Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Д.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А а- овогт Д-гийн Н-т холбогдох эрүүгийн 1810014990471 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Тав” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 8 дугаар Сонсголонгийн 5 дугаар гудамжны 253 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, А а- овогт Д-гийн Н- /РД:УЗ91012754/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Н- нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар Сонсголонгийн 5-253 тоотод эхнэр Б.М-тэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1810014990471 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Н-ыг гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч Д.Н- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар Сонсголонгийн 5-253 тоотод хохирогч Б.М-тэй маргалдаж улмаар зодож түүний биед нь “…зүүн дээд зовхи, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.М-ийн … Би 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо буюу Дэнжид Отгончимэгийн гэрт очоод түүний төрсөн эгчтэй хамт “Нийслэл” нэртэй 2л савлагаатай пиво ууж дууссан. Гэтэл Отгончимэг эгчийн эгч нь гараад дахин нэг сав 2л савлагаатай пиво авчраад ууж байтал нөхөр Н- орж ирээд надтай маргалдах гээд байхаар нь нөхрийгөө “яв” гэхэд “би гурван хүүхдээ аваад явлаа” гэхээр нь “тэг” гэж хэлээд явуулсан. Би Отгончимэг эгчтэй юм ярьж байгаад ширээг нь зөөлхөн цохиход Отгончимэг эгч “намайг дээрэлхээд байна уу” гээд босоод ирэхээр нь би ор руу түлхсэн. Нөхөр Н-ыг дуудсан ба удалгүй нөхөр Н- ирээд намайг “явъя” гэхээр нь харьсан. Н- бид хоёр гэртээ хариад хашаа руу ороод маргалдаж байхад бэр эгч Баясгалан над руу орилж дайраад намайг түлхээд үснээс зулгаагаад байхаар нь би уурандаа зөрүүлээд үснээс нь зулгаасан. Нөхөр Н- ирээд бид хоёрыг салгаад намайг түлхэж унагаагаад миний нүүр, гар руу цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

 

Гэрч Д.О-ий … 2018 оны 06 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед ах Н- над руу залгаад “намайг ирээд авчих, би гурван хүүхэдтэйгээ хамт алхаж байна” гэхээр нь очиж аваад дөнгөж гэртээ ирээд байж байтал бэр Мөнхцэцэг Н- ах руу залгаад “намайг хүмүүс зодоод байна” гэхээр нь Н- ах бид хоёр нөгөө айлд нь очиж Мөнхцэцэг эгчийг авсан. Гэртээ иртэл манай төрсөн эгч Баясгалан Мөнхцэцэгтэй хэрэлдээд хоорондоо үснээсээ зулгаалцаад байхаар нь би очиж салгаад Баясгалан эгчийг аавын гэр рүү оруулаад тайвшруулж байтал бэр Мөнхцэцэг уйлаад байхаар нь гэр рүү ортол “Н- намайг зодсон” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

Гэрч Ж.Д-гийн … 2018 оны 06 дугаар сарын 08-ны орой 18 цаг болж байхад бэр Мөнхцэцэг, Н- хоёр гурван хүүхэдтэйгээ орж ирээд хоорондоо маргалдсан. Хүүхдүүд айгаад уйлаад байхаар нь би гурван хүүхдийг нь аваад гэр рүүгээ орсон. Би Мөнхцэцэг, Н- хоёрыг зодолдож байхыг хараагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

Гэрч С.Б-гийн … Би 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр аав Д-гийнд ирээд байж байтал бэр Мөнхцэцэг, Н- нарын хүүхдүүд уйлаад байхаар нь гэрт нь ороод “чи яагаад агсам тавиад байгаа юм бэ” гэхэд “битгий хуц, гичий минь” гээд салаавч гаргасан. Би “унт” гэж хэлэхэд миний үснээс зулгаахаар нь түлхэхэд бид хоёр хамт газар унасан. Аав Д-, нагац эгч Отгонсүрэн нар бид хоёрыг салгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7591 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.М-т зүүн дээд зовхи, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/,

Шүүгдэгч Д.Н-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/,

Шүүгдэгч Д.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хийж байтал эхнэр Мөнхцэцэг над руу 16 цагийн үед залгаад “ирэх болж байна уу, Эмээлт явна гэсэн яасан бэ” гэхээр нь “ажил тарах болоогүй байна” гээд утсаа салгасан. Ажил тараад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжид Отгончимэг эгчийнд очиход “машин бариад Эмээлт явъя” гэсэн. Би өмнөх өдөр архи уусан байсан болохоор бие өвдөөд “явж чадахгүй” гэхэд эхнэр Мөнхцэцэг “Отгончимэг эгч чамайг Эмээлт явж өгнө гэхээр нь би өдөржин хүлээж байхад яваад өгчихөд яадаг юм бэ” гээд агсам тавьсан. Гэтэл Отгончимэг эгч дэлгүүр ороод 2 ширхэг 2 литрийн “Нийслэл” нэртэй пиво, 1 шил 0,5 литрийн “Цагаан” нэртэй архи аваад ирсэн. Түүнийг эхнэр Мөнхцэцэг, эгч Отгончимэг, түүний найз эмэгтэйтэй хамт ууж байтал эхнэр Мөнхцэцэг агсам тавиад байхаар нь би 3 хүүхдээ дагуулаад гэртээ ирсэн. Удалгүй эхнэр Мөнхцэцэг над руу яриад “ирээд ав” гэхээр нь очиж аваад гэртээ ирээд хашаа руу ортол Мөнхцэцэг агсам тавихаар нь манай эгч Баясгалан гарч ирээд Мөнхцэцэгт хандан “уух болгондоо яах гэж агсам тавьдаг юм бэ” гэхэд Мөнхцэцэг эгч Баясгалангийн үснээс нь зулгаасан. Би тэр хоёрыг салгах гээд эхнэр Мөнхцэцэгийн нүүр рүү 2 удаа баруун гараараа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Н-, хохирогч Б.М- нар нь гэрлэлтээ батлуулаагүй ч 3 хүүхэдтэй хамтын амьдралтай болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.   

 

Шүүгдэгч Д.Н- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Б.М- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч, хохирогч нар нь илэрхийлснээр /хх-ийн 39-40-р хуудас/ 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 78 дугаартай прокурорын саналаар Д.Н-т холбогдох эрүүгийн 1810014990471 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Д.Н- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

   Шүүхээс шүүгдэгч Д.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Д.Н-ын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.М- прокурорын шатанд “...шүүгдэгч Д.Н- бид хоёр эвлэрсэн тул надад гомдол, санал байхгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.