Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00330

 

Ч.Галмандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2016/01324 дүгээр шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ч.Галмандахын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох,

Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс, 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл нийт 15 762 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Галмандах би 1992 оноос хойш тус компанид 23 жил тасралтгүй ажиллаж байна. Ерөнхий захирлын 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б\63 дугаар тушаалаар нийтийн хоолны хэсгийн нярав хүний нөөцийн менежерээр ажиллаж, сард 1 105 000 төгрөгийн цалинг сар бүр авч байхаар тохиролцсон. Гэтэл 2013 оны 02 дугаар сараас эхлээд миний цалинг \1 105 000-1 088 900=16 100 \төгрөгөөр бууруулсан.Намайг энэ ажилд орсоноос хойш цалин 2 удаа нэмэгдсэн байхад миний цалинг нэмэхийн оронд бүр хассан. Би энэ талаархи гомдлоо компанийн захиргаанд удаа дараа гаргасан боловч хариу ирүүлээгүйн дээр миний ажиллаж буй нийтийн хоолны хэсгийн дарга Б.Баяраагаас Ерөнхий захирлын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч, хуулийн хэлтэст албан бичиг явуулсан боловч мөн өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Ерөнхий захирлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А\745 дугаар тушаалаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн. Энэ тушаалаар миний цалин 221 000 төгрөгөөр нэмэгдэж би сар бүр 1 326 000 төгрөгийн цалин авах учиртай болсон. Мөн Ерөнхий захирлын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А\54 дугаар тушаалаар үндсэн цалинг дахин 10 хувиар нэмсэн. Бүх ажилчдын цалин нэмэгдэж байхад миний цалинг хасаж, энэ нэмэгдэл ч мөн надад үйлчлээгүй. 1 326 000х 10%=132 600 төгрөг. Би авах ёстой 1 326 000 төгрөг дээрээ сүүлд нэмэгдсэн 10% болох 132 600 төгрөгөө нэмвэл 1 458 600 төгрөг авах учиртай байгаа юм. Би сар бүр 1 458 600 төгрөгөө авч чадахгүй алдагдалд орж байна.Миний асуудлыг шийдвэрлэхгүй байсаар 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрээр Ч.Галмандахын цалин хөлс бууруулсан гомдлыг хэлэлцээд хоёр тал санал тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй болно.Иймд 2 талын хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс дээр 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл зэргийг нягтлан тооцож надад нөхөн олгуулж, хохирлыг бүрэн барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:Миний бие “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд холбогдуулан цалин хөлсний дутуу, нэмэгдүүлсэн цалин хөлсөнд нийт 10 396 300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд одоо 3 396 300 төгрөгөөр нэмэгдүүлж байна, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ миний бие “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 13 797 757 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргуулснаас хойш 6 сар өнгөрсөн тул хохирлын хэмжээ өссөн тул шаардлагаа 2 014 560 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Тус компанийн Нийтийн хоолны хэсэгт мөнгөний няряв, хүний нөөцийн менежер Ч.Галмандах нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний зөрүү нийт 15 812 317 төгрөг болгон анхны нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжилжээ. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Ч.Галмандах нь үндсэн цалинг бууруулан олгосныг 2012 оны 1 сарын цалин олгосон өдрөөс хойш мэдэх бүрэн боломжтой байсан. Учир нь бүх ажилтан өөрийн цалин хөлсний олголт болон бусад тооцоог цахим хэлбэрээр хянаж, шаардлагатай бол хэвлэн авах боломжоор хангагдсан байдаг. Түүний цалинг тус хэсгийн мөнгөний няравын дээд хязгаар 990 000 төгрөгөөр тооцон ажил олгогч олгохдоо өмнө авч байсан цалин хөлсийг дордуулахгүйн тулд хавсран ажилласны нэмэгдэл хөлс 336 000 төгрөгийг сар бүр 2013 оны 1-р сарыг дуустал олгож байснаар түүний цалин хөлс 1 546 000 төгрөг болж нэмэгдсэн үеийн авч байсан цалин хөлсний талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сарын дотор цалин хөлстэй холбоотой гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргах ёстой боловч Хөдөлмөрийн маргаан таслах комисс /цаашид ХМТК гэх/ түүний гаргасан гомдлын хэмжээнд хянан үзээд 2015.9.07-ны өдрийн шийдвэрийг хөдөлмөрийн гэрээнд заасан 1105000 төгрөгийн үндсэн цалинг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Ч.Галмандах ХМТК-ийн шийдвэрийг 2015.11.07-ны өдөр хүлээн авсан гэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж гомдол гаргаагүй байгаа нь шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна....Компани ХМТК шийдвэрийг хүлээн зөвшөөрч түүнд үндсэн цалингийн зөрүүг олгох болно.Ч.Галмандах нь ХМТК-ийн дээрх шийдвэрт гомдол гаргаагүй байхад одоо нэхэмжлээд байгаа 15 812 317 төгрөгийг шүүх шууд авч шийдвэрлэх нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх тухай заалтыг зөрчиж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагаа компанийн ХМТК-т хандан шийдвэрлүүлсний дараа гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрх үүсэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2016/01324 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-иас 12 926 555 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Галмандахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 835 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Галмандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-с 221 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Галмандахад олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 03-ны өдрийн 1324 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, О.Бадамжаргал, Б.Баяраа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 775 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч Ч.Галмандах цалинг дутуу олгож эхэлснийг 2012 онд мэдсэн байдаг.  Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд зааснаар компанийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс ХМТКУ-т цалингийн зөрүү өгөөгүй гэх гомдлыг 2015 оны 09 дүгээр сард гаргаж хариу шийдвэрийг 2015.10.20-нд хүлээн авч, шүүхэд 2015.12.07-нд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын 2-р хавсралтаар баталсан Хөдөлмөрийн маргаан таслах комиссийн дүрмийн 21-д “Комиссын шийдвэрийг ажил олгогч болон өргөдөл гаргасан ажилтан эс зөвшөөрсөн эсхүл комиссын гишүүд нэгдсэн тохиролцоонд хүрээгүй, тэрчлэн шийдвэрийн дагуу үүрэг хүлээсэн тал үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д заасны дагуу шүүхэд давж заалдана” гэсэн хугацааг   зөрчсөнийг хэрэгт авагдсан нотлох баримтад бодиттой дүгнэлт хийгээгүй салаа утгатай дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дэх заалтад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш гурван сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байхад шүүх Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргах харъялалыг буруу тогтоож шийдвэрлэснээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруугаар тайлбарласан. Ч.Галмандах нь нэхэмжлэлдээ болон хэрэг хянан хэлэлцэх бүхий л хугацаанд Хөдөлмөрийн  маргаан  таслах  комиссын  шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч шүүхэд хандсан талаараа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тодорхой илэрхийлж хариуцагчтай мэтгэлцсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим ...тухайлбал нэхэмжлэлийн талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэсэн заалтыг шүүх зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хүсэл зоригийн илэрхийлэл нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрт давж заалдсан байхад шүүх санаачлан шүүхээс гарах шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд нөлөөлөхүйц нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн өөр зүйл заалтад нийцүүлэн шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.Хөрөнгийн үнэлгээчин шинжээчийн дүгнэлт гаргасныг хариуцагч анхан шатны шүүхэд хүлээн зөвшөөрөөгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулинд үнэлгээчин зөвхөн хөрөнгөд үнэлгээ хийх эрхтэйг заасан байх бөгөөд “Хөрөнгө” гэдгийг Иргэний хуулийн 83 дугаар зүйлд тодорхойлсон байна. Иймд Шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлагыг хангаж чадаагүй байхад шинжээчийн дүгнэлтийг шүүх үндэслэн цалингийн зөрүүг зөрүүтэй гаргасан. Хариуцагч талаас шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Нийтийн хоолны хэсгийн орон тооны хуваарьт мөнгөний нярав-хүний нөөцийн мэргэжилтний батлагдсан орон тоо цалинд дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж хүсэлт гаргасныг шинжээч дүгнэлт гаргаагүй орхигдуулсан. Шинжээчээр томилсон этгээд нь хөрөнгийн үнэлгээчин учраас энэ талаар дүгнэлт гаргах боломжгүй байсан гэж үзэн   анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг заасан байна. Үнэлгээчин нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн харьцуулалтыг үндэслэн үнэлгээ хийх эрх бүхий этгээд байдаг учраас энэ хэрэгт дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг нь учир дутагдалтай гэж үзэж байна. Үнэлгээ хийсэн “Лэндс” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн байгууллагын тодорхойлолтод шинжээчийг мэргэшсэн үнэлгээчин гэж тодорхойлсноос мэргэшсэн нягтлан бодогч гэж бичээгүй байгаа юм. Анхан шатны шүүхэд гаргасан хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхисныг давж заалдах шатны шүүх анхааран үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны журмыг зөрчсөн.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитоор үнэлж чадаагүй, маргааны зарим үйл баримт тодорхой бус байгааг анхаараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх шүүхийн ажиллагаа учир дутагдалтай хийгдсэн байх тул шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна. Хэрэгт авадсан нотлох баримтын хэмжээнд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Нэхэмжлэгч Ч.Галмандах нь  хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ цалин хөлс дутуу олгогдсоноос учирсан хохирлыг арилгуулахыг шаардсан байна. Энэхүү шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ:

-Нийтийн хоолны хэсгийн нярав-хүний нөөцийн менежерийн үндсэн цалин хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1 105 000 төгрөг байхад 2013 оноос хойш сар бүр 1 088 900 төгрөг авч байгаа

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэмжээнд нийт ажилчдын үндсэн цалинг 2 удаа 10%, 20%-иар нэмэгдүүлсэн байхад түүний цалин нэмэгдээгүй

-Үндсэн цалин дээрх байдлаар дутуу бодогдож байсан тул урамшуулал, амралтын мөнгө дутуу бодогдсон гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Галмандах нь 2013 оны 02 дугаар сараас эхлэн цалин дутуу бодогдсон талаар нэхэмжлэлдээ дурдсан байх ба энэ талаар шүүхэд гаргаж буй шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааны шаардлагыг хангасан эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд  ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаас хойш 2016 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

2013 оны 01 дүгээр сараас цалинг дутуу олгож эхэлснээс хойш нэхэмжлэгч 2014 оны 6 дугаар сар, 8 дугаар сар, 2015 оны 02 дугаар сард үйлдвэрийн захиргаа, холбогдох албан тушаалтанд хандаж гомдол гаргаж байсныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн бол шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх байтал нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийг нэхэмжлэгч хүлээж авсан өдрийг “эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан” өдөрт хамааруулсан нь хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзэхээр байна.

Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэдэг бөгөөд мөн хуулийн  127 дугаар зүйлийн 127.1.-д “ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн  шүүхэд давж заалдах эрхтэй” гэж заажээ. Нэхэмжлэгч Ч.Галмандахад дутуу олгосон үндсэн цалинг олгох нь зүйтэй гэж үзсэн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан эрх зөрчигдсөн болохыг мэдэх үеийг тодорхойлохгүйгээс гадна энэ хурлын тэмдэглэлийн талаар ажилтан, ажил олгогчийн хэн нь ч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэлд туссанаас үзвэл Ч.Галмандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс өөр агуулга бүхий гомдол гаргасан байгааг шүүх анхаараагүй байна. Тухайлбал. Ч.Галмандах комисст тайлбарлахдаа “одоо авч байгаа цалин 1 098 000 төгрөг байгаа. 10 хувийн 150 000 төгрөгийн нэмэгдэлтэй нийлээд 1 098 000 төгрөг авч байгаа. 1 105 000 төгрөгийн цалингаа авч чадахгүй байгаа” гэсэн бол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн цалин 1 088 900 төгрөг байгаа, үйлдвэрийн нийт ажилчдын үндсэн цалинг 10, 20 хувиар тус тус нэмэгдүүлсэн нь “надад үйлчлээгүй” гэж дурдсан нь ойлгомжгүй байгааг шүүх анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлс хэд болох, ажил олгогч түүний цалин хөлс, урамшуулал зэргийг дутуу бодсон эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулжээ. Шүүхээс шинжээчээр томилогдсон “Лэндс” ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, нэхэмжлэгчийг 13 797 757 төгрөг дутуу авсан болохыг тогтоосон байна \хх-ийн 113-191 дүгээр тал\.

Аливаа хүний хөдөлмөрлөсний дүнд авч буй цалин хөлс нь хөрөнгө мөн боловч тухайн эрх зүйн маргаанд нэхэмжлэгчийн авсан болон аваагүй цалин хөлс эд хөрөнгийн хувьд ямар үнэлгээтэй болох асуудал төдийлөн хамааралгүй, харин ажил олгогч ажилтны цалин хөлсийг зөв, эсхүл дутуу бодсоныг тогтоох явдал ач холбогдолтой гэж үзэхээр байна. Шүүхээс шинжээчээр томилогдсон “Лэндс” ХХК нь “хэмжилт хийх, хөрөнгийн үнэлгэчний түр сургалт явуулах, геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, хөрөнгийн үнэлгээ хийх, барилга угсралт явуулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх” үйл ажиллагааны зөвшөөрөлтэй болохоос санхүү, нягтлан бодох үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, аудит хийх эрхгүй байна. Энэхүү компанийн салбарын захирал Д.Отгонцагаан нь МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд нягтлан бодогчийн мэргэжлээр суралцаж төгссөн, бакалаврын диплом авсан байх нь компанийн үйл ажиллагааны зөвшөөрөлд хамааралгүй юм. Д.Отгонцагаан нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байна \хх-ийн 189-191 дүгээр тал\.

Дээрхээс дүгнэвэл шүүх шинжээчээр томилох этгээдийг оновчтой сонгоогүй байх тул шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосныг учир дутагдалтай гэж үзнэ.

Шүүх шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй байна. Энэ зүйлийн 9.1., 9.2.-т зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана. Үүний дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ёстой байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2016/01324 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 221 775 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН