Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 99

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй, Гаалийн

ерөнхий газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Г.Банзрагч

                                                     Б.Мөнхтуяа

                                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Гаалийн ерөнхий газрын даргад даалгах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Б-Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 45 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г-ыг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2,974,762 (хоёр сая есөн зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран хоёр) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 17 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан тодорхойлсон Гаалийн тухай хуулийн 274.3-т Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан. Б.Г- нь Дархан-Уул аймаг дахь Гаалийн газарт сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан бөгөөд гаалийн байгууллагын бодлогын хүрээнд төрийн тусгай албан хаагчийг Дорнод аймаг дахь Гаалийн газарт томилон ажиллуулах нь Гаалийн тухай хуулийн дээрх заалтаар зөвшөөрөгдсөн, эрх олгосон заалт байсаар байтал давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй /...Гаалийн тухай хуулийн 274.3-т Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.../ тул анхан шатны болон давж заалдах шатны шүүхийг шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т заасныг тус тус үндэслэн Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Б.Г-ыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон, нэхэмжлэгч нь “...төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байх Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ... надаас ямар нэгэн санал, зөвшөөрөл аваагүй, ... тушаалд намайг албан тушаалаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах хууль зүйн үндэслэлийг тусгаагүй” гэх үндэслэлээр маргажээ.

5. Нэхэмжлэлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичгээр гаргасан тайлбартаа: “... хамт олны дотоод уур амьсгал, байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэн Гаалийн ерөнхий газрын харьяа бусад гаалийн газарт Гаалийн тухай хуулийн 274.3-т заасны дагуу сэлгэн ажиллуулсан болно”, анхан шатны шүүх хуралдаанд “... тодорхой мэдээллийг ... үндэслэн албан тушаал бууруулсан гэж надад итгэмжлэл олгосон Гаалийн ерөнхий газрын дарга тайлбарласан, ... тушаалыг 2 утгаар гаргасан, ... захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж сэлгэн ажиллуулсан” гэх, давж заалдах шатны шүүх хуралдаанд “...албан тушаал бууруулаад сэлгэсэн” гэх зэргээр тайлбарлаж, маргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...тушаалд өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл заагаагүй, ... ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдээгүй, хууль зүйн үндэслэл бүрэн тогтоогдоогүй байхад өөр албан тушаалд шилжүүлэн томилж, эрх зүйн байдлыг дордуулсан” гэх дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 45 дугаар зүйлүүдийг зэрэгцүүлэн хэрэглэсэн, харин, давж заалдах шатны шүүх “... тушаалын үндэслэлийг ... сэлгэн томилсон агуулгатай” гэж дүгнэж, уг дүгнэлтдээ Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийг 274.3 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А/106 дугаар тушаалаар баталсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ын зохицуулалтыг үндэслэх хэсэгтээ тайлбарлаж хэрэглэсэн байна.

6. Хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

7. Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох” /гаалийн ерөнхий газрын даргын бүрэн эрх/, 274 дүгээр зүйлийн 274.3-т “гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” /гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг/ гэж зааж, гаалийн улсын байцаагчийг “сэлгэн” ажиллуулахыг уг хуулиар тусгайлан тогтоосон байна.

8. Харин, “сэлгэх” нь хууль зүйн агуулгын хувьд албан ажлын зайлшгүй шаардлагаар ажлын байрыг солих агуулгатай болохоос ажилтны гүйцэтгэх үүрэг, цалин хөлс өөрчлөгдөхгүй, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “сэлгэн ажиллуулж болно” гэснийг эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулан “сэлгэх” агуулгатай гэж тайлбарлах боломжгүй, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан “энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” байх зарчим үйлчилнэ.

9. Мөн, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэсний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна”, 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан байхад албаны даргаар ажиллаж байсан Б.Г-ыг сэлгэн ажиллуулахдаа улсын байцаагчаар томилж эрх зүйн байдлыг нь дордуулсан, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

10. Түүнчлэн, Засгийн газрын 2009 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Гаалийн ерөнхий газрын дүрэм”-ийн 4.8, 4.8.5-д заасны дагуу Захиргааны зөвлөлөөр “гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах” асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр, Захиргааны зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/106 дугаар тушаалаар “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баталсан ба уг журмын 2.1-д “Гаалийн байгууллагын газар зүйн байршил, дэд бүтэц зэргийг харгалзан гаалийн улсын байцаагчийг хамгийн багадаа 6 жилд зайлшгүй нэг удаа ... сэлгэн ажиллуулна” гэж зааснаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан “... Б.Г- нь Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан бөгөөд гаалийн байгууллагын бодлогын хүрээнд Дорнод аймаг дахь гаалийн газарт томилон ажиллуулах нь ... зөвшөөрөгдсөн, эрх олгосон заалт, ... гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан тодорхойлсон гаалийн тухай хуулийн 274.3-т “... сэлгэн ажиллуулж болно гэж заасныг хэрэглээгүй” гэх агуулгатай гомдлыг хүлээж авах боломжгүй.

11. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т-гийн хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхүүд шийдвэр, магадлалын “Тогтоох” хэсэгт шаардлагагүй хуулийн заалт баримталсан байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 45 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д” гэснийг “Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                        Ч.ТУНГАЛАГ