| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0372/Э |
| Дугаар | 390 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,
шүүгдэгч Д.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У х- овогт Д-гийн Н-од холбогдох эрүүгийн 1810012150410 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4-р ……… тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, У х- овогт Д-гийн Н- /РД: ………./
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Д.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ……….. тоотод хохирогч Б.Б-тай маргаан үүсгэж, улмаар түүнийг лоомоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1810012150410 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Н-ыг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Д.Н- нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 16-669 тоотод хохирогч Б.Б-тай маргаж улмаар түүнийг лоомоор цохиж биед нь “…зүүн гарын богтос ясны зөрөөтэй далд хугарал, доод эрүүний шарх, 3 шүдний сулрал бүхий” хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Б-ын “… Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн үед өөрийн эзэмшлийн машины хаалганд замаска хийхээр Н-ын гэрт нь очоод “ажилд туслаад өгөөч” гэж хэлээд түүнийг гэрээс нь аваад гарсан. Мөн Батнааг дагуулаад хамт авч явсан. Манай хашаанд ирж миний эзэмшлийн “Ниссэн Вингрөүд” маркийн машины хаалганд замаска хийсэн. Тухайн үед Батнаа намайг “нэг шил архи авчих, одоо ажил дуусч байна” гэхээр нь “тэгье” гээд дэлгүүрээс 0,75 литрийн савлагаатай “Ерөөл” архи нэг шилийг авсан. Миний авчирсан архийг Батнаа, Н- нар хувааж уусан. Би машинаа бариад явна гээд архинаас уугаагүй. Дахин нэг шил архи авч өгсөн. Ингээд нийтдээ 3 шил архийг тэр 2 хувааж уучихаад гэртээ харина гээд явцгаасан. Хэсэг хугацааны дараа Н- ирээд миний машины цонхыг нүдээд хагалах гээд байхаар нь “чи яах гэж байгаа юм бэ” гэхэд “миний утсыг аваад ир” гээд лоомоор миний баруун талын шанаа хэсэгт цохисон. Дараа нь дахин нэг удаа далайгаад цохих гэхээр нь би зүүн талын гарын шуу хэсгээрээ хаасан. Тэгтэл миний машины арын шилийг хагалаад хашааны хаалгыг гадна талаас нь төмөр утсаар уячихаад яваад өгсөн. … Н- намайг лоомоор цохиж дээрх гэмтлүүдийг учруулсан. … Миний машины арын шил хагарсан ба Н- 100.000 төгрөгөөр засаж өгсөн. … Н- намайг цохих үед би газарт унасан. Энэ үед миний эрүүний доод хэсэгт гэмтэл учирсан байх гэж бодож байна…гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 31-34-р хуудас/,
Гэрч Ж.Б-ын “… 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10-11 цагийн үед Болдбаатар манай гэрт орж ирээд “Миний машиныг янзлаад өгөөч” гэсэн. Н-ыг багажтай нь хамт аваад “явъя” гэж хэлээд Болдбаатар Н- бид 3 хамтдаа Болдбаатарын хашаа руу явсан. Болдбаатарын машинд замаска тавьж янзалсан. Уг ажлыг хийж байхад Болдбаатар дэлгүүрээс 0,75 литрийн савлагаатай архи авчирсан. Тэр архийг задлаад Болдбаатар 3 удаа уусан, харин үлдсэн архийг нь Н- бид 2 хувааж уусан. Би машины зүүн талд хаалганы доод талын хормой засаад хэвтэж байсан. Харин Болдбаатар Н- хоёр машины баруун талд машинд юм хийж байсан. Гэтэл юм хагарах чимээ гарахаар нь босоод хартал Н- нь Болдбаатарын машины салхины арын шилийг хагалсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч Л.Э-ын “… 2018 оны 05 дугаар сарын 10-ны өглөө нөхөр бид хоёрыг гэртээ унтаж байхад хүргэн ах Болдбаатар ирээд нөхөр Н-ыг “машины хаалга янзлаад өгөөч, ажилтай юм уу” гэхэд Н- “одоохондоо ч ажилгүй л дээ” гэж хэлсэн. Тэгээд Б.Б- ах манай гэрээс гараад явсан. Удалгүй эгч Эрдэнэчимэгээр дуудуулаад байхаар нь би нөхрийгөө гаргаагүй. Хэсэг хугацааны дараа дахиад Б.Б- ах өөрөө орж ирээд нөхрийг “юм хийгээд өгөөч” гэж хэлэхэд нь Н- ажлын хувцсаа өмсөөд гарсан. Би уурлаад “нийлэхээрээ л архи уудаг” гэж хэлсэн. Тэгээд Б.Б- ахын хашаанд очоод машин засна гэж хэлээд явсан. Орой 17-18 цагийн үед Н- гэртээ ганцаараа согтуу орж ирэхээр нь “архи уулаа” гээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Хэсэг хугацааны дараа Н- гэртээ орж ирэхдээ “Би Болдбаатартай зодолдчихлоо” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,
Гэрч Л.Б-ийн “… 2018 оны 05 дугаар сарын 10-ны өглөө манай нөхөр “хашаандаа очиж машинаа янзална” гэж хэлээд гарсан. Дүү Л.Эрдэнэжаргал над руу залгаад “Ирж нөхрийгөө ав” гэхээр нь юу болсон талаар асуухад “Д.Н-, Б.Б- хоёр архи уугаад зодолдсон” гэж хэлсэн. … Нөхөр Болдбаатар баруун хацартаа оёдол тавиулсан, зүүн гарын шуу хэсэг нь хугарсан байсан. Мөн машины шил хагалсан гэж хэлж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/,
Гэрч Л.Б-ы “… 2018 оны 05 дугаар сарын 10-ны орой төрсөн дүү Л.Эрдэнэжаргал над руу залгаад “Н- архи уугаад Болдбаатар ахын гарыг хугалсан байна, Болдбаатар ах цагдаад өгөөд, эрүүлжүүлэхэд орсон байна” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6565 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Б-ын биед зүүн гарын богтос ясны зөрөөтэй далд хугарал, доод эрүүний шарх, 3 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх зүүн гарын богтос ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хуучивтар гэмтэл байна. /хх-ийн 56-р хуудас/,
Шинжээч Б.У-ийн “… Б.Б- нь шүүх эмнэлэгт хэрэг учрал болсноос хойш 11 хоногийн дараа үзүүлсэн. Б.Б-т учирсан зүүн гарын богтос ясны зөрөөтэй хугарал, доод эрүүний шарх, 3 шүдний сулрал гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7 хоног түүнээс дээш хоног болсон гэмтлийг хуучивтар гэмтэл гэдэг юм. Зүүн гарын богтос ясны зөрөөтэй хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, доод эрүүний шарх, 3 шүдний сулрал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүнд учирсан гэмтлээс болж шүд суларсан байж болно. Зүүн гарын богтос ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл нь ямар нэгэн зүйлээр цохиход үүсгэгдэнэ. Гараар цохиход үүсгэгдэх боломжгүй. Харин унахдаа ямар нэгэн хатуу зүйл цохиж унахад үүсгэгдэж болно. Доод эрүүний шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин овтеркаар цохиход үүсгэгдэхгүй, гараар цохиход үүсгэгдэж болно…гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-65-р хуудас/,
Шүүгдэгч Д.Н-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/,
Шүүгдэгч Д.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Болдбаатар ах намайг “машины замаска тавиад өгөөч” гэхээр нь хийж өгөхөөр болсон. Намайг гэрээс гарч ирэхэд Болдбаатар ах манай хөрш айлын ах Батбаярыг дагуулаад гарч ирсэн. Болдбаатар ах гэрээс гарахдаа лоом авч гарсан бөгөөд тухайн лоомоор машиныг нь хөшиж янзлах гэж байсан юм. Болдбаатар ахын хашаанд очиж бид гурав машиныг нь засаж янзалсан. Машин засаж байх хугацаанд Болдбаатар ах 2 шил архи авч өгсөн. Тэр архийг Батбаяр бид гурав хувааж уусан. Би Болдбаатар ахтай маргалдаад уурандаа машиных нь цонхыг хагалсан. … Би гэртээ очтол эхнэр намайг “Болдбаатар ахтай архи уулаа” гэж хэлээд уурлаад байхаар нь Болдбаатар ахын гэрээс лоомоо авах гээд буцаж гараад очсон. Болдбаатар ах машин дотроо унтаж байсан. Болдбаатар ахыг эхнэрээ зодоод байдаг болохоор өөртэй нь таагүй харьцвал хэдэн жилдээ юм дуугардаггүй юм гэж бодоод Болдбаатар ахыг сэргээгээд утсаа нэхэж уурласан. Бид 2 маргалдаж машин руу цохих гээд газар байсан лоомыг аваад далайсан. Тэгтэл Болдбаатар ах “миний машиныг битгий цохь” гээд урдуур гараараа хаахад түүний гарын шуу хэсэгт нь оносон…гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Н-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.
Хохирогч Б.Б-ын биед учирсан “зүүн гарын богтос ясны зөрөөтэй далд хугарал, доод эрүүний шарх, 3 шүдний сулрал бүхий” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Д.Н- лоомоор цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж буй шүүгдэгч Д.Н-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж шүүгдэгч Д.Н-од ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Н-ын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Б- нь “миний машиныг засаж, эмчилгээний зардал өгсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 90-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метрийн урттай төмөр лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. У х- овогт Д-гийн Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н-од мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Н- нь хохирогч Б.Б-т 300.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метрийн урттай лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Н-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР