Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/433

 

 

 

 

 

 

 

2025           04             10                                              2025/ДШМ/433

 

д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-, түүний өмгөөлөгч Э.Оргил,

шүүгдэгч И.Л, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/457 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлоор И.Лд холбогдох 2403008661078 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Я овогт И-ын И.Л, 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:... /;

Шүүгдэгч И.Л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамж Бадрангуй төвийн урд замд Тоуоtа prius маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл. 5.3 ...бүдэг асдаг болсон/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-г мөргөсний улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: И.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч И.Лг тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Лг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 02 жил 08 сарын /хоёр жил найман сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Лд биечлэн эдлүүлэхээр тогтоосон 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, И.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Лд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-д оршуулгын зардалд 22.300.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч И.Лгаас оршуулгын зардалд 6.840.649 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 99.000.000 төгрөг, нийт 105.840.649 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-гийн нэхэмжлэлээс 6.865.953 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжилсэн 4.888.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч И.Лгаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч И.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.Л нь зам тээврийн осолд холбогдсон үеэс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, анх удаа хөнгөн гэмт хэргийг болгоомжгүй, санамсаргүйгээр үйлдсэн байдлыг харгалзан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан 02 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч И.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйл байхгүй. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч талаас бид нартай ирж уулзаагүй. Хохирлоо барагдуулаагүй. Сэтгэл санааны хувьд хүнд байна. Маш их гомдолтой байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч И.Лд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байсан. Учир нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирлыг төлж барагдуулаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч И.Лд 2 жил 8 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах байсан гэж байна. Гэвч нас бараагүй амьд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилдог.

Хохирогч нас барсан бол хохирогчийн ар гэрийнхэнд учирсан сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар тооцож олгохоор заасан. Үүний дагуу шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч И.Лгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Хор уршиг арилаагүй байна гэж үзсэн. Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөх аргачлалд зааснаар хохирогч нас барсан бол хүн амын дундаж наслалт, эсхүл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох буюу аль ашигтайгаар тооцно гэж заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 99.000.000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Уг шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Лд холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч И.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 

Тодруулбал, шүүгдэгч И.Л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамж Бадрангуй төвийн урд замд Тоуоtа prius маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо  Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.., 3.4. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч Д.Б-г мөргөсний улмаас амь нас нь хохирсон болох нь :   

- Зам тээврийн ослын талаарх дуудлагын лавлагааны хуудас /1хх-04/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-5-13/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Бичлэгийн 01:09 секундэд зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явган хүний гарц руу ойртон ирж байсан суудлын тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хасалгүйгээр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрлээр явган хүний гарцыг нэвтэрч, явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж байгаа харагдана...” гэсэн тэмдэглэл /1хх-20/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-гийн “...тухайн өдрийн 19 цаг 30 минутын орчимд би ээжийн гар утас руу залгахад утсаа авахгүй байсан, бага дүү руу утсаар залгаж асуухад утсаар холбогдоогүй гэж хэлсэн... Гэтэл миний гар утас руу замын цагдаагаас залгаад хүрээд ир гэсэн, ээжийгээ зам тээврийн осолд орж нас барсан байна гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1xx-26/,

- гэрч Г.Сайнбаярмаагийн “...тэр үед тэр машин тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрлээр явган хүний гарцийг нэвтрэх үедээ миний өөдөөс буюу хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байсан 60 орчим настай, эмэгтэй, явган зорчигчийг маш хүчтэй мөргөөд зогссон, жолооч нь 30 орчим насны эрэгтэй хүн байсан ба мөргөсөн машин нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан улсын дугаарыг нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-67/,

- хохирогч Д.Бадамцэцэг хүнд, олон тооны гэмтлийн улмаас нас барсан талаарх шинжээчийн дүгнэлт /1хх-78-81/,

- мөрдөгчийн магадлагаа:“...А.Явган зорчигч Д.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. “Toyota prius” маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч И.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; , 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл. 5,3 бүдэг асдаг болсон/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” /1хх-147-148/,

- “Toyota prius” маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн зарим шаардлага хангаагүй талаарх автотээврийн үндэсний төвийн “Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв”-ийн шинжээч дүгнэлт /1хх-137-143/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. 

Шүүгдэгч И.Л “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”  гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх зэрэг нотолгооны шалгуурт нийцсэн байх тул түүний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.   

Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан буюу тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 13 дугаар зүйлд зааснаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэгдсэн журмаар тусгайлан зохицуулсан хэм хэмжээний акт” бөгөөд тус шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тийнхүү тогтоогдсон, тус тусгай мэдлэг шаардсан асуудлын хүрээнд эргэлзээ, маргаан бүхий байдал үүсээгүй байна.  

Тодруулбал, шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь  хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.    

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч И.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн, энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх прокурорын санал, дүгнэлтийг тус тус үгүйсгэх боломжгүй гэж үзнэ.  

4. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Тухайлбал, Иргэний хуулийн 230, 508, 511 дүгээр зүйлд заасан үндэслэл, журамд “гэмт хэргийн улмаас хохирогч эсхүл нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүн” нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй байна.

Мөн мөрдөгчид “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” эрх олгогдоогүй, харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн...27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/,...зэрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж хуульчилсан.   

Гэтэл дээр дурдсанаар сэтгэцэд учирсан хор уршиг шаардах эрх бүхий гэр бүлийн гишүүд болон эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах хүрээнд зайлшгүй шаардагдах тусгай мэдлэгийн болон бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх зэрэг ажиллагааг хэрэгжүүлээгүй орхигдуулсан байхад анхан шатны шүүхээс “сэтгэцэд учирсан гэм хор”-ын асуудлыг шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.      

5. Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд: Шийтгэх тогтоолын тогтоох хэсэг дэх сэтгэцэд учирсан хор уршигт хамаарах заалтад өөрчлөлт оруулах буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-гийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хор, бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулж, харин шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/457 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтыгИргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-д оршуулгын зардалд 22.300.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч И.Лгаас оршуулгын зардалд 6.840.649 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-д олгосугай.” гэж өөрчилсүгэй.  

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э- нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хор, бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Б.БАТЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                                       М.АЛДАР

 

                                ШҮҮГЧ                                                        Г.ГАНБААТАР