Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 733

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай Г*******ын Э*******,   

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Төр захиргааны ордон, Сүхбаатар дүүргийн Засаг дарга,  

Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, 12-582 тоотод оршин суух хаягтай Д*******гийн Т*******э, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжийн Д.Т*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ******* 700 м.кв газрыг иргэн Г.Э*******ын нэр дээр эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гаргахыг даалгах”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.А, Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд Д.Т*******э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Э******* миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ******* гудамжинд одоо Д.Т*******эд эзэмшүүлээд байгаа газарт 2009 онд газрын албаны н.П гэдэг хүнд үзүүлэхэд энд газар эзэмшүүлж болох газар байна зураглал хийлгэ гээд баримт өгсөн н.П гуайн хэлснээр кадастрын зураглал хийлгэх гэтэл заавал хашаа барьсан байх шаардлагатай гэсэн тул хөрөнгө мөнгөний асуудлаас болоод тухайн үед хашаа барьж чадаагүй юм.

Ингээд 2011 оноос хашаа барьж, 2012 онд дуусгасан хашаатай болсон. Газрын албанаас үе үеийн томилогдсон ажилтныг авч очин үзүүлдэг байсан бөгөөд тухайн үед газар олгох өргөдөл авахгүй байгаа гэхээр нь тайвширсан тал надад бий.

Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Ш” ХХК-иар кадастрын зураглалаа хийлгэсэн байхад ямар нэгэн давхцалгүй байна гээд кадастрын зураг гаргаж өгсөн. Хамгийн сүүлд 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр газар зохион байгуулагч Б.Дг аваачиж үзүүлэхэд одоо газрын өргөдөл авч байгаа гэсний дагуу 2014 оны 5 дугаар сарын 30-нд хүсэлтээ өгөхөд ямар нэгэн давхцал байхгүй гээд хүлээж авсан болно.

Гэтэл 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр кадастрын зураг хийлгэж байсан н.Т гэдэг хүний газрын гэрчилгээ, газар олгох шийдвэр Д.Т*******э гэдэг хүнийх болоод гараад ирснийг ойлгохгүй байна. Миний бие зураглалаа ч, өргөдлөө ч Д.Т*******ээс өмнө өгсөн байхад 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Д.Т******* өргөдөл өгсөн болгон хууль бусаар бичиг баримт бүрдүүлэн тухайн газрыг тодорхой ашиг сонирхлын үүднээс дээрх хүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч дүүргийн Өмч, газрын харилцааны албаар дамжуулан шүүхэд хандахыг зөвлөсөн хариу ирүүлсэн болно.

Иймд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасныг зөрчиж Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжид Боржигон овогт Д*******гийн Т*******эд газар олгож шийдвэрлэсэн нь илт хууль бус болохыг тогтоолгож дээрх хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус дүүргийн 20 дугаар хороо, ******* зусланд иргэн Д.Т*******эд 2014 оны 10 дугаар сард 700 мкв газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн. 

Дээрх нэр бүхий иргэд нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт /Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа/ заасны дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Д.Т*******э нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус тус хүсэлтээ гаргасан. 

Г.Э*******т 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар бусдын эзэмшил газартай давхцсан гэх үндэслэлээр хариу мэдэгдсэн. Иймд дүүргийн Засаг даргын Д.Т*******эд газар олгосон захирамж нь бусдын эрх, ашгийг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө” гэжээ. 

Гуравдагч этгээд Д.Т*******ийн өмгөөлөгч Г.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын өгсөн хариу тайлбарыг дэмжиж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Нэхэмжлэгч Г.Э******* нь Сүхбаатар дүүргийн 29 дүгээр хороо, ******* гудамжинд маргаан бүхий газрыг анх тус дүүргийн газрын албаны ажилтан н.Пд 2009 онд үзүүлж, ямар нэгэн давхцал байхгүй, хэн нэгэн эзэмшиж ашиглаагүй талаар тодруулж авсан бөгөөд зураглал хийлгэ гэсний дагуу 2011 оноос хашаа барьж, газрын албаны холбогдох хүмүүст үзүүлж байсан боловч тухайн үед газар эзэмших гэрчилгээг олгохгүй байгаа гэдэг шалтгаанаар хүсэлтийг зохих журмын дагуу авахгүй байсан.

Улмаар 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Ш” ХХК-иар кадастрын зураглалаа хийлгэхэд маргаан бүхий газарт “ямар нэгэн давхцал байхгүй” байсан. 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн газар зохион байгуулагч Б.Дд уг газрыг үзүүлж нягтлуулахад газар эзэмших эрхийн хүсэлтийг газрын алба хүлээн авч байгаа гэсний дагуу 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүсэлтээ зохих журмын дагуу бүрдүүлж өгөхөд уг газарт давхцал байгаа эсэх талаар маргаан гараагүй, ямар нэгэн давхцал байхгүй гэж миний газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авах хүсэлтийг зохих журмын дагуу хүлээж авсан.

Гэтэл надаас хойш буюу 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Т гэдэг хүний нэр дээр кадастрын зураг /албан ёсны тамга тэмдэггүй, гарын үсэг зурагдаагүй/ хийлгэсэн байхад Д.Т*******э гэдэг хүний нэр дээр миний шударгаар эзэмшиж ашиглаж байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээ гэнэт гарсан нь ойлгомжгүй бөгөөд Д.Т*******э нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр газрын албанд хүсэлт гаргасан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хугацаанд миний эрх, ашиг хохирч зөрчигдөж байгаа талаар надад газрын албанаас юу ч мэдэгдээгүй, би өөрөө огт мэдээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ өөр хүний нэр дээр гарсан, улмаар бидний барьсан хашааг мэдэгдэлгүйгээр нурааж, газар дээр хашаа байшин барихаар завдсан зэрэг миний хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжаар Д.Т*******эд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ******* газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны алба нь хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, зөвхөн гуравдагч этгээд Д.Т*******ээс ирүүлсэн баримтад үндэслэн түүнд тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн маргаан бүхий захиргааны актын “тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулах” зорилго нь биелээгүй, тухайн газарт өөр хүн болон хүсэлт гаргасан иргэн үнэхээр тухайн газраа эзэмшиж, ашиглаж байсан эсэх, нөгөө талаас газрын давхцал байхгүй байсан газрыг эзэмших зорилгоор хамгийн анх хашаа барьж, эзэмшиж байсан боловч тодорхой шалтгааны улмаас газар эзэмших гэрчилгээгээ авч чадаагүй байсан зэрэг үйл баримтыг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, түүнийг шалгаж, тогтоогоогүйн улмаас шударгаар уг газрыг эзэмшиж байсан иргэн Г.Э*******ын хууль ёсны эрх, ашиг зөрчигдөж хохироход хүргэсэн.

Нэхэмжлэгч Г.Э*******ыг тухайн газарт хашаа хатгаж, эзэмшиж эхэлсэн тэр үеэс газрын давхцал байгаа талаар хэн нэгэн этгээд ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй, Газрын албаны холбогдох ажилтан тухайн газрыг нягтлан шалгаж үзээд давхцал байхгүй байгаа талаар дахин дахин нотолж байсан атлаа, Д.Т*******э газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноо хуульд нийцсэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн давхцалгүй байна” гэсэн шаардлагад Г.Э*******ын гаргасан хүсэлт нийцэхгүй гэж үзсэн нь харин ч эсрэгээрээ шударгаар газрыг эзэмшиж, ашиглаж байсан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн явдал болсон.

Түүнчлэн уг захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг тус тус зөрчиж захирамж гаргасан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Г.Э*******ын эзэмшиж, ашиглаж байгаа газрыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, газрын алба гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ түүний гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичиг нь нотлогдож байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй буюу бодит байдал дээр тухайн газрыг хэн хэзээнээс анх эзэмшилдээ байлгаж, ашиглаж байсныг мэдэж байсан атлаа зөвхөн түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан гэсэн үндэслэл зааж, тухайн газрыг эзэмшихийг хүссэн гуравдагч этгээдийн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн баримтад үндэслэсэн нь газрыг эрхийн гэрчилгээгүй боловч шударгаар эзэмшиж байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тэдэнд шударга ёс, тэгш байдлаар хандах зарчмыг хэрэгжүүлээгүй, чиг үүргийн хувьд хариуцагч нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, мөн Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан үйл ажиллагааг журмын дагуу хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Г.Э*******ын эзэмшиж буй газрыг өөр этгээдэд Газрын тухай хууль зөрчиж давхцуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй юм.

Үүнээс гадна хэргийн 40 дүгээр талд авагдсан “Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас”-т Д.Т*******ийн газар эзэмших талбайн хэмжээг 437 м.кв гэж тэмдэглэсэн байхад газрын албанаас 700 м.кв газрыг түүнд эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасныг зөрчсөнөөс гадна, тодорхой ашиг сонирхлын зөрчил байсан гэж үзэхэд хүргэж байна. 

Мөн Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас бөглөсөн огноо нь “2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр” гэж бөглөснийг тухайн кадастрын компанид ажиллаж байсан н.Ж гэдэг хүн “н.Т нэртэй зургийн нэрийг сольж засвар хийлгэхээр Д.Т*******э кадастрын зургийг хийлгэхдээ хугацааг урагшлуулж зураг хийлгэсэн байж магадгүй” гэсэн тодорхойлолт өгсөн нь гуравдагч этгээд шударгаар газрыг эзэмшиж ашиглаж байгаагүйг нотолж байна.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн байхад түүний дээд шатны захиргааны байгууллагад гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг мөн нягталж үзээгүй байх тул гомдолтой. 

Хэрэв зөвхөн газрын албанд бүртгүүлсэн дарааллаар газар эзэмших эрхийг олгодог бол газрын гэрчилгээгээ авч амжаагүй байгаа иргэний газарт кадастрын зураг гаргуулж, эзэмшигчээс нь өмнө зөвхөн бүртгүүлэх замаар үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн хууль бус үйлдэл газар авах бөгөөд энэ байдлыг өөгшүүлж байгаа хариуцагчийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 

Нэгэнт нэхэмжлэгч тус газрыг гуравдагч этгээдээс өмнө эзэмшиж, ашиглаж байгаа нь үндэслэлтэй, нөгөө талаас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, газрын алба нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохыг хүссэн Г.Э*******ын хүсэлтийг шийдвэрлээгүй, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа тул, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжийн Д.Т*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ******* 700 м.кв газрыг иргэн Г.Э*******ын нэр дээр эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх замаар тодруулж байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбартаа: “..Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ******* зусланд байршилтай Х-5324691., Ү-649385. тоот координаттай газарт иргэн Д.Т*******э 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өргөдөл хүсэлт гаргаж манай албанд Б14052 дугаарт бүртгүүлсэн байна.

Иргэн Г.Э******* нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус газарт өргөдөл хүсэлт гаргаж Б-140530043 дугаарт бүртгүүлсэн байна. Газар зохион байгуулагч миний бие тухайн газрыг бодит байдал дээр нь очиж үзэж шалгахад модон хайсан хашаатай байсан ба тус газрыг иргэн Д.Т*******э өөрийн биеэр, иргэн Г.Э*******ын эгч Г.Э очиж үзүүлсэн. Мөн тус газарт иргэн Ж.Э, С.Я нар нь дараагаар хүсэлт гаргахад өргөдөл хүсэлтийг хүлээн авч эдгээр иргэдийг бүгдийг цуглуулан анх модон хайсан хашааг хэн барьж байсныг тодруулахад бүгдээрээ манайх барьсан гэх маргаан үүссэн.

Тус иргэд бүгд дүүргийн Газрын албанд урд онуудад хүсэлт гаргаж байсан хэмээн маргалдахад миний зүгээс урд онуудад хүсэлт гаргаж байсан тухай ямар нэгэн нотлох баримтыг баримтжуулан авч ирсэний үндсэн дээр нотлох баримтыг үндэслэн анх хэн нь хүсэлт гаргаж байсан тэр иргэнд шийдвэрлэх тухай маргалдагч иргэдэд хэлж тодорхой шаардлагыг тавьсан.

Гэвч энэ хугацаанд шаардлагын дагуу тухайн иргэдээс нотлох баримтыг ирүүлээгүй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар иргэн Д.Т*******эд дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн.

Иргэн Г.Э******* нь өөрийн эзэмшиж ашиглаж байсан гэх тус газарт дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа барьсан бөгөөд мөн тус газар дээр иргэн Ж.Э, С.Я нар нь хашаа барьсан баримтыг бүрдүүлэн /фото зургаар баримтжуулсан/ тус албанд өргөдөл хүсэлт гаргасан байдаг. Иймд дээрх иргэд нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтуудыг тус тус зөрчин хууль бусаар газар эзэмшиж байгаа болно.

Иймд Д.Т*******эд дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжаар баталгаажсан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Т*******эд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ******* гудамжинд 700 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгосон байна. 

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э “дээрх захирамжийн Д.Т*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ******* 700 м.кв газрыг иргэн Г.Э*******ын нэр дээр эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Шүүх талуудын газар эзэмших хүсэлтийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд маргаан бүхий захирамжийн хувьд захиргааны актын шинжийг агуулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...маргаан бүхий газар дээр 2011 оноос хашаа барьж, газрын албанд хандаж байсан боловч тухайн үед газар олгох өргөдөл авахгүй байсан. Гуравдагч этгээд Д.Т*******э манайхаас түрүүлж өргөдөл өгөх боломжгүй, газрын албанаас асуухад тус газрыг эзэмшсэн хүн байхгүй байна гэж байсан...” гэж маргаж байгаа боловч шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Г.Э******* тухайн газар дээр 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Ш” ХХК-иар кадастрын зураглалаа хийлгээд 5 дугаар сарын 30-нд хүсэлтээ дүүргийн газрын албанд өгсөн. Тэр үед гуравдагч этгээд өргөдлөө өгөх боломжгүй байсан. Т гэгч хүний кадастрын зураглалын нэрийг өөрчилж, түүний өргөдлийн оронд Д.Т*******ийг бичсэн байх боломжтой гэжээ. 

Гуравдагч этгээд Д.Т*******э нь Сүхбаатар дүүргийн 20-р хороо Бэлх хадатын ам гэх газарт 700 мкв хэмжээ бүхий газрыг зуслангийн зориулалтаар эзэмшихээр 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Ш” ХХК-аар кадастрын зураглалыг хийлгэж, холбогдох баримтыг бүрдүүлэн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд өгөхөд түүний өргөдлийг “Өргөдөл гомдлын бүртгэл”-ийн 2 дугаар дэвтрийн 276 дугаарт бүртгэж авсан байна. 

Бүртгэлийн хуудасны овог нэр гэсэн хүснэгтэд тавигдсан нэрийг бичгийн шохойгоор дарж гуравдагч этгээд Д.Т*******ийн нэрийг бичсэн боловч баримт бичгийн үзлэгээр Доржийн Э гэх нэр байсан ба уг хүн нь “14-р хороо Хандгайтын тоот” хашааны газрыг баталгаажуулахаар хүсэлт өгснийг зуслангийн газрын хүсэлтийг бүртгэх дэвтэрт бүртгэгдсэнээ залруулан “Өргөдөл гомдлын бүртгэл” дэвтрийн 172 дугаарт 5 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагчийг гуравдагч этгээдийг урагшлуулан бүртгэсэн гэж буруутгах боломжгүй байна. 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Ц.Т гэгч маргаан бүхий газарт хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд зэргэлдээх газарт кадастрын зураглал үйлдүүлсэн ба хүсэлтийг 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 277 дугаарт бүртгэж, газрын алба хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж хариу өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдсон болно. 

Мөн 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр тус дүүргийн Өмч газрын албаны газрын байцаагч Б.Д маргаан бүхий газар дээр уг газрыг авахыг хүссэн Д.Т*******э, Г.Э, С.Я, Ж.Э нарын хүмүүсийг цуглуулаад хэн аль нь түрүүлж өргөдөл өгсөн этгээдэд газрын алба уг газрыг эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжтой боломжтой болохыг хэлсэн ба С.Я 2009 оноос, Г.Э******* 2011 оноос тус тус модон хашаа, Ж.Э, Д.Т*******э нар мөн модон хашаа барьсан, бүгд уг хашааг өөрсдийнх гэх тайлбаруудыг өгсөн ба гэрч С.Нийн “Г.Э хашаа барьсан ба би түүнд нь тусалж байсан. Гэхдээ амьдарч байгаагүй, би хашааг нь хардаг байсан” гэх, гэрч А.Г, Д.Б нарын  “Бид хажуу талын хашаанд амьдардаг. Энэ маргаад байгаа газар дээр ямар ч айл амьдарч байгаагүй. Олон хүмүүс ирээд хашаа барьж байсан. Д. Т*******э төмөр хашаа барихаас өмнө байсан газар модон хашааг надаар харуулаад хэд гурван төгрөг өгдөг байсан. Хашааны үлдэгдэл одоо манай хашаанд байгаа. Тэр модон хашааны тал нь Эын хашаа байсан. Үлдэгдэл нь Т*******ийн хашаа байсан”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Маргаан бүхий газар нь албан ёсоор хэний ч эзэмшлийн байхад хэн нэг нь дураараа хашаа баривал Газрын албанаас тухайн газрыг чөлөөлнө. Дараа нь ахиад л хашаа баригдсан байна. Эзнийг нь хайгаад явахаар олдоггүй. Зөвшөөрөлгүй газар дээр дураараа хашаа барьсан нь хууль бус үйлдэл болдог” гэх тайлбаруудыг өгсний зэрэгцээ гуравдагч этгээд Д.Т*******ийн буулгасан модон хашааг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр өөрөө барьсан, өөрийн өмчлөлийн хашаа болохоо, мөн тус газрыг эзэмшиж ашиглаж байсан талаар хангалттай нотолж чадахгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн газрын Өмч, газрын албанд удаа дараа хандаж байсан гэх боловч байгууллагын бүртгэлд авагдаагүй, мөн 2011 онд тухайн газар хашаа барьсан гэх боловч тухайн үедээ кадастрын зураг хийлгэж байгаагүйгаас гадна 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Ш” ХХК-иар кадастрын зураглал хийлгэхэд давхцалгүй байсан гэсэн тайлбар нь тус  компанийн ажилтны “нэгдсэн мэдээллийн санд ороогүй бол давхцалгүй гарна. Манай компаниар өмнө нь зураг хийлгүүлсэн нь тухайн ажилтны буюу тухайн компьютер дээр л хийлгүүлсэн бол харагдана, өөр ажилтан, өөр компьютер хийсэн бол мэдэх боломжгүй” гэсэн гэрчийн тайлбараар үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагч Газрын тухай хуульд заасан тухайн жилийн газар эзэмшүүлэх төлөвлөгөөний дагуу бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй газарт өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Д.Т*******эд эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжийн Д.Т*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ******* 700 м.кв газрыг иргэн Г.Э*******ын нэр дээр эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эын  “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжийн Д.Т*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, ******* 700 м.кв газрыг иргэн Г.Э*******ын нэр дээр эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА