд энэ хуулийн 8.4-т заасан жагсаалтад хамаарах шинжилгээг хийнэ” гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилтийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралтаар шинжилгээ хийх эрх бүхий этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг баталсан ба тус жагсаалтад “Шашин шүтлэгийн холбогдолтой дурсгал”-г таньж тогтоох шинжилгээ байдаггүй байна.

Гэтэл мөрдөгчөөс хууль, тогтоомжийн хүрээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар дахин шинжилгээ хийхээр томилогдсон нэр бүхий 5 шинжээч нь Занабазарын дэг сургуулийн хийцлэлийн талаар тусгай мэдлэгийг эзэмшсэн болох нь тогтоогдоогүй, мөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “...Тухайн бурхны гадна талд орчин цагийн багажийн арга ажиллагааны ул мөр ажиллагдаж байна.”, “... деталь хэсгүүдийг тусад нь цутгаж, эцэст нь тэдгээрийг холбож гагнасан нь шинжилгээний явцад тогтоогдов..” гэх боловч тухайн ул мөр цаг хугацааны хэзээ үүссэн талаар тодорхойлсон дүгнэлт байхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралтад заасан шинжилгээ биш байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчиж цуглуулсан, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

3. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийх дүгнэлтээ гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдлын талаар заавал тусгана гэж хуульчилсан.

Харин анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн аргыг гэм буруугийн дүгнэлт хэсэгтээ “... Г.Нт Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь-Эх бурхан мөн гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан..” /шийтгэх тогтоолын 8-р талд/ гэсэн боловч 12 дахь талд хийсэн дүгнэлтдээ “ шүүгдэгч А.А нь хохирогч Г.Нт надаас авсан зүйлээ хэзээ ч хамаагүй буцаан өгч болно гэж төөрөгдөлд оруулсан.” гэж буруутгасан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн гэм буруугийн талаарх үндэслэл хэсэгтээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн аргын талаар харилцан өөр агуулга бүхий дүгнэлтийг хийсэн байгаа нь шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн аргын талаар.” үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь, А.А нь өөрийн цуглуулганд 2007 онд олж авсан цагаасаа Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь-Эх бурхныг жинхэнэ гэж бодитойгоор итгэж энэ талаараа тогтвортой мэдүүлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн субъектив тал болох гэм буруугийн хэлбэрийг тогтооход шинжээчийн дүгнэлтээр тухайн бурхан нь Занабазар дэг хийцийн бурхан мөн эсэх нь хамааралгүй бөгөөд гагцхүү тухайн бурхныг жинхэнэ биш гэдгийг А.А нь өөрөө гарцаагүй сайн мэдэж байсан атлаа хохирогчид жинхэнэ гэж итгүүлэх замаар хуурч, худалдсан бол залилах гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Түүний хувьд одоо ч жинхэнэ гэж итгэсээр байгаа. Гэтэл хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тухайн бурхныг жинхэнэ биш гэдгийг А.А мэдэж байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүхээс улсын яллагчийн шүүх хуралдаан дээр гаргасан “... А.А 35 жилийн туршлагатай хүн байж 10 жил эртний эдлэлийн талаар мэдэх Б гэх хүнийг хараад хуурамч гэдгийг нь таниад  “та намайг залилах гэж байна уу” гэсэн байхад А.А тухайн бурхныг хуурамч гэдгийг мэдэж байсан, ... А заавал үнэн зөв мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэх тайлбарт үндэслэн А.А тухайн бурхныг жинхэнэ биш гэдгийг мэдсэн гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн агуулгыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, шүүхээс А.Аийг шууд Тж ял сонсгосон байдаг. Харин Занабазар дэг сургуулийн хийцийн бурхныг аливаа этгээд нэг хараад таних боломжтой тохиолдолд энд тусгай мэдлэг шаардахгүй, шинжээч томилон дүгнэлт гаргуулах шаардлага ч байхгүй юм.

Мөн түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримт болох Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/02 дугаар албан бичгээр “П.Б гэх хүн эдлэл цуглуулагч, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, бизнес эрхлэгчид дотор бүртгэлгүй байна” гэсэн байна. Мөн П.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... нүд болон сэтгэлд хоногшсон мэдрэмжээр харахад тодорхой байдаг...” гэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасны дагуу тус мэдүүлэг нотлох баримт болж чадахгүй бөгөөд гагцхүү хохирогч Г.Н нь тухайн бурхныг худалдан борлуулахаар П.Бад хандсан үйл баримтыг гэрчилнэ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж зааснаас бус тухайн хүний бодол, мэдрэмжийнхээ талаар мэдүүлснийг нотлох баримт гэж тооцохгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч П.Бын мэдүүлэг, тухайн нотлох баримтыг иш татаж мэтгэлцсэн улсын яллагчийн тайлбарт үндэслэн А.Аийг Дарь эх бурхныг жинхэнэ биш гэдгийг мэдэж байсан гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

4. Эрүүгийн хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

А.А нь иргэн Г.Нтай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн цуглуулгын Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхан гэж итгэж байгаа Дарь эх бурханыг 500.000 ам.доллараар худалдахаар тохиролцон талуудын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хэрэв иргэн Г.Н нь аливаа хэлбэрээр төөрөгдсөн гэж үзвэл тус хуулийн 58 дугаар зүйлд ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болох ба үүний үр дүнд талууд өгсөн авсан зүйлээ буцаах эрх зүйн үр дагаварт шилжих ба уг маргааныг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх юм. Энэ ч утгаараа талууд 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр санхүүгийн тооцоо нийлж, 1.540.000.000 төгрөгийг Г.Нт төлөх, Г.Нийн зүгээс эд мөрийн баримтаар хураагдсан бурхныг А.Ад шилжүүлэхээр тохирсон байх ба уг маргаан нь иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлэгдэж дууссан нөхцөл байдлыг шүүх анхааран үзсэнгүй зөвхөн хохирол барагдуулсан гэх ойлголтын хүрээнд тайлбарласан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж гэм буруугийн зарчмыг хуульчилсан бөгөөд А.А нь өөрийн цуглуулга дахь Дарь эх бурхныг жинхэнэ Занабазар дэг сургуулийн хийцийн бурхан гэсэн итгэл үнэмшлийнхээ төлөө яллагдах үндэслэл бий болжээ. Учир нь шүүхийн шийтгэх тогтоолын 12 дахь талд тусгагдсан “ ...шүүгдэгчийн өөрийн гэм бурууг ойлгож, ухамсарлаагүй хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв..” гэсэн дүгнэлтээр хуулийн дээрх зарчим зөрчигдсөн болохыг, мөн шүүхээс Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх хувийн байдалтай холбогдуулан 2 жилийн хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд гомдолд дурдсан дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/357 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч Г.Н болон түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нар давж заалдах гомдолдоо: “… Г.Н нь 2020 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд А.Аээс Занабазарын дэг сургуулийн “Улаан дарь эх” гэх бурхныг 500.000 ам.доллараар худалдан авсан дээрх бурхан нь шинжээч нарын дүгнэлтээр Занабазарын дэг сургуулийн “Улаан дарь эх” бурхан биш гэдэг нь хөдөлбөргүй тогтоогдсон ба 2024 оны 07 дугаар сарын 25-наас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 2020 оны ам.долларын албан ёсны ханш 2764.00 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан ханш 3398.00 төгрөг байсан ба ханшийн зөрүү 1 ам.доллар тутамд 634 төгрөг, 500.000 ам.долларыг*634төгрөгөөр үржүүлж нийт 317.000.000 төгрөг болж байгаа ба шүүгдэгч талаас 158.500.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 158.500.000 төгрөгийг төлөөгүй.

Бурхан авахаар цуглуулсан мөнгө нь хохирогчийн Хаан банк дахь ам.долларын дансанд байршиж байсан бөгөөд тус банкны энгийн хугацаагүй ам.долларын хадгаламжийн хүү жилийн 1.00 хувь байгааг хэрэгт нотлох баримтаар өгсөн, 4 жилээр тооцоолж гаргахад 1 жилийн 5.000 ам.доллар, 4 жилийн хугацаанд 20.000 ам.доллар, хохирол төлсөн өдрийн Монгол банкны ханш болох 3398.00 төгрөгөөр тооцоход 67.960.000 төгрөг болж байгаа ба ханшийн зөрүүний үлдэгдэл 158.500.000 төгрөг, энгийн хугацаагүй хадгаламжийн хүүний төлбөрт 67.960.000 төгрөг, нийт 226.460.000 төгрөгийн хохирол, хор уршгийг шүүгдэгч А.Аээс нэхэмжилсэн.

Анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ:

1. Талууд 2020 оны 03 дугаар сарын албан ханш 2764.00, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан ханш 3398.00 төгрөг, ханшийн зөрүүнд 317.000.000 сая төгрөг өгөхөөс 158.500.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлүүлэхгүй гэсэн байдлаар төлбөр барагдуулах гэрээ байгуулаагүй атал худалдан авагч талд 1.540.000.000 төгрөг төлснөөр төлбөр бүрэн барагдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2. Хаан банкны 2020-2024 оны жилийн хугацаагүй хадгаламжийн хүүг жилийн 1 хувь байгаа талаарх нотлох баримтыг шүүх хурлын эхэнд гаргаж өгсөн атал жилийн 1 хувь байсан, эсхүл өөр байсан, өөрчлөгдсөн талаар баримт гаргаж өгөөгүй, авагдаагүй тул хадгаламжийн хүүний төлбөрт 67.960.000 төгрөгийг гаргуулахгүй гэж шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд Хаан банкны хувьд ам.доллары энгийн хугацаагүй хадгаламжийн хүүний талаарх мэдээлэл нь тус банкны цахим санд байршсан байх тул нийтэд илэрхий, дахин нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд Иргэний хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу нэхэмжлэх үеийн Монгол улсад болон арилжааны банкинд мөрдөгдөж буй энгийн хугацаагүй хадгаламжийн хүүний хэмжээ, ам.долларын албан ханшийг үндэслэж шүүгдэгчээс хохирол, хор уршгийг нэхэмжилсэн нь хуульд заасны дагуу үндэслэлтэй төдийгүй нэгэнт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж байгаа нөхцөлд хохирогчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн шүүгдэгчээс хохирол хор уршгийг гаргуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу хохирогчид үүссэн хохирол. хор уршиг учирсан үйл байдлыг шүүхээс зөв үнэлж дүгнээгүй, Г.Нийн хувьд ам.долларын ханшийн зөрүү болон олох ёстой байсан орлогын зөрүүнээс их хэмжээний алдагдал хүлээсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралттай, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээхгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж хохирогчийн гэр бүлийн байдал маргаантай, өрхийн төсөв, мөнгөн орлогын байдал хангалтгүй явж ирсэн зэрэг хохирол, хор уршиг хохирогчид учирсан байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/357 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар хохирогчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.А хоёр бурхнаас сонгуулсан гэж байна. Сонголт хийлгэсэн зүйл байхгүй. Надад худлаа хэлээд байх шаардлага байхгүй. Тухайн бурхан жинхэнэ байсан бол би шүүх, цагдаагийн байгууллагаар 5 жил явахгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа. Би гомдолтой байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол хэсэгт гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ 2020 оны 03 дугаар сарын албан ханш 2764.00, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан ханш 3398.00 төгрөг, ханшийн зөрүүнд 317.000.000 сая төгрөг өгөхөөс 158.500.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлүүлэхгүй гэсэн байдлаар төлбөр барагдуулах гэрээ байгуулаагүй атал худалдан авагч талд 1.540.000.000 төгрөг төлснөөр төлбөр бүрэн барагдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хаан банкны 2020-2024 оны жилийн хугацаагүй хадгаламжийн хүүг жилийн 1 хувь байгаа талаарх нотлох баримтыг шүүх хурлын эхэнд гаргаж өгсөн. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт гэх утгаараа бид хаан банкны албан ёсны цахим хуудаснаас авч өгсөн. Үүнд хадгаламжийн хүүгийн төлбөр 1 хувь гэж үзвэл 20,000 ам доллар, тухайн үеийн ханшаар тооцоод үзэхээр 67.960.000 төгрөг байгаа. Гэтэл жилийн 1 хувь байсан, эсхүл өөр байсан, өөрчлөгдсөн талаар баримт гаргаж өгөөгүй, авагдаагүй тул хадгаламжийн хүүний төлбөрт 67.960.000 төгрөгийг гаргуулахгүй гэж шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд Хаан банкны хувьд ам.долларын энгийн хугацаагүй хадгаламжийн хүүний талаарх мэдээлэл нь тус банкны цахим санд байршсан байх тул нийтэд илэрхий, дахин нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд Иргэний хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу нэхэмжлэх үеийн Монгол улсад болон арилжааны банкинд мөрдөгдөж буй энгийн хугацаагүй хадгаламжийн хүүний хэмжээ, ам.долларын албан ханшийг үндэслэж шүүгдэгчээс хохирол, хор уршгийг нэхэмжилсэн нь хуульд заасны дагуу үндэслэлтэй төдийгүй нэгэнт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж байгаа нөхцөлд хохирогчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн шүүгдэгчээс хохирол, хор уршгийг гаргуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу хохирогчид үүссэн хохирол, хор уршиг учирсан үйл байдлыг шүүхээс зөв үнэлж дүгнээгүй, Г.Нийн хувьд ам.долларын ханшийн зөрүү болон олох ёстой байсан орлогын зөрүүнээс их хэмжээний алдагдал хүлээсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралттай, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээхгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж хохирогчийн гэр бүлийн байдал маргаантай, өрхийн төсөв, мөнгөн орлогын байдал хангалтгүй явж ирсэн зэрэг хохирол, хор уршиг хохирогчид учирсан байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/357 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар хохирлын хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шүүх тодорхой дурдсан. Ялангуяа нэр бүхий шинжээчээр оролцсон гэрч нар, бусад гэрчүүдийн мэдүүлэг мөн шинжээчийн дүгнэлтээр бурхан орчин цагийн бурхан байсан уу, 17-18 дугаар зууны үеийн бурхан байсан уу гэдэг дээр эргэлзээгүйгээр товчхон хэлье. Нэгдүгээрт шинжилгээнд өгсөн бурхан будагтай бурхан байсан. Хоёрдугаарт шүншиг байхгүй бурхан байсан. Өөрөөр хэлбэл задлаад үзэхэд хоосон байсан. Гуравдугаарт орчин цагийнх гэдгийг шинжээч нар орчин цагийн техник тоног төхөөрөмж ашиглан, өөр байдлаар харагдуулахын тулд эсхүл будмал байдлаар, үүнтэй нь хамааруулаад тэгш хэмийн онол буюу тэг байдал хэмжээс зөрүүтэй байсан талаар хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан.

 Шүүгдэгчийн хувьд эх сурвалжаа нотолж өгөхгүй байгаа. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон цагаатгах, хохирогч тал тодорхой асуусан. Өөрөөр хэлбэл 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан бурхан яагаад 2020 онд 500,000 ам долларын хэмжээнд үнэлэгдэх болов гэх асуултад шүүгдэгч тал хариулт өгөөгүй. Энэ байдлаа шүүгдэгч би энэ чиглэлээр 32 жил судалгаа хийсэн хүн учраас Дарь эх хийцийн бурхан гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн н.Б гэх хүн 10 жил энэ чиглэлээр наймаа хийсэн хүн байдаг. Бурхныг хараад орчин цагийн бурхан биш байна гэдэг. Үүнийг шүүхийн шийдвэрт маш тодорхой дурдсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай 17.3-т заасны дагуу залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэх шүүхийн хийсэн дүгнэлттэй санал нэг байгаа.” гэв.

Прокурор Х.Анхцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч А.А нь бурхныг анхнаас нь хуурамч гэдгийг мэдээгүй талаарх өмгөөлөгч нар ярьж байна. Гэтэл А.Аийн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Бурхныг А.А зарсан. Бурхныг хаанаас хэнээс, хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаарх эх сурвалжийг заах хүн нь А.А өөрөө.  Энэ талаар А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 мэдүүлэг зөрүүтэй байдаг. Нэг нь Нарантуул захаас 2007 онд худалдаж авсан, нөгөө нь манай дэлгүүр дээр хүн авчирч зарсан гэж хэлдэг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатад Улаанаа гэх хүнээс худалдаж авсан, Улаанаа гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлтэй байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Ийнхүү бурхны талаарх эх сурвалжийг шүүгдэгч 3 удаа зөрүүтэй мэдүүлсэн. Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг эх сурвалжаас зааж чадахгүй байна. Нотлох баримтыг үнэлэх, шалгах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Түүнчлэн хохирогчид хэлэхдээ уг бурхан 2007 оноос хойш шүүгдэгчид өөрт нь буюу хоргон дотор Ногоон дарь эхтэй хамт байдаг байсан юм шиг зүйлийг ярьдаг. Хохирогчид 7 хоногийн дараа надад Улаан дарь эх бурхан орж ирнэ, чи сонирхох уу гэх зэргээр 4 өөр байдлаар илэрхийлдэг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Иймд прокурорын зүгээс яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл үнэлэх боломжгүй, эх сурвалжаа зааж чадахгүй байна. Гэтэл хохирогч Г.Нийн мэдүүлэг бусад баримтуудаар тогтоогддог. Хохирогчийн хувьд үнэт эдлэл сонирхоод удаагүй байсан. Богино цаг хугацаанд А.Атэй гэр бүлээрээ дотно найз нөхдийн харилцаатай болсон талаар н.О, н.Д нарын мэдүүлэгт байдаг. Хуурай ах, дүүгийн харилцаатай болсон тул А.Ад итгэж, бурхныг худалдаж авсан. 2020 онд 500,000 ам доллароор худалдаж авсан бурханаа үнэт эдлэл худалдан борлуулах чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан н.Б гэх хүнд авсан үнээр нь зарахаар үзүүлтэл намайг залилах гэж байна уу гэх нөхцөл байдал яригддаг. Н.Б гэх хүнийг мэдүүлгийг н.У өмгөөлөгч өөр өнцгөөр тайлбарлаад байна. 10 гаруй жилийн туршлагатай н.Б гэх хүн нүдээрээ харж, гараараа мэдэрсэн мэдрэмжийг прокурорын зүгээс тусгай мэдлэг гэж үзэж байна. Давхар шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон. Шинжээч нарыг 17-18 зууны үеийн Занабазарын дэг хийцийн сургуулийн бурхан мөн эсэхийг үнэлэх, дүгнэх тусгай мэдлэг бүхий хүмүүс гэдгийг прокурор тодорхойлоогүй. Соёлын өвийн үндэсний төвөөс эдгээр хүмүүс нь дүгнэлт гаргах боломжтой тусгай мэдлэг бүхий хүмүүс гээд нэр бүхий 15 хүний нэрс цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Улмаар хуульд заасны дагуу тухайн хүмүүсээс А.Аийг таних, татгалзал байгаа, дүгнэлт гаргах боломжтой эсэхийг тодруулан үүний үндсэн дээр уг дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг үнэлэх боломжгүй буюу “...ингэж харагдаж байна, ингэж үзэгдэж байна..” гэх үгийн хэлбэр хөөснөөрөө тухайн дүгнэлт үгүйсгэгдэх боломжгүй. 17-18 зуунд тусгай мэдлэг бүхий хүмүүс байгаагүй. Мөн орчин цагийн үед дуурайлгаад хийж байхад нь харсан хүн байхгүй. Би тухайн хэрэгт дундаас хяналт тавьсан. Түүнээс хойш энэ талаар судлахад бурхны хийцлэл дээр “тэгийн онол” гэх онолоор дүгнэлтийг гаргадаг юм билээ. Энэ нь зурган хэлбэрээрээ хэрэгт авагдсан байгаа. Хийцлэл, хэмжээсний хувьд гаргаж байгаа. Улмаар орчин цагт дуурайлгаж хийсэн бурхан буюу орчин цагийн багажийн ул мөр байна гэж дүгнэсэн. Шинжээч нарыг дүгнэлт гаргах эрхгүй этгээд гэж байна. Энэ тухайд Шүүх шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон, хүчингүй болсонтой холбогдуулаад мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд удааширсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдийг урьж, шинжилгээ хийлгэж болно.” гэж заасан. Иймд заавал эрх олгогдсон этгээд байх шаардлагагүй юм. Энэ чиглэлийн төв байгууллага болох Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төвөөс эдгээр хүмүүсийг тусгай мэдлэг бүхий хүмүүс, дүгнэлт гаргах боломжтой байна гэж үзсэний үндсэн нь эдгээр хүмүүсээр дүгнэлт гаргуулсан тул уг дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Дараагийн асуудалд хэргийн материалтай танилцаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн гэж байна. Хэргийн материалтай танилцсан. Шинжээч томилох хүсэлт гаргасан хүсэлтийг хангасан. Прокурорын шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг бүхий л байдлаар хангасан. Зохих шатны байгууллагууд хүсэлтийг хангаад явж байсан. Шинжээч томилоод явуулсны дараа хүсэлт гаргасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд нэмэлт асуултуудыг хүртэл оруулж өгсөн. Иймд оролцогчдын эрхийг зөрчсөн асуудал байхгүй.

Прокурорын зүгээс Бурхныг устгах саналыг гаргасан. Шүүх зохих шатны байгууллагад зориулалтын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байна.

Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд 2 талын төлбөр төлөх гэрээ нь дээр валютын ханшны эрсдэлийг даагаад 1.500.000.000 төгрөгийг А.Аийн зүгээс өгөөд, хохирогч Г.Н өөрт ноогдох хэсэг буюу 154.000.000 төгрөгийг даана гэж байгуулсан гэрээг үндэслэлтэй, хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс хор уршгийг нэхэмжилж байгааг хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргасан. Хэрэв хадгаламжид байсан бол энэ талаарх нотлох баримтуудыг цуглуулж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргасан. Үүний дагуу шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. 

Нэмж дурдахад шүүгдэгч нь “...хохирол төлбөрийг төлье, цагдаагийн байгууллагад өгсөн гомдлоо татчих..” гэж 2021, 2022 онд хоёр удаа хохирогчтой уулзсан байдаг. Энэ талаар хийгдсэн ярианы бичлэг байгаа. Надад хоёр ногоон дарь эх бурхан байдаг. Үүнийг өгье гэж хэлээд мөн өгөөгүй. Иймд шүүгдэгч нь хохирол төлбөрийг барагдуулах санаа зорилго байгаагүй. Анхнаас нь эх сурвалжаа зааж чадаагүй, заахыг хүсээгүй. Өөртөө байсан зүйлийг удахгүй орж ирнэ, улаан дарь эх бурхан хосгүй бүтээл гэж хуурч, хэзээ ч буцаагаад өгч болно гэх байдлаар төөрөгдөлд оруулан, худалдан борлуулсан үйлдэл нь тухайн эд зүйлийг хуурамч гэдгийг мэдсэн, санаатайгаар залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч А.А нь “Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн Дарь-Эх бурхан мөн” гэж иргэн Г.Нийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан орчин цагт дуурайлган хийсэн Дарь-Эх гэх бурхныг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500.000 ам.доллараар худалдсан буюу дуураймал эд зүйлийн бодит байдлыг нуух замаар жинхэнэ гэж итгүүлэн хуурч, түүнд 1.330.933.326 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Нийн “... А нь надад эртний эдлэл гэж гадуур их хуурамч эд зүйл худалдан борлуулдаг, тийм болохоор надаас сайн асууж байгаарай, шөнө орой ч хамаагүй надаас асууж болно, надаас авсан зүйлээ хэзээ ч хамаагүй буцаан өгч болно гэж хэлдэг байсан. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр А.Аийн ажил дээр нь очиж уулзахад “17-18 дугаар зууны үеийн Занабазарын дэг сургууль хийцийн 30 см өндөртэй, улаан өнгийн хүрэл цутгуур Дарь эх бурхан худалдаж авах уу, энэ их ховор бурхан” гэж хэлсэн. Тэгээд Аийг үнэхээр л ховор нандин бурхан надад борлуулж байгаа юм байх гэж итгээд 500.000 ам доллароор худалдаж авахаар тохирсон. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Аийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхонд байдаг гэрт нь эхнэрийн хамт очиж тухайн бурхныг үзээд 50.000 ам доллар бэлнээр өгсөн, маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А нь манай гэрт бурхнаа авчирч өгөөд 200.000 ам доллар бэлнээр авч явсан. Мөн өдрөө 200.000 ам.долларыг А.Аийн эхнэр С.Д-гийн данс руу шилжүүлсэн, үлдсэн 50.000 ам.долларт нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхонд байрлах 2 өрөө шинэ орон сууцыг шилжүүлж өгч 500.000 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. ...2020 оны 09 дүгээр сард өөрийн танил Бад үзүүлж худалдаж аваач гэхэд Б нь “та яагаад надад ийм хуурамч бурхан зарах гэж үзүүлж байгаа вэ” гэхээр нь би гайхаад эртний эдлэл авдаг хүмүүст үзүүлсэн чинь таны А.Аээс 500.000 ам.доллароор авсан бурхан хуурамч эд байна, эртний бурхан биш, шинэ цагийн дуурайлгаж хийсэн бурхан байна гэж хэлсэн. ...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А.Атэй АРТ төв дээрх дэлгүүр дээр нь очиж уулзаж “таны зарсан бурхан чинь хуурамч, та намайг хуурсан байх, наймаагаа буцаая” гэхэд над руу уурлаж намайг хэл амаар доромжилсон, мөн цагдаагийн хурандаа цолтой дүү гэх хүнээ дуудаж намайг дарамтлуулсан. ...А надад бурхан зарахдаа 17-18 зууны үеийн Занабазарын дэг сургууль хийцийн 30 см өндөртэй улаан өнгийн хүрэл цутгуур Дарь эх бурхан гэдэг нэн ховор бурхан гэж хэлээд зарсан. ... А бол мөнгө өгнө гэж өнөөдрийг хүртэл надад худлаа хэлж байна. Аийн надад зарсан бурхныг мэргэжлийн хүмүүс нь үзээд дүгнэлт гаргачихаад байхад шүүхээс нэмэлт материал шаардаж буцааж хохирсон хүмүүсийг нэмж хохироож байгаад гомдолтой байна,” /1хх 16-18, 4хх 209-210/,

гэрч Д.Оын “… А дэлхийд байхгүй ховор улаан дарь эх бурхан байгаа 500.000 ам.доллароор зарна, та хоёр энийг авчихсан байхад алдах юм байхгүй, та хоёрт л энийг зарж байгаа юм гээд байсан. ...Аийн эхнэр бид хоёроос авсан эд зүйлийг дуртай үедээ буцааж өгч болно, А болохоор энэнээс өөр ямар баталгаа гаргаж өгөх юм, бид хоёр шударга наймаачид, балиар хоёрын хооронд наймаа хийдэг хүн биш, та хоёр гайгүй үнээр өгч байна, манайд ногоон, улаан дарь эх байгаа, би хоёр дарь эх бурхнаар яах юм та хоёрт нэг гоё цуглуулга өгчихье гадаад гаргахгүй монголдоо үлдэнэ гэхээр баярлаж байна, ийм сайхан юм олдохгүй, ийм сайхан зүйл авчих юм бол жинхэнэ тэр эртний эдлэлийн цуглуулагч болно гэж яриад байсан болохоор нөхөр Н бид хоёр итгээд уг улаан Дарь эхийг авъя гэж тохиролцсон. ...Улаан Дарь эх бурхан худалдаж авахаас өмнө нэг эд зүйл авсан зүгээр байсан, бурхан авсны дараа өөр бурхан худалдаж авахад бас зүгээр байсан, …” /1хх 20-22/,

гэрч П.Бын “… 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Н ах надтай уулзаад мөнгөний хэрэг гарчихлаа, авсан үнээр нь зарчихмаар байна, 17-18 дугаар зууны үеийн Занабазарын дэг хийцийн хуучны дарь эх бурхан гэсэн. Тухайн бурхныг үзэхэд 17-18 дугаар зууны бурхан биш байсан. Би хэдийгээр албан ёсны тодорхойлох хүн биш ч гэсэн 10 гаруй жил хуучин эдлэл худалдан авсан, сонирхдог хүний хувьд Занабазарын дэг бүтээл биш байна гэдгийг мэдсэн. Тэгээд би Н ахад хуурамч юм үзүүлээд яаж байгаа юм бэ, хууран мэхлэх гэж байгаа юм уу гэж хэлсэн. Ер нь 17, 18 зууны Занабазарын дэг бүтээлүүд нь маш нарийн 1 мм хэмжээ зөрөхгүй маш нарийн уран хийцтэй бүтээлүүд байдаг. Надад үзүүлсэн Дарь эх бүрхныг харахад гарын хуруу, хөлийн хуруу, нүүр, бурхны ерөнхий хэмжээ зэргээс хуучны бурхан биш гэдэг нь харагдаж байсан. Бурхны доод талын шүншигийн материал нь хуучны эд зүйл болгож харуулах гэсэн сүүлийн үеийн материалаар хийсэн эд байсан. ...Ер нь тэр бурхныг хуучны эдлэл авдаг, зардаг хүмүүс хараад хуучны эд зүйл биш гэдгийг мэдэгдэхүйц бурхан байсан. …” /1хх 23-25/,

А.Аийн яллагдагчаар өгсөн “… 2020 оны 03 дугаар сард Г.Н манайд 2-3 удаа ирж миний цуглуулгад байдаг улаан, ногоон Дарь эх бүтээлийн баримлыг үзсэн. Би нэг бүтээлийг нь зарна сонгоод аваа гэсэн. Г.Н өөрөө 2-3 удаа ирж үзээд Улаан дарь эх бүтээлийг 500,000 ам.доллароор авна гээд авсан. ...17-18 зууны үед Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр хийсэн хүрэл цутгамал алтан шармал, улаан өнгийн байгалийн будгаар будсан 31 см орчим өндөртэй, шүншигийн таг нь өөрийнх нь бөгөөд дээр нь алтан шаргал Н хээтэй, он цагийн үед үсний будаг болон биеийн хэсэг зэрэгт халцарсан тохиолдол байгаа. Би өөрөө Занабазарын дэг сургуулийн хийцийг судалж, цуглуулах ажлыг 32 жил хийсэн. ...Би өөрийн хийсэн ажлаараа арга, туршлага, мэдлэгээр Нт зарсан Улаан дарь эх бүтээлийг хуурамч биш гэдгийг баталж чадна. ...2007 оны үед би эртний эдлэлийн лангуу ажиллуулж байсан, тэр үед нэг иргэн зарахаар авчирч өгсөн. …” /1хх 160-161/ гэсэн мэдүүлгүүд,

2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “Орчин цагт Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхнаас хэв авч, эсвэл дуурайлгаж хийсэн дуураймал, шинэ цагийн бурхан байна. Технологийн хувьд Өндөр гэгээн Занабазарын мутрын болон түүний дэг сургуулийн хийцийн нэг удаагийн цутгалтаар цутгасан арга технологийн дагуу хийгдээгүй бөгөөд харин деталь хэсгүүдийг тусад нь цутгаж, эцэст нь тэдгээрийг холбож гагнасан нь шинжилгээний явцад тогтоогдов. (2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тэмдэглэсэн). II. Тухайн бурхан нь Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийц, дэг жаягаар тухайн дундад зууны үед бүтээгдсэн бурхан биш болохыг тодорхойлж байна. Үүнд: Тухайн бурхны гадна талд зарим хэсэгт орчин цагийн багажийн арга ажиллагааны ул мөр ажиглагдаж байна. Тухайлбал, бурхны суурь бадны хэсэгт орчин цагийн хуурайны ором, нууц орон (салтаа)-ы хэсэгт алмазан боорын арга ажиллагааны ором, цэцгийн иш мөчир зэрэгт гагнаас хийсэн ба тэдгээр гагнаасаар цав гарч хагарсан, мөн тухайн хэсгүүд гагнаасны дараах заслын дутуу ул мөр тунараа үүссэн. Гишгүүр цэцэг болон бад суурь, мутар болон хөл хооронд гагнаастай байна. Өндөр гэгээн Занабазарын мутрын болон дэг сургуулийн хийцийн бурхдад гагнаасаар холболт хийдэггүй. Эргэлттэй цахилгаан багажийн эсгий болон даавуун өнгөлгөө хийсэн ул мөртэй. Шармал алтыг хуучруулах аргаар будгийг халцруулсан шинж бүхий байдал тус тус ажиглагдаж байна. III. Тухайн бурхан нь тигийн хувьд алдаатай төдийгүй заслын арга ажиллагааг маш муу гүйцэтгэсэн байна. Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн бүтээлүүд нь тиг болон заслын арга ажиллагаа маш өндөр түвшинд гүйцэтгэгдсэн байдаг. Харин шинжилгээнд хамруулсан бурхан нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Тухайн бурхны засал чимэглэлийн арга ажиллагаа нь бурхан урлаач хүний арга ажиллагаа биш болох нь түүний гаргасан алдаануудаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл орчин цагт бурхан урлалын мэдлэггүй хүн бүтээсэн бололтой. IV. Сүншигийн таг нь хаалттай боловч сүншиггүй хоосон байна. Энэ бол тухайн бурхныг уламжлалт жаягийн дагуу бүтээгээгүй, дуураймал бурхан болохыг нь илэрхийлж буй хэрэг хэмээн үзэх үндэслэл болно. V. Эд мөрийн баримтаар хураагдсан Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн бурхныг Монгол Улсын соёлын өвөөр бүртгэгдсэн Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхантай хувь хэмжээний онолоор нягтлан шалгаж харьцуулан үзэхэд хувь хэмжээсээр илт болон ялимгүй мэдэгдэхүйц зөрүүтэй байдал дээр тулгуурлан төсгүй болох нь тогтоогдов. Үүнд: Дара эх охин тэнгэрүүдийг хувь хэмжээний онолоор хэмжихдээ үндсэн гол нэгж болох хуруунд хэмжээг гаргаж болно. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эхийн нэг хуруу хэмжээг орчин цагийн мм-ийн хэмжээнд хөрвүүлж шинжиллээ. Бадны саран дэвсгэрт суулт давхацсан шугамаас дээш магнай духны завсар хүртэл тавин таван хуруунд нэг хуруу хэдэн мм болохыг тооцъё. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эхийн бадны тавцан суултын шугамаас дээш үс духны завсрын шугам хүртэл 23 см байна. Үүнийг 55 хуруунд хувааснаар нэгхуруу нь 4.15 мм, Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны бадны тавцангаас буюу бөгсний суултын шугамаас дээш үс духны завсрын шугам хүртэл 17.75 см байна. Үүнийг 55 хуруунд хувааснаар нэг хуруу нь 3.22 мм байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эхийн хийцээс шинжилж байгаа эд мөрийн баримтаар хураан авсан бурхан хэмжээний хувьд 22.83 хувиар бага байна. Бурханы тигийн гол хэмжээ болох нүүрний 12 хуруу нь 49.8 мм байна. Үс духны завсрыг шугамаас дээш хагас хуруунд эрүүний дугариг шугамаас доош хагас хуруунд дүрсэлдэг. Үүгээр жишвэл нийцэж байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны дээрх хэмжигдэхүүн 38.64 мм байна. Үүнээс жишихэд магнайн илүү хагас хуруу эрүүний илүү хагас хуруу нэмэгдэхгүйгээр мөргөж байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхан баруун хөлөө буулгасны өвдөгний гадаад зах зүүн өвдөгний гадаад зах хооронд 19.85 см байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны 16.95 см байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны дээрх байдал нь 47.8 хуруу байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны хуруу дээрх хэмжээнд 52.6 хуруу байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны эрүү хүзүүний уулзвар угаас суурь бадны дээд тавцан хүртэл 17.1 см. Энэ нь 41.2 хуруу байна. Дээрх өгөгдөл нь эд мөрийн баримтаар хураан авсан бурхан 13.48 см байна. Энэ нь 44.66 хуруу байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны саран дэвсгэрээс баруун хөхний товч хүртэл 12.7 см байна. Энэ нь 30.6 хуруу болно. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхан дээрх өгөгдөлд 9.75 см байна. Энэ нь 30.27 хуруу болно. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны хоёр суганы хоорондын зай 7.75 см. Энэ нь 18.67 хуруу байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны суга хооронд 6.1 см байна. Энэ нь 18.94 хуруу байна. 24-1-97 дугаартай Намрын саран мэт дара эх бурхны саран дэвсгэрээс хамрын үзүүрийн доод шугам хүртэл 18.8 см байна. Энэ нь 45.3 хуруу байна. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны мөн адил хэмжээ нь 15.15 см байна. Энэ нь 47 хуруу болно. VI. Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцийн зарим бурхны ар нуруун дээрээс урагш мөр, бугалга дамжуулж, суурь бадны хоёр тал руу буусан хадган чимэг байдаг. Эд мөрийн баримтаар хураан авсан бурхны зүүн баруун гуяны доороос гарч суурь бадны хоёр хажуу руу буусан хадган чимгийн үзүүр нь эхлэл байхгүй, зөвхөн бурхны зүүн, баруун, гуяны доороос гарсан байдалтай байгаа нь хийцлэлийн нэг том алдаа болж байна.” /5хх 215-217/ гэсэн дүгнэлт,

Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар /4хх 238-243/,

Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /4хх 244-250, 5хх 1-10/,

Соёлын өвийн үндэсний төвийн тодорхойлолт /5хх 218-219/,

2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шинжээчдийн бүрэлдэхүүн шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл /5хх 220-230/,

2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шинжээчдийн бүрэлдэхүүн шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл /5хх 231-250/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.Ад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Тодруулбал, шүүгдэгч А.А түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Ууганцэцэг нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг “...2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчиж гаргуулсан ...” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд зааснаар “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй” гэж үзвэл нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэхээр заасан бөгөөд хэрэгт авагдсан 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хийсэн үзлэг, шинжилгээ, хэргийн бусад баримтыг шинжлэн судлахад энэхүү дүгнэлтийг нотлох баримтаар тооцох, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход үндэслэл бүхий эргэлзээтэй байдал гараагүй, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтийг хууль бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, шүүгдэгч А.Аийн хохирогч Г.Нт урьд эртний эдлэл худалдсан, өөрийн цуглуулгаа үзүүлж эртний эдлэлийн талаар тайлбарлан өгөх зэргээр урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж “надаас авсан зүйлээ хэзээ ч хамаагүй буцаан өгч болно” гэж төөрөгдөлд оруулж орчин цагт дуурайлган хийсэн Дарь-Эх гэх бурхныг “17-18 дугаар зууны үеийн Занабазарын дэг сургуулийн хийцийн Улаан Дарь-Эх бурхан” гэж хуурч 500,000 ам.доллароор худалдаж, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийн үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн, хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч А.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Ууганцэцэг нар гэм буруугийн асуудлаар маргаж давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд өмчлөгч, эзэмшигчийг үгээр болон үйлдлээр хуурч мэхлэх арга хэрэглэсэн шинжтэй байх бөгөөд хохирогч тухайн үйл явдлыг бодитой хэмээн итгэж найдан төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр гэмт этгээдэд шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой. Мөн гэмт санаа зорилго нь ихэвчлэн урьдаас төлөвлөсөн байх боловч хохирогчийн эд хөрөнгийг эд хөрөнгийн гэрээ, хэлцлийн үндсэн дээр түр шилжүүлж авсны дараа буцаан өгөхгүй гэсэн санаа, зорилго хожим төрсөн байж болно.

 

Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ.

 

Түүнчлэн, хуурч мэхлэх гэдэг нь үгээр болон үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын харилцан итгэлцэлд үндэслэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын нэг хэлбэр болно.

Хэрэгт авагдсан А.Аийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн “... уг улаан Дарь эх баримлыг 10-аад жилийн өмнө зах дээрээс 20-30 сая төгрөгөөр худалдаж авч байсан, хэнээс авснаа санахгүй байна. ...” /1хх 29/, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “… 2007 оны үед байх би эртний эдлэлийн лангуу ажиллуулж байсан. Тэр үед надад танихгүй нэг иргэн зарахаар өгснийг авч байсан. Тухайн үед 20 орчим сая төгрөгт бодож мөнгөн аяга зэрэг зүйл оролцуулж худалдаж авч байсан. …” /1хх 160-161/, хохирогч Г.Нийн өгсөн “… А.А нь “надад ийм бурхан орж ирэх гэж байгаа гээд гар утсан дээрээсээ зургийг нь харуулаад үүнийг авах уу” гэж санал тавьсан, “энэ бурхан олдоход хэцүү, үүнийг авах хэрэгтэй, удахгүй орж ирнэ” гэж хэлсэн. …” гэх зэргээр шүүгдэгч А.А нь тухайн бурхныг анх олж авсан эх сурвалжаа зөрүүтэй мэдүүлж, тодорхой зааж чадахгүй байгаа болон гэрч П.Бын “... тухайн бурхныг үзэхэд 17-18 дугаар зууны бурхан биш байсан. Би хэдийгээр албан ёсны тодорхойлох хүн биш ч гэсэн 10 гаруй жил хуучин эдлэл худалдан авсан, сонирхдог хүний хувьд Занабазарын дэг бүтээл биш байна гэдгийг мэдсэн. ...” /1хх 23-25/ гэсэн мэдүүлэг, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн “… Тухайн бурхан нь Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийц, дэг жаягаар тухайн дундад зууны үед бүтээгдсэн бурхан биш болохыг тодорхойлж байна. Үүнд: Тухайн бурхны гадна талд зарим хэсэгт орчин цагийн багажийн арга ажиллагааны ул мөр ажиглагдаж байна. …Өөрөөр хэлбэл орчин цагт бурхан урлалын мэдлэггүй хүн бүтээсэн бололтой.” гэх дүгнэлтээс үзэхэд, А.А нь худалдаж буй эд зүйлийнхээ бодит байдлыг нууж, жинхэнэ “17-18 дугаар зууны үеийн Занабазарын дэг сургуулийн хийцийн Улаан Дарь-Эх бурхан” гэсэн байдал тогтоогдохгүй байхад үүнийг жинхэнэ мэтээр зохиомол байдлыг үүсгэж буй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ. 

Түүнчлэн, хэрэгт авагдсан бичлэг, хохирогчийн мэдүүлэг, мөнгө төлсөн баримт зэргээр анх хуурамч болохыг мэдэгдсэн үеэс хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хохирогч Г.Н нь “бараагаа буцаая, мөнгөө эргүүлэн авах” талаар хүсэлт тавьсаар байхад хохирогчийн мөнгийг эргүүлэн өгөхгүй явсаар 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн төлсөн нөхцөл байдал  тогтоогдож байх бөгөөд үүнээс дүгнэхэд шүүгдэгч А.Ад хохирогч Г.Наас тухайн зарсан бурхнаа эргүүлэн авч, мөнгийг нь буцаан өгөх санаа зорилго байсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул түүний дээрх хууль бус үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж, шүүгдэгчээс хохирогчид учруулсан үндсэн хохирол болох 1.330.933.326 төгрөг дээр нэмж нийт 1.540.000.000 төгрөг болгон төлж барагдуулсан, мөн шүүгдэгчээс түүний эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор гаргаж өгсөн баримтуудыг тус тус харгалзан үзэж шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэд хэдэн төрлүүдээс торгох ялыг сонгон оногдуулах боломжтой гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хохирол төлбөрийг бүрэн төлсөн байдал, мөн түүний эрүүл мэндийн байдал тухайлбал, үе мөчний өвчин, нэг бөөртэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар өөрчлөлт оруулж, уг ялыг 1 жилийн хугацаанд төлүүлэхээр зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 86 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.290.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцон, түүний эдэлбэл зохих торгох ялыг 28.710.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

5. Хохирогч Г.Н болон түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан “ханшийн зөрүү мөнгө, хадгаламжийн хүү, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг бүрэн гаргуулах” талаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүхээс эд мөрийн баримтаар хураагдсан бурхныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж цаашид тухайн эд зүйлийг хэрхэх талаар тусгаагүй орхигдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “... хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар зөвтгөж шийдвэрлэлээ.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Д.Эрдэнэцэцэг нарын гаргасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох”, хохирогч Г.Н болон түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” талаарх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/357 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Аийг нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/357 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч Аюурзанын Аийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Аюурзанын Аийг 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

6 дахь заалтын “...  зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... зохих байгууллагад хадгалуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ...” гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийн цагдан хоригдсон 86 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж (15.000*86=1.290.000 төгрөг), түүний эдэлбэл зохих торгох ялыг 28.710.000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ад оногдуулсан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтууд оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Д.Эрдэнэцэцэг нарын, хохирогч Г.Н болон түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Аюурзанын А /РД:ОЖ68080615/-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ