| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2402000000388 |
| Дугаар | 2025/ДШМ/631 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.Онон |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/631
Т.С-, Д.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Онон,
шүүгдэгч Т.С-, түүний өмгөөлөгч Б.Баттөр,
шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/746 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.С-, түүний өмгөөлөгч Б.Баттөр, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.С-, Д.Б- нарт холбогдох 2402000000388 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Б овгийн Т-ийн С, 1997 онд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шийдвэр гүйцэтгэгч, эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ... хорих ангийн гадна харуул хамгаалалтын байцаагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),
2.Ч овгийн Д-гийн Б, 1986 онд Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Т.С- нь ... шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийн дагуу “төлбөр төлөгч Т.Н-гаас 49,950,000 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч Э.Б-д олгуулах” бүртгэлийн 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үедээ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн “Т.Н-гаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж Э.Б-д олгуулах” ашиг сонирхлын үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Д.Б-өөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хас банкны ... тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,
Д.Б- нь 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Э.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “Т.Н-гаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Б-д олгуулах” ашиг сонирхлын үүднээс шийдвэр гүйцэтгэгч Т.С-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас 1,000,000 төгрөгийг Т.С-ын эзэмшлийн Хас банкны ... тоот данс руу шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Т.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.С-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
шүүгдэгч Д.Б-ийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 6 сарын хорих ялаар шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгч Э.Золжаргал, Ө.Одончимэг нарын давж заалдах гомдлоос татгалзаж, шинээр Б.Баттөр өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба түүний гомдлыг дэмжиж байна. Би гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, өөрийн гэм бурууг гүнээ ухамсарлан ойлгож, гэмшиж байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.С-ын өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.С- нь өнгөрсөн хугацаанд гэм буруугаа ойлгож ухамсарласан, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэн түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх ял оногдуулахдаа Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, шийдвэр гүйцэтгэгч Т.С- нь 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдөр “та манай багшийг таньдаг юм уу, хувийн гуйлт байна, 1,000,000 төгрөг зээлээч” гэж анх мөнгө зээлэх талаар санаачилсан бөгөөд тухайн үед Д.Б- “хувь хүний үүднээс мөнгө зээлсэн” гэж болсон үйл явдлын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч Ц.Б-т үнэн зөв хэлж, мөнгө зээлсэн буюу мөнгө шилжүүлсэн үйлдэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч, өөрт байсан баримтуудыг гаргаж өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, олсон эд зүйлийг зохих байгууллагад төлсөн нь өөрийн үйлдэлд гэмшсэн байдлыг илэрхийлж байна.
Д.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн үндэслэлд хамаарна. Учир нь, Д.Б- хахууль өгөхийг өөрөө санаачлаагүй, Т.С- “мөнгө зээлээч” гэснээр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд ямар нэгэн байдлаар урьдчилан тохиролцож, урьдаас тухайн гэмт хэргийг үйлдээгүй. Гэвч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаарх үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1-т заасантай нийцээгүй.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал нь шүүгдэгчид оногдуулах ял, түүний төрөл, хэмжээг багасгах, хөнгөн ялыг сонгон оногдуулах, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндсэн нөхцөл юм. Иймд Д.Б-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасны дагуу хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.С-, Д.Б- нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл ангиар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Албан тушаалын гэмт хэргийн тухайд нийгмийн аюулын шинж чанар, ашиг сонирхлын зөрчил, төрд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж, нийгмийн аюулын шинж чанарын хор уршиг өндөртэй гэмт хэрэгт тооцогддог. Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилго, зорилттод нийцсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.
Нотлох ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.С-, Д.Б- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:
-шүүгдэгч Т.С-ын: “...1,000,000 төгрөгийг иргэнээс иргэний хооронд зээлсэн. Би Дотоод хэргийн их сургуульд сурч байх үеэс Д.Б- ахыг зүс таних болсон. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад зээлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой уг мөнгийг аваагүй...” (1хх 146-147),
-шүүгдэгч Д.Б-ийн: “...Би шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Ц.Б гэх хүнтэй уулзаж “шийдвэр гүйцэтгэгчид мөнгө өгсөн зүйл байхгүй, харин мөнгө зээлсэн” гэж хэлсэн. Т.С-ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн үеэс таних болсон, үүнээс өмнө Т.С-ыг таньдаггүй байсан...” (1хх 159-160),
-гэрч Т.Т-гийн: “...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ах Т.С-ын данснаас 500,000 төгрөгийн орлого орсон. Би тухайн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаад дууссан” (1хх 168-169),
-гэрч Т.А-ын: “...143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.С- өөр албан тушаалд шилжсэн ба би 400 гаран материал хүлээж авсан. Шийдвэр гүйцэтгэлийн 23251108 дугаартай хувийн хэрэгт Т.С- нь арилжааны банк дахь харилцах данснуудыг хааж, төлбөр төлөгч Т.Н-д 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гардуулснаас өөр ажиллагаа хийгээгүй байсан...” (1хх 172-174),
-гэрч Э.Б-гийн “...Д.Б- ах намайг тээврийн хэрэгсэл сайн мэддэг болохоор тээврийн хэрэгсэл үзээд аваад өгчих гээд Т.Н- гэх хүнээс тээврийн хэрэгсэл авахаар болж мөнгө шилжүүлсэн боловч залилуулсан. Ингээд Төв аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би малчин хүн болохоор хүргэн ах Д.Б-өд итгэмжлэл хийж өгсөн. Т.Н-д тээврийн хэрэгсэл авахаар шилжүүлсэн мөнгө нь Д.Б- ахын мөнгө байсан...” (1хх 181-182) гэх мэдүүлгүүд,
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07-01/2426 дугаартай “Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” албан тоот (1хх 3),
-иргэн Э.Б-гаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан гаргасан гомдол (1хх 4),
-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.С-д холбогдох албаны шалгалтын материал (1хх 8-18),
-Т.С-ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон тухай тушаал, түүний албан тушаалын тодорхойлолт (1хх 22, 31-34),
-Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 232 дугаар гүйцэтгэх хуудас (1хх 38),
-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23251108 дугаар тогтоол (1хх 57),
-Т.С-ын эзэмшлийн Хас банкны ... тоот дансны хуулга болон дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1хх 121-125, 126) зэрэг нотлох баримтуудаар:
1.Т.С- нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 561 дүгээр шийдвэрийн дагуу “төлбөр төлөгч Т.Н-гаас 49,950,000 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч Э.Б-д олгуулах” бүртгэлийн 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үедээ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн “Т.Н-гаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж Э.Б-д олгуулах” ашиг сонирхлын үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Д.Б-өөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хас банкны ... тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн а-д зааснаар төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг хэлнэ.
Тус конвенцод нэгдэн орсон Монгол Улсын дотоодын хууль тогтоомжид ямар этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үзэх талаар дараах байдлаар хуульчилжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасан.
Төрийн албаны тухай хуулийн 6, 10 дугаар зүйлд төрийн албан тушаалын ангилал, төрлийг тодорхойлсон бол мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь төрийн тусгай албан тушаалд хамааруулахыг хуульчлан тогтоосон.
Дээрх зохицуулалтууд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/128 дугаар “Т.С-ыг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тушаал (1хх 22), албан тушаалын тодорхойлолт (1хх 31-34) зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Т.С- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул түүнийг төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.С- нь хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ашиг сонирхлын үүднээс иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан Т.С-ын эзэмшлийн Хас банкны ... тоот дансны хуулга болон дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрч Т.Туулайхүүгийн мэдүүлэг зэргээр тогтоогдох ба энэ нь түүний үйлдсэн гэмт хэргийн субъектив шинжийг нотолсон байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл эсхүл эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл эсхүл эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгажээ.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенц болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд, нийтийн албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд, хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байна.
Дээрхээс үзэхэд, тодорхой үйлдлийг хийх, эсхүл хийхгүй байхаар урьдчилан амлаж хахууль авсан тохиолдолд урьдчилж тохиролцсон үр дүндээ бодитойгоор хүрсэн, эс хүрснээс үл шалтгаалж “урьдчилан амлаж хээл хахууль авсан”-аар, эсхүл “урьдчилан амлахгүйгээр тодорхой үр дүнг бий болгосны төлөө хээл хахууль авсан”-аар гэмт хэрэг төгсөнө.
Шүүгдэгч Т.С-ын хувьд, эхний шинжийг бүрэн хангаснаар гэмт хэрэг төгссөн бөгөөд хахууль авснаар ямар нэгэн үйлдэл хийсэн, эсхүл хийгээгүй байх нь гэмт хэргийн шинжийг хангахад нөлөөлөхгүй.
Иймд шүүгдэгч Т.С- нь нийтийн албан тушаалтан буюу шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ашиг сонирхлын үүднээс иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь албаны хэвийн ажиллагаа доголдох эрсдэлийг бий болгож, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны болоод шударга ёсны зарчим аль алинд нь хор уршиг учруулж, хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул анхан шатны шүүх түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай ямар нэгэн гэм хор учруулдаг ба эсхүл тийм гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү учирсан болон учруулж болох хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал (нийтлэг болон тусгай шинж бүхий субъект) тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлдог болно.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчихөөс гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг.
Төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой тул хахууль авах гэмт хэрэг нь хууль ёсоор эдлэх эрх, хүлээх хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгож, нийгэмд шударга бус байдлыг бий болгодог нийгэмд аюултай шинж ихтэй байдаг.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Анхан шатны шүүх Т.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, түүнчлэн улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээ хязгаарт нийцүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял шийтгэснийг буруутган дүгнэх, өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.
2.Д.Б- нь 23251108 дугаартай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Э.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “Т.Н-гаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Б-д олгуулах” ашиг сонирхлын үүднээс шийдвэр гүйцэтгэгч Т.С-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас 1,000,000 төгрөгийг Т.С-ын эзэмшлийн Хас банкны ... тоот данс руу шилжүүлж хахууль өгсөн гэмт хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаар анхан шатны шүүх эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах байдлаар илрэн гардаг билээ.
Харин Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай эсхүл хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч Д.Б- нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Э.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “Т.Н-гаас 49,950,000 төгрөгийг шуурхай гаргуулж төлбөр авагч Э.Б-д олгуулах” ашиг сонирхлын үүднээс шийдвэр гүйцэтгэгч Т.С-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг Т.С-ын эзэмшлийн Хас банкны данс руу шилжүүлсэн үйл баримтад хахууль өгөгч, авагч нарын харилцан сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөн байх тул хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдаг хор уршиг ихтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 2,700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба анхан шатны шүүх хэргийн хүрээнд харгалзвал зохих бүхий л нөхцөл байдалд дүгнэлт хийсний эцэст торгох, хорих ялуудаас хорих ялыг сонгон хэрэглэж, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасан, 6 сарын хорих ял оногдуулсан нь Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.С-, түүний Б.Баттөр, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 67 хоног тус тус цагдан хоригдсон байгааг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/746 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.С-, түүний өмгөөлөгч Б.Баттөр, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-, Д.Б- нарын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 67 (жаран долоо) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН