Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/380

 

 

 

 

 

 

  2025             03             27                                      2025/ДШМ/380

 

 

С.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, А.Буяндэлгэр нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар С.Э-т холбогдох эрүүгийн 2408000001234 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн С-н Э-, 2004 оны 11 дүгээр сарын 23-нд Завхан аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 6 сарын хорих ялаар тогтоож, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан;

Шүүгдэгч С.Э- нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Титэм плазагийн баруун талд байрлах гар утасны үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ж.Б-ын эзэмшлийн ТҮЦ-ний баруун талын ханыг цөмлөн нэвтэрч, гар утас болон гар утасны дэлгэц, чихэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бага хэмжээнээс дээш хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Э-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Ж.Б-д төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Титэм плаза төвийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын явцад, мөрдөгч болон прокурор, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөвхөн яллах, талыг хэт баримталсан байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хувийн байдлыг огт тогтоогүй мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж мөрдөгч прокурор хангалтгүй ажилласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн заалт зөрчигдсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим”-ийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Учир нь эдэлсэн 240 цаг нийтэд тустай ажил хийх ялыг эдлээгүйд тооцсон. Хувийн байдлын хувьд бага наснаас өвөө дээрээ өссөн, өвөөгөөрөө овоглодог, өндөр настай 90 дөхөж байгаа хүүгийнхээ хойноос маш их сэтгэл зовж нойрондоо муудаж, зүрх нь өвдөж даралт нь ихсэж, эрүүл мэндийн хувьд муу байгаа болно.Түүний эхийн хувьд ч өрх толгойлсон эмэгтэй, том хүү нь учраас сэтгэл нь хямарч байнга уйлж сэтгэлийн хүнд байдалд байгаа. Шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд хяналтын прокурор Г.Мөнхтүвшин эрүүгийн хариуцлагын хэсэгт ял оногдуулах санал гаргахдаа 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй цахим системд бүртгэгдээгүй байх тул 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэх тухай эдэлчихсэн ялыг дахин эдлүүлэх тухай санал гаргасан бөгөөд энэ нь бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байж дахин ял эдлүүлэхээр ялын санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл шүүх шийтгэл тогтоолын 9 дүгээр хуудсанд С.Э-ыг прокурортой адил эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусгавар болсон байхад эдлээгүй гэж үзэж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй үүнээс болж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг хэрэглээгүй гэж үзэн гомдол гаргаж байна. Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтантай холбогдож архиваас гүйцэтгэх хуудас байгаа эсэх талаар лавлахад над руу “Viber”-аар тус гүйцэтгэх хуудсыг явуулсан. Гүйцэтгэх хуудас: 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 31, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялд нэмж нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 сар 30 хоногийн хугацаагаар тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялд нэмж нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 сар 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Э-т оногдуулсан 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна. 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дугаар 20/31 Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол гарсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Яллагдагч С.Э-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, 19 настай, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй 1 жилийн ял оноохоор шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэр гаргаж өгнө үү…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар заасан. С.Э-ын хувьд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тодорхой болоогүй харин шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болж Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татагдан цагдан хоригдсон бөгөөд энэ талаар прокурор, шүүхэд хэргээ нэгтгүүлэх хүсэлтийг тавьсан боловч шүүх хүлээн аваагүй түүний эрх зүйн байдлыг дордуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан байхад Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Э-ыг өөр хэрэгт холбогдон шалгагдаж цагдан хоригдож байгааг мэдсэн атлаа С.Э-ын хэргийг нэгтгэлгүй яллах дүгнэлт гардуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн явдал нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. С.Э-ын Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан хэргүүд дунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хэрэг байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-т “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчим алдагдаж С.Э- нэг зүйл ангиар хоёр удаа ял сонсох болоод байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн заалт байгаа бөгөөд энэ үндэслэлээр шүүх хурлыг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж хэргүүдийг нэгтгэх боломжтой байсан боловч шүүх хуралдааныг хойшлуулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тиймээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ЦШТ/338 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч С.Э- тус шүүх хуралдаанд “Нэмж хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Э-ыг биеийн байцаалтад 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэж заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. С.Э-ын 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийтгэх тогтоол болон ялын биелэлтийг харахад 2019 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсгийн ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан ялын биелэлт нь хугацаандаа дуусгавар болсон талаарх албан тоот байдаг. Шүүгдэгч С.Э-ын 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын албан бичиг хүргүүлээд холбогдох байгууллагатай харилцахад 240 цагийн ял биелэгдээгүй байдаг. Өмгөөлөгч М.Төмөрцэцэг гомдолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 6 сарын хугацаагаар сурган хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлэхийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сар 30 хоногийг хугацаагаар тогтоож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Э-т оногдуулсан 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч дурдаж байна. 38 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь, мөн 1 жилийн хугацаагаар хорих ялыг тусдан эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 1 жилийн хорих ял биелэгдсэн талаарх албан бичиг байдаг. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-аас гүйцэтгэх хуудас явуулсан талаар М.Төмөрцэцэг өмгөөлөгч ярьдаг боловч зөрүүтэй баримтууд байдаг. М.Төмөрцэцэг өмгөөлөгчийн гаргаж байгаа баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.            

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Тодруулбал, шүүгдэгч С.Э- нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ж.Б-ын үйл ажиллагаа явуулах зориулалттай ТҮЦ-нд нэвтэрч, гар утас, гар утасны дэлгэц, чихэвч зэрэг 2.735.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь:

- дуудлагын лавлагаа, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02-03/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зураг /хх 04-09/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг гэрэл зургаар буулгасан үзүүлэлт /хх 25-28/,

- хохирогч Ж.Б-: “...Би 2024 оны 08 дугаар сарын дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ иртэл манай ТҮЦ-ний баруун талыг цөмлөж ороод лангуу дотор байсан гар утас болон чихэвчийг хулгайлсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...ТҮЦ-ээс дотроос A80, A51, Redmi, G7, Note 3, 3 ширхэг Хятад утас, Bluetooth чихэвч 8 ширхгийг хулгайд алдсан. ...Хулгайд алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13, 86-87, 121/,

- хулгайд алдагдсан зүйлсийн үнэлгээ /хх-40-44/,

- хохирогч Ж.Б-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22, 29-30/,

- шүүгдэгч С.Э- яллагдагчаар: “...Би гар утасны дэлгэц засвар гэх хаягтай шаргал өнгийн жижиг ТҮЦ-ний урд хананых нь төмөр гадрынх нь зах хэсгийг газар хэвтэж байсан хатуу нарийхан төмрөөр хөшөөд хөшигдсөн хэсгийг нь гараараа хүчтэй татсан чинь ангайчихсан, доторлогоог нь хөлөөрөө жийж цөмлөж тухайн ТҮЦ-ний дотогш нэвтэрч орсон, шилэн лангуун дээр байсан 9 орчим ширхэг гар утас, шүүгээний доор байсан ухаалаг гар утаснуудын дэлгэцүүд, чихэвч 2 ширхэг, сим оролттой хар өнгийн цэнэглэгч нэг ширхэг, утасгүй жижиг чихэвч 4 ширхэг, Ай фоне гар утасны батарей 3 ширхэг, хар өнгийн том чихэвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг Түц-нд байсан хоёр ширхэг цэнхэр өнгөтэй гялгар уутанд хийж авч гарсан. ...Өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. ...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх 18-19, 71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч С.Э-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул түүний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогч, болон бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Шүүгдэгч С.Э-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь зөвхөн 2-8 жил хүртэл хорих ял шийтгэхээр хуульчлагдсан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс С.Э-т тухайн зүйл хэсэгт заасан доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус 2 жил хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн санал, дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.

Хэргийн үйл баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал тус шүүгдэгчийн хувьд илрээгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусад нөхцөл байдлыг харгалзахад тухайн шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх бөгөөд тус зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.  

4. Шүүгдэгч С.Э- нь өмнө нь Баянгол дүүрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12, 17 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан гэх үйл баримт /хх-105-107, 109, 128/ хэрэгт авагдсан байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийг прокурорт буцаах, эсхүл прокурорт даалгаж шийдвэрлэх үндэслэл, журамд хамаарахгүй, жичдээ шийдвэрлэгдэх асуудалд хамаарахаар байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хэд хэдэн гэмт хэрэг бүрт хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бөгөөд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй болох тул зарим гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан байх нь гэмт хэрэг үйлдсэн хангалттай нотлох үйл баримт, үндэслэл биш болохыг тэмдэглэж байна.  

5. Шүүгдэгч С.Э-т “өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хэд хэдэн төрлийн ялаас 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял” нь биелэгдсэн эсэх баримтыг мөрдөгч, прокурор хууль ёсны баримтаар зайлшгүй цуглуулж, бэхжүүлэх ёстой атал орхигдуулсан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эсхүл таамаглах байдлаар дүгнэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.   

Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь анхан шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор С.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 6 сарын хорих ялаар тогтоож, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан байх ба тус хойшлуулсан хугацаа дууссан буюу тус хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй байх тул 6 сарын хорих ялыг дуусгавар болсонд тооцогдсон, харин 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял цахим санд бүртгэлгүй /хх-62, 93-104, 108, 204/ буюу биелэгдсэн эсэх нь тодорхойгүй орхигджээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж буй Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь анхан шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн гүйцэтгэх хуудас дахь “...240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 6 сарын хорих ял нэгтгэсэн гэх мэдээлэл...” /хх-203/ нь дээрх анхан шатны шүүхийн 2019.09.27-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын үндэслэх ба тогтоох хэсгээс ноцтой зөрүүтэй буюу худал ташаа болох нь илэрхий байна.

Мөн С.Э-т урьд оногдуулсан гэх 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдсэн эсэхэд хамаарах хууль ёсны баримтгүй байтал анхан шатны шүүхээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулж дүгнэсэн нь үндэслэлгүй, учир нь холбогдох үйл баримтыг шалгасны эцэст жич шийдвэрлэх эсэх нь тодорхойлогдох асуудал болно.   

Нэгэнт дээрх нөхцөл байдал үүссэн байх тул сүүлчийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хангалттай үндэслэлгүй, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзлээ.    

Харин хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой тул өмнөх шийтгэх тогтоолоор С.Э-т оногдуулсан гэх 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдсэн эсэх асуудлыг хууль ёсны баримтын хүрээнд жич шалгуулж, улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан эсэх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт заасан “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн үндэслэл, журам, түүнчлэн шинээр илрэх нөхцөл байдал байгаа эсэхийг хяналтын чиг үүргийнхээ хүрээнд хянан шалгаж, хэрэгжилтийг хангахыг прокурорт анхааруулах нь зүйтэй.       

6. Иймд дээрх үндэслэлийн хүрээнд: Өмгөөлөгч С.Төмөрцэцэгийн“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж ял багасгаж хөнгөрүүлэх” тухай, өмгөөлөгч А.Буяндэлгэрийн “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Э-ыг өөр хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдсэн атлаа С.Э-ын хэргийг нэгтгэлгүй яллах дүгнэлт гардуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчсөн, зарчимд нийцэхгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай  агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсон байх тул ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр, М.Төмөрцэцэг  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ын цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                  Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                  Г.ГАНБААТАР