Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/432

 

    

 

 

 

 

 

  2025             04             10                                         2025/ДШМ/432

 

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.Х,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-д холбогдох 2408016250906 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ийн Б-, 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Талх чихэр” ХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Д.Б- нь согтуурсан үедээ 2024 оны 4 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, 48 дугаар байрны 58 тоот гэртээ хамтран амьдрагч, хохирогч Б.Хыг биеэ хамгаалах чадваргүй байхад нь өөрийн найзтайгаа хардаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 194.762 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Б.Х нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Д.Б- нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ өөрийн хамтран амьдрагч Б.Х болон Б.Б нартай гэмт хэрэг болсон өдөр гэртээ 3 уулаа нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар шүүгдэгч Д.Б- хажуу талын өрөөнд орж гар утсаа цэнэглэж байхад хамтран амьдрагч Б.Х болон Б.Б нар үлдсэн өрөөнөөс юм газар унах чимээ гараад байхаар нь хажуу талд байрлах өрөөнд ороход хамтран амьдрагч Б.Х болон Б.Б нар бэлгийн харьцаанд орж байсан хэмээн мэдүүлдэг. Цаашилбал Б.Б өмдөө татаад гэрээс гарч зугтаасан гэдэг ба түүний хамтран амьдрагч Б.Х тагт руу гүйж шүүгдэгч Д.Б-аас холдсон гэдэг бөгөөд шүүгдэгч Д.Б- тухайн цаг мөчид хохирогч Б.Хын биед халдаж түүнийг алгадаж хөнгөн хохирол учруулсан байдаг. Шүүгдэгч Д.Б- болсон үйл явдлыг тогтвортой мэдүүлдэг ба гэм буруу, зүйлчлэлийг талаар маргадаггүй болно. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг анхаарч авч үзвэл шүүгдэгч Д.Б- хүндээр доромжлогдсоны улмаас тус гэмт хэрэгт холбогдсон үйл баримт тогтоогддог. Шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн тогтоогддог ба дээрх нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэх хууль заасан нөхцөл байдлууд билээ. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн авч үзэх нөхцөл байдал тогтоодоггүй болохыг дурдаж байна. Иймээс давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч Д.Б- гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байна.” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “залуу хүний ирээдүйг бодоод эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэж байна. Ямар ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул прокурорын хувьд үүн дээр хэлэх зүйл байхгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг хохирогч Б.Хыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1000 нэгжээр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Д.Б- нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, 48 дугаар байрны 58 тоот гэртээ хамтран амьдрагч, хохирогч Б.Хыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж өөрийн найзтайгаа хардаж зодсоны улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :      

- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03-04/,  

- хохирогч Б.Хын “…2024.04.23-нд нөхөр Б-, найз Бэлгүтэйгийн хамт гэрт ирээд, 0,75 Х нэртэй архинаас 2-ыг бид хамтдаа уусан...Ууж байгаад манай нөхөр 00 ороод ирье гээд явсан тэр үед манай нөхрийн найз Бэлгүтэй миний хажууд ирж суугаад миний хөхний даруулга дотуур гараа хийхэд нь Бэлгүтэйг цаашаа түлхээд “би танай найзын эхнэр, чи ингэж болохгүй” гэж хэлсэн чинь над руу дайрсан, хэсэг хугацаанд юу болсон талаар би санахгүй, нэг ухаан орсон чинь манай нөхөр Б- миний дээр гарч нүүр хэсэгт гараараа цохиод байсан, тухайн үед би өмдтэй байсан, би нөхрөөсөө зугтах гээд том өрөөний ширээн доогуур ороход Бэлгүтэй Б-ыг цааш болгоод удаагүй цагдаа ороод ирсэн...тухайн үед ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй, биед учирсан гэмтлийг Б- учруулсан...” гэх мэдүүлэг /хх-11, 13, 16, 133/,  

- гэрч Б.Бгийн “...бид 3 юм ярьж сууж байгаад гэрийн ойролцоох дэлгүүр орж 0.75  граммын нийт 5 шил архи авч Б-ын гэрт хувааж уусан, бид 3 нилээн согтчихсон байсан, Б- гар утсаа цэнэглэнэ гээд жижиг өрөө рүүгээ явсан бөгөөд тухайн үед Хонгорзул том өрөөний буйдан дээр хэвтээд өгөхөөр нь би гал тогооны өрөө рүү ороод, буцаад нойл орох гээд явж байхад Б-тай таарсан бөгөөд Б- том өрөө руу ороод Хонгорзултай маргалдаад байхаар нь орсон чинь Б- Хонгорзулын нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа алгадсан, салгах гээд Б-ын араас татахад Б- эргээд хараад миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа алгадсан, би гараад явчихсан, тухайн үед би Хонгорзултай хэрэлдэж маргалдсан, бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18/,

- шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг“…Б.Хын үтрээний наалдац, арчдаст эр бэлгийн эс илрээгүй байна, бэлэг эрхтэн, хошногонд гэмтэл тогтоогдсонгүй, Б.Хын баруун шанаа, хацрын гадна хэсэг, зүүн нүдний зовхи, хацар, шанаа хэсэг, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний дэлбэн, эрүүний баруун дор, хүзүүний баруун урд хэсэг, зүүн бугалгын гадна доод хэсэг, шууны гадна тал, хоёр далны хооронд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт цус хуралт, баруун шууны гадна дээд, бүсэлхийн баруун хэсэг, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-26, 137/,   

- шүүгдэгчийн”...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-20-21, 71/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.        

Тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай зэрэг нотолгооны шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.     

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлийг шүүгдэгчээс өөр этгээд учруулаагүй, мөн өөр бусад шалтгаанаар тухайн гэмтэл үүсээгүй болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд, тэд тухайн шөнийн цагт  согтууруулах ундааны зүйлс бага бусаар хэрэглэсэн, улмаар найз гэх Б.Б нь хамтран амьдрагч Б.Хынх нь бие, эрхтнийг оролдсон гэх буюу Д.Б-д хардах нөхцөл байдлыг үүсгэсэн байх боловч энэ байдал нь шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн дээрх гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэлд хамаарахгүй байна.    

Харин шүүгдэгчийн өгсөн“...Бэлгүтэй манай эхнэрийн дээр гараад хэвтчихсэн манай эхнэртэй бэлгийн харьцаанд орж байсан...” гэх мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтын эх сурвалжаар нотлогдож тогтоогдоогүй болохыг тодотгож байна.      

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан буюу түүний эрх зөрчигдөөгүй, харин шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтээсэн болохоо зөвшөөрсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй.    

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.        

4. Иймд, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан ”ялаас чөлөөлүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧ                                                          М.АЛДАР

 

  ШҮҮГЧ                                                          Г.ГАНБААТАР