| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00001/И |
| Дугаар | 137/ШШ2026/00029 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 137/ШШ2026/00029
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Х ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ш-т холбогдох зээлийн 24,773,159.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .. байрлах, Х ХК /ХХД:.., РД:.., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогтой Ш нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Х б-тай 1390089383 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 38,700,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Б овогтой Ш-ын Х дахь 5005577149 дугаартай дансанд 2024 оны 09 дугаар сарын 04-ны өдөр 38,700,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 09 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 97 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390089689 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 23,695,410.79 төгрөг, зээлийн хүү 1,048,548.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,200.14 төгрөг, нийт 24,773,159.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 24,773,159.25 төгрөгөөс тооцож 281,816 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн болно.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум ..-р баг, .. тоотод оршин суух, Т овогт Б-ийн Ш /РД: ..., утас:../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б-ийн Ш нь Х ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 24,773,159.25 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ш нь зээлийн гэрээний үүрэгт 24,773,159.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ш-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 24,773,159.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ш нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,816 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 140,908 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 140,908 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Ш нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б