| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/03343/И |
| Дугаар | 210/МА2019/00245 |
| Огноо | 2019-02-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2019/00245
Ц-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03666 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21 935 288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц- нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 15 000 000 төгрөгийг Н-т зээлсэн. Хариуцагч *******аймгийн ******* суманд барих бага сургуулийн бүжгийн зааланд ашиглах барилгын материал авахад уг зээлийг хэрэглэнэ гэж байсан. Ц- уг зээлийг ******* ББСБ ХХК-аас авч, түүнд өгсөн бөгөөд үүний дараа 5 000 000 төгрөгийг нэмж зээлсэн.
Гэвч Н- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд Ц- нь банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүнд 735 000 төгрөгийг төлсөн ба үүн дээр 1 200 000 төгрөгийн хүү нэмж, нийт 21 935 288 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, уг зээлийг хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохирол 1 935 000 төгрөг болж байна.
Ц- ******* ББСБ ХХК-аас авсан зээлийг төлөхийн тулд ******* гэдэг хүнээс 15 000 000 төгрөгийг зээлсэн. Н- зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, албан бичиг хийж өгсөн. Иймд хариуцагчаас 21 935 288 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сард *******аймгийн ******* суманд баригдсан бага сургуулийн бүжгийн заалгын барилгын ажлыг гүйцэтгэх санал гаргасныг инженер Ц-, н.******* ******* гурав зөвшөөрч, ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Ажил эхлүүлэхэд мөнгө шаардлагатай байсан тул Ц- банк бус санхүүгийн байгууллагад өөрийн болон *******гийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, 15 000 000 төгрөг зээлж авсан. Уг зээлсэн мөнгөнөөс 5 000 000 төгрөгийг н.******* авах ёстой өр төлбөрөө суутгаж авсан бөгөөд 10 000 000 төгрөгөөр барилгын материал авсан гэж хэлсэн. Би нэг ч төгрөг аваагүй, Ц- өөрөө захиран зарцуулсан.
Ц-, н.******* нар барилгын ажлыг хариуцан хийхдээ зургийн дагуу хийгээгүйгээс болж би өөрөөсөө болон компаниасаа 5 103 500 төгрөгийн зардал гаргасан. Зээлийн баталгаанд зээлийг Г.******* хамтран хариуцахаар болсон байгаагаас гадна ******* ХХК гаргасан. Иймд хамтран хариуцагчаар Г.*******ыг оролцуулах ёстой.
Н- нь ******* ХХК-ийн өмнөөс зээлийг төлж байсан боловч зээлийг Н- аваагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц-ын гаргасан хариуцагч Н-т холбогдох 21 935 288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267 627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Ц- нь ******* ХХК-ийн захирал Н-т өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж 15 000 000 төгрөгийн зээл авч өгсөн. Мөн хамт ажиллаж байсан Г.*******аар дамжуулж 5 000 000 төгрөг зээлсэн. Мөнгө бэлнээр авсан дариудаа компанийхаа бланк дээр 15 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд зээл эргэн төлөгдөх хариуцлагыг компанийн захирал Н- хариуцна гэж бичсэн байдаг.
Шүүх зээлийн баталгаа гаргах гэсэн албан бичгийн агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбарлавал тус компани нэхэмжлэгч Ц-ын ******* ББСБ ХХК-аас зээлсэн 15 000 000 төгрөгийг Н- зээлэн авч бүжгийн заал барьж гүйцэтгэхэд зарцуулахаар тохиролцсон байна. Мөн уг мөнгийг ******* ХХК авсан гэж дүгнээд хариуцагч нь Н- хариуцахгүй гэсэн байна. Хариуцагч нь хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн болох нотлогдсон байтал хариуцагч биш гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хэргийн 35 дугаар талд мэдэгдлийн хариуд: ...зээлийг хариуцна гэдгээ Н- нь бичиж өгсөн нь баримтаар нотлогдож байдаг. Мөн хавтас хэргийн 11-19 дүгээр талд байх*******ын эхнэр *******ийн Хаан банкны данс ******* тоот данс руу *******ээс зээл төлөв гэж өөрийн хувийн данснаас зээлийг төлж байсан нь хэрэгт авагдсан байна. Хэрэв компани нь авсан бол тус компаний нэр болон данснаас шилжүүлж байх байсан. Хэргийн 3 дугаар талд байх зээлийн баталгаа гаргах гэсэн албан тоот-д ...зээлийн эргэн төлөгдөх хариуцлагыг тус компанийн захирал Н- болон инженер Г.******* нар ******* бүрэн хариуцна гэжээ. Үгийн шууд утгыг авч үзэхэд тухайн албан тоот дээр иргэний хувьд хариуцна гэдгээ бичээд регистерийн дугаараа бичсэн байна. Шүүх үгийн шууд утгыг буруу тайлбарлаж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Мөн шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлснээр шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хариуцагчийн тайлбарын дагуу шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ц- нь хариуцагч Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 935 288 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд мөнгөн хөрөнгө зээлэх, зээлдүүлэх харилцаа үүссэн гэж тайлбарлаж, нотлох баримтаар ******* ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19 тоот албан бичиг, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан *******аймгийн ******* суманд баригдсан бага сургуулийн бүжгийн заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, ******* ББСБ ХХК болон ******* нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг гаргасан байна.
******* ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 19 тоот Зээлийн баталгаа гаргах тухай албан бичгийн агуулгаас үзвэл тус компани нь *******аймгийн ******* суманд баригдсан бага сургуулийн бүжгийн заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа, ажлыг гүйцэтгэхдээ иргэн Ц-, ******* нарын 2 өрөө орон сууцыг барьцаалуулан 15,0 сая төгрөгийг зээлж авсан, зээл, зээлийн хүүг компани төлөхөөр үүрэг хүлээж захирал гэж Н- гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж баталгаажуулсан ба хамтран хариуцагчаар инженер Г.******* оролцож, зээл өгсөн гэж Ц-, ******* нар гарын үсэг зуржээ. Уг баримтад илэрхийлсэн зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл ойлгомжтой байх бөгөөд Н- нь иргэний хувьд хариуцлага хүлээх агуулга тусгагдаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба дээрхи баримтаас дүгнэвэл зээлийн гэрээний харилцаа иргэн Ц-, ******* болон ******* ХХК-ийн хооронд үүссэн талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн хувьд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээж, өөрийн үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг иргэний эрх зүйн бие даасан субъект тул түүний хариуцлагыг иргэнд хүлээлгэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Харин ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан *******аймгийн ******* суманд баригдсан бага сургуулийн бүжгийн заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, ******* ББСБ ХХК болон ******* нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь Ц-, ******* болон ******* ХХК-ийн хооронд үүссэн зээлийн харилцаа үүсэх үндэслэл болсон байна.
Түүнчлэн *******гийн эзэмшлийн, Хаан банк ХХК-ийн ******* тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд Н-ээс ******* ББСБ *******ын зээл төлөлт гэсэн утгаар мөнгө шилжүүлснийг Н- болон Ц- нарын хооронд зээлийн гэрээ үүссэн гэж дүгнэхгүй юм. Өөрөөр хэлбэл Н- нь Ц- болон ******* ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хуваарь гүйцэтгэснийг тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй болно.
Иймд нэхэмжлэгч Ц- нь 15,0 сая төгрөгийн зээлийг шаардах эрхгүй тул үүнтэй холбоотой үүссэн гэх хохирлыг ч Н-ээс шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ц- нь хариуцагч Н-ээс 5,0 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардахдаа уг мөнгөн хөрөнгийг Г.*******аар дамжуулан хариуцагчид өгсөн гэж тайлбарласан, хариуцагч Н- уг мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж үгүйсгэсэн тохиолдолд нотолгооны хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрөө нотлох юм. Тэрээр өөрийн шаардлага, үндэслэлээ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 267 630 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Э.ЗОЛЗАЯА