| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00682и |
| Дугаар | 315/ШШ2026/00011 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 315/ШШ2026/00011
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох
“Ажилгүй байсан хугацааны цалин 23,477,325 ( Хорин гурван сая дөрвөн зуун далан долоон мянга гурван зуун хорин тав) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* 2024 оны Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж сонгогдсон бөгөөд тус орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын нам олонх болж ялалт байгуулсан. Улмаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшиж, 57.1 хувийн саналаар ялалт байгуулж 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж эхэлсэн.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулахаар товлож, хуралдаанаар
- Сумын 100 жилийн ойн бэлтгэл ажилтай танилцах
- Бусад асуудал гэсэн 2 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
Ингээд Хурлын даргын хувьд хурлын дотоод журам, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад Хурлын төлөөлөгч ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ёс зүй, цаашид ажиллах эрх зүйн чадамжийн талаар хэлэлцүүлэх саналыг гаргаж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 13 нь буюу 72.2 хувь нь төлөөлөгч ******* гаргасан саналыг дэмжиж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталж, улмаар Хурлын даргыг огцруулах талаар санал хураалт явуулахад 17 төлөөлөгч санал өгснөөс 10 төлөөлөгч буюу 58.8 хувь нь Хурлын дарга намайг огцруулах санал өгч "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай" 04 дүгээр тогтоолыг гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн нэрийг дэвшүүлж Хурлын даргыг сонгох асуудлаар санал хураалт явуулахад 15 төлөөлөгч санал өгснөөс 12 төлөөлөгч буюу 80 хувь нь Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай" 05 дугаар тогтоолыг баталсан юм.
Миний бие дээрх 2 тогтоолыг хүчингүй болгуулахаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр тус тогтоолуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүхээр хянагдан хүчин төгөлдөр болж 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажилдаа эргэн орсон юм.
Иймд хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 20,259,325 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 3,218,000 төгрөг, нийт 23,477,325 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэн овогтой ******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* нь сонгуулийн үр дүнгээр ИТХ-ын даргаар сонгогдсон бөгөөд 2025 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн ИТХ-ын хууль бус шийдвэрээр хурлын даргаас чөлөөлөгдсөн. Энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж Захиргааны журмаар гомдол гаргаж Захиргааны хэргийн 3 шатны шүүх Д.Баттулгыг хууль бус шийдвэрийн улмаас ИТХ-ын даргаас чөлөөлөгдсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Иймд Д.******* 2025.04.15 2025.11.15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 23,477,325 төгрөгийг Түвшинширээ сумын ИТХ-аас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин 23,477,325 ( Хорин гурван сая дөрвөн зуун далан долоон мянга гурван зуун хорин тав) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэлийн шаардлага “Ажилгүй байсан хугацааны цалин 23,477,325 ( Хорин гурван сая дөрвөн зуун далан долоон мянга гурван зуун хорин тав) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,407 төгрөгийн тал хувь 275,337 төгрөгийн тал хувь 137,668.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 137,668.5 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлага “Ажилгүй байсан хугацааны цалин 23,477,325 ( Хорин гурван сая дөрвөн зуун далан долоон мянга гурван зуун хорин тав) төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,337 төгрөгийн тал хувь 137,668.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 137,668.5 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН