Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/431

 

 

 

 

 

  2025             04             10                                        2025/ДШМ/431              

 

 

Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхзулын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр Б.А-д холбогдох 2409021252025 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Б-ын А-, 2000 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бартендер мэргэжилтэй, Шангрила төвийн “Наадам” ресторанд ажилладаг, ам бүл 2, ахын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /;

Шүүгдэгч Б.А- нь 2024 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Street food үйлчилгээний газрын орчимд хохирогч З.Г-ийг үл ялих шалтгааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 2.500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497.1, 505.1-т зааснаар шүүгдэгч Б.А-гаас 2.380.000 /хоёр сая гурван зуун наян мянга / төгрөгийг гаргуулж хохирогч З.Г-т олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор С.Энхзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос яллагдагч Б.А-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн ба уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Мөн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалт, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.А-гаас хохирогч З.Г-ийн эмчилгээ, оношилгооны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан хөнгөлөлт болох 3.200.174 төгрөг буюу гэм хорын хохирлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд олгуулах талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт, санал гаргасан. Гэтэл шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн асуудал буюу прокуророос нийтийн эрх ашгийг хамгаалж гаргасан иргэний нэхэмжлэлийн талаар шийтгэх тогтоолд ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалт, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 3.200.174 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь дансанд төлүүлэх тухай зохих өөрчлөлтийг оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.А- нь 2024 оны 06 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Street food үйлчилгээний газрын орчимд хохирогч З.Г-ийг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :    

- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04/,  

- хохирогч З.Г-ийн “...2024 оны 06 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Street food гэх газар А- нь хэл амаар доромжлоод байхаар нь би хэрүүл маргаан хийгээд зогсож байх үед А- баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохисон...дахин буцаж ирсэн...Миний толгой хэсэг өвдөж, зүүн талын нүд хацар, шүднүүд хавдаж, мэдээ алдсан, хүзүү хэсгээр хатгаж өвдөж байна...А-гаас салаад өөр хүнтэй муудалцах, зодуулсан асуудал байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-08, 26/,

- шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг :“...З.Г-ийн биед тархи доргилт, зүүн хоншоор ясны болон арын хацар, эрүү, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохигдох, өшиглөгдөх үйлчлэлээр 2024.06.26-ны шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” /хх-10-11, 22/,  

- гэрч Г.М-ын “...Г- цохих гээд А- руу очиход А- Г-оос түрүүлээд А-г 1 удаа шанаа хацар руу нь цохиход Г- газар унасан, Г- уйлаад суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх-18/,

- гэрч Д.М-ийн “…би явах гээд зогсож байхад Г- над руу өөр дугаараас залгаад “чи хаана байна, найз нь асрын урд талд зодуулчихлаа” гэж хэлсэн, очиход Г- доошоо суучихсан, хоёр гараа урдаа авчихсан уйлаад сууж байсан, Г-ийн царайг харахад зүүн нүд нь хавдчихсан улаан болчихсон байсан. Өмнөхөн нь уулзаад салах хүртэл ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, би хэн нь цохисон талаар асуухад надад намхан залуу нь цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-40-41/,

- шүүгдэгч Б.А-гийн: “...бага зэрэг маргалдсан араас Г- дахин миний араас татаад байхаар нь баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-15, 49, 68-69/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.        

Тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай зэрэг нотолгооны шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Б.А-гийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ. 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлийг шүүгдэгчээс өөр этгээд учруулаагүй, мөн өөр бусад шалтгаанаар тухайн гэмтэл үүсээгүй болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд, тэд тухайн шөнийн цагт  согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ тааралдаж, улмаар өөр хооронд үүссэн үл ялих зүйлээр шалтаглан харилцан маргалдсан байх боловч энэ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийг үгүйсгэн няцаах үндэслэлд хамаарахгүй болно.   

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан буюу түүний эрх зөрчигдөөгүй, харин шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтээсэн болохоо огт үгүйсгээгүй /хх-13, 15, 23, 44-46, 47, 48, 49, 50, 51, 67, 68-69, 71, 77, 80, 84/ байгааг тэмдэглэх нь зүйтэй.     

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг тус тус үгүйсгэх боломжгүй гэж үзэв.        

4. Харин яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн, мөн улсын яллагчаас гэм буруугийн хуралдаанд гаргаснаар “тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 3,200,174 төгрөг”-ийг шүүгдэгчээс гаргуулах талаарх санал, дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь буруу болжээ.  

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “прокурор өөрийн санаачилгаар төр, нийгмийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21.1 дүгээр зүйлийн 21.1.12-т “прокурор шүүхэд нэхэмжлэл гаргах...эрхтэй”, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах… эрхтэй”,     

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” зэрэг зохицуулалтуудаас үзэхэд, гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төлүүлэх асуудлыг прокурор хариуцаж, байр сууриа илэрхийлэн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй байна.   

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн баримт авагдсан, яллах дүгнэлтийн хавсралтад эрүүл мэндийн даатгалын санд учирсан тухайн төлбөрийг нэхэмжлэх талаар тусгасан, яллах дүгнэлтийг танилцуулсан, шүүгдэгч нь тухайн төлбөрийг нөхөн төлөхөө үгүйсгээгүй /хх-32, 77-78, 93-95/ байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 3,200,174 төгрөгийг шүүгдэгч Б.А-гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Цаашид прокуророос “гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулах” асуудлыг зөвхөн яллах дүгнэлтийн хавсралтад тусгах бус харин дээр дурдсан хууль тогтоомжийн үндэслэл, шаардлагын хүрээнд иргэний нэхэмжлэл гарган, холбогдох баримтыг хавсаргаж, эрүүгийн хэргийн баримтад тусгуулан бэхжүүлэх, улмаар мөрдөгчөөс иргэний нэхэмжлэлийг хариуцах оролцогч нарт танилцуулах зэрэг ажиллагаа хийсэн байх нь оролцогчийн мэдэх эрхийг хангах, дээрх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх зэрэг шаардлагад нийцэл зохицолтой байх тул дээрх хуулийн хэрэглээг хангахад прокурор олон янз байдлаар бус нэгдмэл нэг хэлбэр, аргачлал, загвар тогтооход анхаарч, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэвшүүлэх шаардлагатай болохыг тэмдэглэж байна.

6. Иймд, дээр дурдсан үндэслэлийн хүрээнд, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангасан болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:  

“Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр” болох 3,200,174 төгрөгийг шүүгдэгч Б.А-гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.      

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 

 ШҮҮГЧ                                                        Г.ГАНБААТАР