| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00026/И |
| Дугаар | 157/ШШ2026/00039 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 157/ШШ2026/00039
2026 01 12 157/ШШ2026/00039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: х банк ХК-ийн Б тооцооны төвийн “С.Т-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х банк ХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн С овогтой Т нь Х Б тооцооны төвөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1430086335 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. С.Т нь тухайн үед Х аймаг Б сум 5-р баг Х тоот хаягт оршин суудаг байсан.
Зээлдэгч нь банктай байгуулсан 1430086335 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч зээлээ төлөөгүй өдрөөс хойш оршин байх хаяг дээр очиж уулзах гэсэн боловч тус хаяг дээр байхгүй, мөн утасны дугаараар холбогдож чадахгүй байгаа. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Сын Тыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Т нь Б Уулын баяжуулах үйлдвэрийн Б цехэд өрмийн механикчийн ажил эрхэлж байсан ба 2025 оны 5 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Эцэг С нь Х 5 дугаар багт амьдардаг гэх боловч уг хаягт С болон Т нар амьдардаггүй. Банкинд тэмдэглүүлсэн утасны дугаар нь холбогддоггүй. Түүний фэйсбүүк хаягаар нь харьцахад хариу өгдөггүй. С.Т-ыг багийн Засаг даргаас нь тодруулахад гадаад улсад явсан гэсэн хариу албан бичиг өгсөн. Тэрээр гадаад улсад амьдарч байгаа бол аль улсад амьдарч байгаа, хэзээ явсан болон хэзээ ирэх нь мэдэгдэхгүй байгаа юм. С.Т нь одоо банкинд 6,451,520 төгрөгийн үлдэгдэл байгаа юм. Тиймээс эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү ...” гэв.
3. Хүсэлт гаргагч байгууллагаас:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3 дугаар хуудас/
-Итгэмжлэл /хх-ийн 4, 6 дугаар хуудас/
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5 дугаар хуудас/
-Барьцаат зээлийн гэрээ, дансны хуулга /хх-ийн 7-24 дүгээр хуудас/
-Х аймгийн Б сумын Х багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2.х банк ХК-ийн Б тооцооны төв нь “Сын Тыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар х банкХК нь зээлдэгч С.Ттай 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №1430086335 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон, одоо 6,451,520 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болон иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Тын оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэх үйл баримтууд тогтоогдож байна.
5.С.Т нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.”, 62 дугаар зүйлийн 62.1.3-т нэхэмжлэлд “хариуцагчийн овог, нэр, эцгийн нэр, хаяг”-ийг тусгана гэж тус тус заажээ.
7.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Тын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад “Б овогт Сын Т /РД:СЩ0000/ нь ам бүл 1. Х аймгийн Б сумын Х 5 дугаар баг багт бүртгэлтэй боловч Гадаад улсад оршин суудаг болохыг тодорхойлов.” гэжээ.
Дээрх бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр Б овогт Сын Тын оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй, тодорхойгүй байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэж заажээ.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлт бүхий нэхэмжлэлийг хангаж, С.Т-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Х аймгийн Цагдаагийн газрын Б сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
9.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СЩ99020111 регистрийн дугаартай Б овогт Сын Т нь Х аймгийн Б сумын 5 дугаар баг Х багт оршин суух бүртгэлтэй, гадаад улсад амьдардаг гэх мэдээллийг хүсэлт гаргагчид багийн Засаг дарга албан бичгээр өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар СЩ0000 регистрийн дугаартай, Б овогт Сын Тыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Т-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Х аймгийн Цагдаагийн газрын Б сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч х банкХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ