Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/528 

 

2025            05             07                                             2025/ДШМ/528                                             

 

Б.Бод холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/551 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2405037441622 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 103 дугаар байрны ...тоотод хардалтын улмаас иргэн Л.Уг үсдээд чирэх, гараараа зүүн хацарт нь цохих, толгой дээр нь дэвсэх зэргээр биед нь халдаж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл учруулахдаа өөрийн ухамсарт үйлдлээр санаатайгаар хүч хэрэглэсэн, энэ үйлдлийн улмаас хохирол учирна гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 3.960.000 /гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л. Уд олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Боос 257.882 /хоёр зуун тавин долоон мянга найман зуун наян хоёр/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гэмшиж байна. Харин анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг дараах үндэслэлээр өөрчилж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие “Засагт хан” ХХК-д ахлах механикч ажилтай бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхэд 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг буюу орон нутаг руу ирж буцахаас гадна уул уурхай, үйлдвэрлэлийн ажлын онцлогоос хамаарч цахим бугуйвчийг зүүхэд хүндрэл, эрсдэлтэй байгаа болно. Миний бие тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг, энэ талаарх баримтаа гарган өгч, хэрэгт хавсаргуулсан. Тухайн зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан тохиолдолд ялыг биелүүлэх бүрэн боломжтой тул анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр тооцон нийт 3.960.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний бие гэмт хэрэг үйлдэж, хохирогчид хөнгөн хохирол учруулсантай маргаагүй боловч түүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, энэ нь хуульд заасан үндэслэл, журмаар бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон эсэх, тухайн баримт нь хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөгдөхүйц биш гэж үзэж байгаа болно. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байхад хэрэгт мөрдөгч “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоосон нь дээрх хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсанаас хойш тухайн хуулийг хэрхэн хэрэглэх талаар хяналтын шатны шүүхээс хоёр өөр агуулга бүхий шийдвэр гарсаар ирсэн. Гэхдээ сүүлийн байдлаар хяналтын шатны шүүхээс Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрхэн ойлгож хэрэглэх талаар хууль хэрэглээний практик тогтоосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд /6-8, 11-16, 21-32 гэх мэт/ тодорхойлон зохицуулжээ. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5- д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон. Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийнэ гэж хуульчилсан байна. ... Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч Л.Угийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна. Би Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг төлүүлэх зэрэг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 551 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү.  ...”  гэв.

 

Прокурор Г.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаад тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

1. Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 103 дугаар байрны ...тоотод хардалтын улмаас иргэн Л.Уг үсдээд чирэх, гараараа зүүн хацарт нь цохих, толгой дээр нь дэвсэх зэргээр биед нь халдаж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Угийн “... 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ ажлынхаа найзтай байж байтал 13 цагийн үед уулздаг залуу болох Б гэр онгорхой байсан тул шууд орж ирээд манай найз А гэх залуу руу хутга барьж ална гэж дайраад байсан. Манай найз А цагдаа дуудаад гарч явсан. Би ганцаараа үлдэхэд хутга барьж дайраад үсдэж чирээд толгой дээр дэвсэж, хоолны сав шидсэн. ...” /хх 06-07/,

Б.Бын яллагдагчаар өгсөн “... би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 69/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12062 дугаар шинжээчийн “Л.Угийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 3-5 хоногийн өмнө үүсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 26-27/ гэсэн дүгнэлт,

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх 72-73/ зэрэг хэрэгт цугларч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Бод холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Быг хохирогч Л.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зүүн хацарт нь цохиж, толгой дээр нь дэвсэх зэргээр биед нь халдаж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн бугалга, баруун ташаанд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Бын энэхүү бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч болон хохирогч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

 

  4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, түүний оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж шийдвэрлэв.

5. Шүүгдэгч Б.Б нь “… сэтгэцэд учирсан хохирол гаргуулсныг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

  Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан билээ.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3-т “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг ойлгохоор хуульчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадлагааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.

 

Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүйгээс гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг шинжилгээний байгууллага хийж, дүгнэлт гаргахаар зохицуулжээ.

 

Тухайлбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т … заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэсэн байна.

 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1, 2.2-т “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн (Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйл) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ ... Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, шинжилгээний байгууллага нь практикт түгээмэл үйлдэгддэг Эрүүгийн хуулийн 11.6, 17.1, 17.3, 17.12, 27.10 дугаар зүйлд заасан 5 төрлийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээ хийсний үр дүнд сэтгэцийн хор уршиг учирсан гэх дүгнэлт гаргасан тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн хор уршгийн зэрэглэлийг хялбарчлан тогтоож болно.

Ийнхүү мөрдөгч нь шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан, уг хор уршиг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу аль зэрэглэлд хамаарахыг тогтоосон дүгнэлтийг хохирогчид танилцуулж, хүлээн зөвшөөрвөл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-д гарын үсэг зуруулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.

Харин “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шинжилгээний байгууллагын тогтоосон хор уршгийн зэрэглэлийг хохирогч эс зөвшөөрч, маргасан тохиолдолд шинжилгээний байгууллага хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг ердийн журмаар явуулж, дүгнэлт гаргана.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээний байгууллага дүгнэлт гаргаагүй байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 3.960.000 төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

  6. Иймд энэ талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангаж, шинжилгээний байгууллага хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол аль зэрэглэлд хамаарахыг тогтоосны дараа шүүх сэтгэцийн гэм хорын хохирол гаргуулах асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулсан шийдвэрийг өөрчилж, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

  Дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/551 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг өөрчилж, шүүгдэгч Б.Бын  гаргасан давж заалдах гомдлын “зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, “сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулсныг өөрчилж өгнө үү” гэх хэсгийг хангав.

Шүүгдэгч Б.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд 257.882 төгрөгийг шилжүүлсэн баримтыг ирүүлсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/551 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын “Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 3.960.000 /гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л. Уд олгосугай.” гэснийг “Хохирогч Л.У нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

3. Шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаарын дансанд 257,882 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

                          ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ