Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Г.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Г-ын Х-ад холбогдох эрүүгийн 1810014030449 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо ……. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Г-ын Х- /РД:……./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Х- нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 17 дугаар гудамжинд иргэн Я.Н-ыг “эмэгтэй хүн дуудлаа” гэж маргалдан улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1810014030449 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Х-ыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Г.Х- нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 17 дугаар гудамжинд иргэн Я.Н-ыг “эмэгтэй хүн дуудлаа” гэж маргалдан улмаас түүнийг зодож биед нь “…зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шодойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Я.Н-ын “… 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед дүү Ганбаттай барилга дээр ажиллах хүмүүс цуглуулахаар Доржийн гэрийн гадаа очоод дуудсан боловч гарч ирээгүй. Би бие засах гээд далан дээр зогсож байхад хажуугаар 2 эмэгтэй явсан. Гэтэл далангийн чулуу нурж нөгөө 2 эмэгтэй цочоод “чи яах гэж байгаа юм бэ” гэхээр нь гайхаад “яасан бэ” гэхэд цоохор цамцтай эмэгтэй нь “буугаад ир” гэхээр нь яваад очтол араас нь дагаж явсан машинтай 2 залуу гарч ирээд үгийн зөрөөгүй миний давсаг хэсэг рүү өшиглөөд нүд рүү цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/,

 

Гэрч С.Г-ын “… Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт ажиллаж байсан Доржоогийн гэр рүү ах Нямбаярын хамт явсан. Гэрийнх нь гадаа ирээд Нямбаяр ах “Доржоо” гээд дуудсан боловч гарч ирэхгүй байсан. Нямбаяр ах “бие засаад ирье” гээд цаашаа алхаж байх шиг байсан. Тэр үед би машин дотор чихэвчээр дуу сонсоод сууж байсан ба намайг дуудах шиг болохоор нь машинаас гараад хартал Нямбаяр хоёр  эрэгтэй хүнд зодуулж байхаар нь очтол гарандаа шивээстэй залуу Нямбаяр ахыг боогоод цохиод байсан. Би тэр хоёрыг салгаад байж байтал Нямбаяр ах “намайг цохьчихлоо ш дээ” гээд байхаар нь гэрэл тусгаад харахад зүүн нүд нь хавдсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Гэрч Э.Н-ийн “… Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны орой Яармагт Очироогийн гражийн хажууд Уртаа, Байгалиа, Х-, Х-ын дүү нарын хамт Х-ын машин засдаг гражийг эргэхээр явсан.  Х-ын дүү машин жолоодож явсан ба бид хүний нэг нэг 0,5 литрийн пиво уусан. Х-ын ажил дээр очоод буцаад Жаргалантын 17 дугаар гудамжинд явж байхад Уртнасан, Байгалиа хоёр “бие засаад ирье” гээд машинаас буугаад ирэхгүй удаад байхаар нь Х- бид хоёр араас очиход нэг танихгүй залуутай хамт зогсож байсан. Тэр залуугаас “яасан, юу болсон бэ” гэж асуусан. Гэтэл Х- тэр залуутай маргалдаад барьцалдаж авсан. Тэр хоёр ноцолдож байгаад нөгөө залуу Х-ын дээр нь гараад нүүр рүү нь нэг удаа цохиход Х- зөрүүлээд цохисон. Харанхуйгаас нэг залуу ирээд нөгөө залуу салгаж, би ч Х-ыг салгаад машин руу аваад явж байхад араас Х-тай муудалцсан залуу ирээд Х-ын зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

Гэрч Б.У-ийн  “… Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 29 дүгээр гудамжинд Байгалиа, Нямхүү, Х-, Очироо нартай уулзаад Х-ын гражийг эргэхээр Яармагийн шинэ эцэс рүү явсан ба замдаа дэлгүүрээс хүн бүр нэг, нэг 0,5 литрийн пиво авч уусан. Гражийг нь эргэчихээд буцаад явж байхдаа Байгалиа бид хоёр бие засахаар машинаас буугаад баруун зүг рүү явж байхад харанхуйгаас нэг залуу “хөөе хоёроо” гэж 2-3 удаа дуудахаар нь “юун хүн бэ” гэхэд танихгүй залуу харанхуйгаас гүйж гарч ирэхээр нь Байгалиа бид хоёр холдоод 1 метрийн зайд зогссон. Тэр залуугаас “яасан бэ” гэж асуугаад зогсож байхад араас хамт явж байсан Нямхүү, Х-, Очироо нар машинтай ирсэн. Нямхүү, Х- хоёр машинаас бууж ирээд Х- тэр залууг “чи хэн юм бэ” гэхэд “энэ хоёр эмэгтэй чинь намайг дуудсан” гэхээр нь “чи яасан худалч юм бэ, би чамайг дуудаагүй, чи харанхуйгаас бид хоёрыг дуудсан” гэхэд Х- “чи яагаад худлаа яриад байна” гээд хоорондоо маргалдаад заамдалцаад авсан. Тэр үед нөгөө залуу Х-ын нүүр рүү нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7090 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Я.Н-ын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шодойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/,

Шүүгдэгч Г.Х-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/,

Шүүгдэгч Г.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Нямхүү, Очирбат, Уртнасан, Уртнасангийн найз нарын хамт Хан-Уул дүүргийн Жаргалантын 17-р гудамжны ард өөрийн гражийн гадаа тавьсан машиныг очиж шалгаад буцах замдаа Уртнасан, түүний найз хоёр бие засахаар машинаас буугаад ирэхгүй удахаар нь Нямхүү бид хоёр араас нь очиход нэг залуу хажууд нь зогсож байсан. Би “хэн бэ, юун залуу вэ” гэхэд Уртнасан “энэ залуу бид хоёрыг дуудаад байсан” гэхээр нь “чи харанхуй шөнө бие засах гэж байсан эмэгтэй хүмүүсийг яах гэж дууддаг юм бэ” гэхэд тэр залуу “би дуудаагүй, наад хоёр эмэгтэй чинь өөрсдөө дуудсан” гэхээр нь “яахлаараа эмэгтэй хүн чамайг дууддаг юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр харилцан бие биенийгээ заамдаад зууралдаж байхад би газар унасан. Тэр залуу миний зүүн нүд рүү цохиход би зөрүүлээд нүүр рүү нь цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Я.Н-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Х-ын цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Г.Х- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Я.Н- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 66-р хуудас/ 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаартай прокурорын саналаар Г.Х-ад холбогдох эрүүгийн 1810014030449 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Г.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Х- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Г.Х-ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Г.Х-ын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Я.Н- нь “...шүүгдэгч Г.Х-аас хохиролд 200.000 төгрөг авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг прокурорын шатанд гаргасан байх тул шүүгдэгч Г.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.