Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00094

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/00094

 

 

 

 

Б.Баярмагнайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02771 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Баярмагнайгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжавын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Баярмагнай,

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Баярмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 сарын 24-ний өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын Б\361 дүгээр тушаалаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасгийн даргын албан тушаалд томилогдсон. Улмаар дээрх тушаалын дагуу үүрэгт ажлыг байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд зааснаар гүйцэтгэж байсан болно. Гэтэл Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б\499 дүгээр тушаалаар ... авто тээврийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнд багтаагүй этгээдээр мэргэшсэн жолоочийн шалгалт авахуулсан зөрчил гаргаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан тул... гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. Дээрхи тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба тухайн тушаал гарах үед Б.Баярмагнай Үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 1 сарын 16-ны өдөр баталсан Мэргэшсэн жолоочийн шалгалт авах журам-д заасны дагуу Сэлэнгэ аймагт комиссын гишүүн Г.Энхбаяр, Г.Золбоо нарын хамт 2017 оны 1 сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийг дуустал 4 хоногийн хугацаанд томилолтоор ажиллаж байсан. Томилолтоор ажиллаж байсан хугацаанд тус тасгийн ахлах мэргэжилтэн Д.Дашдорж нь өөрт олгогдоогүй эрхийг эдлэж 2017 оны 1 сарын 20-ны өдөр ажлын бус цагаар 380 жолоочоос шалгалт авч мэдээллийн санд шивсэн байсан. Иймд Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны Б\499 дугаар Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баярмагнай нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 11 сарын 1-ний өдрийн Ажилд түр томилох тухай Б/563 дугаар тушаалаар Мэргэшсэн жолоочийн тасгийн даргаар түр, 2017 оны 4 сарын 24-ний өдрийн Үндсэн ажилтнаар томилох тухай Б/361 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б/499 дүгээр тушаалаар ажлаас халагдсан. Б.Баярмагнай нь тус үйлдвэрийн газарт ажиллаж байх хугацаандаа удаа дараалан сахилгын зөрчил гаргаж байсан. 2017 оны 3 сарын 14-ний өдрийн Б/245 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж 2 сар цалингийн 20 хувийг хасуулж байсан. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 67 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтад өөрийн хариуцсан Мэргэшсэн жолоочийн тасгийн ажлаа зохион байгуулж чадаагүй, ажлын байрны тодорхойлолтын 3-т заасан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, 2-т заасан мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, мэргэшсэн жолооч бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих үндсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг дутагдап гаргасан. Мэргэшсэн жолоочийн шалгалтын асуудалтай холбогдуулан 2017 оны 1 сарын 18-наас 21-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймагт шалгалтаар явж байхдаа Ш.Дашдоржтой утсаар ярьж уг шалгалтыг зохион байгуулж авах талаар үүрэг өгсөн. Утсаар ярихдаа Тасгийн дарга Б.Баярмагнай согтуу байсан, Сэлэнгэ аймагт 2 хоног архи уусан. Б.Баярмагнайгийн удаа дараа гаргасан сахилгын зөрчил, хариуцсан тасгийн ажлаа удирдан зохион байгуулж чадаагүй зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасны дагуу Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэлд нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Б.Баярмагнайгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Баярмагнайг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,318,936 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярмагнайд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Баярмагнайн болон хариуцагч Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Баярмагнай нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаранд холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан байхад Б.Баярмагнайгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-т даалгасугай..." гэж шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийг удирдлага болгон сахилгын зөрчил ногдуулахаар зохицуулсан. Ажил олгогчийн зүгээс Баярмагнайг өөрийн хариуцсан мэргэшсэн жолоочийн тасгийн ажлаа хангалтгүй хийсэн, ажлын байрны тодорхойлолтын 2.5 дах хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүй гэж Б.Баярмагнайд сахилгын арга хэмжээ авсан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт сахилгын зөрчил ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6/563 дугаар тушаалаар түр томилогдон ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6/245 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж 2 cap цалингийн 20 хувийг хассан. Шүүхээс шалгалтын ажилтай холбогдуулан гэрчээр Д.Дашдоржийг асуусан бөгөөд уг асуултад Б.Баярмагнай надтай утсаар яриад н.Болд манай программыг тасалсан талаар олж мэдлээ гэж ярьсан атал программыг зориуд тасалж байсан н.Болдтой хамтарч шалгалт ав гэсэн гэж гэрчийн мэдүүлгийг буруу тодорхойлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн. Шүүхээс яамны шалгалтаар илэрсэн зөрчлийг үгүйсгэсэн. Дэд захирал Ш.Батсайханы ажлын байрны тодорхойлолтод мэргэшсэн жолоочийн тасгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг байхгүй бөгөөд харин Б.Баярмагнайгийн ажлын байрны тодорхойлолтод мэргэшсэн жолоочийн тасгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл захирал тушаал гаргахдаа тээвэр хариуцсан захиралд хяналт тавих чиг үүргийг давхар үүрэг болгож өгсөн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Баярмагнай нь хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

Б.Баярмагнай нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Б/563 дугаар Ажилд түр томилох тухай тушаал /хх-29 тал/-аар хариуцагч байгууллагын мэргэшсэн жолоочийн тасгийн даргаар томилогдож, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ХП71/26 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. /хх-5 тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталсан. /Х.х-ийн 4 дүгээр тал/

 

Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт аль үндэслэл бүрдсэн нь ажил олгогчийн тушаалд тодорхой бус байна.

 

Ажил олгогч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах хэсгийг баримталсан үндэслэлээ ажилтан Авто тээврийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнд багтаагүй этгээдээр мэргэшсэн жолоочийн шалгалт авахуулсан зөрчил гаргаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэж тайлбарласан.

 

Түүнчлэн Б.Баярмагнайг Авто тээврийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнд багтаагүй этгээд буюу Д.Дашдоржоор мэргэшсэн жолоочийн шалгалт авахуулсан зөрчлийг гаргаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх боловч тухайн шалгалт авах үед буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Баярмагнай нь Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар Мэргэшсэн жолоочийн шалгалт авах ажлын удирдамж гэх баримтаар тогтоогдож байна. Шалгалтыг Авто тээврийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох комисс-ын гишүүн Ч.Болд авсанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна. /х.х-ийн 12, 29 дүгээр тал/

 

Хариуцагч нь Б.Баярмагнайг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх нөхцөл байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжавын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ