Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01447

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01447

 

 

Д.Будцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/01007 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Будцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох

Мэргэшсэн зэргийн нэмэгдэл 3 902 500 төгрөг, нэмэгдэл цалин 3 189 375 төгрөг, үр дүнгийн цалин 2 046 146 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 210 000 төгрөг, нийт 9 348 021 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төрбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Мөнхтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хамтын хэлэлцээрийн 2.12-т мэргэшсэн жолооч, кондукторын зэргийн нэмэгдэлийг үндсэн цалингийн 10-20 хувь хүртэл хэмжээгээр нэмж олгоно, 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хамтын гэрээний 4.2-т ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болгон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэлүүдийг сар бүр олгоно гэж тус тус заасан. Мөн цалин олгохдоо цалин хөлсний журмын 5.3.3-т заасны дагуу удаан жилийн нэмэгдэл зэргийг олгохгүй ажилтны эрхийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч Д.Будцэцэгт хамтын хэлэлцээрт заасны дагуу мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаагаар 3 902 500 төгрөг, хамтын гэрээний 4.2-т зааснаар нэмэгдэл цалинд 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны 3 189 375 төгрөг, хамтын гэрээний 4.7-д заасны дагуу, 2014, 2015, 2016 онуудын үр дүнгийн цалинд 2 046 146 төгрөг, цалин хөлсний журмын 5.3.3-т заасны дагуу 2014, 2015, 2016 оны удаан жилийн нэмэгдэлд 210 000 төгрөг, нийт 9 348 021 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Будцэцэг нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2006 оны 8 дугаар сарын 8-ны өдөр мөнгө хураагчаар ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/742 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага буюу мэргэшсэн зэргийн нэмэгдлийн тухайд нэхэмжлэгч нь мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 3 902 500 төгрөг шаардсан ба 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хамтын хэлэлцээрийн 2.12-т хэсгийг баримтласан нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Автобус 1 бааз болон Автобус 1 баазын үйлдвэрчний эвлэлийн хороо уг хэлэлцээрийг байгуулахад оролцоогүй, хэлэлцээрт гарын үсэг зураагүй тул шаардах эрхгүй юм. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу нэмэгдэл цалинд иргэн Д.Будцэцэг нь 3  189 375 төгрөг шаардсан ба 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хамтын гэрээний 4.2-т заалтыг баримтласан ба уг заалт нь ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг мөрдлөгө болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Нэхэмжлэгч уг заалтын дагуу байгууллагад мөрдөгдөж буй ямар журам дүрмийг үндэслэн ямар нэмэгдэл цалин нэхэмжилсэн нь тодорхой бус байна. Автобус 1 баазын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн цалин хөлсний журмын 5.5.1-т ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэл цалинг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон тоног төхөөрөмжийн засварчдад олгоно. Мөн журмын 5.5.2-т засварчдын зэргийг мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх, мөн байгууллагын зэрэг тогтоох комиссын шийдвэрийг үндэслэн тогтооно. Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалин хөлсний тухай журмын 5.5.1-т ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэл цалинг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон ерөнхий механикийн, тоног төхөөрөмжийн, цахилгааны, гэрэлтүүлэгийн засварчдад олгоно. Мөн журмын 5.5.2-т засварчдын зэргийг мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх, мөн байгууллагын зэрэг тогтоох комиссын шийдвэрийг үндэслэн тогтооно заасны дагуу нэхэмжлэгч нар нэхэмжилсэн нэмэгдэл цалин байгууллагад мөрдөгдөж буй цалин хөлсний тухай журамд тусгагдаагүй тул үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага буюу 2014, 2015, 2016 оны үр дүнгийн цалинд иргэн Д.Будцэцэг нь 2 046 0146 төгрөг шаардсан ба 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар тогтоолоор баталсан Нийслэл дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсад үр дүнгийн шагнал урамшуулал олгох журамд заасан болзолыг хангаагүй буюу алдагдалтай ажилласан. Нэхэмжлэгч шаардах хуулийн үндэслэлээ буруу гаргасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлийн дөрөв дэх шаардлага буюу 2014, 2015, 2016 оны удаан жилийн нэмэгдэлд 210 000 төгрөг нэхэмжилсэн ба хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хэсэгт зааснаар эрх зөрчигдсөнөө мэдсэнээс хойш 3 сар өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох нэмэлт цалин хөлсөнд 9 348 021 төгрөг гаргуулах Д.Будцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 518 төгрөгийг улсын орлогоос хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

... Шүүхээр маргаан шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн хороо, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудад хандсан байхад уг нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Нэхэмжлэгч Д.Будцэцэг нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан мэргэшсэн зэргийн нэмэгдэл 3 902 500 төгрөг, нэмэгдэл цалин 3 189 375 төгрөг, үр дүнгийн цалин 2 046 146 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 210 000 төгрөг, нийт 9 348 021 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл 3 902 500 төгрөг, Хамтын гэрээний 4.2-т зааснаар 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 9 сарыг дуустал хугацааны нэмэгдэл цалин 3 189 375 төгрөг, 2014, 2015, 2016 онуудын үр дүнгийн цалинд 2 046 146 төгрөг, 2014, 2015, 2016 онуудын удаан жилийн нэмэгдэл 210 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 1-ний б/742 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Будцэцэгийн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ./хх-ийн 77 тал/

Ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлснөөс бусад асуудлаарх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байдаг. Гэвч нэхэмжлэгч Д.Будцэцэг нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь өөрийн эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол гаргах хуулиар тогтоосон дээрх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн 44 дүгээр талд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2017/08853 дугаар захирамж авагдсан байх бөгөөд уг захирамжаар Н.Төрбатын Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан нэр бүхий 12 ажилтны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл үр дүнгийн цалин, удаан жилийн нэмэгдэлд нийт 92 363 363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Анхан шатны шүүх Н.Төрбатын гаргасан дээрх нэхэмжлэл нь нэхэмжлэгч Д.Будцэцэгийг шүүхэд хандсан гэх үндэслэл болохгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох бөгөөд уг хугацаа зогссон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/01007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын төлсөн 165 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

  

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО