Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 654

 

 

 

 

 

 

 

 

  2018           8           10                                     654

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                  

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан,

шүүгдэгч: Г.Баяр, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярд холбогдох эрүүгийн 1805 0115 40199 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баяр.

 

  Шүүгдэгч Г.Баяр нь  2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаанд хамтран амьдрагч Р.Болорг удаа дараа байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан,

 

2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 7 дугаар байрны 12 тоотод хамтран амьдрагч Р.Болорг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

өөрийн төрсөн хүү, бага насны хүүхэд болох Б.Эрдэнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Баяр мэдүүлэхдээ:

Би эхнэртэйгээ 2000 оноос хойш хамт амьдарч байна. Тэр гэдэсний өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, группэд байдаг юм. Би 2012 онд эхнэр Болорг зодож байсан. Харин 2017 онд зодож байгаагүй. Бидний дунд мөнгө төгрөгийн асуудлаас болж л хэрүүл маргаан эхэлдэг. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Р.Болорг зодож, хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийнхээ гарыг хугалсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй.  Учир нь намайг Түмэнтай маргалдаж байхад хүү Болор-Эрдэнэ бидний дундуур ороод цохигдсон юм. Хүү Б.Эрдэнийн гар хугарсан гэмтэл одоо эдгэрсэн. Одоо эхнэр Болор бид хоёр эвлэрсэн, нэг гэртээ хамт амьдарч байгаа. Би үйлдсэн хэрэгтээ би их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хойшид архи ууж, эхнэр, хүүхдийнхээ эрх чөлөөнд халдахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-Эрдэнэ  мэдүүлэхдээ:

2018 оны 02 дугаар сарын 19-нд манай төрсөн эгч Оюуныг бэр гуйх гэж 6 хүн ирсэн ба манай талаас мөн 6 хүн байсан. Тэгээд тэд нар бэр гуйсны дараа цайллага болж, 5-6 шил архи уусан. Тэгээд нөгөө хүмүүс орой 17 цаг өнгөрөөгөөд явсан бөгөөд аав тэдгээр хүмүүсийг гаргаж өгөөд буцаж орж ирсэн. Тэгээд аав ээжийг хэл амаар доромжлоод, архи нэхээд байсан. Ээж 1 шил архи аавд гаргаж өгөөд гарсан. Аав унтаж байсан Дүгэрсүрэн, Түмэн нарыг сэрээгээд архи ууя гээд байсан. Тэгэхэд Дүгэрсүрэн ах архи уухгүй гээд эхнэртэйгээ явсан. Аав нөгөө өрөө рүү ороод, унтаж байсан Түмэн ахыг сэрээгээд, хуруугаараа дух руу нь чичлээд байсан. Гэтэл Түмэн ах сэрээд “яаж байна” гэхэд аав “чи банди” гээд хэл амаар доромжлоод, Түмэн ахын нүүр лүү нь цохисон. Ээж ирээд тэднийг салгахад ээжийг түлхээд унагасан. Тэгээд аав Түмэн ах хоёр зууралдаад, зодолдоод байж байхад би очоод аавыг татаад хөлнөөс нь барихад миний зүүн гар руу зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд би гараа дийлэхгүй нөгөө өрөөнд орсон. Би нөгөө өрөөнд орж цагдаа дуудчихаад буцаад ороход манай 5 сартай жирэмсэн эгч Оюунаа газар унасан, ээж босгох гэж байхад аав, ээжийн араас зүүн чих рүү нь гараараа цохисон. Аав эхлээд надаас архи нэхээд орилоод, нүүрээ өөрөө маажаад байсан. Аав агсам тавиад ширээ гараараа цохиод байсан. Миний зүүн гарын шуу хэсэг хугарсан, аавдаа маш их гомдолтой байна гэжээ. (хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Р.Болор мэдүүлэхдээ:

Миний хамтран амьдрагч Баяр нь гэртээ байхдаа эрүүл, согтуу алин боловч хэл амаар доромжилж хэрүүл хийдэг. Гэр оронд амар тайван байлгадаггүй, байнгын мөнгөний хэрүүл хийж, “танай талынхан мөнгөтэй хүмүүс, манай талынхан гуйлгачин” гэж бидний амар тайван байдлыг алдагдуулдаг. Тухайн өдөр намайг эхлээд түлхэж унагаад, намайг газар унасан байхад миний дээрээс элэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэнд байсан манай найз Оюун, манай хүү Болор-Эрдэнэ нар татаж босгосон. Дахиад над руу дайрахад нь манай хүү Болор-Эрдэнэ бид хоёрын дундуур ороход гар руу нь өшиглөсөн. Тэгээд би очоод Баярыг түлхэж унагаад, хүүгээ аваад өрөөнөөс гарсан. Гэтэл Баяр орилоод, тэнд байсан хүмүүс рүү агсраад байхад үед манай охин Оюун гаднаас орж ирээд салгахад охиныг түлхэж унагахаар нь би очиж охиноо босгох гээд доошоо тонгойход миний шилэн хүзүү, дагз руу гараараа хэд хэдэн удаа хүчтэй цохисон.  Намайг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Дарь-Эхэд байхад эрүүл үедээ хэрүүл маргаан хийж, миний нүүр рүү цохиж, араас өшиглөсөн. Тэгэхээр нь би гараад зугтаасан гэжээ. ( хэргийн 23-24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Р.Түмэн мэдүүлэхдээ:

Би 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай төрсөн эгч Р.Болоргийн бага охин Оюуны бэр гуйх ёслол болоод би эгчийндээ эхнэр Байгалмаагийн хамт очсон. Бид нар тэнд хадам талын хүмүүстэй ширээнд сууж, хоол унд идэж, архи дарс ууж байгаад өдөр 15 цагийн үед би тасраад, нөгөө өрөөнд орж унтсан. Намайг унтаж байхад хүн татаж чангаагаад байх шиг байхаар нь сэрээд хартал хүргэн ах Баяр намайг татаад “босоод ир, ганц юм хувааж ууя” гэсэн. Тэгэхээр нь би уухгүй гэхэд Баяр намайг “банди минь, чи босоод ир” гээд намайг 1 удаа мөргөсөн. Би босч суугаад “чи яахаараа намайг банди гэдэг юм” гээд бид 2 заамдалцаад зууралдаж байхад нөгөө өрөөнөөс манай эхнэр Байгалмаа, эгч Болор хоёр орж ирээд Баярыг түлхээд орон дээр унагасан. Тэгээд манай эхнэр намайг татаад, дагуулаад гадаа гарсан. Намайг нэг удаа мөргөхөд манай эгч, эхнэр хоёр ирээд салгасан. Тэгээд би гараад явсан. Эгч Болор, хүү Болор-Эрдэнэ нарыг цохихыг би хараагүй, тухайн үед гадаа байсан. 2017 онд Баярд зодуулсан гэж эгч Болор хэлж байсан. Тэрнээс өмнө яадаг байсан талаар мэдэхгүй гэжээ. (хэргийн  28-29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Д.Оюун мэдүүлэхдээ:

Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед өөрийн найз Болоргийнд очиж, хоол унд бэлдэж хоносон. Маргааш нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай найз Болоргийн охин Оюуныг бэр гуйх ёслолын ажиллагаа болж, өдөр 11 цаг 40 минутын үед хадам талын хүмүүс ирж бэр гуйж, найрлаж суусан. Тэгэхэд би тэр хооронд гал тогоонд 14 хүний хоол бэлдэж, найздаа тусласан. Тэгээд ирсэн хүмүүс өдөр 16 цагийн үед гарцгаасан. Тэгэхэд манай найз Болороогийн ээж, аав, 2 эрэгтэй дүү, 2 эхнэр нь, Болороогийн бага хүү, нөхөр Баяр бид нар үлдсэн. Тэгээд Баяр тэдгээр хүмүүсийг гаргаж өгөөд буцаж орж ирээд намайг дуудаж ширээн дээр суулгаж, Болороо, 2 бэр нь, бид 4 ширээн дээр сууж цай унд ууцгаасан. Баяр Болороогоос архи нэхээд байхааар нь Болороо 1 шил архи гаргаж өгөхөд Баяр тэр архийг бид нарт хундгалсан. Болороо 2 бэртэйгээ юм яриад байж байхад Баяр архи хундаглаж өгөхөд тэр 3 тоохгүй байсан. Тэгэхэд Баяр “та нар намайг тоосонгүй, дандаа ингэдэг байхгүй юу” гээд уурлаж, ширээ нүдээд байсан. Тэгээд Баяр босч очоод зурагтын хажуу талд байсан бурхан тахилаа нураагаад, Болороотой хэрүүл хийгээд байсан. Тэр үед Болороогийн ээж орж ирээд Баярыг аргадаж байсан. Баяр босоод нөгөө 2 өрөөнд унтаж байсан Болороогийн 2 дүүг сэрээгээд архи ууя гээд байсан. Тэгснээ унтаж байсан Болороогийн дүүтэй зууралдаад орилоод байсан. Би очоод хартал Баяр Болороогийн дүүтэй зууралдсан, хажууд нь Болороо хүүтэйгээ хамт гарнаас нь татаад салгах гээд байсан. Би очоод салгах гэхэд намайг түлхээд цааш нь унагасан. Би айгаад коридорт гарсан. Тэгэхэд Болороогийн ээж намайг дуудаад гаргаад өг гэхээр нь хувцасыг нь өмсгөөд хамт гарсан. Тэгээд гадаа ээжтэй нь хамт сууж байхад Баяртай муудалцаж байсан Болороогийн дүү эхнэртэйгээ гарч ирээд ээжийгээ аваад явсан. Би буцаж ороход цаад өрөөнд Баяр хараалын үг хэлээд орилоод Болороо “хүүхдийн гар хугалчихлаа, хамт гэмтэл явъя” гээд байсан. Тэгэхэд араас цагдаа орж ирээд Баярыг аваад явсан. Болороо бага хүүгээ дагуулаад эмнэлэг явсан. Баярыг Солонгос явахаасаа 2 жилийн өмнө хардаж, хэрүүл хийж, зоддог гэж Болороо хэлж байсан гэжээ. (хэргийн 30-31 дүгээр хуудас)

 

         Мөрдөн байцаалтанд гэрч-Б.Гансүх мэдүүлэхдээ:

Би он сарыг сайн санахгүй байна. Баяр нь гэр бүлдээ согтуу агсан тавьж зодсон гэх асуудалтай эрүүлжүүлэх байранд хоносон байсан санагдаж байна. Эхнэр нь зодуулсан гээд өргөдөл гаргасан, хэрэг бүртгэгч дээр өргөдөл нь цохогдсон байсан. Би Баярыг давхар өөрийн судалгаанд авахаар дуудаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаа авч байсан гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2781 дугаар дүгнэлтэд:

1. Р.Болорийн биед тархи доргилт, нуруу, зүүн өгзгөнд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.  (хэргийн  39 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2782 дугаар дүгнэлтэд:

1. Б.Эрдэнийн биед зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Баяр нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 86 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Баярыг 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдрагч Р.Болорг удаа дараа байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан,

 

2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 7 дугаар байрны 12 тоотод хамтран амьдрагч Р.Болорг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

өөрийн төрсөн хүү, бага насны хүүхэд болох Б.Эрдэнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан,  хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ,

         1201. 2-т “Энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, эсхүл асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн, эсхүл гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж нэмэлт оруулсан нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн байна. Энэ хууль нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт хамаарах юм.

 

Хэрэгт байгаа Баянгол дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 880,  2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 616 тоот, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2016 оны 9 сарын 07-ны өдрийн 8060 тоот тогтоолууд нь Г.Баярыг дээрх гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлоогүй, Р.Болор нь 2017 оны 02 дугаар сарын 27, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн нь осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсаар тогтоогдож байх боловч энэ нь Г.Баяры үйлдэлтэй холбоотой эсэх нь тогтоогдохгүй байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байхад Г.Баярыг 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдрагч Р.Болорг удаа дараа байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах  дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд Г.Баяр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь нотлогдоогүй байхад түүний эрх зүйн байдлыг дордуулсан нь буруу юм.

 

Түүнчлэн прокурор шүүгдэгчийг хамтран амьдрагч Р.Болорг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж яллаж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй болно.

 

Иймд Баярд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Харин шүүгдэгч нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 7 дугаар байрны 12 тоотод хамтран амьдрагч Р.Болорг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нуруу, зүүн өгзгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол,

мөн 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Эрдэнийг 14 насанд хүрээгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Эрдэнэ , Р.Болор, гэрч Р.Түмэн, Д.Оюун нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2781, 2782 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр  нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд Г.Баярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Болор нь өөрт учирсан хөнгөн хохирол, хүү Эрдэнэ д учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 346 818 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн боловч Баяр надад учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардлыг бүрэн төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар эвлэрч одоо хамт амьдарч байгаа, гомдол саналгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, Г.Баяр нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “харгис хэрцгий харьцаж, догшин авирласан” гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчлаагүй байхад улсын яллагч шүүгдэгчийг хуульд заагаагүй үндэслэлээр хүндрүүлэн яллаж байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-дХөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заажээ.

Г.Баяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тул түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Баярд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Баярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Баярыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Баярд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан  550 000 төгрөгөөр торгох ялыг, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Баярд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Баяр нь торгох ялыг 1 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Баяры 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Баярд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН