Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/379

 

 

 

 

 

 

    2025           03             27                                        2025/ДШМ/379

 

 

О.Ж-, С.Г- нарт                                                                                        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч О.Ж-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч С.Г-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Г.Жалбуу, Б.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Л.Батжаргал, шүүгдэгч О.Ж-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Ж-, С.Г- нарт холбогдох 2302 00554 0308 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн О-ын О.Ж-, 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст нийтийн хэв журам хамгаалах тасагт хэсгийн байцаагч ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, эх, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /,

2. Б овгийн С-гийн Г, 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, “Жи Ар Ти” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:... /.

1. О.Ж- нь Нийтийн албан тушаалтан буюу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа зөрчлийн 2310001270 дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахдаа зөрчилд холбогдогч С.Г-ийн зөрчлийн хэрэг бүртгэлийг удаашруулах ашиг сонирхлын үүднээс 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал гаргасан атлаа хэргийг шүүхэд даруй шилжүүлэх арга хэмжээ авалгүйгээр удаашруулж “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн 9.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “эрх бүхий албан хаагч шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн хэргийг шүүхэд даруй хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж хуульчилсан буюу албан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд С.Г-эс өөрийн төрсөн охин Ж.М-ын нэрээр Хаан банканд эзэмшдэг 57...12 дугаартай дансаар дамжуулан Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 2,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан,

2. С.Г- нь Нийтийн албан тушаалтан буюу Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхдаа өөрт холбогдох зөрчлийн 2310001270 дугаартай хэргийн хэрэг бүртгэлтийг удаашруулах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч О.Ж-д албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний төрсөн охин Ж.М-ын нэрээр Хаан банканд эзэмшдэг 57...12 дугаартай дансаар дамжуулан Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 буюу нийт 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Нийслэлийн прокурорын газраас: О.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Г-ийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүгдэгч О.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ж-г нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Г-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-, С.Г- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-, С.Г- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 2,000,000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Г- гэх хүнтэй 2019 онд танилцсан танил ах дүүгийн харилцаатай. Г- ахын туслах уяач Мандахбаяр нь манай найз бөгөөд бие биедээ тусалж дэмжих үе цөөнгүй байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сард хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Бямбагэрэл цэргийн байнгын тэтгэвэрт гарч С.Г-д холбогдох зөрчлийн хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Мөрөнгийн цохолтоор надад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуваарилагдсан. Миний бие тус зөрчлийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хуулийн дагуу шуурхай шалгалтын ажиллагаа явуулсан. Тус өдрөө шүүхэд албадлагын арга хэмжээ авах саналтай тасгийн дарга Мөрөнд шалгалтын ажиллагааг дуусгаж өгсөн юм. Хэсгийн байцаагчийн ажлын ачаалал болон 1 байцаагчид ноогдох хэрэг материал, мөн дотоод зохион байгуулалт төлөвлөлттэй холбоотой ачаалал их байдаг учраас мөн тус 23 дугаар хороонд надаас өөр хэсгийн байцаагч байгаагүй учир тус зөрчлийн хэргийг өөр байцаагчид шилжүүлж шалгах боломж гараагүй. Тухайн зөрчлийн хэргийг шалгаж байхад С.Г- танил хүний хувьд хаагаад өгөөч удаашруулаад өгөөч гэж надад огт хандаж байгаагүй, тийм боломж бололцоо ч байхгүй юм...19 хоногийн дотор шуурхай даруй шалган хүргүүлсэн ба тухайн үед улсын баяр наадам болж байсантай холбогдуулан 6 хоног амарч тасгийн даргад 7 дугаар сарын 12-ны өдөр шалгаж дуусган хүлээлгэн өгсөн. Тус зөрчлийн хэргийн материалыг 7 дугаар сарын 19-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр дуусмагц өөрийн биеэр даруй шүүхэд хүргүүлсэн. Зөрчлийн хэргийн шүүх хурал нь 7 хоног бүрийн Пүрэв гарагт зөвхөн нэг удаа хуралддаг байсан. Тухайн өдрийн шүүх хурал шүүгч Мөнхбаярын биеийн байдлын улмаас 1 удаа хойшлогдож 8 дугаар сарын 01-ний өдөр Пүрэв гарагт болохоор товлогдсон юм. Тухайн өдөр С.Г-ийн өмгөөлөгч У.Хүрэлсүх хэргийн материалтай танилцах хүсэлт гарган мөн 1 удаа хойшилж, дараагийн долоо хоногийн пүрэв гараг буюу 08 дугаар сарын 08-ны өдөр болсон юм. С.Г- миний албадлагын арга хэмжээ авахуулах саналаар 10 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгэгдсэн юм. Прокуророос хэргийг удаашруулж бусдад давуу байдал бий болгосон гэж хэтэрхий субьектив байдлаар хандаж яллаж байна гэж миний хувьд үзэж байна. Тус зөрчлийн хэргийг хуулийн дагуу шуурхай 19 хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн. Прокурор зөвхөн яллах талыг барьж шийдвэр гаргаж байгааг гайхаж байна. Миний хувьд хэргийн оролцогчтой хувийн харилцаа үүсгэхгүй байх ёстой бөгөөд Зөрчлийн хууль болон бусад хуулиар хориглосон байдаг. С.Г- ахаас уг мөнгийг шилжүүлэн аваад хэргийг удаашруулсан гэж улсын яллагч үзэж ялласан уг явдал нь тухайн зөрчлийн хэргийг шалгаж дууссан шүүхэд шилжүүлсний дараа охин М- бид хоёрт зайлшгүй мөнгөний хэрэг гараад С.Г- ахтай өмнөх хэвийн харилцаагаа бодон зээлж, гуйж авсан асуудал байгаа. С.Г- ах тухайн үед улсын баяр наадам болон манай нутгийн 100 жилийн ойд хурдан морьд айрагдаж түрүүлүүлж байсан бөгөөд охин бид хоёр баяр хүргэн залгаж мөнгөний тусламж үзүүлээч хэмээн гуйсан юм. С.Г- ах гуйлтыг зөвшөөрч Ж.М- буюу миний охины данс руу мөнгө шилжүүлсэн. Тус мөнгө нь хээл хахуулын зорилготой мөнгө огт биш охин бид хоёрт туслах зорилгоор бид гуйсан учир хурдан морьдынхоо бай шагналаас хишиг гэж өгсөн мөнгө байсан. С.Г- ахаас мөнгө гуйж зээлье гэж асуугаагүй байсан бол С.Г- ах ийм асуудалд холбогдохгүй байсан гэж би бодож байна. Прокурор яг ямар хуулийн хүрээнд мөн ямар нотлох баримтын үндсэн дээр хэргийг удаашруулж давуу байдал олгосон гэж намайг яллаад байгааг би их гайхаж байна. С.Г-ийг таньж мэддэг гээд нэг ч давуу байдал үүсгээгүй хэрэг шалгах хуулийн хүрээнд нэг ч хугацаа алдаагүй даруй шалган 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр цохих шатанд хүлээлгэн өгсөн гэдгээ дахин хэлмээр байна. Гэрч Б.С, С.Г-тэй тус зөрчлийн хэрэг болон хувийн таарамжгүй харилцаа гэр бүлийн эд хөрөнгийн маргаан зэрэг асуудлаас үүдэн намайг С.Г-д давуу байдал үүсгэж байгаа мэтээр гүтгэн гомдол мэдүүлэг өгч АТГ-ийн комиссар, прокурор нар зөвхөн гомдол гаргагчийн талд зогсож буруутан болгон яллаж байгааг маш их гайхаж байна. Б.С- нь анхан шатны шүүх хуралдаанд С.Г-ийг тухайн үед айлгах гэж чадах гэж худал гомдол мэдүүлэг гаргаснаа хэлж байсан. Хүнийг айлгаж, чадах гэж гэмт хэрэгт гүтгэх нь байж боломгүй юм. Б.С- нь зөрчлийн хэргийг үнэн зөвөөр хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэснийг мэдэхийн дээдээр мэдэж байсан, мөн намайг С.Г- ахтай танил гэдгийг мэднэ. Би бусдаар дамжуулан С.Г-д давуу байдал бий болгох зорилгоор хахууль огт аваагүй. Тус зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж дууссаны дараа болсон зүйл бөгөөд ямар удаашруулах нөхцөл байдал тус зөрчлийн хэрэгт үүссэн тодорхой тогтоогоогүй, хувийн байдлаар хандаад яллаад байгаа прокурорын саналыг шүүгч үнэн зөвөөр тогтоон шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье. Би зөрчлийн хэрэгт холбогдсон өөрийн шалгаж шийдвэрлэж дууссан хэргийн оролцогчоос хуулийн хугацаанд шалгаж дууссаныхаа дараа мөнгө гуйж зээлж авсандаа маш их гэмшиж байна...” гэв.

            Шүүгдэгч С.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлыг манай эхнэр Б.С- нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, эд хөрөнгийн маргаан, үл ойлголцлын улмаас намайг чадах, айлган сүрдүүлэх, зорилгоор худал гомдол, өгч миний хувийн Хаан банкны данс болон интернэт банкийг  давхар чөлөөтэй ашигладаг байснаа ашиглан миний данснаас ямар гүйлгээ хийгдсэнийг  лавлаж асууж нягтлалгүй Ж.М- руу шилжүүлсэн мөнгийг хардаж АТГ-т гүтгэн худал мэдүүлэг өгсөн. Гомдол мэдүүлэг өгсөн Б.С-эс ганцхан удаа бодит бус гомдол мэдүүлэг авсан ба дахин тайлбар мэдүүлэг болон огт аваагүй юм. Тус гомдол мэдүүлгийг өгснийхөө дараа манай эхнэр Б.С- нь дундын эзэмшлийн эд хөрөнгө, орон байр, машин, үл хөдлөх хөрөнгө зэргийг өөрийн нэр рүү шантаачлан шилжүүлж авсан. Уг асуудал нь ямар зорилгоор намайг энэ хэрэгт гүтгэн гомдол гаргасныг харуулж байгаа юм. Мөн АТГ-ийн комиссар нягталж шалгахыг хүсээгүй юм. Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны хэсгийн байцаагч О.Ж-д өөрт холбогдох зөрчлийн хэргээ удаашруулан давуу байдал эдэлсэн хэмээн ялласан юм. О.Ж- надад холбогдох зөрчлийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-нд хариуцан авсан ба 2023 оны 07 дугаар сарын 12-ны буюу 19 хоногийн хугацаанд шалгаж дуусган албадлагын арга хэмжээ авахуулах саналтай дээд шатны удирдлагад хүлээлгэн өгч тус саналын дагуу миний бие 10 хоног баривчлах шийтгэлээр шийтгэгдсэн юм. Прокурор яг ямар нотолгоо, ямар хуулийн үндэслэлээр О.Ж- надад давуу байдал бий болгоод байгаа талаар ойлгомжтой хуулийн хүрээнд нотолж чадахгүй, зөвхөн яллах байр суурийг урьтал болгон зөвхөн өөрийн хувийн байр суурь, өнцгөөс тайлбарлан хэт субьектив байдлаар хандан яллах саналаа шүүх хуралдаанд өөрчлөн яллаж байсан юм. Тус зөрчлийн хэрэг 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс МУ-н Засгийн газрын тогтоолын дагуу Үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралт 6 хоног буюу 18-ыг хүртэл үргэлжилсэн бөгөөд 19-ний өдөр зөрчлийн хэргийн шүүх хуралдаан болохоор болж байсан. 19-ний шүүх хуралдаанд шүүгч Мөнхбаярын саналаар 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшилсон. Тэр шүүх хуралдаанд би өмгөөлөгчтэй оролцох санал гарган манай өмгөөлөгч У.Хүрэлсүх хэргийн материалтай танилцах хүсэлт гарган шүүх хуралдаан 8 сарын 08-ны өдөр товлогдон 7 хоног хойшлогдсон юм. Зөрчлийн хэргийн шүүх хурал нь 7 хоног бүрийн Пүрэв гарагт болдог энэ нь хэсгийн байцаагч О.Ж-тэй огт хамааралгүй зүйл юм. АТГ-н комиссар, прокурор нар тус зөрчлийн хэргийг хэсгийн байцаагч О.Ж- надад яг ямар давуу байдал үүсгэж шийдвэрлэсэн байгааг нотлох ямар нэгэн баримтгүйгээр зөвхөн Б.Сэлэнгийн нэг удаагийн өгсөн мэдүүлгээр буруутган яллаад байгаа юм. Тус мэдүүлгийг Б.С- хувийн ашиг сонирхлын үүднээс намайг айлган чадах гэж худал мэдүүлсэн... энэ хэрэгт би болон хэсгийн байцаагч О.Ж- давуу байдал бий болгон, давуу байдал эдэлсэн, хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гарсан бол магадгүй тус зөрчлийн хэрэг шалгагдахгүй хугацаа алдах, зөрчлийн хэргийг хэсгийн байцаагч шалгаж шүүх рүү шилжүүлэх хуулийн хугацаа 58 хоног байдаг хугацааг дуусгах, намайг шийтгэх албадлагын санал болох 10 хоног баривчлуулах саналаа 19 хоногийн дотор шуурхай шалгаж шүүхэд хүргэхгүй байх, бүр магадгүй тус хэргийг хэрэгсэхгүй болгон хаах байсан болов уу. О.Ж- бид 2 нэгийгээ 2019 оноос хойш таньж мэднэ, тус зөрчлийн хэргийг түүнийг хариуцан шалгаж эхлэх үе хүртэл хэвийн харилцаатай байсан. Хэсгийн байцаагч О.Ж- зөрчлийн хэргийг шалгахдаа надад ямар нэгэн хууль зөрчин давуу байдал огт олгож байгаагүй. Миний хувьд зөрчлийн хэргийг удаашруулаад өг гэж огт хэлж ярьж байгаагүй юм. Иргэн хүний хувьд тус зөрчлийн хэргийг О.Ж- намайг ямар нэгэн байдлаар таньж мэддэг хүний хувиар биш, төрд тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчийн хувиар шударга шуурхай хуулийн дагуу шалгасан юм. Зөрчлийн хэргийг шуурхай шалгаж, даруй шүүх рүү шилжүүлсэн байхад яг ямар хууль зөрчиж удаашруулаад давуу байдал үүсгээд байгаа гэж О.Ж- бид хоёрыг улайран яллаад байгааг маш их гайхаж, хардаж байна. Зөвхөн удаашруулсан гэж прокурор, шүүх яллаад байгаа бөгөөд ийм хэрэг гэж хуульд байхгүй. Прокурор дүгнэлтдээ 15,000,000 төгрөгөөр торгох нийтийн албанд ажиллах 5 жилээр эрх хасах ял оногдуулах саналаасаа түүний гар утсанд мессеж ирсэн ба тэрийг харан торгох саналаасаа татгалзан, өөрчилж хүндрүүлэн миний эрх зүйн байдлыг дордуулан 2 жил хорих, 5 жил нийтийн албанд ажиллах эрх хасах ял оногдуулсан юм. Мөн О.Ж-тэй ижил санал оруулах нь зүйтэй гэсэн ба ижил санал оруулж байна гэх хууль мөн л байдаггүй байх юм. Тус шүүх хуралдаан Live-р шууд дамжуулж байсан олон хүн анзаарч харж байсан бөгөөд гар утсанд ирсэн мессеж уншиж гаргасан саналаа хүндрүүлж буйг танхимд байсан бүх хүн харж сонсож байсан билээ. Прокурор энэ хэрэгт хуулийн бус хувийн бодол субьектив байдлаар дүгнэлт хийж яллаад байгааг хардан гайхаж байна. Тус шүүх хуралдааны өмнөх шүүх хурлыг прокурор Оюунцэцэг шүүгч И.Г-аас үндэслэлгүйгээр татгалзан хойшлуулсан. Яагаад шүүгч Г-аас шударга шийдвэр гаргахгүй гэж бодож байна хэмээн татгалзан хуралдааныг хойшлуулсныг миний бие мөн хардаж гайхаж байна. Магадгүй шүүгчийг заавал миний саналаар яллах ёстой хэмээн бойкотлож буй мэт дүр төрх үзэгдсэн билээ, хараат бусаар шийдвэр гаргах ёстой шүүгчид нөлөөлсөн байх вий хэмээн мөн л гайхаж хардаж байна. Мөн гэрчээр шүүх хуралдаанд оролцсон Б.Сэлэнгийг ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй байх үнэн шударга мэдүүлэг өгөх байдлыг алдагдуулан гэрчийн нүүр рүү тулж зогсож маш их дарамт учруулан асууж байсан юм. Яагаад бүр ингэж улайран заавал яллах гээд байгааг маш их гайхаж хардаж байна. Эдгээр зүйлсийг яагаад дурдаад байна вэ гэвэл тус хурал шууд дамжуулагдан миний өмгөөлөгч болон гэр бүл нутаг усныхан ах дүү нар зэрэг олон хүн үзэж прокурорын үйлдлүүдийг гайхаж хардаж байсан учир дэлгэрүүлж бичлээ. О.Ж- надад холбогдох тус зөрчлийн хэргийг шалгаж дууссан хойноо тус хэрэгтэй ямар ч холбоогүйгээр надаас мөнгө гуйж үнэн учраа тайлбарлан гуйсан учир, хүнд байх байхгүйн зовлонг ойлгодог хүний хувиар, тус зөрчлийн хэрэг шалгаж дууссан байсан учир, ямар нэгэн давуу байдал эдлэх боломжгүйг мэддэг хүний хувьд, ямар нэгэн ашиг хонжоо сонирхол агуулалгүй түүний гуйлтыг зөвшөөрч өөрийн данснаас түүний нэртэй охиных нь данс руу өгсөн юм. О.Ж- бид нэгнээ таньж мэднэ 2020, 2021, 2022 онуудад нэгэндээ тусалж дэмтэй тустай явж байсан. Ийм байлаа гээд би түүнээс огт тус хэргийг удаашруулаад өгөх тэр давуу байдал олгож удаашруулах санал нэг удаа ч агуулж байгаагүй юм. Тийм бодол санаа гарах сөхөө байгаагүй тийм боломж байхгүй билээ. О.Ж- Төв аймагт өөрийн хүүхдүүдтэй амьдардаг би Төв аймагт тэдний ойр адуу малаа уяж сойдог. О.Ж- ХУД-н 23 дугаар хорооны хэсгийн байцаагч миний бие 23 дугаар хороонд амьдардаг тус зөрчлийн хэрэг 23 дугаар хороонд болсон харьяаллын дагуу удирдах ажилтны шийдвэрээр тэрэнд хуваарилагдан 19 хоногийн дотор шуурхай шалган шийдвэрлэж шүүхэд даруй хүргүүлсэн юм. О.Ж- болон түүний хүүхдүүдийг би мөн таньдаг мэддэг байсан түүнийг гомдол гаргасан Б.С- мөн л мэддэг. Тухайн 2023 оны улсын баяр наадам болон Төв аймгийн 100 жилийн ойн наадам зэрэг олон уралдаанд миний уяж сойсон хурдан морьд айрагдаж аман хүзүүдэж сэтгэл санаа маш өндөр баярлаж байсан хүний хувиар түүнд гуйлтыг нь зөвшөөрсөн. Миний бие үндэсний өв соёлоо тээх хүсэлтэй уяач хүн юм. О.Ж- мөн морь мал сонирхдог залуу байсан. Миний адуу малыг эрүүлж тойруулж, тус болж явсан үе ч түүнд бий. Хурдан хүлгийн эзэн уяач хүн түрүүлж айрагдсан морины  бай шагналыг олон хүнд хишиг болгон хүртээж байх бичигдээгүй хуультай байдаг олон хишиг хүртээсэн уяач дараа дараагийн олон уралдаанд адуу мал нь улам өндөр амжилт үзүүлж хэмээн үздэг билигшээлтэй, тэр яг л тэдний адил хишиг болгон хүртсэн төдий юм. 2024 онд үндэсний их баяр наадамд миний уяж сойсон миний том охин Нандингийн нэрээр нэрлэгдсэн Нандин хонгор азарга маань түрүүлсэн билээ үүнийг би өмнө жил олон хүнд айрагдаж түрүүлсэн хурдан хүлгийн байнаас хишиг хүртээсний хувь буян ирлээ хэмээн билигшээдэг. О.Ж- болон түүний охин тус баяр наадмын дараа баярлалаа хэмээн залгаж байсан. Намайг зөрчлийн хэргээр шударга шалгаж шуурхай хуулийн дагуу шийдвэрлэсэн 2 хүүхдийн эцэг, өрх толгойлсон залуу хүн О.Ж- манай эхнэр С-эгийн ухаангүй үйлдэл, намайг айлгаж, чадах гэсэн хувийн ашиг сонирхол агуулсан гомдол мэдүүлгийн болон магадгүй тодорхой хэмжээний надтай холбоотой улс төрийн золиос бүү болоосой гэж хүсэж байна. Би энэхүү хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Хэргийн бодит байдлыг тогтоон миний хувийн байдал, холбогдсон хэрэгтэй маш их гэмшиж байгааг, мөн бага насны дөрвөн хүүхдийн асран хамгаалагч залуу бизнес эрхлэгч улс эх орондоо чамгүй их хэмжээний татвар төлөгч, ажил олгогч, одоо ямар нэгэн нийтийн албан тушаалтан биш, цаашид ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй гэсэн амлалт буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан надад холбогдох энэхүү хэргийг хуулийн хүрээнд үнэн бодит нотлогдож байгаа талыг магадлаж, цагаатгаж өгөх, буруугаар тогтоолгож буй үйлдэл хууль бус зүйл тогтоогдлоо гэж үзвэл хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье...” гэв.

            Шүүгдэгч О.Ж-гийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хахууль авах гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй эргэлзээтэй талаар: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч О.Ж-г “...Нийтийн албан тушаалтан буюу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа С.Г-д холбогдох зөрчлийн 2310001270 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт явуулж байхдаа зөрчлийн хэрэг бүртгэлийг нь удаашруулах ашиг сонирхлын үүднээс 2023.07.12-ны өдөр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал гаргасан атлаа хэргийг шүүхэд даруй шилжүүлэх арга хэмжээ авалгүйгээр удаашруулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “эрх бүхий албан хаагч шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн хэргийг шүүхэд даруй хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж хуульчилсан буюу албан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шүүгдэгч С.Г-эс 2,000,000 төгрөгийг хахууль авсан...” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээтэй байхад миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж хуульчилсан. Гэтэл уг хэргийн жинхэнэ бодит байдлыг мөрдөгч, прокурор тогтоож чадаагүй хэргийг зөв зүйлчилж оруулж ирээгүй байхад анхан шатны шүүхээс тухайн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг зөвтгөлгүй хүндрүүлж шийдсэн нь үндэслэлгүй болсон байна. Учир нь миний үйлчлүүлэгч нь С.Г-эс хахууль авах санаа зорилго байгаагүй, үүнийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй. Мөн С.Г-д холбогдох зөрчлийн хэргийг удаашруулах ямар ч санаа зорилго байгаагүй дээрх үйл баримтыг мөрдөн байцаалтын шатанд эргэлзээгүйгээр нотлон тогтоож чадаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...”-ийг нотолно гэж хуульчилсан байх бөгөөд уг хэргийн хувьд миний үйлчлүүлэгч О.Ж-г Г-эс “хахууль авах” гэмт хэргийн сэдэлт санаа зорилго байсан гэдгийг нотолж тогтоож чадаагүй байна. Тухайлбал, С.Г-д холбогдох зөрчлийн хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эрх бүхий албан тушаалтан цагдаагийн дэслэгч М.Бямбагэрэл зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Улмаар тухайн эрх бүхий албан тушаалтан болох М.Бямбагэрэл нь цэргийн байнгын тэтгэвэрт гарч 2023.06.28-ний өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан болох Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга Б.Мөрөнгийн тогтоолоор эрх бүхий албан тушаалтан О.Ж-д шилжсэн байдаг. /1хх-50/ Эрх бүхий албан тушаалтан О.Ж- нь зөрчлийн хэргийг хүлээж аваад хохирогч холбогдогч нараас дахин мэдүүлэг авах, хэргийн материалтай танилцуулах, шаардлагатай лавлагааг авах ажиллагаа хийх шаардлагатай байх тул Зөрчлийн хэргийн хугацаа сунгуулах санал гаргасныг зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга Б.Мөрөнгийн тогтоолоор Г-д холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2023.06.28-ны өдрөөс 14 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг. /1хх-49/  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно...” гэж тус тус хуульчилсан. Дээрх хуулийн заалтыг үндэслэж эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэлтийн хугацаа сунгуулах санал гаргаж удирдах албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна. Улмаар О.Ж-гийн зүгээс зөрчлийн хэрэг бүртгэлийн сунгасан хугацаанд хийгдвэл зохих дээрх ажиллагааг хугацаанд нь хийж дуусгаж шийтгэл оногдуулах, албадлагын арга  хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны саналыг гаргаж Гал-Эрдэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5.4.1, 5.4.3. 5.4.4-т заасан зөрчил үйлдсэн болох нь хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг, хувийн байдлыг тогтоосон цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа, цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийн хуудас зэрэг нотлох баримтуудаар   тогтоогдсон байх тул зөрчлийн хэргийн холбогдогч С.Г-д шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. /1xx-96/, 2023.07.12-ны өдөр нь бүх нийтийн амралтын өдөр таарсан тул тухайн өдрөө уг хэрэг шүүх руу шилжээгүй байсан бөгөөд миний үйлчлүүлэгч О.Ж-гийн хувьд хуульд заасан хугацаанд Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга Мөрөнгийн албан бичгийн цохолтыг хүлээсэн байдаг. Улмаар бүх нийтийн амралтын өдөр таарсан тул 2023.07.19-ний өдрийн 4057 дугаартай албан тоотоор С.Г-д холбогдох зөрчлийн материал шүүх руу явсан байдаг. Түүнчлэн С.Г-д холбогдох зөрчлийн хэрэг хэзээ шүүх дээр ирсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад байдаггүй. Прокуророос шүүх дээр тайлбарлахдаа 2023.08.08-ны өдөр шүүх дээр ирсэн мэтээр тайлбарладаг боловч энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Мөнхбаярын 2023.08.08-ны өдрийн “шүүх хуралдааныг завсарлуулж хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэх тухай” шүүгчийн захирамжаар С.Г-д холбогдох Зөрчлийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг. Үүнээс үзэхэд тухайн зөрчлийн хэрэг нь 2023.08.08-ны өдрөөс өмнө ирсэн байхаар байна. Уг эрүүгийн хэргийн 1-p хавтасны 98 дахь талд 2023.08.01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Г-д холбогдох зөрчлийн хэргийг хойшлуулах тухай өмгөөлөгч У.Хүрэлсүхийн хүсэлт авагдсан байдаг. Дээрх нотлох баримтаас үзэхэд С.Г-д холбогдох зөрчлийн хэрэг 2023.08.01-ний өдрөөс өмнө шүүхэд шилжиж ирсэн байхаар байна. Мөн миний үйлчлүүлэгч О.Ж- нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Г--д холбогдох зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлэх үеэр наадмын урт амралт таарсан учир наадмын дараа шүүхэд зөрчлийн хэргийг шилжүүлсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зөвхөн 4 дэх өдөр зөрчлийн материалыг хүлээж авдаг. Тухайн үед бас шүүгч нь өвчтэй эсвэл чөлөөтэй гээд долоо хоног өнгөрсөн санагдаж байна, зөрчлийн материалыг хүлээж авсан шүүхийн ажилтны дардас тэмдгээр нотлогдох байх” гэж мэдүүлсэн байдаг. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 53 дугаар тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-аар Эрүүгийн хэрэг болон зөрчлийн хэргийг шүүхээс хүлээж авах нийтлэг аргачлалыг баталсан байдаг. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.2 дугаар зүйл “Зөрчлийн хэрэг хүлээн авах” 3.2.1-д “...Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг тухайлан нэр зааж хуваарилахаар шийдвэрлэсэн бол шүүгчийн туслах эсхүл ажилтан, хэрэг шүүгчдийн зөвлөгөөнөөр зөрчлийн хэргийг тойргийн журмаар, сугалаагаар урьдчилан мэдэх боломжгүй санамсаргүй тохиолдлоор хуваарилахаар шийдвэрлэсэн бол ажилтан зөрчлийн хэргийг бүртгэл бүртгэж, баталгаажуулах тэмдгийн дардас дарж хүлээн авна...” гэж заасан бөгөөд уг аргачлалын дагуу зөрчлийн хэргийн ар хуудаст шүүхийн дардас дарж хэрэг хүлээн авч баталгаажуулсан байх шаардлагатай бөгөөд дээрх зөрчлийн хэргийн материалаас шүүхийн зөрчлийн хэргийг бүртгэж авсан тэмдэг дардас байхгүй, уг зөрчлийн хэрэг шүүхэд хэзээ ирсэн нь тодорхойгүй байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг С.Г-д холбогдох зөрчлийн 2310001270 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт явуулж байхдаа зөрчлийн хэрэг бүртгэлийг нь удаашруулах ашиг сонирхлын үүднээс 2023.07.12-ны өдөр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал гаргасан атлаа хэргийг шүүхэд даруй шилжүүлэх арга хэмжээ авалгүйгээр удаашруулж албан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шүүгдэгч С.Г-эс 2,000,000 төгрөгийг хахуульд авсан” гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн миний үйлчлүүлэгч О.Ж- нь зөрчлийн хэргийг хэзээ шүүхэд шилжүүлсэн ямар цаг хугацаанд зөрчлийн хэргийг шүүх руу шилжүүлэхгүй удаашруулсан гэдгийг нотлох баримтаар тогтоож чадаагүй байж зөрчлийн хэргийг удаашруулах зорилгоор хахууль авсан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Харин миний үйлчлүүлэгч О.Ж- нь С.Г-д холбогдох зөрчлийн хэргийг удирдах албан тушаалтны сунгасан 14 хоногийн хугацаанд буюу 2023.06.28-2023.07.12-ны өдөр хүртэл шалгаж дуусгаж 2023.07.12-ны өдөр шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал гаргасны дараа 2023.07.15-ны өдөр 1 сая төгрөг 2023.07.22-ны өдөр 1 сая төгрөгийг тус тус шилжүүлж авсан байдаг. Хахууль авах гэмт хэргийн үндсэн шинж нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” хахууль авах гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцохоор хуульчилсан байдаг. Дээрх хууль зүйн ойлголтоос үзэхэд нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхыг ойлгохоор байна. Үүнд хахууль өгөгч С.Г-ийн ямар ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэдэг нь тодорхойгүй байна. Бодит байдал дээр миний үйлчлүүлэгч О.Ж- нь Гал-Эрдэнийг урьд нь таньдаг байсан бөгөөд О.Ж-гийн найз нь С.Г-ийн туслах уяачаар ажилладаг байсан талаар мэдүүлдэг. Мөн С.Г-ийг морь уядаг байсан талаар мэддэг байсан бөгөөд өмнө мөнгө зээлж авч байсан талаар шүүх хуралдаанд мэдүүлдэг энэ талаарх нотлох баримт болох дансны хуулгыг С.Г-ийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн байдаг. Мөн О.Ж-гийн хувьд тухайн үед наадмын баяр таарсан тул мөнгөний хэрэг гараад С.Г-ийг зөрчлийн хэрэг үйлдсэн гэж үзэж шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсний дараа буюу 2023.07.15-ны өдөр, 2023.07.22-ны өдөр тус тус мөнгө шилжүүлж авсан ба тухайн шилжүүлж авсан 2 сая төгрөг нь С.Г-ийн зөрчлийн хэрэгтэй ямар ч хамааралгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. О.Ж-гийн шалгаж байсан зөрчлийн хэргийн холбогдогч болох С.Г-эс түүний хэргийг шалгаж дууссаны дараа буюу 2023.07.12-ны өдөр шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авах тухай санал гаргасны дараа 2023.07.15-ны өдөр 1 сая төгрөг 2023.07.22-ны өдөр 1 сая төгрөг нийт 2 сая төгрөгийг өөрийн хамаарал бүхий хүний дансаар шилжүүлж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд О.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Энэ нь авлигын гэмт хэрэг байгаа. С.Г-ийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй. Авлига авч буй субъект нь дунд сургуулийн сурагч байгаа. Энэ зүйлд гэмт хэргийн обьектив талын шинжийг “бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн бол” гэж хууль тогтоогч шууд зааж өгсөн. Гэтэл дунд сургуулийн сурагч Ж.М-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаал гэж байхгүй. Нийтийн албан тушаалтан биш. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч охин Ж.М-ад 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улсын баяр наадамд хурдан хонгор азарга маань 6-р байрт давхилаа, хурдан морины хишиг гэж очсон хүн бүрд мөнгө тараагдсанаас 1,0 сая төгрөг Ж.М-ад очсон байдаг. 2023 оны 8 сард мөн хурдан хонгор азарга нь Төв аймгийн 100 жилийн ойд аман хүзүүнд давхилаа гэж 1,0 сая төгрөг баярласан сэтгэгдлээ илэрхийлж Ж.М-ын нэрийн данс руу нь шилжүүлсэн байна. Энэ тухайгаа С.Г- “морины хишиг тарааж байна гэж бодоод 1,0 сая төгрөг шилжүүлсэн” гэж байна /хх-111/ Ж.М-ын дансанд шилжиж орсон баримтууд хэрэгт мөн авагдсан байна /хх-1-235/. Э.Г- мөнгө шилжүүлснээр түүний хээл хахууль өгөх үйлдэл төгсөж байгаа. Ж.М-ын данс руу мөнгө шилжиж орсноор хээл хахууль авах гэмт хэрэг төгсөж байгаа. Түүний аав О.Ж- гэмт хэрэг төгссөн хойно уг мөнгийг авч захиран зарцуулсан бодит нөхцөл байдал тогтоогдож байна. Дунд сургуулийн сурагч Ж.М- охин морины хишиг гэж хүнээс бэлгийн журмаар мөнгө авсны төлөө өгсөн хүнийг нь, мөнгийг захиран зарцуулсан аавыг нь шийтгэчихдэг хууль, шударга ёс гэж байхгүй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т: “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж хуульчилж өгчээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг харвал эдгээр хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёстой байсан. Аав охин хоёрыг субъектээр нь, үйлдлээр нь ялгаж салгаж дүгнэлт хийгээгүй. Хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Аав нь охиноо бусдаас мөнгө авдаг охин гэж анги хамт олон нийгэмд гарах, үүсэх аюулт үр дагавраас сэргийлэхдээ л “би авсан гэж хэргээ хүлээн зөвшөөрсөн” байдал харагддаг. Охиных нь авсан мөнгөний төлөө аавд нь ял халдаасан байна гэж үзнэ. Мөнгө өгсөн Ж.Г-, авсан О.Жамьянсүрэн нарт нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэмт хэргийн шинж алга байна. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дараах дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Үүнд: Шүүхийн “шүүгдэгч О.Ж-гийн С.Г-эс 2,000,000 төгрөгийн хахууль авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, ...О.Ж-гийн М-ын эзэмшлийн 5721870912 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-2З5-240/... болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эдгээр шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар С.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлохгүй байна. Шүүгдэгч О.Ж-гийн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д: “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бол ноцтой зөрчсөнд тооцно гэж. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт: “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж хуульчилсан байна. С.Г-эс Авлига авч буй субъект нь дунд сургуулийн сурагч байна. Нийтийн албан тушаалтан биш байна. Үзлэг хийгдсэн дансны эзэмшигч О.Ж-гийн М- гэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, УВ1424З029 гэсэн регистрийн дугаартай, 9 настай, эмэгтэй хүүхэд байна. Энэ талаар баримт хавтаст хэргийн 1-112 дугаар талд авагдсан байна. Ж.М-аас мэдүүлэг ч аваагүй юм байна. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийг зөрчсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болох хууль байна. Анхан шатны шүүх “эсхүл бусдаар дамжуулан хахууль өгсөн бол хүндрүүлэхээр зохицуулсан” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд бусдаар дамжуулан хахууль өгсөн бол хүндрүүлэх нөхцөл болно гэсэн зохицуулалт байхгүй. 2002 оны Эрүүгийн хуульд “Хээл хахуульд зуучлах” гэсэн гэмт хэрэг байсныг одоо мөрдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд хууль тогтоогч оруулалгүй хассан. Зуучлах, дамжуулах гэсэн ойлголтыг үгүй болгосон. Гомдол гаргагч Б.С- анх “дамжуулан өгсөн“ гэж гомдолдоо бичсэн. Түүнийг тэр чигт шүүх “дамжуулан хээл хахууль өгсөн” гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх: “эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсөх бөгөөд хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм” гэж дүгнэлт хийсэн. Гэвч энэ гэмт хэргийн шинжид “бусдаар дамжуулан хахууль өгсөн бол” гэсэн үйлдэл алга байна. Ж.М-ад мөнгө өгснөөр гэмт хэрэг төгссөн. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болно. Тухайн үед 9 настай сургуулийн сурагч охин Ж.М- шүүхийн дүгнэсэн шиг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тусгай субъект биш. Улсын яллагч Б.Оюунцэцэг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,0 сая төгрөгөөр торгох”, “хахууль авсан этгээдтэй ижил санал оруулах нь зүйтэй” гэж олон хувилбарт санал гаргасан. Мөн прокурор шүүгчээс үндэслэлгүйгээр татгалзах хүсэлт гаргасан байгаа зэрэг нь миний үйлчлүүлэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ хүндэрч хорих ял болоход шууд нөлөөлсөн. Улсын яллагчийн онцгой ач холбогдол бүхий ялын санал, дүгнэлт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг анхан шатны шүүх заагаагүй. Улсын яллагч Б.Оюунцэцэг Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7. “Шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан, төгссөн эсэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол оролцогч нэг бүрийн оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан гэм буруу, зүйлчлэл, оногдуулах ял, хэрэглэх албадлагын арга хэмжээний талаар дүгнэлт гаргана” гэснийг зөрчсөн. Энэ хуульд “хахууль авсан этгээдтэй ижил санал оруулах” гэж заагаагүй байна. Ер нь улсын яллагч эхний ялын саналаасаа татгалзаж байгааг яллахаас татгалзаж байна гэж үзэж болно. Яллахаас татгалзсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгодог хуультай. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож С.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй талаар: Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөгч 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.С-д хууль сануулж гэрчээр байцаасан тэмдэглэл хэрэгт авагджээ. /1хх-226-227/ Гэрч Б.С- тухайн цаг хугацаанд гэрчээр мэдүүлэхдээ “мөрдөгч О.Ж- хэт нэг талыг барьж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, ...зөрчлийн хэргийг яаж удаашруулах талаар ярьж байхыг санамсаргүй сонссон...” талаар мэдүүлсэн. Харин тэрээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн хууль сануулж мэдүүлэг өгөхдөө “ ...хэрэг хэрхэн яаж удаашруулах яриа огт болоогүй...” талаар мэдүүлсэн. Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Сэлэнгийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм. Учир нь, гэрч Б.Сэлэнгийн мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон атлаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн шинэчилсэн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн талаарх хууль зүйн үндэслэлийг тогтоолдоо дурдаагүй.

2. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-44-45/, эрх бүхий албан тушаалтны тогтоол /1хх-48/, Удирдах албан тушаалтны тогтоол /1хх-49/, Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай Удирдах албан тушаалтны тогтоол /1хх-50/, дуудлагын лавлагааны хуудас /1хх-51/, Шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны санал /1хх-96/, Зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлэх тухай Удирдах албан тушаалтны албан бичиг /1хх-97/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЗ/82 дугаартай шийтгэвэр /1хх-104/ зэрэг бичгийн нотлох баримтууд цугларчээ. Анхан шатны шүүх “шүүгдэгч С.Г-ийг Нийтийн албан тушаалтан буюу Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн холбогдсон зөрчлийн хэргийг удаашруулах зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байсан О.Ж-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус өгсөн гэж дүгнэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь, дээрх бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрч Б.С- цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл өгч улмаар тус цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан М.Бямбагэрэл 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эрх бүхий албан тушаалтан М.Бямбагэрэл цэргийн байнгын тэтгэвэрт гарсантай холбогдуулан тус зөрчлийн хэрэг шүүгдэгч О.Ж-д 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Удирдах албан тушаалтан Б.Мөрөнгийн тогтоолын дагуу шилжиж ирсэн ба эрх бүхий албан тушаалтан О.Ж- нь хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр “Шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай” санал гаргаж, улмаар зөрчлийн хэргийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Удирдах албан тушаалтан Б.Мөрөнгийн албан бичгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан О.Ж- нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулж хуульд заасан хугацаанд зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр шүүгдэгч С.Г-, О.Ж- нар нь 2019 оноос эхлэн хоёр биеээ таних болсон бөгөөд танилцсан цаг хугацаанаас хойш ах, дүүргийн харилцаатай мөн хэн алиндаа мөнгөн хөрөнгө зээлдэг, арилжаа худалдаа хийдэг байсан талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг ба уг мэдүүлгийн эх сурвалжийг заасан нотлох баримт буюу С.Г-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан. Тухайн дансны хуулгаас үзэхэд зөрчлийн хэрэг эрх бүхий албан тушаалтан О.Ж-д шилжиж ирэхээс өмнө буюу 2023 оны 6 дугаар сарын 17, 22-ны өдрүүдэд С.Г-ийн Хаан банкны данснаас шүүгдэгч О.Ж-гийн Хаан банкны тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг шилжсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан нотлох баримтад огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Энэ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэхээр байна.

Улсын дээд шүүх 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарыг хийсэн. Тайлбарын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.1-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, З дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ.”, 1.3-т “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал...” гэдэгт гэмт хэргийн шинж, гэм буруу ба хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ үүсэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, энэ хуульд үүссэн эргэлзээ бус харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээ юм...“ гэж тайлбарлажээ. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх шинж, гэмт хэргийн  сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг эргэлзээгүй тогтоож чадаагүй өөрөөр хэлбэл, хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрэлцээ хангалтгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар гэм буруугүйд тооцож ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro rео” зарчмыг баримтлах учиртай. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Учир нь, миний үйлчлүүлэгч С.Г- нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 2010 оноос хойш хувиараа бизнес эрхэлж дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт 100 гаруй хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ, улсад олон тэрбум төгрөгийн татвар төлж улс эх орондоо хувь нэмрээ оруулж яваа залуу ажил олгогч зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/4З2 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулан шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Г.Жалбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугийн асуудал маргахгүй байна. Хэргийн нөхцөл байдлын тухайд ярихад С.Г- ах, дүү, хамаатан садан, найз нөхдөдөө нэр хүндтэй бөгөөд тусалдаг байсан. О.Ж-тэй урьдын найз нөхдийн холбоотой байсан. Хэрэг болохоос өмнө мөнгө төгрөг зээлж авч өгөлцөж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” гэж заасан хэрэгт гэм буруутай тооцож, мөн С.Г- нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шүүхээр хянагдаж шийтгэлээ хүлээсэн байдаг. С.Г-ийн учруулсан хор уршиг анхан шатны шүүхэд шийтгэх тогтоолд дурдсан. Нийгмийн ашиг сонирхол төрд итгэх итгэл алдрах хэмжээний хор уршгийг бодитой учруулсан эсэхийг давж заалдах шатны шүүхээс харж үзэхийг хүсэж байна. С.Г- хуулийн мэдлэггүйн улмаас албаны харилцаанд орсон үедээ О.Ж-д мөнгө шилжүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэдгийг сайн ойлгоогүйн улмаас энэ гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч С.Г-ийн холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Сонгох санкцтай гэмт хэргийн заавал нийгмээс тусгаарлаж хорих ял хүлээлгэх хүнд нөхцөлтэй хэрэг биш юм. С.Г-ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн хийсэн хууль бус үйлдлээ ухамсарлан ойлгож, гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуульд заасан доод хэмжээгээр буюу торгох ялаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдөр шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэргийг удаашруулсан зүйл нөхцөл байдлыг прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нотолж чадаагүй гэх асуудлыг ярьдаг. Шүүгдэгч О.Ж-гийн тухайд 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр албадлагын арга хэмжээ авахуулах тухай саналыг бичгээр үйлдсэн. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэх тасгийн дарга албан бичгийг гаргасан. Үүнээс хойш хэргийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг хүлээж авч, шүүх 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсанаар холбогдох зөрчлийн хэрэгт үзлэг хийсэн. Тэмдэглэл, нотлох баримтуудаар хангалтай нотлогдож тогтоогддог. Шүүгдэгч О.Ж-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар мэдүүлэг, банкны дансны хуулга, гэрч Сэлэнгийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. Санал гаргаснаас хойш 25 хоногийн дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн. Зөрчлийн хэргийн хянан шийдвэрлэхээс 1 хоногийн өмнө шүүхэд хэргийг шилжүүлсэн талаар О.Ж- дурдаж байна. 2023 оны 08 дугаар сарын 08-ний өдөр шүүх шийдвэр гаргасан нөхцөлд, 2023 оны 08 дугаар сарын 07-ний өдөр өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. 25 хоногийн дараа шүүхэд шилжүүлсэн үйлдэл нь нэн даруй гэх ойлголтод хамаарахгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй М-ын асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолтой холбоотой дурдаж байна. М-ын дансанд орсон мөнгийг О.Ж- авсан гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Утсаар холбогдсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн дансны дугаараа утсаар өгсөн гэдгээ хүлээсэн асуудал байдаг. С.Г- морины хишиг тараасантай холбоотой асуудлыг шалгасан. Төв аймгийн холбогдох байгууллагаас морины уралдаан зохион байгуулсантай холбоотой баримтуудыг авч хэрэгт хийсэн. Шүүгдэгч С.Г-ийн уралдуулсан морь түрүүлсэн, айрагдсан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэрч Сэлэнгийн мэдүүлэгт үндэслэж шүүх гэм буруутайд тооцсон талаар өмгөөлөгч нар гомдолдоо дурдаг. Гэрч С- “Авлигатай тэмцэх газар”-т гомдол гаргахдаа нотлох баримтуудын хүрээнд, хууль сануулж, эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авсан. Уг мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалтай нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтууд хоорондоо зөрүүгүй талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас улсын яллагдагч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо харилцан зөрүүтэй ялын санал гаргасан талаар гомдолдоо дурдаж байна. Прокурор анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар санал гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлд заасан санал гаргах эрх нь хуулиар олгогдсон. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад гэм буруутай тооцуулах дүгнэлтээсээ татгалзаагүй. Харин шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой гэмт хэргийн шинж, үйлдэгдсэн нөхцөл байдалтай холбоотой асуудлын хүрээнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх талаар санал гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуулийг зөрчсөн гэх асуудал байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл” гэж заасны дагуу шүүгчээс татгалзах байр суурь илэрхийлж, тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа учраас улсын ялагчийн зүгээс шүүхэд дарамт үзүүлэх нөлөөлөх зүйлийг санаатайгаар хийгээгүй. Хэрэг удаашруулсан гэх асуудалд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх талаар ярьдаг. Үүнтэй холбоотой шүүгдэгч О.Ж- 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тухайн зөрчлийн хэрэг О.Ж-д байсан. Уг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө буюу 07 дугаар 15 өдөр, 07 дугаар сарын 22 өдрүүдэд О.Ж- өөрийн төрсөн охин М-ын дансаар 2 удаагийн үйлдлээр 2.000.000 төгрөг шилжүүлж авсан. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж заасан гэмт хэрэг гэж үзсэн нөхцөлд тухайн 2.000.000 төгрөгийг ямар зорилгоор авсан бэ гэх асуудал гарч байна. Цаг хугацааны хувьд О.Ж- зөрчлийн хэрэг шалгаж санал гаргасан байхад, даруй хүргүүлэх арга хэмжээ аваагүй. 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрүүдэд нийтийн амралтын өдрүүд байсан гэж авч үзвэл 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай хэрэг бүртгэх тасгийн даргын тоот хийлгэсэн нөхцөлд тухайн хугацаандаа шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Энэ үйлдэл хийгээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн. Хахууль авсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Гэрч С- нь “С.Г-ийг мөрдөгч О.Ж-тэй утсаар ярьж байгааг сонссон” талаар мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа зохих журмын дагуу хийгдсэн. Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар эргэлзээ төрсөн нөхцөлд шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх гэх зүйл заалтад хамаарахгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дүгнэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх дараах үндэслэлтэй байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор  хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, нотлох баримтыг шалгаж, үнэлэхэд нотолгооны стандарт шаардлага зарим талаар зөрүү бүхий тухайн тохиолдолд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй болно.   

1.1. “Хахууль өгөх, авах гэмт хэргийн зарим шинж, сэдэлт, зорилго”-д хамааруулсан “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх хугацааг удаашруулсан” гэх цаг хугацааны асуудлыг бодитой, эргэлзээгүй нотлон тогтоох ажиллагаа учир дутагдалтай, зарим нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах журмыг бүрэн бус биелүүлсэн буюу зөрчил үүссэн байгааг  зөвтгөх үндэслэлгүй болжээ.

Тухайлбал, эрүүгийн хэрэгт: - Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “...С.Г-д холбогдох хэрэгт шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах саналыг хүргүүлэх тухай Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргын 2023.07.19-ний өдрийн албан баримт /1хх-97/, 

- С.Г-д холбогдох зөрчлийн хэргийн 2023.08.01-ний өдрийн шүүх хурлыг 1 удаа хойшлуулах тухай түүний өмгөөлөгчөөс 2023.08.01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, хамаарах баримт /1хх-98-100/, улмаар

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.08.08-ны өдөр хуралдаж, зөрчлийн хэрэгт нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэхдээ 2023.08.07-ны өдөр хэргийг хүлээн авсан гэж бичсэн /1хх-104/ зэрэг баримтууд тус тус авагдсан байна.  

Гэтэл прокуророос “дээрх зөрчлийн хэргийг удаашруулсан гэх хугацааг 2023.07.12-ны өдрөөс 2023.08.07-ны өдрийг хүртэл” гэж, харин шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын зүгээс “тухайн зөрчлийн хэргийг наадмын амралтын өдрүүд дууссаны дараа 2023.07.19-нд шүүхэд шилжүүлсэн, шүүх хурал 2 удаа хойшилсон, тухайн шүүхээс зөрчлийн хэргийг 7 хоногийн 1 өдөрт буюу 4 дэх өдөр шийдвэрлэхээр тогтсон байдаг” гэх зэргээр харилцан мэтгэлцсэн, энэ талаар шүүгдэгч нарын гомдлын ба зарим мэдүүлэгт тусгагдсан байх төдийгүй дээр дурдсан хэргийн зарим үйл баримтууд нь өөр хоорондоо илэрхий зөрүүтэй, зөрчилтэй байх тул тэдгээрийн аль нь үнэн болохыг үгүйсгэн няцаах эсхүл батлах талаар эргэлзээгүй, бодит дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.   

Өөрөөр хэлбэл, тус эрүүгийн хавтаст хэрэгт: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн зөрчлийн хэргийг анх хэзээ хүлээн авсан эсэх, хэрхэн хуваарилагдсан эсэх, хэдэн удаа хойшилсон эсэх зэрэгт хамаарах нотлох баримтууд байхгүй буюу тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул зөрчлийн хэрэг удаашруулсан гэх цаг хугацааны бодит байдлыг хийсвэрлэн шийдвэрлэх боломжгүй болно.

Тийм учраас, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох хүрээнд зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дэх хэргийн хөдөлгөөний цаасан болон цахим сан дахь баримт сэлт, тухайлбал, зөрчлийн хэрэг хүлээн авах, хуваарилахаас эхлэн эцэслэн хянан шийдвэрлэх хүртэлх шүүхийн шийдвэр, данс бүртгэл, баталгаажуулалт болон хамаарах бусад баримт зэргийг хуулийн дагуу цуглуулан бэхжүүлээгүй, бүрэн бус шалгасан байдлыг зөвтгөх үндэслэлгүй гэж үзнэ.         

1.2. Мөн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргын 2023.07.19-ний өдрийн албан баримтад зурагдсан гарын үсэг нь тус тасгийн даргын бусад баримт бичигт зурагдсан гарын үсэгтэй илтэд зөрүүтэй нөхцөл илэрсэн нь дээр дурдсанаар хэргийн бодит байдлыг зөрүүгүй тогтоох хүрээнд зарим нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах журам бүрэн бус хэрэгжсэн, зөрчил үүссэн болохыг давхар илэрхийлсэн байна.     

Хавтаст хэргийн 1хх-97, 48, 49, 50, 3хх-208 зэрэг талд цугларсан баримтуудыг харьцуулан шалгах, хянах, дүгнэх шаардлагатай.    

2. Дээрх нотлох баримт бүхий үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “...гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа...”, 2.4 дэх заалт зэрэгт тусгайлан заасан үндэслэл, журамд нийцээгүй, зөрчсөн байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтоолыг “хууль ёсны ба үндэслэл” бүхий байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.  

Тийнхүү мөрдөгч, прокурорын хувьд хэргийн бодит байдлыг зөрүүгүй, эргэлзээгүй байдлаар тогтоох үүргийн хүрээнд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах үндэслэл, журмыг бүрэн бус биелүүлсэн гэж үзэх тухайн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар зөвтгүүлэх ажиллагааг прокурорт даалгах нь анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг дурдах нь зүйтэй.     

Тийм учраас, “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” тухай шүүгдэгч О.Ж-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, “хэргийг цагаатгуулах тухай” шүүгдэгч С.Г-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, мөн шүүгдэгч С.Г-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай түүний өмгөөлөгч Л.Батжаргалын нарын тус тус давж заалдах журмаар гаргасан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.    

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ж-, С.Г- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байх тул Давж заалдах шатны шүүхээс тус заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ж-, С.Г- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

 

                                  ШҮҮГЧ                                                              Г.ГАНБААТАР