Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/230

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-т холбогдох эрүүгийн 1738001460112 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Д.

Шүүгдэгч О.Д нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, иргэн Б.М-н жолоодож явсан РАВ-4 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Д нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, иргэн Б.М-н жолоодож явсан РАВ-4 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Д-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Их уусан байсан болохоор санахгүй байна. Группт орсон. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Машины хохирлыг даатгалын компани төлсөн.  Харин ирж очих зардал гарсныг төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Д гараад ганц шил архи аваад ирье гээд гараад явсан хаанаас архи авч ирснийг нь мэдэхгүй байна. Д “Далай ээж” нэртэй архи авч ирсэн. Энэ архийг Мөрөнгийн төвийн хойд тал дээр Д бид хоёр хоёулхнаа хувааж уугаад мотоциклийг Д бариад Алаг-Эрдэнэ сумын чиглэлд засмал замаар явсан. ...Бие зассан газраасаа цаашаа яваад “Шувуутын бригад”-ын тэнд явж байтал тас няс гээд явчихсан тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би урдах замаа хараагүй явсан. Зам харахаар нүднээс нулимс гоожоод Д-н ар нуруунд нүүрээ наасан байсан юм. Ойролцоогоор 60 км цагийн хурдтай явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 20 минутын үед Хатгалаас Мөрөн чиглэлд Алаг-Эрдэнэ сум өнгөрөөд явж байсан чинь урдаас уул даваад засмал замаар мурилзаад яваад байсан. Би тухайн үед хурдаа хасаад явж байсан чинь хажуугаар зөрөөд явах гэж байснаа шууд миний явж байсан урсгал руу орж ирээд миний машины баруун талын гэрлэн дохио хэсэг рүү мөргөөд уначихсан. Би урдаас ирж байгаа мотоциклийг ойролцоогоор 300 метрийн цаанаас харсан. Намайг алсын зайнаас харах үед мотоцикльтой хүн миний урсгал руу орж гараад яваад байгаа нь харагдаж байсан. Тухайн мотоцикль гарч ирж байгаа зам нь уруу зам байсан учраас надад сайн харагдаж байсан. Намайг замаа хараад явж байхад урдаас уруудаж ирж байгаа мотоцикль 2-3 удаа эсрэг урсгал руугаа ороод буцаж өөрийнхөө урсгал руу ороод гуйваад яваад байсан юм. Гуйвж яваа мотоциклийг хараад хурдаа багасгасан. Тэгээд хажуугаар зөрөх гэж байснаа гэнэт миний урсгал руу дарж орж ирээд мөргөлдчихсөн. Би хурдаа хасаад 20-30 километр цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед яг улаан нүүр рүү мотоцикльтой ороод ирэнгүүт тормозоо гишгэсэн. Замын үзэгдэх орчин сайн, орчин тойрны бүх зүйл сайн харагдаж байсан. Гадаа нартай, гэгээтэй байсан. Замын нөхцөл байдал сайн байсан. Машинд сууж явсан хүмүүст ямар нэгэн гэмтэл учраагүй. Гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алаг-Эрдэнэ сумын хойгуур гараад явж байтал гэнэт урдаас мотоцикльтой хүн давхиж ирээд мөргөчихсөн. Би яг жолооч хүүгийнхээ ард сууж явсан учраас хараагүй байж байгаад дөхөөд ирэхэд нь харсан. Тэгтэл шууд урдаас эсрэг урсгал руу сөрж дахиж орж ирээд бид нарын машины баруун урд хэсэг рүү нь мөргөчихсөн. Тухайн үед ойролцоогоор 20-30 километр цагийн хурдтай явсан. Бид нарт гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 20 минутын үед Алаг-Эрдэнэ сумын араар гараад Мөрөнгийн чиглэлд асфальтан замаар явж байтал өөдөөс нэг мотоцикльтой хоёр хүн урдаас гуйваад хүрээд ирсэн. Нэлээд холоос гүвээ даваад урдаас гуйваад яваад байгаа нь харагдсан. Тэгтэл ах хурдаа хасаад бараг зогсох гэж байтал мотоцикль хурдаа хасалгүй тэр чигтээ хар хурдаараа урдаас эсрэг урсгал руу орж ирээд яг миний сууж явсан чиг урдаас ирээд автомашины гуфер, урд шил хэсэг рүү мөргөөд баруун тийшээ унасан. Нэг нөхөр нь машины дээгүүр гараад унасан. Тэр хүнийг мотоциклийн араар сууж явсан болов уу гэж бодсон. Машины хажуу талд унаад хөл нь хугарсан байсан хүнийг мотоцикль жолоодож явсан хүн гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаартай:

  1. Б.Б-н биед баруун шанааны зөөлөн эдэд цус хуралт, дух болон баруун сарвуунд няцралт, баруун шуу тохой өвдгөнд зулгаралт, бүсэлхий нуруунд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Б.Б-н биед учирсан гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай:

  1. О.Д-н биеэс авсан гэх цусанд 2.3 промилли спиртийн агууламж илэрч байлаа.
  2. Цуснаас илэрсэн 2.3 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч М.Баттулгын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай: “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Эрхэлийн хөндий” гэх газар Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 2.2.а, 8.2, 2.3.в-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн мөн түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, “Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний тухай Олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна”, “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, “Жолооч мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” дүгнэлт /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тайлан /хх-ийн 58 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738001460112 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч О.Д нь урьд 2001 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-80 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.

Шүүгдэгч О.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1738001460112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч О.Д-г согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь  хэсэгт зааснаар  шүүгдэгч  О.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаартэнссүгэй. 
      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Д-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

      5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

     6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Д-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.НЯМСҮРЭН