Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/492

 

2025            04             30                                           2025/ДШМ/492                                                         

 

Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны иргэн шүүгдэгч Т, түүний орчуулагч С, түүний өмгөөлөгч С.Уламбаяр, Ц.Цэцэгсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, түүний орчуулагч Ц.Ц,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/194 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Тд холбогдох эрүүгийн 2405 00000 0582 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т нь согтуурсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” гэх нэртэй төвийн 16 дугаар давхарт амь хохирогч Ө.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр болон толгой тус газарт олон удаа цохиж, талийгаачийн биед суурийн өмнөд, дунд хонхор, хамар, баруун хацар, ухархайн дээд хананы нийлмэл хугарал, зүүн дагз, хоёр талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, хоёр чамархайн хуйхны дотор гадаргуу, чамархайн булчинд цус хуралт, дух, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун, зүүн дээд 1, баруун дээд 4, 5 зүүн дээд 4, 5, 6 дугаар шүдний сулрал, хоёр талын дээд 2, 3-р шүдний хугарал бүхий олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Тг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр” алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Тг 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тд оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Тгийн энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 267 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны тойргийн шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В болон амь хохирогчийн гэр бүлийн гишүүдэд энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэр гаргах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолоор хүний сэтгэц учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн шинж аргачлалыг баталжээ. Аргачлалын 3 дахь заалтын 3.3 дахь хэсэгт “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний амь нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заажээ. Анхан шатны шүүхээс дээрх заалтын дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, сэтгэцэд учирсан хор уршгийг гарган шийдвэрлэж өгнө үү. ...”  гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т нь мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар сэтгэл санааны хохирлын зардлыг хариуцаж чадахгүй гэж хэлсэн. Энэ нь бидний сэтгэл санаа, бие махбодид учруулсан энэ том хохирлыг үл тоомсорлосон явдал бөгөөд өөрийгөө хүний амь нас хөнөөсөн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шинж тэмдэг байхгүй гэдгийг харуулж байна. Би болон миний нөхөр 44 жил гэр бүлээ авч явсан, маш их хайр сэтгэлтэй байсан. Бид байнга утсаар ярьж, видео дуудлага хийдэг байсан. Хүү маань ажил, амьдралын асуудлаар Хятад улсад амьдардаг учраас бид байнга Хятад улсад уулзаж, тэд ч бас Японд ирж, бид амралт, баяр ёслолын өдрүүдээр хамт аялалд гардаг байлаа. Бид аль аль нь хичээнгүйлэн ажилдаг байсан. Бидний нас 70 гарсан бөгөөд бид ажлаа хойш тавьж, бие биенээ асарч, хамтдаа амьдрахаар төлөвлөж байсан ба 2024 оны 06 дугаар сард бид бүх гэр бүлээрээ дэлхий даяар аялал хийхээр шийдсэн байсан. Гэвч 4 сард нь Т миний нөхрийн амь насыг хөнөөсөн ба миний хүү хамгаас хайртай аавыгаа алдсан. Хань маань удаан хүлээсэн ач хүү, ач охиноо харах боломж олдоогүй нас эцэслэлээ. Бидний хэн нь ч түүнтэй сүүлчийн удаа уулзаж чадаагүй. Бидний хамгийн сүүлд харсан зүйл бол танигдахын аргагүй болтол цохиулж, зодуулсан хүйтэн цогцос байлаа. Бидний ирээдүйн амьдралд маш их зовлон шаналал, харамсах зүйлсээр дүүрэн байх болно. Миний нөхөр эрүүл мэнддээ анхаардаг, эрүүл Схүн байсан. Тгийн өмгөөлөгч түүнийг гэм буруугүй гэж хамгаалж байгаа бөгөөд хоригдол нь сэтгэцийн өвчтэй гэсэн. Гэтэл сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээс харахад гэмт хэрэгтэд хуулийн хариуцлага хүлээх чадвартай болон нь нотлогдсон тул хүний амь хэрцгийгээр хөнөөсөн хэргээ бүрэн хариуцах ёстой. Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмшээгүй байна гэж бодож байна. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмших сэтгэлтэй болтлоо дахин хэдэн жил нэмж, түүнийг шоронд засан сайжрах шаардлагатай гэж үзэж байна. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмгөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 1.6 дахь заалтад заасан байдлыг бүрэн нотлоогүй, шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаагүй, миний бие эрүүл мэндийн шалтгаанаар тухайн өдрийн хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг, эмнэлгийн магадлагааг хавсаргаж шүүхэд хүргүүлсэн боловч Т болон өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байсан. Уг шүүх хуралдаанд үйлчлүүлэгч Тгийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хувийн байдлыг тогтоосон баримтууд, эмнэлгийн баримтуудын эх хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх зэрэг нотлох баримтыг шинээр гаргаж өгөх, нотлох баримт шинжлэн судлах, гэмт хэрэг гарсан өдөр ээж Утэйгээ болон бусад хүмүүстэй хэрхэн харьцсан, ямар үйл явдлын Тар ярьж байсныг гэрчлүүлэх зорилгоор Тгийн ээж, асран хамгаалагч Уийг гэрчээр оролцуулах, шинжээч эмч нарыг оролцуулж дүгнэлтийг тайлбарлуулах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар хүсэлт гаргах, түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлын Тар дүгнэлт гарган оролцох байсан боловч өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа өгөх эрхийг хязгаарласан.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Тгийн хувийн байдлыг тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүйн улмаас шинжээч эмч нарын дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш хийгдсэн, анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүйд хүрсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна.

Т нь 2018 онд хоёр туйлт сэтгэцийн өвчнөөр оношлогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын 4-р төв эмнэлэг, Хөх хотын Сэтгэцийн Нэгдсэн Төв эмнэлгийн эмчийн байнгын хяналтад өнөөдрийг хүртэл эмийн болон эмийн бус эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд түүнийг Сэтгэцийн 2-р зэргийн хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоож 2022 оны 5 сард БНХАУ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх” /Үнэмлэхийн дугаар-.../ олгож, түүний ээж Уийг асран хамгаалагчаар тогтоосон болох нь баримтаар тогтоогдож байхад уг баримтуудыг хэрэгт нотлох баримтаар цуглуулах ажиллагаа хийгдээгүйгээс шинжээч эмч 910 дугаартай дүгнэлтдээ ... “Т нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш F31.2 солиорлын шинж бүхий сэтгэл хөөрөл бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг, шинж тэмдгийн архисах эмгэгтэй.

Харин тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр уг сэтгэцийн эмгэг нь сэдрэлийн байдалтай байсан гэх баримт үгүй байна дотоод шалтгаант сэтгэцийн архаг эмгэг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үөд үүсдэг..., Т нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна ... Харин 2024.3.24-2024.4.01-ний өдрийг хүртэл F31.5 оношоор хэвтэн эмчлүүлсэн гэх өвчний түүх №003005 дугаартай баримт байна ... хэрэг хариуцах чадвартай ... гэж дүгнэсэн нь шинжээчийн дүгнэлт бүрэн биш, тодорхойгүй хийгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох шаардлагатай байна.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Тгийн өвчний Тарх баримтууд нь хуулбар хувь байгаа учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн. Харин гэм буруугийн Тар хэлэлцэх шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар нотлох баримтын шаардлага хангуулж, эх хувийг БНХАУ-аас авчирсан байсан боловч өмгөөлөгч миний өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, сонгон авсан үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх, үйлчлүүлэгч Тгийн өмгөөлүүлэх эрх хязгаарлагдсанаас онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудаа шүүхэд гаргаж, шинжлэн судлаагүй нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гарсан гэж үзнэ. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч Т нь согтуурсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” гэх нэртэй төвийн 16 дугаар давхарт амь хохирогч Ө.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр болон толгой тус газарт олон удаа цохиж, талийгаачийн биед суурийн өмнөд, дунд хонхор, хамар, баруун хацар, ухархайн дээд хананы нийлмэл хугарал, зүүн дагз, хоёр талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, хоёр чамархайн хуйхны дотор гадаргуу, чамархайн булчинд цус хуралт, дух, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун, зүүн дээд 1, баруун дээд 4, 5 зүүн дээд 4, 5, 6 дугаар шүдний сулрал, хоёр талын дээд 2, 3-р шүдний хугарал бүхий олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр санаатай алсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В-ы ”... бид нарын сонссоноор хаалгыг нь тогшоод 10 гаруй минут болсон, хаалга тогшоод онгойлгохгүй байхад явахгүй байж байгаад орсон нь санаатайгаар алсан гэж бодож байна. Мөн Гоа гэх хүний хэлснээр манай нөхөр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байхад цохиод байсан гэсэн. ... хүмүүс Сг сүүлийн 1 сар аюултай байдалд байгаа юм шиг байдалтай байсан гэсэн. ...” /1хх 145-146/,

 

гэрч Г-ий “... тухайн дугаар луу буцаагаад залгахад “Т гэх хүн байнаа, Сахын Mercedes Benz загварын автомашины түлхүүрийг надад өгчих” гэхлээр нь би “С ахаас асууж байж болно” гэсэн чинь намайг элдэв бусаар хараасан ба чиний ээжтэй секс хийнэ гэх мэтээр доромжлоод байхаар нь утсаа салгасан. Би Сах руу вичатаар мессэж бичиж Т гэдэг хүн залгаад таны машиныг авна гэж байна гэж хэлсэн чинь надад С ах “машин өгч болохгүй” шүү гэж хэлсэн. ... тухайн үед Сах надад нөгөө Т над руу утсаар залгаад ганц нэг хүн дайлмаар байна гэхлээр нь би зөвшөөрөөгүй гэж хэлсэн гэсэн. ... Тэгээд би С ахад кофе чанаж өгсөн ба удалгүй Т гэх хүн Сах руу утсаар залгаад ярилцаад байсан ба “чи битгий дээшээ гарч ирээрэй, 9 давхарт амарч бай” гэж хэлж байхыг нь би сонссон. Удалгүй С ах гар утсаа салгасан. Тэгээд Сах надад өчигдөр Т миний машиныг унаж гадуур явсан, жолооны үнэмлэхгүй байж миний машиныг битгий унаад бай гэж хэлсэн. Ингээд би 18 цаг 30-40 минутын орчимд өөрийнхөө өрөө рүү орсон ба С ах хэдүүлээ хоолоо 20 цагт идэцгээе гэсэн. ... тэгээд дээд 16 давхарт түс тас хийх дуу чимээ гараад эхлэхээр нь би дээшээ Сахын өрөө рүү гүйгээд орсон чинь өрөөний зүүн гар талд С ах дээшээ хараад хэвтэж байсан ба нүүр хэсэг нь их хэмжээний цус болчихсон, бага зэргийн хөдөлгөөнтэй байсан ба дэргэд нь Т толгойн дээд хэсэгт нь алцайгаад суучихсан гараараа нүүр лүү нь цохиод байсан. Тухайн үед Тгийн гар нь цус болсон байсан. ... тэгээд удалгүй дээшээ гараад очсон чинь Мийгаа найз залуутайгаа ирсэн байсан ба Сахыг хэн нэгэн нь доошоо харуулж хэвтүүлсэн байсан. Тэр үед Т зүгээр л зогсож байсан. ...” /1хх 69-70/,

 

гэрч Г-ы “... Т манай зочид буудлын 918 тоот өрөөнд угаасаа байсан бөгөөд би өрөөнд нь 15 цаг 30 минутын үед ороход нүдний шилтэй нэг Монгол хүнтэй хамт байсан бөгөөд ширээн дээр нэлээд хэдэн архи согтууруулах ундааны зүйл байсан. Намайг орох үед Т намайг утсаар залгаад байхад дуудлага авсангүй гээд намайг хэл амаар доромжилсон. Би тухайн өрөөнөөс намайг доромжпоод байхаар нь гараад явсан бөгөөд хэсэгхугацааны дараа 17 цаг 20 минутын үед дахин Тгийн өрөөнд ороход Т 2 найзтайгаа байсан бөгөөд нэг нь өмнө нь байсан нөгөө нүдний шилтэй залуу байсан. Тэгээд Т намайг тухайн үед хэл амаар доромжилсон бөгөөд намайг доромжилж байгаад толгойн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би өрөөнөөс айгаад гараад гүйсэн бөгөөд Т миний араас хөөгөөд гүйсэн. Тэгээд бид хоёр 9 давхрын коридорт 1 удаа коридор тойрч гүйсэн бөгөөд энэ үед коридорт лифтний тэнд байхад толгойн тус газарт гараараа 1 удаа цохисон. Тэгээд би шатаар доошоо буусан бөгөөд Т тэндээ үлдсэн. Тэгээд би 18 цагийн үед машин бариад гадуур ажлаа амжуулаад Вгаас явсан бөгөөд 18 цаг 56 минутад Хятадаас ирсэн Г эгч над руу залгаад намайг хаана байна гэж асуусан бас дээр 16 давхарт чанга чимээ гараад байна очоод шалгаадах М нягтланд хэлье гэсэн. Тэгээд би 18 цаг 59 минутад Мийгаа руу залгаад хаана байгааг асуутал М би ажпаас гараад гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мийгаад хандан чи ажил руугаа очоод Сахыг шалгахад Т дээшээ гараад Сахтай хэрүүл маргаан хийж Байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд би ажил руугаа буцаад явсан бөгөөд 20 цагийн үед ажил дээрээ ирэхэд цагдаа эмнэлгийн хүмүүс ирчихсэн байсан. Миний мэдэхээр Т Сс тэр өдөр машиныг нь гуйсан бөгөөд Смашинаа өгөхийг зөвшөөрөөгүй яагаад зөвшөөрөөгүй вэ гэвэл Т жолооны үнэмлэхгүй бас Саруулд өөрт нь машин хэрэгтэй байсан учир зөвшөөрөөгүй юм. Бас өчигдөр 18 цагаас 19 цагийн хооронд Т Сруу яриад Вгийн гал тогоо болон заалыг нь ашиглаад хүмүүс хоолонд оруулаад дайлъя гэж хэлэхэд нь бас зөвшөөрөөгүй юм байна лээ. ...” /1хх 76-78/,

 

гэрч Э.Мын: “... Тэгээд өдөр 16 цагийн үед би С захирлын амьдардаг 16 давхарт гарч гэр лүү нь ороход С захирал Гтай хамт юм яриад сууж байсан бөгөөд тэр хоёрын хувьд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйлгүй, хоорондоо ойр зуурын юм яриад сууж байхаар нь ...18 цагийн үед гэртээ харихаар ...явж байхад гүйцэтгэх захирал Г над руу залгаж “С захирлыг Т зодоод байна гэж сая надад Г хэллээ. Чи яаралтай С захирлын гэр лүү нь очоодхооч” гэж хэлэхээр нь би буцаад ажил руугаа явж байхад Г нь над руу ви чатаар зурвас бичиж, ирж байна уу? компанийн харуулд хэлсэн үү? гэхээр нь би Гаас бүх зүйлийг сонссон би одоо очиж байна, цагдаа дуудчихсан байгаа гэхэд олон хүн авч ирээрэй, би дээшээ гарч зүрхлэхгүй байна, тэр намайг бас цохисон гэх мэт зурвасыг вичатаар бичсэн. Би Гтай зурвас бичиж байх хоорондоо компанийнхаа харуул болох М руу утсаар залгаж “С захирлын амьдардаг 16 давхарт зодоон болоод байна гэнэ, та хурдан 16 давхар луу гараадхаач, би одоо очиж байна” гэж хэлсэн. Тэгээд би С захирлын амьдардаг 16 давхарт байрлах гэрт нь ороход С захирал газар шалан дээр доошоо хараад хэвтчихсэн, ямар нэгэн хөдөлгөөнгүй, ойр орчмын шал нь маш их цус болсон хэвтэж байсан бөгөөд гэр дотор нь харуул М, мөн захирлыг зодсон Т хэвтэж байсан бөгөөд гэр дотор шорттой, дээгүүрээ цээж нүцгэн, согтуу байсан бөгөөд Т гартаа пиво барьчихсан зогсож байхаар нь би Тгаас энд юу болоод байгаа юм бэ? гэж асуухад Т нь “Би Сг алсан. Нэг ч гэсэн Хятад хүн үхэж байвал сайн л биз” гэж чанга дуугаар орилж хашхираад нааш цааш алхаад байсан. Тг тухайн үед тэгж хэлж байхыг манай нөхөр Гг болон хамгаалагч М бид 3 сонссон. … Төд удалгүй эмнэлэг болон цагдаа нар С захирлын гэрт нь ирсэн бөгөөд эмч С захирлыг үзээд үхсэн Тар хэлсэн. … Манай нөхөр Гг бид хоёр дараалж, талийгаач С захирлын гэрт нь орсон бөгөөд гэрт нь орох үед үүдний шилэн хаалганых нь шил хагарч бутарсан, том өрөөний шалан дээр С захирал толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн зүгт чиглэсэн, доош харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд хэвтэж байсан шалных нь ойр орчим маш их цус болсон, ямар нэгэн хөдөлгөөн огт хийхгүй хэвтээд байсан. Би маш их цус нөж болсон байсан учир талийгаач С захирал руу сайн тогтож харж чадаагүй. Тэр үед талийгаачийн цогцсын хажууд Т зогсож байсан бөгөөд мөн хамгаалагч М бас байж байсан. Т нь гартаа пиво барьчихсан тухайн пивоноосоо уунгаа нааш цааш захирлын гэр дотор алхаад байсан. …” /1хх 80-81/,

гэрч Ц.Ггийн “… эргэн тойронд нь нэлэнхийдээ цусаар бохирлогдсон байсан. Ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхаар нь би дотроо за эвгүй юм болж дээ гэж бодож байсан. Тэгээд би нөгөө Өвөр Монгол хүн рүү хандаад “юу болсон та яасан энэ Сзахирал яасан бэ нас барчихсан юм биш үү гэхэд өөдөөс нөгөө хүн тийм ээ би зодоод алчихсан юм, яадаг юм, ганц хүний амийг авахад яадаг юм бэ, энэ Счинь зөндөө хүүхэн шаадаг юм чинь” гээд орилоод байсан. Удалгүй манай эхнэр гаднаас орж ирсэн. Түүний араас эмэгтэй Г захирал орж ирсэн, мөн харуул бас орж ирсэн. Тэгсэн чинь нөгөө Өвөр Монгол хүн эмэгтэй Г захирал руу дайраад байсан. Би тухайн үед цагдаа нарыг иртэл аминдаа л нөгөө хүнийг саатуулаад байж байсан чинь удалгүй цагдаа нар ирсэн ба тэр үед жаахан сиймхий гарах үед Өвөр Монгол эрэгтэй хүн гараад зугтаасан. …” /1хх 83-84/,

гэрч Н.БиМгийн “… менежер М залгаад “16 давхарт гараадхаач зодоон болоод байна” гэхээр нь цахилгаан шатаар дээшээ 16 давхарт очоод лифтнээс буухад шилэн хаалга хагарсан байсан. Цаашаа орохгүй зогсож байтал менежерийн нөхөр Х лифтнээс бууж ирээд цуг ортол Өвөр Монгол залуу шорттой гартаа пиво барьчихсан та нар хэн бэ? гэхээр нь Хуягаа та өөрөө хэн бэ? гэхэд нөгөө Өвөр монгол залуу яриа нь ойлгогдохгүй юм яриад орилоод байсан.” …” /1хх 94-95/,

гэрч Б.Дгийн “… 19:06 минутад хүлээн авч 19:26 минутад очиход тухайн барилгын 16 давхарт гаргахад 900 метр орчим талбайтай шилэн хаалга нь гаднаас дотогш чиглэл рүү хагарсан байдалтай хаалгаар ороход Э.М, Ц.Гг нар үүдний шилэн хаалганы орчимд байсан, амь хохирогч хаалганаас 25 орчим метрийн зайтай газарт цагаан өнгийн фудволка, цагаан өнгийн өмдтэй доогуураа оймстой 50 орчим насны эрэгтэй хүн доошоо харсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан ба их хэмжээний цус алдсан шалан дээр тэмцэлдсэн юм шиг байдалтай байсан. ...захирлыг нэг хүн зодоод зугтаасан гэсний дагуу 16 давхраас доошоо шатаар 9 давхар хүртэл шалгаж үзэхэд 918 тоотын хаалга онгорхой байсан, иргэн Ц.Гг нь манай захирлыг зодсон хүн энэ тоотод байдаг байх гэж мэдээлэл өгсний дагуу шалгахад дотор нь ямар нэгэн хүн байгаагүй, В1 давхар хүртэл шалгаж үзэхэд хар өнгийн ... дугаартай автомашин өндөр хаазтай гараашнаас гарч байсан, уг машиныг зогс гэж шаардлага тавьсан боловч шаардлага эсэргүүцэж замын хөдөлгөөнд оролцож зугтаасан, тухайн автомашины араас гүйж урд нь гарч зогссон боловч дахин шаардлага эсэргүүцэж тээврийн хэрэгслээрээ дайрахыг завдсан тул нэр бүрийн тусгай хэрэгсэл буюу экстрим маркийн гар буу гаргаж анхааруулж дайчлан баривчлах үед уг иргэн нь намайг Т гэдэг гэж орилоод би тэр хужааг гараараа зодсоор байгаад алсан гэж орилоод байсан.” /1хх 101-102/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1592 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “7” гэж дугаарласан уутанд байх цагаан өнгийн цамцанд 502мм, 308мм хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдлууд байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. Цагаан өнгийн цамцанд үүссэн урагдалтууд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.” /1хх 181-187/,

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №1661 дугаартай: “...Амь хохирогч Ө.С гийн цогцост суурийн өмнөд, дунд хонхор, хамар, баруун хацар, ухархайн дээд хананы нийлмэл хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дагз, хоёр талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, хоёр чамархайн туйхны дотор гадаргуу, чамархайн булчинд цус хуралт, дух, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн хацрын төвгөрт зулгаралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун, зүүн дээд 1, баруун дээд 4, 5, зүүн дээд 4, 5, 6 дугаар шүдний сулрал, хоёр талын дээд 2, 3-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар ойролцоо буюу нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1,3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Дээрх гавал тархи, нүүрний хавсарсан битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Амь хохирогч нь нас барах үедээ согтолтгүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна. АВО системээр В (III) бүлгийн цустай байна. Амь хохирогч нь үхэлд хүргээгүй ерөнхий судас хатуурал, бөөрний уйланхай өвчтэй байжээ. ..." /2хх 13-25/,

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 114-125/,

Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 931 дугаартай дүгнэлт “Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т нь хэрэг хариуцах чадвартай байна.” /4хх 13-19/ гэх дүгнэлтүүд

гэмт хэргийн Тарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.Тд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ.”, 28.2 “Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно.” гэж тус тус заасны дагуу дахин хийсэн 614 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан гэрч болон түүний өгсөн мэдүүлгүүд, дахин шинжилгээ хийсэн 614 дугаартай шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Т.Т нь хэрэг үйлдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримтгүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Т.Тгийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотойгоор дахин шинжилгээ хийлгүүлэх”-ээр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

             3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Тгийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Т.Тг хохирогч Ө.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүр болон толгойн тус газарт нь гараараа олон удаа цохиж, амь хохирогчийн биед гавал тархи, нүүрний хавсарсан битүү гэмтэл бүхий олон тооны шарх учруулж, “онц харгис хэрцгийгээр” бусдыг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

            Шүүгдэгч Т.Тгийн энэхүү хүнийг онц харгис хэрцгийгээр алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж шийдвэрлэв.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нь “… сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг үнэлэхээс хамаарч тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж баталгаажуулан заасан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Энэ хүрээнд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэсэн нэмэлт өөрчлөлт орсноор хүнийг алах гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.

Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан болно.

Үүнээс гадна Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох Тар мөн журмын 2.2-т тодорхой тусгагдсан байна.

Иймд хохирогчийн гэр бүлийн гишүүнд энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэр гаргах боломжгүй Тар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ Тар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 103 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/194 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В болон түүний өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 103 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

 

                         ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ