| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00351/И |
| Дугаар | 141/ШШ2025/00326 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00326
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 141/ШШ2025/00326 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн *********** сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************* баг хаягаар оршин суудаг Х овогт Ж.О ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ж.О нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Ж.О миний бие нь 1974 онд *********** сумын 8 жилийн сургуулийг 4-р ангийг бага боловсролтой төгссөн. 1981-1984 онд ******** аймгийн халх голд цэргийн алба хааж 1984 оны 06 сард халагдсан. 1984 оны 08 сарын 01-нээс 1985 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл *********** сумын НАҮ-нд төмөрчнөөр ажиллаж байгаад 1985 оны 08 сарын 01-нд *********** суманд ирж тракторчноор ажилд ороод 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл *********** суманд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж овогтой О миний бие нь 1984.08.01-ээс 1985.06.01 хүртэл хугацаанд ***********ийн НААҮ-ний газрын уурын зууханд машинистаар ажиллаж байгаад 1986 онд тус аймгийн *********** сумын ТАА-д шилжиж очиж 1987.03.01-нээс 1995.01.01-ний хүртэлх хугацаанд ***********ын ТАА-д Б компани болон Н компанид тракторчноор ажиллаж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтэй байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй тул Ж.О нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг өөрчилсөн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *********** сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд машинистаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ***** сумын тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ***** ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Х овогт Ж.О нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *********** сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд машинистаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ***** сумын тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ***** ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Х овогт Ж.О ************ дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Завхан аймгийн *********** сумын ******* багийн засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4/493 дугаартай: Д овогтой Э /**********/ ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,
-Ж.О 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 040839 дугаартай нээж олгосон: ...1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уурын зууханд машинистаар томилов, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтийг үндэслэн машинистын үүрэгт ажлаас нь чөлөөлөв... гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Тракторын жолоочоор ажиллаж байсан гэх 1985 он, 1994-1995 он, 1999 он, 2011 он гэсэн гэрэл зургийн хуулбар,
-Ж.О нь 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-*********** ТАА, эрхэлдэг ажил-тракторын жолооч... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
- Ж.О нь 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-Б компани, эрхэлдэг ажил-тракторист... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-Гэрч Б.Б: ...Бид нэг нутгийн хүмүүс. Би Ж.О хамт 1985, 1986 онд хамт ажиллаж байсан. Цэргээс ирээд Ж.О асуухад тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. Сумын төв рүү сардаа нэг, заримдаа улиралдаа нэг удаа ороход Ж.О тракторын жолоочоороо ажиллаж байсан. Миний мэдэхийн Ж.О нь 2 дугаар бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан. Тухайн бригадын даргаар Р ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг,
-Гэрч Г.Ө: ...Ж.О бид 2 1979 онд 8 дугаар анги төгссөн. Би А бүлэгт, Ж.О Б бүлэгт төгссөн. Бид 2 1986 оны 08 дугаар сард ********* аймгийн ********* курст суралцсан. 1987 оны 02 дугаар сард төгсөж ирсэн. Төгсөөд Завхан аймгийн *********** сумын тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд орсон. *********** сумын тэжээлийн аж ахуй 1984 онд байгуулагдсан. Би хоёрдугаар бригадад, Ж.О мөн 2 дугаар бригадад трактор комбайны жолоочоор ажилласан. Тухайн үед 2 дугаар бригадад 70-80 орчим жолооч ажиллаж байсан. Жолоочийн цалин 700-800 төгрөг авдаг байсан. Би Ж.О хамт ажилладаг учраас өдөр бүр таардаг байсан. Өдөр хоолондоо ороход, орой хоолондоо орохдоо уулзаж ажил ярьдаг байсан. Бид 2 1995 оны хүртэл хамт ажилласан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Х овогт Ж.О нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *********** сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд машинистаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ***** сумын тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ***** ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.О ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Ж.О нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *********** сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд машинистаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ***** сумын тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ***** ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН