Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02357

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02357

 

 

Т.Энхтайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 184/ШШ2018/02434 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Энхтайваны нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бизнес инвест девелопмент ББСБ ХХК

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Осорбурам

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

М.Жамъяандорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ/2017/02212 дугаар захирамжаар Т.Энхтайван нь Бизнес девелопмент ББСБ ХХК-д 36 329 976 төгрөг төлөхөөр болсон. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн Ү-2201023343 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо 21 дүгээр хороолол, ХД-44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61.3 м.кв талбайтай орон сууцыг хураан авч улмаар шинжээчээр үнэлгээ хийлгэсэн. 2018 оны 5 дугаар сарын 14-нд гаргасан үнэлгээний тайлангийн тухай 2018 оны 5 дугаар сарын 16-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/8484 тоот мэдэгдлээр дээрх хөрөнгийг 75 573 400 төгрөгөөр үнэлсэн ба 70 хувиар тооцож 52 901 380 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдсэн. Гэтэл Хөрөнгө эстимэйт ХХК-аар хийлгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцэхгүй байна. Мөн үнэлгээ хийх ажиллагаанд төлбөр төлөгчийг оролцуулаагүй, шинжээч томилсон шийдвэрийг танилцуулаагүй, нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл Бүгд найрамдах Солонгос улс руу яваад ирсэн. Учир нь 61.3 м.кв талбайтай орон сууцыг нэг м.кв талбайг 2 350 000 төгрөгөөр тооцож нийт 144 055 000 төгрөгөөр үнэлэх саналаа хүргүүлсэн боловч уг хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 75 573 400 төгрөгөөр үнэлсэн нь нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61.3 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/Ш32017/12080 дугаар захирамжаар Т.Энхтайванаас 36 329 976 төгрөгийг гаргуулж Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Т.Энхтайваны өмчлөлийн Сонгиохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61,3 м.кв орон сууцыг битүүмжпэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 4/5935 тоот мэдэгдэл хүргүүлэхэд 144,055,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлэхэд, төлбөр авагч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 04/16 тоот албан бичгээр шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 111 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Томилогдсон шинжээчээр үнэлгээ хийлгэхэд үл хөддөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 75 573 400 төгрөгөөр тогтоосон. Шинжээч томилсон талаар Т.Энхтайванд утсаар мэдэгдсэн. Миний утсан дээр Энхтайванаас ирсэн мессежүүд байгаа. Хэвлэх гэхээр утаснаас хэвлэгддэгүй юм байна. Шинжээч томилсны дагуу орон сууцаа үзүүлээч гэхэд Т.Энхтайван орон сууцаа үзүүлсэн. Шинжээч тухайн орон сууцийг үзсэний үндсэн дээр үнэлгээ тогтоосон. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2017/02212 тоот шийдвэрээр хариуцагч Т.Энхтайванаас нийт 36 329 976.67 төгрөгийг гаргуулж Бизнес инвест девелопмент ББСБ ХХКолгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул тус банк бус санхүүгийн байгууллагын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж барьцаа хөрөнгийг албадан борлуулж шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-44-р байрны 37 тоотын 61.3 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцаар хангуулахаар 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 12/06/02 тоот албан бичгийг хүргүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрхи барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж, барьцаа хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн санапаа төлбөр төлөгчөөс ирүүлэхийг мэдэгдэхэд 144 055 000 төгрөг гэсэн саналыг ирүүлсэн байсан. Төлбөр авагчийн зүгээс уг ирүүлсэн саналыг эс зөвшөөрч, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Тус хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот Шинжээч томилох тухай тогтоолыг гаргасан бөгөөд Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Тус тогтоолын дагуу Хөрөнгө-Эстимэйт ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 75 573 400 төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Т.Энхтайванаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 111 тоот тогтоолыг үндэслэж, Хөрөнгө-Эстимэйт ХХК-аас барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хийсэн дээрхи үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн. Нэхэмжлэгч нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахаар томилсон боловч тус ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцдоггүй. Шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Энхтайваны нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД- 44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61.3 м.кв талбайтай орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч Т.Энхтайван нь үнэлгээ хийх ажиллагаанд намайг оролцуулаагүй, шинжээч томилсон шийдвэрийг надад танилцуулаагүй гэж маргасан байхад шүүх уг асуудалд ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагч талаас Т.Энхтайванд шинжээч томилсоноо утсаар мэдэгдсэн гэж тайлбарласан боловч утсаар ярьж мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй болно. Мөн шүүх төлбөр төлөгчийг хөрөнгөд үнэлгээ гаргахад оролцуулна гэж хуулиар зохицуулаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 33 дугаар зүйлийн 33.1.1-д "иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах" эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг уг эрхээр хангаагүй байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 "Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зохицуулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэсэнд нийцээгүй талаар маргасан байхад шүүх уг асуудалд мөн л дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Энхтайван нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2016/02212 дугаар хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар Т.Энхтайван нь Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 35 992 066 67 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ХД 44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 49-50 тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэж, төлбөр төлөгч Т.Энхтайваны өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ХД 44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 2/18270042 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 3/18270042 дугаар тогтоолоор хураан авсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцжээ. /хх-ийн 14-18, 25-28 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Т.Энхтайван нь барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ХД 44 дүгээр байрны 37 тоотод байрлах 61,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 144 055 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Бизнес инвест девеломент ББСБ ХХК нь төлбөр төлөгчийн үнийн саналыг эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлснийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилсон байна. /хх-ийн 30-31 тал/

 

Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Хөрөнгө эстимэйт ХХК нь уг эд хөрөнгийн үнэлгээг 75 573 400 төгрөг гэж тогтоожээ. /хх-ийн 32-43 тал/

 

Нэхэмжлэгч нь ... үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаарлагаа нотолж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог.

 

Хариуцагч Сонгино хайрхан дүүргийн 176 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 184/ШШ2018/02434 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО