Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00095

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/00095

 

 

 

Д.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02734 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол Улсын Их Сургуульд холбогдох

Монгол Улсын Их Сургуулийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,862,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэн, Б.Энхтайван нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэн, Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/330 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх заалтыг үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах үүрэг нь ажил олгогчид байх бөгөөд номын сангийн эрхлэгч Г.Цэрэн надтай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг ба энэ талаар ажилтанд мэдэгдээгүй, ажил олгогч нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй /МУИС-ийн захирал/, ажил олгогч талаас хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр надад мэдэгдэж гарын үсэг зуруулсан нь Улсын дээд шүүхийн тогтоолд дурдагдсан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэсэн заалтыг зөрчсөн. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалсан гэх шалтаг заасан. Миний бие үе мөчний үрэвсэл өвчтэй ажлын бус цагаар эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэдэг ба гормоны эмчилгээний улмаас гарын арьс ард болон урд хэсэгтээ хуулардаг бөгөөд дээрх шалтгааны улмаас хурууны хээгээр бүртгэх төхөөрөмж зарим тохиолдолд хурууны хээг бүртгэж уншаагүй тохиолдол байдаг. Миний бие нийгмийн ухааны салбар сургуулийн номын санд өглөө 08:30 20:30 цагт 2 ээлжээр өөр нэг номын санчийн хамт ажилладаг болно. Хэрвээ би энэ олон өдөр ажил тасалж номын сан хаалттай байсан бол оюутнууд болон багш нараас гомдол санал тухайн цаг үед гарах байсан бөгөөд миний нэр дээр уншигчдаас ирсэн санал гомдол гарч байгаагүй. Ажлын хэсэг гэх бүрэлдэхүүн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Д.Саранцэцэгийн тухай дүгнэлт гаргахдаа хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзэж байгаа бөгөөд ажлын хэсгийн хурлын протоколыг үзэхийг шаардсан боловч надад үзүүлээгүй болно. Мөн миний ажлаа таслаагүй, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллаж байсныг уншигчид нотлох болно. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалсан нь тухайн үедээ тогтоогдсон бол хариуцлага тооцох боломжтой байсан. Мөн түүнчлэн нийт номын сангийн ажилтнуудын цагийн бүртгэлийг бүх хүмүүсээр нь авч дүгнэлт хийвэл зөрчил гарах нь тодорхой бөгөөд хурууны хээгээ огт уншуулдаггүй хүмүүс ч бас байдаг. Гэтэл миний цалинг 7 сарыг дуустал бүтэн олгосон. 2019 онд өндөр насны тэтгэвэртээ гарах байсан. Иймд Монгол Улсын Их Сургуулийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 862 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн захирал Г.Цэрэнгээс ахлах номын санч Д.Саранцэцэг удаа дараа ажил тасалж буй тул ажлаас халах тухай хүсэлт ирсэн. Үүний дагуу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн захирлын А/232 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн ахлах номын санч Д.Саранцэцэг нь ажил тасалж, албан үүрэгтээ хайнга хандаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг тогтоох зорилгоор дүгнэлт гаргаж ажилласан. Д.Саранцэцэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д Ажилтан нь ажлаас хоцрохгүй, таслахгүй байх, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, ажилдаа ирэх, явах үедээ цаг бүртгэх автомат машинд хурууны хээгээр бүртгүүлэх, 3.1.6-д Ажилтан тогтоосон цагт, мөн ажлын нэг өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд шалтгаан хугацааг шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэж чөлөөний зөвшөөрөл авах үүрэгтэй гэж заасан байдаг. Хэдийгээр Д.Саранцэцэг нь биеийн эрүүл мэндийн улмаас хүндэтгэх шалтгаантай байсан гэж тайлбарладаг боловч эмнэлгийн акт, дүгнэлт ирүүлдэггүй байсны зэрэгцээ тухайн үед шууд удирдах дээд албан тушаалтанд огт мэдэгдэж байгаагүй, Номын сангийн захирлаас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5а/872 дугаар албан бичгээр сануулга өгч байсан боловч дахин 16 өдрийн ажил тасалсан байсан. Д.Саранцэцэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2-т Ажилтан нь 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэж тухайлан зааж өгсөн. Иймээс Д.Саранцэцэг нь бичгээр сануулга өгсөөр атал удаа дараа ажил тасалсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/330 дугаар тушаалаар ахлах номын санч Д.Саранцэцэгийг ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан нь талуудын хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т нэрлэн заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан нь хангалттай тогтоогдсон явдал юм. Мэдээлэл технологийн албанаас баталгаажсан цагийн бүртгэл болон МУИС-ийн захирлын А/232 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэнд зааснаар Д.Саранцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 16 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан нь хөдлөшгүй нотлох баримтуудаар тогтоогддог. Ажилтан болон ажил олгогчийн харилцан тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Д.Саранцэцэг нь ажлын цагийг хурууны хээгээр бүртгүүлэх, ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй. Гэвч ямар нэгэн мэдэгдсэн зүйлгүй удаа дараа тасалсан учраас хөдөлмөрийн гэрээний дагуу 5.3.2-т тусгаснаар ажилтан ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан учраас ноцтой зөрчилд тооцох үндэслэл болсон. Д.Саранцэцэг нь ажиллаж байх хугацаандаа нийт 118 ном буюу 574,659 төгрөгийн номыг үрэгдүүлсэн, шаардлага тавьсан боловч 5 ширхэг номыг буцааж өгөөд үлдсэн 113 ширхэг номыг буцааж өгөөгүй. Номын санчийн үндсэн үүрэг нь уншигчдад үйлчлэхээс гадна номуудын бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой байтал үүргээ зөрчин ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан. Монгол Улсын Их Сургуулийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 58-д Бусдыг үл хүндэтгэх, бүдүүлэг авирлах, үг хэлээр дайрч доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах хориглох, 148-д Ямар албан тушаалд ажиллаж байгаагаас үл хамаарч бие биетэйгээ шударга, хүндэтгэлтэй харилцах гэж заасныг зөрчин Д.Саранцэцэг нь номын санчдыг загнаж, үг хэлээр доромжлон ёс зүйгүй, бусдыг үл хүндэтгэсэн харилцаа их гаргадаг байсан нь бусад ажилчдын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар Д.Саранцэцэгийг Монгол Улсын Их Сургуулийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 862 000 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Их Сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Д.Саранцэцэгт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагч Монгол Улсын Их Сургуульд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 787 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэн, Б.Энхтайван нар давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх заалтыг зөв хэрэглэж, Монгол Улсын Их Сургуулийн ахлах номын санчаар ажиллаж байсан Д.Саранцэцэгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны хооронд нийт ажлын 16 хоног тасалсан болохыг тогтоосон. Д. Саранцэцэг 16 өдөр ажлаа тасалсан нь Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/232 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, номын сангаар үйлчлүүлэгч оюутан сурагчдад номоор үйлчилсэн тухай "Коха" бүртгэлийн системийн тайлан болон мэдээллийн технологийн албанаас баталгаажсан цагийн бүртгэл тус бүрээр давхар нотлогдсон байдаг.

Монгол Улсын Их Сургуулийн ахлах номын санч Д.Саранцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2-т Ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахаар заажээ. Мөн хууль тогтоогчийн зүгээс ноцтой зөрчилд юуг оруулан тооцохыг ажил олгогч, ажилтан нар тохиролцон батлахаар заасан. Гэтэл Анхан шатны шүүх шийдвэртээ юуг ноцтой зөрчил биш болох, мөн байх ёстой талаар дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Монгол Улсын Их Сургуулийн Захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/330 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг үндэслэхдээ хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т заасан нэрлэн заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор тохиролцсон зөрчлийг гаргаж ирсэн бөгөөд энэ нь хангалттай баримт, ажлын хэсгийн дүгнэлт, мөн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг урьд нь гаргаж байсан зэрэг зүйлүүд дээр нотлогдсон (урьд нь сануулах сахилгын шийтгэл ногдуулсан баримтыг шүүхэд хүргүүлсэн байдаг/. Монгол Улсын Их Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.7-д хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээг үндэслэн багш ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна .... гэж заасан эрхийн дагуу хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг баталгаажуулан ажлаас чөлөөлсөн явдлыг хөдөлмөрлөх эрхэд халдсан гэж үзсэн нь "гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана гэснийг шүүх огт үнэлсэнгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь уг хэргийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолыг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил-д ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах, ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгох ноцтой үйлдэл, эс үйдэлийг хамааруулан ойлговол зохино гэж хэргийг шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээс гарсан тогтоол нь эрх зүйн албан ёсны эх сурвалж болдоггүй бөгөөд зөвхөн зөвлөмжийн шинжтэйгээр ашиглах боломжтой байдаг, Харин уг тогтоол нь шийдвэрийн гол үндэслэл болж хэргийг шийдсэн нь шүүгч албан бус эх сурвалжийг баримтлан шийдсэн гэж үзэж байна. Нэгэнт 2 тал харилцан тохиролцож гэрээний үүрэг, хариуцлагыг тодорхойлон, зөвшилцөн гарын үсэг зурж баталгаажуулсан хөдөлмөрийн гэрээг анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрийн ая таатай нөхөцлөөр хангуулах, цалин хөлс авах иргэний эрх зөрчигдсөн байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Сургалтын байгууллагын номын санч ажлаа ийнхүү олон өдөр таслах нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, оюутнуудын тайван суралцах боломжийг хаан, номын санч нарын хөдөлмөрийн хуваарилалтад ноцтой өөрчлөлтийг оруулах зэргээр ажил олгогчийн эрх, ашиг, сонирхол, нэр хүндэд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг авчирдаг. Ийнхүү анхан шатны шүүх нь байгууллагын үйл ажиллагааны онцлог, дотоод зохион байгуулалтыг ойлгохгүй, мэдэхгүй, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд юуг хамааруулсныг авч үзэлгүй, ноцтой зөрчил хэмээх ойлголтыг хэт ерөнхий явцууруулан тайлбарлаж, нэг талыг барин, нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр гаргасан үйлдэл боллоо гэж үзэж байна. Монгол Улсын Их Сургуулийн ажилтнууд чөлөөтэй маш олон өдрөөр ажлаа таслан явж болно, дараа нь шүүхдээд буцаад ажилдаа орох боломжтой гэсэн ойлголтыг анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт харуулж байна. Шүүх нотлох баримтын тусламжтайгаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож, хэрэглэвэл зохих материаллаг хуулийг хэрэглэн хэргийг шийдвэрлэж, хэргийг бодитоор зөв шийдэх ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх заалтыг шүүх зөв хэрэглэж ажилтны ажил тасалсан үйлдлийг тогтоосон боловч нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлэн хөдөлмөрийн гэрээний заалтыг хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан буюу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Саранцэцэг нь хариуцагч Монгол Улсын Их Сургуульд холбогдуулан Монгол Улсын Их Сургуулийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,862,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Монгол Улсын Их сургууль нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/236 дугаар захирлын тушаалаар Д.Саранцэцэгийг тус сургуулийн номын сангийн ахлах номын санчийн албан тушаалд томилсон, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр огноолон ажилтан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр танилцан гарын үсэг зурж байгуулсан байна. /хх-5, 7-10/ Улмаар ажил олгогчийн санаачилгаар буюу Монгол Улсын Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/330 дугаар тушаалаар Д.Саранцэцэгийг ахлах номын санчийн ажил, албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх.15/

Нэхэмжлэгч Д.Саранцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Монгол Улсын Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/330 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6, 5 дугаар зүйлийн 5.3.2 дахь заалт, ажлын хэсгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт, МУИС-ийн Номын сангийн захирлын 2017 оны 07 сарын 24-ний өдрийн хүсэлт, ахлах номын санч Д.Саранцэцэгийн цагийн бүртгэлийг тус тус үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

Монгол Улсын Их Сургуулийн ахлах номын санч Д.Саранцэцэг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2-т Ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахаар заажээ. Нэхэмжлэгч Д.Саранцэцэг нь гэрээтэй танилцан гарын үсэг зурсан 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны хооронд нийт ажлын 16 хоног тасалсан болох нь Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/232 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, номын сангаар үйлчлүүлэгч оюутан сурагчдад номоор үйлчилсэн тухай "Коха" бүртгэлийн системийн тайлан, мэдээллийн технологийн албанаас баталгаажсан цагийн бүртгэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. /хх-39, 55-56,116, 119-120/

Өөрөөр хэлбэл, хэрэгт ажлын цагийн бүртгэл, ном олгож байсан буюу ажлын байран дээрх ажлын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг бүртгэдэг Коха программын бүртгэл, түүнд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Саранцэцэг нь ажил тасалсан гэх өдрүүдэд хурууны хээгээ бүртгүүлээгүй, эдгээр өдрүүдэд Коха программын бүртгэлд ном олгох зэрэг номын санчийн үйл ажиллагаа бүртгэгдээгүй байгаа баримтаас харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийг уг өдөр ажлаа татсалсан гэх харицагчийн тайлбар, баримтаар нотлогдсон байна. Мөн нэхэмжлэгчтэй хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд, ажлын хэсгийн ахлагч уулзаж ярилцлага хийсэн тэмдэглэл, ажлын хэсгийн дүгнэлт зэрэг баримтаар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан 3-аас дээш хоногийн буюу 24 цагаас дээш хугацааны ажил тасалсан, ноцтой зөрчлийг гаргасан гэх нөхцөл байдал давхар тогтоогдсон гэж үзнэ.

Ажил олгогч, Монгол Улсын Их Сургууль болон ажилтан Д.Саранцэцэг нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний нөхцөл, агуулгатай танилцсан, талууд Ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарах зөрчлийг нэхэмжлэгч гаргасан байна.

Талууд хөдөлмөрийн гэрээндээ ямар нөхцөл, тохиолдлыг ноцтой зөрчилд тооцохоо тохиролцож, нэрлэн заан ажилтанд урьдчилан танилцуулсан байхад үзсэн байхад энэ үндэслэлээр ажлаас чөлөөлснийг Үндсэн хуульд заасан иргэний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан, уг байдал нотлогдсон байхад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02734 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Монгол Улсын Их сургуульд холбогдуулан номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 862 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Д.Саранцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ