Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/529

 

2025            05             07                                           2025/ДШМ/529                                             

 

Т.Тад холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Чингүүн,

хохирогч Н.У, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн,

цагаатгагдсан этгээд Т.Тын өмгөөлөгч Д.Март,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/521 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Уын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ц.Чингүүний бичсэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар эсэргүүцэлд тус тус үндэслэн Т.Тад холбогдох эрүүгийн 2406022612724 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 48 сургуулийн гадна автомашины зогсоолд хохирогч Н.Утай “Мотоциклын чанга дуу чимээ гаргасан” гэх асуудлаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Тад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Т.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогч Н.Уын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Н.У давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх намайг эхэлж Т.Тыг цохисон, түлхсэн гэж дүгнэн түүний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн цагаатгасанд гомдолтой байна. Миний зүй бус үйлдэл байсан гэж үзвэл энэ нь Т.Тад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байх болохоос цагаатгах үндэслэл болохгүй юм. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Т.Т нь хийсэн хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Т.Т нь намайг нэг удаагийн цохилтоор энэ олон гэмтлүүдийг учруулах боломжгүй бөгөөд тэр ганцаараа байгаагүй юм. Хамт байсан өндөр найзтайгаа нийлж цохисон. Мөрдөгч нь гэрчид нөлөөлж мэдүүлэг авсан. Би тухайн үед хүнийг цохиж, зодоогүй байсан бөгөөд зөвхөн хувцаснаас зуурч, зулгаасан үйлдэл гаргасан. Энэ байдлыг гэрч бүгдийг нь харсан. Миний бие бусдад зодуулж, толгойндоо гэмтэл авч, гавлын ясны зүүн шанаа, хамрын ясны хугарал авснаар хөдөлмөрийн 70 хувийн чадвар алдалттай, татаж унадаг өвчтэй болсон. Иймд миний бие сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний төлбөрийг мөн гаргуулах хүсэлтэй байна.

... Би тухайн үед мөрдөгчид шаардлагаа тавиад “... мотоциклтой хүүхэд энэ мөн, би шаардлага тавихад шууд над руу дайрсан. Миний хамар руу цохисон. Нүд рүү цохисон. Тохойндоо хийсэн байсан каскаар миний нүүр рүү цохисон. Надаас уучлалт гуйгаагүй. Шууд л чи муу яах гээд байгаа юм бэ гээд дайрсан. Тэгээд намайг цохисон. УБЦ 9001 гэсэн дугаартай цагаан өнгийн марк II гэх машинаас нэг бүдүүн авгай, хоёр хүүхэд гарч ирсэн. Тэр хүүхдүүд шууд ирж оролцсон. Бүдүүн авгайг судалж үзэхэд 48 дугаар сургуулийн нийгмийн ажилтан О гэх хүн байсан. Би тэр үед цагдаа дуудаарай гэж орилсон. Би цохисон хүүхдийг зугтаачих байх гээд зуураад бариад байж байсан. Цагдаа ирээд сургууль руу орсон. Нэг өндөр хүүхэд Ттай хамт миний зүүн талаас зуураад шавхайн дундуур намайг чирсэн. Цаашаа авч явж зодох гээд байх шиг байсан. Би нүүр рүүгээ цохиулсан тул доошоо тонгойж суугаад цагдаа дууд гэж л орилсон. Камер хэрэг болсон газар байсан. Тэр бичлэгийг яагаад алга болсон болохыг судалж үзэхэд нийгмийн ажилтан Огэх хүн утаснаасаа удирддаг гэж гарч ирсэн. Цагдаа ирэхэд камерын бичлэгийг байхгүй болгосон байсан. Би одоо хөдөлмөрийн чадвараа алдсан. Удаан зогсож, ярьж чадахгүй, унаж татаад байдаг болсон. Би маш их гомдолтой байна. Шинжээч миний зүүн талын шанааны сэртэнгийн бороо үүсээгүй хугарлыг дүгнэлтээ тусгаагүй байдаг. Би өмнө нь татаж унаж байгаагүй...” гэв.

Хохирогч Н.Уын өмгөөлөгч Ж.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхэлж хохирогчийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогч 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гээд Монголын хуульчдийн холбоонд хандаж төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэх улсын өмгөөлөгч томилуулсан байгаа. Би томилолтоор оролцож байна. Хохирогчийн зүгээс “миний биед учирсан гэмтлийг шинжээч үнэн зөв тогтоож чадсангүй” гэдэг. Хавтаст хэрэгтэй танилцахад хавтаст хэргийн 21 дүгээр талд 4939 дугаартай шинжээч эмч Сэргэлэнгийн дүгнэлт дээр 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн компьютер томографийн дүгнэлтийг хэсэгчлэн авахдаа бусад гэмтлийг нь бичээгүй орхигдуулсан байгаа нь анхны дүгнэлт үнэн, зөв гараагүй болох нь харагддаг. Дүрс оношлогооны эмч Тулга гэх хүн 4 дүгээр сарын 12-ны өдөр компьютер томографийн шинжилгээний хариун дээр “зүүн чамархай ясны хацарын сэртэнд бороо үүсээгүй зөрүүгүй хугаралтай” гэсэн гэмтлийн талаар огт дурдаагүй байдаг. Энэ талаар өмгөөлөгч Санчиндорж хүсэлт гаргадаг. Энэ гэмтэл нь өмнөх шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй байгаа тул уг гэмтлийг оролцуулан дахин дүгнэлт гаргаж өгнө үү гэсний дагуу нэмэлт шинжилгээ хийж 565 дугаартай дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд мөн л зүүн чамархай ясны хацарын сэртэнд бороо үүсээгүй хугарлын талаар дурдаагүй орхигдуулсан. Шинжээч эмч гэмтэлтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөд байхад дүгнэлтдээ тусгаж өгөөгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн шинжээчээс мэдүүлэг авахад шинжээч мөрдөгчөөс асуусан асуултад бүрэн гүйцэт хариулаагүй нь харагддаг. Хавтаст хэргийн 14 дүгээр талд хохирогч мэдүүлэхдээ “би унаж татдаг болсон” гэдэг. Мөн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн анхны шүүх хуралдааны үеэр хохирогч татаж унаад түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэгдэж шүүх хуралдаан хойшилсон байдаг. Хохирогчийн таталт өгдөг тоо нь өдрөөс өдөрт ихэсч гэрээсээ гарч чадахгүй, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байдалд байгаа. Бодит байдал ийм байхад шинжээчийн дүгнэлтэд 28 хоногийн дотор эдгэрэх боломжтой, хөнгөн гэмтэл гэж гарч байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байхад шүүхээс хангалттай нотлох баримт байна гээд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, дахин шинжээч томилуулах саналтай байна. Анхан шатны шүүх аргагүй хамгаалалт гэж үзсэн. Хууль бус халдлага довтолгоо эхэлсэн байхыг шаарддаг. Гэтэл хохирогч хууль ёсны шаардлага тавьж байхад каск бариад дайрч байгаа үйлдэл нь аргагүй хамгаалалт биш. Хохирогч эхэлж цохисон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэрч Өын мэдүүлгийг харахад аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Бусдад ял завших боломжийг олгосон байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Тын өмгөөлөгч Д.Март шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.Т нь хохирогч Н.Уыг каскаар нэг удаа цохисон болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “хууль ёсны шаардлага тавихад буруугаар хүлээж авсан” гэж байна. Хэдийгээр хохирогч хууль ёсны шаардлага тавьсан боловч зүй бусаар тавьсан байдаг. Т.Т мэдүүлэхдээ “би сургуулиас гараад ирсэн чинь манай сургуулийн найз мотоцикл унаад ирсэн. Надад каскаа өгчихөөд сургууль руу орсон. Би мотоциклийнх нь хажууд зогсож байхад энэ ах улаан галзуу ирээд орилоод байсан. “сэгээ ав, холдуул” гээд шууд намайг түлхээд цохисон. Би тэгэхээр нь каскаараа нэг удаа цохисон” гэсэн байсан. Уг мэдүүлгийг нотолж шүүх эмнэлгийн дүгнэлтэд хохирогчийг нэг удаа цохисон гэж дүгнэсэн байдаг. Хохирогч мөн “Т нэг цохиход би шууд доошоо суусан” гэсэн байдаг. Гэрч Ө “хохирогч хүүхдийг заамдаж аваад хашаа тулгаад цохисон” гэдэг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчоос “ямар шалтгааны улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоолгосон бэ” гэж асуухад тухайн үед өөрийнхөө оношийг хэлж чадахгүй байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс харахад хохирогч байнгын эмнэлгийн хяналтанд байдаг гэдэг нь харагддаг. Анхан шатны шүүх үйл баримтад тулгуурлаж хангалттай дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Ц.Чингүүн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд хэргийн үйл баримтын хувьд иргэн, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 48 сургуулийн гадна автомашины зогсоолд хохирогч Н.У нь Т.Тад “мотоциклийн чанга дуу чимээ гаргалаа, энийгээ боль” гэсэн шаардлага тавин маргалдаж, улмаар бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж, шүүгдэгч Т.Т нь хохирогч Н.Уын нүүрэн хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Шүүгдэгч Т.Т нь хохирогч Н.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байхад шүүгдэгчийг өсвөр насны учир бие бялдар, оюун ухаан сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй гэж, мөн түүний мэдүүлгийг хохирогчийнхоос илүүд үзэж, хохирогчийг түрүүлж довтолсон гэж дүгнэн шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан хохирогч Н.Уын “... Тэгэхэд сургуулийн эргүүлийн цагдаа хоёулаа хамт очъё гэж хэлсэн, тэгэхэд тухайн мотоциклтой хүүхэд сургуулийн автомашины зогсоолд эргэлдээд байж байсан, тэгэхэд би болон эргүүлийн цагдаа бид 2 тухайн хүүхдэд хандан “наанаасаа гараад яв аа мотоциклтой орчин биш ээ” гэх зэрэг зүйлс хэлсэн. Тэгээд тухайн хүүхэд мотоциклоос бууж ирсэн бас 2 найз нь машинаас бууж ирсэн. Тэгээд тухайн хүүхдийг дуудаад шаардлага тавин “чи одоо яв, энд чанга дуу чимээ гаргаж болохгүй” гэх зэрэг зүйлс хэлэхэд өөдөөс “чи юу гээд байгаа юм бэ, яах гээд байгаа юм” гэж хэлээд өөдөөс дайрахаар нь би биеэ хамгаалан тухайн хүүхдийг заамдаад авсан. Тэгэхэд тухайн хүүхэд намайг үгийн зөрүүгүй цохиод авсан... Намайг баруун гараараа хамар хэсэгт 2-3 удаа цохиод авсан, зүүн нүд хэсэгт цохиод авсан, зүүн талын бөөр хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Өын “... Тэр үед тухайн 40 орчим насны залуу, мотоциклтой хүүхэд нар хоорондоо маргалдан, улмаар хоорондоо заамдалцан авч 40 орчим насны үл таних залуу нөгөө хүүхдийг ард нь байсан сараалжин төмөр хашаа руу түлхсэн, тухайн үед хүүхэд хойш налаад зогссон. Энэ үед тухайн хүмүүс хоорондоо зууралдаж байгаад нөгөө үл таних хүүхэд 40 орчим насны залууг толгой хэсэгт нь гартаа байсан каскаар 1 удаа цохиж байхыг нь би харсан. Харин тухайн 40 орчим насны залуу нөгөө үл таних хүүхдийг заамдаад барьсан байдалтай байсан ба ганц нэг удаа цохисон байж магадгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн хувьд зүй ёсны шаардлагыг шүүгдэгчид тавьсан боловч шүүгдэгч биелүүлээгүй, улмаар шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдан, харилцан заамдалцаж, зодолдсон үйл баримт тогтоогдсон байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч нь 17 настай буюу өсвөр насны хүн байсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрсэн байгаа нь тухайн хүнийг гэмт хэргийн шинж, гарах үр дагаврыг бүрэн ойлгох, ухамсарлах чадамжтай насандаа хүрсэн гэж үзэх учир шүүгдэгч нь насанд хүрээгүй, хохирогч нь насанд хүрсэн хүн байх нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч шүүгдэгч нарын хооронд сургуулийн орчимд мотоциклийн чанга дуу чимээ гаргалаа гэх шалтгаанаас үүдэлтэй маргаан нь нэгнийгээ заамдах, цохих, түлхэх, харилцан бие биедээ халдсан зэрэг давтамжит үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байх тул үүнийг довтолгооны үргэлжилсэн шинж гэж үзэхгүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь Эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг бөгөөд аргагүй хамгаалалт хийж буй этгээдийн санаа сэдэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг хэргийн үйл баримтад нарийвчлан тодорхойлох нь түүнээс үүдэн гарах нийгмийн аюулын шинж чанарыг үгүйсгэж, гэмт хэрэгт тооцох эсэх үр дагавартайгаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдээс объектив талын шинжээр ялгагдах учиртай тул аргагүй хамгаалалтын хувьд объектив болон субьектив шинжийн зохицол болоод хоорондын уялдаа холбоог анхааран үзэх шаардлагатай юм. Хэдийгээр хохирогч Н.У, шүүгдэгч Т.Т нь нар хоорондоо маргалдах явцад хохирогч Н.У нь шүүгдэгч Т.Тыг заамдаж хойш түлхсэн үйлдэл хийсэн боловч цагаатгах тогтоолд дурдсан хохирогч Н.У нь Т.Тыг заамдан авч түүний зүүн нүд хэсэгт 1 удаа цохисон” гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг гарахад дан ганц хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, энэ нь шүүгдэгчийг хариу үйлдэл үзүүлэх хэмжээнд хүргэсэн гэх өрөөсгөл дүгнэлт хийж, гэмт хэрэг эхэлж, дуусах хүртэл үргэлжилсэн хугацаа, үйл явдал болж өрнөсөн нөхцөл зэргийг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгч Т.Тад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч Т.Т нь хохирогч Н.Уыг түрүүлж цохисон талаар мэдүүлсэн хохирогч Н.Уын “...өөдөөс дайрахаар нь би биеэ хамгаалан тухайн хүүхдийг заамдаад авсан. Тэгэхэд тухайн хүүхэд намайг үгийн зөрүүгүй цохиод авсан” гэх, гэрч Ц. Өын “...тухайн хүмүүс хоорондоо зууралдаж байгаад нөгөө үл таних хүүхэд 40 орчим насны залууг толгой хэсэгт нь гартаа байсан каскаар 1 удаа цохиж байхыг нь би харсан.” гэх мэдүүлгүүдийг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/521 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Тад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор Ц.Чингүүний бичсэн эсэргүүцэл болон хохирогч Н.Уын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Т.Тыг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 48 сургуулийн гадна автомашины зогсоолд хохирогч Н.Утай “мотоциклийн чанга дуу чимээ гаргасан” гэсэн асуудлаас болж маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд Т.Тын үйлдлийг хохирогч Н.Уын түрүүлж халдсан довтолгоог зогсоохоор хийсэн үйлдэл буюу аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэд нотлогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл боллоо.

Тодруулбал гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг хэний гэм буруутай үйлдлийн улмаас гарсан болохыг нарийвчлан тогтоох шаардлагатай.

                  1. Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, гэрч Ц.Өын “... тэр үед тухайн 40 орчим насны залуу болон мотоциклтой хүүхэд нар маргалдан улмаар хоорондоо заамдалцан авч 40 орчим насны үл таних залуу нөгөө хүүхдийг ард нь байсан сараалжин төмөр хашаа руу түлхсэн, тухайн үед хүүхэд хойш налаад зогссон. Энэ үед тухайн хүмүүс хоорондоо зууралдаж байгаад нөгөө үл таних хүүхэд, 40 орчим насны залууг толгой хэсэгт нь гартаа байсан каскаар 1 удаа цохиж байхыг нь би харсан. ... энэ хүмүүсийн маргааныг надаас өөр 2 хүн хажуунаас нь салгах гээд байж байсан. Тухайн хүмүүсийн нэг нь сургуулийн багш бололтой 40-50 орчим насны эмэгтэй, мөн үл таних өндөр, туранхай сурагчийн дүрэмт хувцастай хүүхэд байсан. Тухайн маргааныг бид гурав салгасан. ...” /хх 19/, хохирогч Н.Уын шүүх хуралдааны явцад өгсөн “… тухайн сургуулийн Гарьд гээд дуу хөгжмийн багшийн хүү Оргил билүү тэр залуу Т.Ттай нийлж миний зүүн талаас нийлж цохисон. Сургуулийн хичээлийн эрхлэгч гэх камер хянадаг эмэгтэй цагаан “Марк2” загварын автомашинаас гурван хүүтэй гарч ирсэн. ...” гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд тухайн газарт байсан бусад хүмүүсийг гэрчээр асууж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй.

                  2. Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс Н.Уын биед учирсан гэмтлийг “… зүүн чамархайн ясны хацрын сэртэнд бороо үүсээгүй, зөрүүгүй хугаралтай …” гэж дүрс оношилгооны шинжилгээнд тусгагдсан байхад энэ талаарх гэмтлийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4939 дүгээр дүгнэлтэд тусгаагүй үндэслэлээр дахин дүгнэлт гаргуулах талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан байхад энэ талаар эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгаагүй.

                  Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4901 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Т.Тын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан” мөн шинжээч эмч С.Эийн “… Т.Тын биед тогтоогдсон баруун гарын 4-р хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бусдыг зодох, цохих үед өөрийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Т.Тын биед тогтоогдсон баруун гарын 4-р хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Т.Тын биед тогтоогдсон хацар, гуянд цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлгийг дахин нягтлан шалгаж Т.Тын биед учирсан гэмтлийг хэн учруулсан, үнэхээр өөрийн хүчний үйлчлэлээр уг гэмтэл учирсан эсэх, учрах боломжтой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай байна.

                  3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сургуулийн орчинд байх камеруудыг шалгаж үзлэг хийх, тухайн үед мотоциклийг унаж байсан хүн хэн болохыг тогтоох /шүүдэгч би биш гэдэг/ нь мөн хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

                  Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд эрүүгийн процесс нь мөрдөн байцаалтын буюу шүүхийн өмнөх үе, шүүн таслах ажиллагааны буюу шүүхийн шатны гэсэн хатуу зааглагдсан хоёр үе шаттай байдаг бөгөөд хэргийн хувь заяа нь мөрдөн байцаалтын үр дүнгээс ихээхэн хамаарах ба прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хэмжээнд шүүн таслах ажиллагаа явагддаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар” гэснээр тусгалаа олсон.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй буюу хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулж, улмаар прокуророос хэргийн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, зүйлчлэл өөрчилсөн яллах дүгнэлтийг гардуулах ажиллагааг явуулан дахин шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгүүдэд хуульчлагджээ.

Хэрвээ анхан шатны шүүх шүүгдэгчийг прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл дээр дурдсанаар шүүх хуралдааныг хойшлуулан, холбогдох ажиллагааг явуулсны эцэст шүүх хуралдааныг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн түүнчлэн, анхан шатны шүүх Т.Тад холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ хохирогч болон гэрч Ц.Ө нарын өгсөн мэдүүлгүүдийг хэрхэн үнэлж, үгүйсгэсэн талаар дүгнэлтийг огт хийлгүйгээр зөвхөн Т.Тын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул “Цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн прокурор Ц.Чингүүний эсэргүүцэл болон хохирогч Н.Уын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/521 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгов.

Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Т.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/521 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ц.Чингүүний бичсэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар эсэргүүцэл, хохирогч Н.Уын давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Цагаатгагдсан этгээд Т.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ