| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0371/Э |
| Дугаар | 386 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,
шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х- овогт Э-гийн А-од холбогдох эрүүгийн 1810015460468 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ………. оюутан, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг ……… тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ……… тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт Э-гийн А- /РД:…………/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 19 дүгээр гудамжинд О.Б-тэй маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1810015460468 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.А-ыг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 19 дүгээр гудамжинд хохирогч О.Б-тэй маргалдаж улмаар түүнийг цохиж биед нь “…баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч О.Б-ий … Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 19-168 тоотод гэртээ байж байтал ахын 11 настай хүүхэд Маргад-Эрдэнэ, 11 настай Баяржавхлан орж ирээд “нэг танихгүй хүүхэд зодоод байна” гэхээр гараад очтол манай дүүг зодсон гэх хүүхэд нь гудамжинд байж байхаар нь очиж хоёр дүүгээ дэлгүүр явуулаад нөгөө зодсон хүүхдийг “чи яагаад хүүхэд зодсон” гээд хацар руу түлхсэн чинь ах гэх залуу нь манай урд гудамжнаас гарч ирээд “миний нүдэн дээр өвдөг гараагүй байсан бол чамайг алах байсан юм” гэж хэлсэн. Намайг гэртээ орох гэж байтал миний дух хэсэг рүү мөргөөд зүүн гараа атгаж байгаад баруун хөмсөг рүү цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч А.О-ийн … Намайг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 10 цагт гэртээ байхад ахын хүүхэд Улаанаа уйлаад орж ирэхээр нь “яасан, юу болсон” гэхэд “Маргад-Эрдэнэ бид хоёрыг дэлгүүр явж байхад нэг хүүхэд зодоод явуулахгүй байна” гэж хэлсэн. Нөхөр Бат-Эрдэнэ Улаанаагаас “Маргад хаана вэ” гэхэд “гадаа байгаа” гээд тэр хоёр гарсан. Бат-Эрдэнэ Улаанаа хоёр орж ирэхгүй удаад байхаар нь би санаа зовоод гартал манай гудамжны үзүүрт нөхөр Бат-Эрдэнэ, Улаанаа хоёр нэг хүүхдийн хамт зогсож байхаар нь очиж юу болсон талаар асуухад манай нөхөр “энэ хүүхэд Улаанааг зодсон юм байна” гээд тэр хүүхдэд “ахиж битгий хүүхэд зодож байгаарай” гэж хэлчихээд явах гэтэл нэг залуу ирээд “манай дүүг яагаад зодоод байгаа юм” гээд манай нөхөрт хэлсэн. Нөхөр Бат-Эрдэнэ “танай дүү чинь удаа дараа манай дүүг зодож байна” гэхэд тэр залуу уурлаад нөхөртэй маргалдаж байгаад манай нөхрийн баруун хөмсөг хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа нилээн хүчтэй цохисон. Манай нөхөр газар унаад босож иртэл нөхрийн баруун хөмсөгнөөс цус гарч байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7782 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. О.Бат-Эрдэний биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 16-р хуудас/,
“Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 17-р хуудас/,
Шүүгдэгч Э.А-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/,
Шүүгдэгч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: … Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд найз охины эгч Ганчимэгийн гэрт байхад Ганчимэг эгчийн хүүхэд Аюуш гаднаас уйлаад орж ирэхээр нь юу болсон талаар асуухад “гудамжинд явж байсан чинь нэг танихгүй ах ирээд Шижир ахыг зодоод байна” гэхээр нь гараад очтол Шижир газар унасан уйлаад сууж байсан. Хажууд нь нэг залуу зогсож байхаар нь “юу болсон бэ” гэхэд “өөдөөс дайраад миний дух руу мөргөөд байсан” гэсэн. Би “наадах чинь жаахан хүүхэд, чи яагаад зодож байгаа юм” гэж хэлсэн. Бид хоёр маргалдаж байгаад би гэртээ орох гэтэл миний гарнаас татсан. Би эргэж хараад зүүн гараа атгаж байгаад нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч О.Бат-Эрдэний биед мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.А-ын цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Э.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Э.А-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний талаар прокуророос гаргасан саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн боловч шүүгдэгч Э.А-од ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзсан болно.
Шүүгдэгч Э.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Компьютер график дизайны 3 дугаар курсын оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч О.Б- нь “...Э.А-оос хохиролд 180.000 төгрөг авсан үнэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг прокурорын шатанд гаргасан байх тул шүүгдэгч Э.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.