| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2019/03872/И |
| Дугаар | 210/МА2020/00667 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2020/00667
| 2020 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2020/00667 |
Ц.Дийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00198 дугаар шийдвэртэй хүсэлт гаргагч Ц.Дийн цагаатгалын нөхөх олговор гаргуулах хүсэлттэй иргэний хэргийг прокурорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бямбасүрэн, гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уянга, прокурор Б.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Хүсэлт гаргагч Ц.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний эцэг Ц.Цэдэв нь 1938 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Онц бүрэн эрхт комиссийн хурлын 12 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн ял шийтгэгдэж Дотоод явдлын яамны тусгай комиссын 1940 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор сулласан. Иймд зохих хууль тогтоомжид заасны дагуу цагаатгалын нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уянга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Д нь хэлмэгдэгч Ц.Цэдэвийн нөхөх олговорт 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 639 дугаар шийдвэрээр 500 000 төгрөг авсан. Архивын лавлагаар Ц.Д нь Ц.Цэдэвийн төрсөн хүүхэд гэж бүртгэгдсэн. Иймд Ц.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй гэжээ.
Прокурор Б.Батнасан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан 1995 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/1262 тоот Тагнуулын төв газрын тусгай архивын газрын лавлагаанд ...Ц.Цэдэвээс хөрөнгө хураасан баримт байхгүй байна гэж бичсэн байна. Ц.Цэдэв нь хэлмэгдсэн гэх боловч өөрийн орон сууц, гэрээ хураалгаагүй учир түүнд хуульд заасны дагуу нөхөх олговор 40 000 000 төгрөгийг шаардах эрх үүсэхгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг баримтлан хэлмэгдэгч Цэвээний Цэдэвийн цагаатгалын нөхөн олговорт 40 000 000 төгрөгийг улсын төсвөөс гарган нэхэмжлэгч Гучид овогт Цэдэвийн Доржид олгохыг Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдан шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батнасан давж заалдах гомдолдоо: Хэлмэгдэгч Ц.Цэдэв нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Дотоод явдлын яамны Тусгай комиссын 1940 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар хурлын тогтоолоор хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 1995 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/1262 дугаартай архивын лавлагаанд ...Ц.Цэдэвээс хөрөнгө хураасан баримт байхгүй байна гэж тусгасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Хүсэлт гаргагч Ц.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан этгээдийн нөхөн олговорт 40 000 000 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ ... улс төрийн хэрэгт 1938 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Онц бүрэн эрхт комиссын хурлын 12 дугаар тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэсэн, ... цагаатгагдсан, ... бүх эд хөрөнгийг хураасан ... гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтуулна гэж журамлажээ. Хэргийн 7-8 дахь талд авагдсан үндэсний /уйгаржин буюу уламжлалт/ монгол бичгээр бичигдсэн баримт нь дээрх хуульд заасан шаардлагад нийцээгүй байхад шүүх хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үнэлж, хэлмэгдэгч болон түүний эхнэрт орон сууц, гэр олгоогүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасны дагуу хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Ч.ЦЭНД