Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 643

 

 

 

 

 

 

 

 

   2018           8            07                                    643

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Баярмаа,

шүүгдэгч: М.Бат, түүний өмгөөлөгч С.Санжаажамц /1782/,

шүүгдэгч: С.Дорж, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /0009/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бат, Дорж нарт холбогдох эрүүгийн 1805030730643 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 1-12 насны 5 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЗ 83050339, Бат.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,

урьд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар, Дорж.

 

             Шүүгдэгч М.Бат, С.Дорж нар нь 2018 оны 5 дугаар сарын 11-нээс 14-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орифлейм Монгол” ХХК-ийн агуулахад ажиллаж байхдаа 2 304 000 төгрөгийн 8 ширхэг гоо сайхны ком бүтээгдэхүүнийг хулгайлахаар бэлдэж, завдсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Бат  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Цаашдаа дахин ийм үйлдэл гаргахгүй. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Дорж  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Цаашдаа дахин ийм үйлдэл гаргахгүй. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Б.Баяр  мэдүүлэхдээ:

Манай байгууллагад 2018 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд санхүүгийн албанаас агуулахад тооллого хийсэн. Энэ тооллогоор тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд дутсан байгаа. Тэр бараа бүтээгдэхүүнүүдийг шүүгдэгч нарыг авсан гэдгийг тухайн үед мэдээгүй боловч камерын бичлэгээр бэлдэж тавьсан бараа бүтээгдэхүүнүүдийг илрүүлсэн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Должин  мэдүүлэхдээ:

Би 2017 оны 7 дугаар сараас хойш “Орифлейм Монгол” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байна. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагийн орчим намайг ажил дээрээ байхад агуулахын супервайзер /агуулахын менежер/ залгаад “Агуулахад бэлдээд тавьсан бүтээгдэхүүн оллоо. Бид нар энд нэг нэгнийгээ хардаад асуудал үүсээд байж байна яаралтай ирээч” гэсний дагуу би 11 цагийн орчим агуулах дээр очсон. Ажилчид бол тухайн болсон асуудлын талаар мэдээгүй, харин удирдах албан тушаалтнууд мэдэж байсан. Тэгээд би тэнд байсан ажилчидтайгаа нэг нэгээр нь протокол бичиж уулзсан. Тэр үед Бат, Дорж нартай уулзаж ярилцсан. Би уулзалтаа дуусгаад явсан. Тухайн үед Бат, Дорж нар “мэдэхгүй” гэсэн. Тэр өдрийнхөө орой нь агуулахын супервайзэр над руу залгаад бид нар дотроо уулзаад хүнээ бараг олчихлоо Бат өөрөө хэргээ хүлээж байна гэсэн утгатай зүйл ярьсан. Би тухайн өдөр бичсэн протоколоо шивээд ерөнхий захирал руугаа явуулсан. Үүний дагуу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан гэжээ. (хэргийн 6-7 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Цэнд мэдүүлэхдээ:

Би 2006 оноос хойш “Орифлейм Монгол” ХХК-д ажиллаж байна. Би няраваар ажиллаад 3 жил болж байна. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тооллого хийхэд бүх бараа бүрэн бүтэн байсан. 5 дугаар сарын эхээр ахиад тоолоход 5 ком бүтээгдэхүүн дутсан. Уг ком нь тус бүрдээ 260 000-270 000 төгрөгийн үнэтэй байх. Энэ алдагдсан комуудыг тухайн үед хэн хэрхэн авсан гэдэг нь олдоогүй. Харин 2018 оны 5 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчим намайг дуудахад очтол 5 дугаар станцын ард цаасан хайрцаганд бараанууд бэлдээд тавьчихсан байна гэхээр нь задлаад хартал 8 ком бүрдүүлээд тавьчихсан байсан. Бид нар тэнд ярилцаж байгаад Дөлгөөн рүү ярьж дуудсан. Дөлгөөн ирээд хүн бүртэй уулзаж байгаад явсан. Бид нар ярилцаж байгаад уг барааг гаргах боломжтой хүмүүс нь М.Бат, С.Дорж нар гэж бодсон. Яагаад гэхээр тэр хоёр бараа олголтын хэсэг дээр ажилладаг, гадагшаа орж гардаг ажил хийдэг байсан. Уг салбар дээр зөвхөн тэр хоёр л тийм ажил хийдэг байсан. Ажил тарахын өмнөхөн би бүх хүнээ цуглуулаад “энэ барааг авах гэж байсан хүн хэргээ хүлээчих, тэгэхгүй бол бүгд хувааж төлөх нь байна шүү дээ” гэтэл хэн ч дуугараагүй. Тэгээд би хүн бүртэй уулзаад хамгийн сүүлд Дорж, Бат нартай уулзахад Дорж “би мэдэхгүй” гэж байсан. Харин Бат нь “Дорж намайг бэлдээд тавьчих гэсэн” гэж хэлэхээр нь би “чи яаж гаргах байсан юм” гэтэл “би мэдэхгүй тэрийгээ Дорж өөрөө мэдэж байгаа” гэсэн. Дорж нь “би тэгээгүй” гээд байсан. Тэгээд ажилчид бүгд цагдаагаар шалгуулах хүсэлт гаргаад Дөлгөөнд хэлсэн гэжээ. (хэргийн 15-16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Дулмаа мэдүүлэхдээ:

Би “Орифлейм Монгол” ХХК-д 3 жил гаран ажиллаж байна. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчим би 5 дугаар станцын ард байсан бараануудыг нөхөх гэж очсон. Тэгээд 31252 кодтой бүтээгдэхүүнийг нөхчихөөд доор байсан 33106 кодтой бүтээгдэхүүнийг нөхөх гэтэл хайрцганд нь “Новаже” брэндийн цуврал байсан. Тэгэхээр нь би задлаж үзчихээд шалгагчид хэлж, дээрээс Энхтуяа эгчийг дуудсан. Энхтуяа эгч надаас хаана байсан талаар асуухад нь би байсан газрыг нь зааж өгсөн гэжээ. (хэргийн 17-18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Энхээ  мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 14-ний өглөөний 09 цагийн орчим над руу залгаад буугаад ирээч гэхээр нь очтол цаасан хайрцганд “Новаже” брэндийн цувралуудыг багцлаад хийсэн байсан. Тэр цаасан хайрцагтай зүйлсийг ямар учраас хулгайлах гэж байсан зүйл гэж бодсон гэхээр “Новаже” брэндийн цувралын хайрцганд биш өөр цаасан хайрцганд хийсэн байсан. Бид нар Доржтэй эхлэж уулзаад асуухад “Би ээжээрээ андгайлъя, би аваагүй” гэсэн. Тэгэхээр нь Доржг явуулчихаад Баттай уулзтал “Дорж намайг бэлдээд тавьчих гэхээр нь би бэлдсэн. Дорж надад хэлэхдээ агуулахын нярав Цэндээг айлгая гэж байсан” гэж хэлсэн. Яагаад тэгсэн гэхээр өмнө нь агуулахаас техникүүдийг Дорж нь дураараа авч гараад агуулахын Цэндээтэй маргалдаж байсан юм. Тэгээд тэрнийхээ хариуг авах гэж үнэтэй “Новаже” брэндийн бүтээгдэхүүн бэлдээд тавьчих гэхээр нь би бэлдсэн юм гэсэн утгатай зүйл ярьсан гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2 304 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Бат нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Дорж нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч М.Бат, С.Дорж нар нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орифлейм Монгол” ХХК-ийн агуулахад ажиллаж байхдаа бүлэглэж, 2018 оны 5 дугаар сарын 11-нээс 14-ний өдрийн хооронд 2 304 000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг гоо сайхны ком бүтээгдэхүүн хулгайлахыг завдсан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа,  М.Дөлгөөн, гэрч Б.Ханд, Л.Энхтуяа, Б.Цэндхорлоо нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.  Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Бат, С.Дорж нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ”,

2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч М.Бат, С.Дорж нар нь бүлэглэж, “Орифлейм Монгол” ХХК-ийн агуулахаас 2 304 000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг гоо сайхны ком бүтээгдэхүүн хулгайлахыг завдсан боловч тэдний хүсэл зоригоос үл хамаарч гэмт үйлдэл тасалдсан буюу хулгайн гэмт хэрэг төгсөөгүй тул тэднийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т зааснаар  энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

М.Бат, С.Дорж нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, “Орифлейм Монгол” ХХК-д төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь ар гэрээ тэжээн тэтгэдэг хувийн байдлыг харгалзан тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бат, Дорж нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бат, С.Дорж нарт хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар М.Бат, С.Дорж нар нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар М.Бат, С.Дорж нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар  шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бат, С.Дорж нарт авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН