Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
Хэргийн индекс | 179/2018/0222/Э |
Дугаар | 2018/ШЦТ/231 |
Огноо | 2018-08-29 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У-д холбогдох эрүүгийн 1838004320294 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.У
Шүүгдэгч Т.У нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Мөрөн сумын ... тоотод оршин суух хохирогч Ц.О-н ХААН банкны виза картыг хулгайлан улмаар данснаас нь 1.080.000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.У нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Мөрөн сумын 6 дугаар багийн ... тоотод оршин суух хохирогч Ц.О-н ХААН банкны виза картыг хулгайлан улмаар данснаас нь 1.080.000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Т.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..О-н картанд 1.300.000 төгрөг байгааг мэдээд пин кодыг нь мэдэж авсан. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрт нь очихдоо түрийвчнээс нь картыг нь хулгай хийж аваад шууд хот явахаар шийдэж замаараа ХААН банкин дээр очиж 500.000 төгрөг аваад “Шинэмөрөн” зах дээр очиж 500.000 төгрөг аваад 6 цагийн автобусанд сууж Улаанбаатар явсан. ...”Драгон” төвийн АТМ-аас үлдэгдэл 80.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед ... гэрээсээ ХААН банкны визаа картаа алдсан. ...Уртнасан ахиад л миний цүнхийг ухаад түрийвч гаргаж ирээд юм үзээд байснаа ... 16 цагийн үед манайхаас гарсан. ...утсаа цэнэглээд асаасан чинь миний утсанд 500.000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, үлдэгдэл 83.000 төгрөг үлдлээ гэсэн мессеж ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.У нь учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч Ц.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.У нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 1838004320294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Т.У-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.У-д нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.У-д хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1838004320294 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН