Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/ма2018/01123

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Наранбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21ий өдрийн 182/ШШ2018/00551 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Наранбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 690 428 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай  иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.Наранбаатар шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие Г.Наранбаатар нь өөрийн эхнэрээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхийг түүний бие муу хэвтэрт байхад шилжүүлэн аваад энэхүү нэхэмжлэл гаргаж байна. Одоо эхнэр маань бурхан болсон. Талийгаач эхнэр Б.Болормаагийн гаргасан Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 926 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 778 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3116 дугаар шийдвэр гарснаас хойш ажил олгогч буруу тушаал гаргаж, улмаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж, ажил үүргээр хангахгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6350 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1480 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар тогтоолоор тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг зохих ёсоор биелүүлээгүй, эхнэрт маань Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажлыг хүлээлгэн өгөөгүй байж дахин үндэслэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/191 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж хохироосон.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргахад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, эхнэрийг маань хорт хавдартай өнөө маргаашгүй өнгөрлөө гэж сонсоод хариуцагчаас дээрх шийдвэрийн дагуу цалин хөлс болох 6 000 000 гаруй төгрөгийг шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дахин анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш шаардах эрхээ шилжүүлэн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн байгаа. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д заасны дагуу төлөөлөх эрх дуусгавар болсон гэж үзэж байна. Хууль ёсны өв залгамжлагч нь шаардах эрхтэй гэж үзэх юм бол шаардах эрх үүсээгүй гэж харагдаж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргаас  10 690 428 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 186 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: ...Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ, 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана гэж тус тус заасан бөгөөд Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон төлөөлөх эрх дуусгавар болохыг заасан. Иймээс нэхэмжлэгч Г.Наранбаатар нь ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлж 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Наранбаатар нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 690 428 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах гэж тодруулсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01290 дугаар шийдвэрээр Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас түүний ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 6 681 517 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан баримт авагдсан байна. /хх 42-49/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Б.Болормааг ажилд нь эгүүлэн томилоогүй буюу хууль бусаар ажлаас чөлөөлсөн үр дагаврыг арилгаагүй болохыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд түүнийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нас барах хүртэл эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байжээ.

 

Г.Наранбаатарт 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хэлцлээр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 690 428 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас шаардан гаргуулах шаардах эрхээ шилжүүлж, уг хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн баримт хэргийн 4 дүгээр талд авагджээ. Иймд нэхэмжлэгчийг эрх шилжүүлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Шүүх Б.Болормаагийн ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй тэнцэх нөхөн олговорт 10 690 428 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21ий өдрийн 182/ШШ2018/00551 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН