| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00004/И |
| Дугаар | 157/ШШ2026/00038 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2026/00038
2026 01 12 157/ШШ2026/00038
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 1 дүгээр баг, Н 5 дугаар гудамж 501а тоот хаягт байрлах, Х аймгийн Б сум дахь сум дундын П-ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Г сум, 6 дугаар багт оршин суух, Х овогт Б-ийн Б-д холбогдох
“Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 67,024 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь сум дундын П-ын газрын Е п Ц.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Хариуцагч Б.Б нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны шөнө 22 цагийн орчим Х аймгийн Г сумын хөдөө хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Б-ийн эрх чөлөөнд нь халдан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчсөн зөрчил үйлдсэн.
Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/268 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 10 цагийн албадан сургалтад хамруулж 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх зөрчлийн хэргийн хохирогч Ж.Б нь Б.Б-д зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Х аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч нь 2024 оны 06 дугаар сарын 24, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд 67,024 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.
...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дзх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан байна.
Иймд хариуцагч Б.Боос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 67,024 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын Е газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь сум дундын П-ын газар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 67,024 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.
П-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “п төрийн ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “п төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус заасны дагуу Х аймгийн Б сум дахь сум дундын П-ын газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хариуцагч Б.Б нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны шөнө 22 цагийн орчимд Х аймгийн Г сумын хөдөө хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Б-ийн эрх чөлөөнд халдан зодсон буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдож, Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/268 дугаартай шийтгэврээр 10 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх зөрчлийн хэргийн хохирогч Ж.Б нь Б.Б-д зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 6 дугаар сарын 24, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд 67,024 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь хэрэгт авагдсан шүүхийн шийтгэвэр, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан баримтаар /хх-ийн 8-12 хуудас/ тогтоогдож байна.
Хариуцагч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 67,024 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Иймд хариуцагч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж заасан ба нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь сум дундын П-ын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.” гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Шүүх Б.Б-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 67,024 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг тал хувиар бууруулж, 2,275 төгрөгийг хариуцагч Б.Б-оос гаргуулж, төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь сум дундын П-ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох 67,024 /жаран долоон мянга хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 2,275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ