| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/01387/И |
| Дугаар | 191/ШШ2025/09839 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/09839
| 2025 о 11 с 13 | Дугаар 191/ШШ2025/09839 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух,******* овогт*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, овогт,
Хариуцагч:,,, тоотод оршин суух, овогт нарт холбогдох
Талийгаач Б. хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгуулах, өвлөгдөх эд хөрөнгө болох *** тоотын орон сууц, *** тоотын орон сууц, улсын дугаартай маркийн порестер автомашин зэрэг эд хөрөнгүүдийн ногдох хэсгээс 82,500,000 төгрөг гаргуулах,
Ц.,, дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Ж. нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., хариуцагч Ц., хариуцагч Ц. өмгөөлөгч Д., хариуцагч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч би 5 хүүхэд төрүүлж өсгөсөн ба талийгаач нь миний ууган хүү, тэрээр *** оны 9 сарын 08-ны өдөр*** -*** аймгийн *** хотод төрж, 10 жилийн дунд сургуулийг төгсөөд, *** -*** онд ЗХУ-ийн /хуучнаар/ Иркутск хотын Политехникийн дээд сургуулийн уул уурхайн инженерийн ангид сурч төгсөн ажил амьдралын гараагаа төрсөн нутгаасаа эхлүүлж, *** оны 01 сарын 18-ны өдөр зуурдаар насан эцэслэх хүртэлээ ажиллаж, гэр бүлээ тэжээж байсан билээ. Хүү минь 10 жилийн сургуульд нэг ангид суралцаж байсан Ц.тэй *** онд гэр бүл болж, охин Т. *** онд, хүү Т. *** онд төрүүлж, амьдралынхаа 34 жилийг хамт өнгөрүүлэхдээ Ц. ааш занд тааруулж түүний аясаар байдаг байсан ба, тэрээр хүүд минь байнгын зандрангуй, дээрэлхүү байдлаар хандаж, загнаж, тушааж харьцдаг байснаас гадна үр хүүхдүүдийг нь нялх балчираас нь эхлэн эцгийнх нь эсрэг турхирч хүмүүжүүлснээс болж охин, хүү нь 2 ээжтэйгээ нийлж эцгийгээ загнаж зандрах, цохиж зодох, хоолойг нь боох зэргээр эрүүл саруул ухаантай хүн төрүүлсэн эцгийнхээ эсрэг гаргаж боломгүй бусармаг үйлдлийг хийж гэр орондоо байж суухын аргагүй болгож өөрсдийн хүссэн дуртай үедээ харанхуй шөнөөр ч хамаагүй гэрээс нь хөөж гаргадаг байсан дарамттай амьдралаас шалтгаалан сэтгэл санаагаар унаж, гутарч байгаад зүрх нь дийлэлгүй, 60 нас ч хүрэлгүй, 84 настай хөгшин эхийнхээ өмнө орж гэнэт нас барсанд үнэхээр гомдолтой байдаг. Хүүгээ гэр орноосоо хөөгдөж туугдаж гарахдаа гудамжинд биш, ээж дээрээ иргэ дээ гэсэн аргаа барсан сэтгэлээр түүний амьдардаг гэр орны ойролцоо орон сууц худалдан авч амьдрах болсон ба, хүү минь насан эцэслэхээс өмнө 9 сар хөдөө ажиллаж байгаад дөнгөж гэртээ ирэхэд нь нэг ч хонуулалгүй хөөж гаргаснаар эх над дээр ирж, надтай 2 сар хамт амьдрахдаа хоол ундаа ч идэж уухгүй, байнгын сэтгэл санаагаар хямарч, энэ хямралаас шалтгаалан зуурдаар нас барсан нь Ц. болон 2 хүүхдийнх нь гаргадаг зан авир, үйлдэлтэй холбоотой юм. Хүүгийн минь амьд ахуйд Ц. ханийн хайр халамжаар, үр хүүхдүүд нь эцгээ хайрлаж халамжлаагүй, насан эцэс болоход нь ч харамсаж гашуудаагүй атлаа өөрсдөө нэр цэвэр үлдэхийн тулд үхсэн хүн үг хэлдэггүй гэдгийг ашиглаж, хамаатан садан нэг нутаг усны хүмүүст талийгаач хүүгийн талаар худал зүйл ярьж үхсэн хойно ч нэр төрийг нь гутааж, доромжилж байгаад үнэхээр их харамсаж, гомдож байна. Талийгаач минь *** оноос эхлэн нас барах хүртлээ улсын болон хувийн байгууллагад 33 жил ажилласан ба, 2010 онд Улаанбаатар хотод шилжин ирж, 2012 онд *** тоотын 3 өрөө орон сууцыг банкны зээлээр худалдан авахдаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг Ц. хамт төлсөнөөс, 10,000,000 төгрөгийг хүүгийн эцгийн талын бүл дүү нар өгч, сар бүрийн зээл, хүүгийн төлбөрт 1,150,000 төгрөгийг хүү цалингаасаа төлж зээлийн төлбөрийн дийлэнхийг барагдуулсан. Энэ орон сууцны өмчлөгчөөр хүү Б., Ц. нар бүртгүүлсэн байсан ба, орон сууцыг Ц. *** оны 02 дугаар сарын 02-ны өдөр дангаар өвлөж авсан байсан. Хүү Б. ХХК-ийн уурхайн албаны даргаар тасралтгүй 11 жил хөдөө, хээр гэр орноосоо хол, хүнд нөхцөлд үр бүтээлтэй сайн ажилласан тул түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж тус компани *** тоотын 2 өрөө орон сууцаар 2020 онд шагнасан. Уг орон сууц Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.5-д заасан хувийн авьяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого буюу хүүгийн минь хуваарьт өмч байсан байхад Ц., Т. нар хамтран өмчлөгч болсон байсан. Мөн ХХК, миний хүүгийн ажил хөдөлмөрийн ололт амжилтыг үнэлж компанийн хөрөнгөөр улсын дугаартай автомашиныг худалдан авч түүний өмчлөл эзэмшилд шилжүүлэн өгсөн юм. Ц. нь 2022 оны 12 сарын 28-ны өдөр нотариатч Ж.д машин болон орон сууц зэргийг өвлөх хүсэлт гаргасныг тэрээр хүлээн авч бүртгэлийн **** дугаарт бүртгэн гэрчилж, өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 21-р зүйлийг зөрчиж өөр өвлөгч байгаа эсэхийг шалгаагүйгээс Ц. нь дээрхи хөрөнгүүдийг ганцаар өвлөж авсан байсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар миний бие талийгаач хүүгийнхээ хууль ёсны өвлөгчийн хувьд 2022 оны 7 сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О. хандахад (тойргийн дугаар 6, тамганы дугаар 14) өвлөх эд хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг олж авчрах журамтай, одоогоор өвлөх эрхийн гэрчилгээг олгоогүй байна гэсэн. 2022 оны 12 сарын 23-ны өдөр нотариатчийн шаардсан ... эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагааг Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулан авч дахин өв нээлгэх хүсэлтээ гаргаж дээрх нотариатч дээр очиход өв нээгдээгүй байна, өвлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нарын регистрийн дугаар, гэрчилгээ зэрэг нэхэмжлэгчийн зүгээс олж авах, гаргах боломжгүй баримтуудыг шаардсан. Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс өвийг нээлгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон учир өв нээгдэхээс өмнө 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хандсан. Шүүх урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн ... болон бусад үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа Монголын нотариатчдын танхим дээр очиж хүсэлт гаргахад Ц., хууль ёсны өвлөгч талийгаачийн төрүүлсэн ээж нь байсаар байхад нотариатч Ж.тай хуйвалдан Буянт-Ухаа дахь орон сууц болон машины өвлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авчээ. Мөн хүү Б. нас барах хүртэл ээж Н. надтай хамт амьдарч байсан тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч намайг өвийг хүлээн авсан гэж үзэхээр байгаа. Өвлөгдөх эд хөрөнгө болох *** тоотын 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр хүү Б., Ц. нар, *** хороо, *** тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хүү Б., хамтран өмчлөгчөөр Ц , Т. нар тус тус бүртгүүлсэн байсан ба, Т. уг орон сууцнаас өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг гаргаснаар 2023 оны 01 сарын 19-ний өдөр **** 2 өрөө байр болон машин Ц. өмчлөлд шилжсэн байна. **** тоотын 3 өрөө орон сууцыг 220,000,000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** хорооол, **** тоотын 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр, **** улсын дугаартай автомашиныг 20,000,000 төгрөгөөр тус тус үнэлж дараахи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач хүү Б. хууль ёсны өвлөгч нь Н.ыг болохыг тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгаж, Иргэний хуулийн 520.1.1, 520.6-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгүүдээс *** тоотын 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр хүү Б., Ц. нар улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хуваахад уг орон сууцнаас Н. надад ногдох хэсэг 55,000,000 төгрөг, *** тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хүү Б., С., Б. нар улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан бөгөөд уг орон сууцнаас Т. өөрийн хүсэлтээр өв хүлээн авахаас татгалзсан тул Н. надад ногдох хэсэг 22,500,000 төгрөг, *** улсын дугаартай автомашинаас Н. надад ногдох хэсэг 5,000,000 төгрөг, нийт 82,500,000 төгрөгийг Ц.эс гаргуулж өгнө үү.
Өвлүүлэгч хүү Б. хөрөнгүүдийг өвлөх хүсэлтийг Ц., 2022 оны 12 сарын 28-ны өдөр нотариатч Ж.д гаргасаныг тэрээр хүлээн авч бүртгэлийн-рт бүртгэн гэрчилж, 2023 оны 01 сарын 19-ний өдөр өвлөх эрхийн,, 2023 оны 02 сарын 01-ний өдөр өвлөх эрхийн дугаартай гэрчилгээг тус тус олгосон байдаг. Нотариатч Ж. өв хүлээн авах хүсэлт болон өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохдоо хариуцагчийн өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудын үнэн зөвийг тодруулаагүй, тухайлбал: Нотариатын тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.2, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 сарын 07-ны өдрийн №171 тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8-р зүйлийн 8.2 зэргийг зөрчиж Ц. өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. Миний бие хууль ёсны өвлөгчийн хувьд 2022 оны 7 сарын 07-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч О. өв нээлгэхээр хандахад уг нотариатчийн шаардсан ... эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагааг Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулан аваад дахин 2022 оны 12 сарын 23-ны өдөр өв нээлгэх хүсэлтээ гаргахад өв нээгдээгүй байна, өвлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нарын регистрийн дугаар, гэрчилгээ зэрэг миний зүгээс олж авах, гаргаж өгөх боломжгүй баримтуудыг шаардсан. Нэгэнт надад өв нээлгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон учир өв нээгдэхээс өмнө буюу 2023 оны 01 сарын 16-ны өдөр тус шүүхэд хандахад хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүлээн аваад захирамжид дурдсаны дагуу Монголын нотариатчдын танхим дээр очиж хүсэлт гаргахад Ц. хууль ёсны өвлөгч талийгаачийн төрүүлсэн ээж нь байсаар байхад нотариатч Ж.тай хуйвалдан өвлөх эрхийн гэрчилгээг авсанд гомдолтой байгаа. Ийм үйл явдал болсон байхад Ц., Баянзүрх дүүргийн ***-р хорооны засаг даргаар 2022 оны 01 сарын 18-ны өдөр гэртээ өвчний улмаас нас барсан, мөн асран халамжилж байсан гэсэн худал тодорхойлолтыг гаргуулсан нь дэндүү муухай үйлдэл байсан. Нотариатын үйлдэл хийх зааврын 8-р зүйлийн 8.2.11-д ... өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолтын /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/ үнэн зөв эсэхийг шалгаагүй, нас барсаны лавлагааг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь холбогдох заавар журмыг зөрчсөн эдгээр үндэслэлээр Ц. 2023 оны 01 сарын 19-ний өдөр олгосон, дугаартай өвлөх гэрчилгээ, 2023 оны 02 дугар сарын 01-ний өдөр олгосон дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч Ж. нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.
Өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хуульд заасан хугацаа дөхсөн, өөрөөс үл хамаарах шалтгаанаар өвтэй холбоотой хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаж чадахгүй нөхцөл бий болсон тул нэг жилийн хугацаа өнгөрөхөөс өмнө буюу 2023 оны 01 сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн ...болон бусад үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаа татгалзсан. Миний зүгээс Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.1-д заасан хугацааны дотор холбогдох газрууд буюу нотариатч болон шүүхэд хандах зэргээр өөрийн зүгээс шалтгаалах бүхий л ажиллагааг хийсэн боловч бусад байдлаас шатгаалан өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээг авч чадаагүй. Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.4-т хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно, Улсын дээд шүүхийн Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжийн 2.1-д хүндэтгэн үзэх шалтгаа гэдгийг ... цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй гэж тайлбарласан бол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт ...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн шалтгаан гэж үзнэ гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч би, нотариатчид (удаа дараа) болон шүүхэд хандсан цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг сунгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан... гэв.
2. Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талийгаач нөхрийн маань ээж нөхрийн маань цаг бусын үхлээр далимдуулан өв нэрийн дор бидний 35 жилийн турш бий болгосон илүү ч үгүй, дутуу ч үгүй зээлээ ч төлж дуусгаагүй гэр орон сууц, хэзээ хэзээгүй зогсоход бэлэн болсон ганц муу хуучин автомашин зэрэгт шуналын сэтгэлээр хандаж, бид бүгдээрээ нэг гэр бүл болж, бие биенээ гэж ирсэн 35 жилийн бүхий л амьдралыг маань үгүйсгэж, биднийг хүн биш мэтээр үзэж, гүтгэж гүжирдэн хань ижил, аавыгаа цаг бусаар алдсан сэтгэлийн асар их зовлон дээр зовлон нэмж байгаад туйлын ихээр харамсаж, гутарч, гомдож амьдралынхаа үнэн мөнийг ойлгуулахын тулд олон зүйлийг хэлж, бичмээр байвч бурхан болоочийнхоо ясыг өндөлзүүлэхээс цэрэвдэг Монгол ёсоо бодож энэ бүхэнд хариу барихаа энэ удаад хойш тавих нь зүйтэй байх гэж бодож байна. Ганцхан зүйлийг хэлэхэд хүн ямар ч гомдолтой байж болно, гэхдээ бүхнийг үгүйсгэж, ямар ч хамаагүй байдлаар бусдыг буруутгаж, гүтгэж, нэр төрд нь халдаж байгаад гэр орон, бусад зүйлийг нь авч болно гэж ойлгож байгаа бол тэр гүтгэж байгаа бүхнийг тэвчиж бид 35 жил ханилж, 2 хүүхэд төрүүлэн өдий зэрэгтэй өсгөж, айл орон болгож ач, зээ нараа тойруулан тойголж сууж чадах байсан уу? гэсэн асуултаар цэг тавьж гагцхүү шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэсэн шаардлагын хүрээнд багтааж энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжгүй болох талаар дараах үндэслэлд тулгуурлан энэхүү тайлбарыг гаргаж байна. Талийгаачийн байнга оршин суудаг байсан төдийгүй хамгийн сүүлчийн оршин сууж байсан ******* эсхүл нэхэмжлэлд дурдсан нэг үл хөдлөх хөрөнгийн байгаа Хан-Уул дүүргийн нотариат болон баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаснаа нотлосон нэг ч баримт нэхэмжлэлдээ хавсаргаагүй нь түүний нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүйг харуулж байгаа тул Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.3 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хавсаргаж өгсөн баримт болох Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн *** тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн архивын лавлагаанаас харахад нэхэмжлэгч Н. нь өөрөө Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг бүү хэл өв хүлээн авах талаар ч эрх бүхий байгууллагад өргөдөл гаргаж байсан гэдэг нь харагдахгүй байгаа нь өвлөхөөс татгалзсан гэж дүгнэлтэд хүргэж байна. Ийм болохоор Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О. 2022 оны 7 сарын 07-ны өдөр, 2022 оны 12 сарын 23-ны өдрүүдэд хандан өв нээлгэх талаар хандаж байсан талаар нэхэмжлэлдээ дурдаж үүнийгээ нотариатч О. гэрчлүүлэхээ дурдсан нь нотариатч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдаж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын Нотариатын үйлдлийн бүртгэл хөтлөх 3.2.6-д зааснаар ...өв хүлээн авах хүсэлтийг гэрчлэх үйлдлийг Нотариатын тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д заасны дагуу үйлдэл тус бүрээр бүртгэл хөтлөх бөгөөд цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгалж, дээрх зааврын 8 дугаар зүйлийн 8.9-д зааснаар Өв хүлээн авах хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна гэсэн шаардлагыг хангасан үйлдэл хийж, холбогдох баримт бичиг бүрдүүлсэн. Түүнчлэн хаа байгаа Сонгинохайрхан дүүргийн нотариатад биш өв нээгдсэн газрын нотариатад хандсан эсэхээр тус тус нотлогдохоос биш хэн нэг нотариатын энд тэнд гэрчээр мэдүүлэгээр нотлогдоод байдаг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ингэж явах ёс суртахууны эрх ч нотариатад байх ёсгүй юм. Тийм ч болохоор нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ нэг үндэслэлийг ...хүү Б. нь нас барах хүртлээ ээж Н. надтай хамт амьдарч байсан... гэдгээр Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.1-д зааснаар өөрийгөө өв хүлээн авсан гэж тодорхойлж байгаа нь өөрөө хуульд заасан хугацаанд өв хүлээн авах талаар хуульд заасан байгууллагад хандаж байгаагүйгээ хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл гэж үзнэ. Өвлүүлэгч нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.1-д иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлснийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хаяг дээр нэхэмжлэгчтэй байнга хамт амьдарч байсан гэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд харин өвлүүлэгчийн 2012 оноос хойш нас барах хүртэл байнгын оршин суусан албан ёсны хаяг нь эхнэр болон хүүхдүүд, мөн тэдгээрийн асрамжид байдаг ач хүүтэйгээ хамт амьдарч байсан бүртгэлтэй Баянзүрх дүүргийн*******, Нарны зам,ы тоот бөгөөд хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр, нас барсны гэрчилгээний хуулбар лавлагаа гэх мэт нотариатад бүрдүүлж өгсөн баримтуудаар нотлогдоно. Гэр бүл доторх маргаантай, өдөр бүр ирж очин уулзалдаж байсан сар илүү хугацааг нэхэмжлэгч буруугаар ойлгон өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвпөгч гэж тайлбарлаж байгааг хууль ёсны өвлөгчийн эрхтэй гэж үзэх боломжгүй юм. Нотариатч нь хуулийн энэ заалтыг үндэслэн цахим мэдээллийн санг ашиглан шалгахад өөр хэн нэгэн өвлөгч гэрчилгээ аваагүй байсан тул иргэн надад өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн 14-р хорооны Засаг дарга зориуд санаатай тодохойлолт хийсэн үйлдэл биш, гэр бүлийн гишүүд мөн тул түүнийг үндэслэн Засаг даргын гаргаж өгсөн тодорхойлолт гэж үзэж байгаа, түүнээс биш өвчтэй байх хугацаанд нь асарч байсан гэснийг батлах гэсэн асуудал биш. Талийгаач маань Шувуун фабрикийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-д улирлын чанартайгаар ажилладаг байсан. 2021 оны 3-р сард тухайн жилийн ажил эхэлсэн ба 7 хоногийн 5 өдөрт нь ажлаа хийж, хагас, бүтэн сайн өдөр гэртээ ирж амардаг байсан. Ажлаа хийж байх явцдаа наадмын үеэр архи ууснаар захирал нь ажиллуулахгүй гэж бүтэн 1 сар гэртээ лагерь дээрээ байсан, ажиллуулаач гэж олон дахин гуйсны эцэст зөвшөөрч 9 сард ажилдаа орсон, ажилдаа ороод удалгүй ажил дээр нь ковид гарч, бүгдээрээ шахам өвчилж, улаан бүс болсон, энэ нь 10 сарын эх хүртэл үргэлжилж, энэ хугацаанд гэртээ ирээгүй, сахарын эм зэргээ хүүгээрээ авахуулж, нисэх дээрээс ажлынх нь хүн ирж эм тариаг залгуулдаг байсан. Түүнээс хойш хэвийн горимд шилжиж, хааяа гэртээ ирдэг байсан. Өмнө нь байраар шагнуулахад бид хамт олныг нь ковид өвчний улмаас хүлээж авч чадаагүй байсан, 11-р сарын 26-ны өдөр ажил нь буух болоод энэ үеэр нь хүлээн авья гээд бэлэг сэлт, хүлээн авах ресторан зэргийг бэлтгэн хүлээн авалт хийсэн. Маргааш нь талийгаач ажил руугаа буцсан ба 2 хоноод ирнэ, хийж дуусгах ажил байгаа гээд явсан, 2 хоногтоо багтаж ирээгүй, болоогүй байна гэсээр 12-р сарын 01-нд гэртээ ирсэн, түүнээс биш орон гэртээ ирдэггүй, харилцаа холбоогүй зүйл байгаагүй. Бидний хооронд гэр бүлийн маргаан гарч муудалцаад гарч явах гээд байхаар нь хүү маань эмээгийнд оруулж өгнө, тэгэхгүй бол архи уучихна гээд ээжийнд оруулж өгсөн, зүгээр байдаг хүнийг ингэхгүй, зодож цохисон, дарамталсан асуудал гараагүй. Нэхэмжлэгч тал хүүгийнхээ ажил явдлыг хөгшин би өөрийн гэртээ хийсэн гэх асуудалд тайлбар хэлэхэд талийгаач маань ээжийнд байж байхдаа нас барсан ба ажил явдлыг нь гэр орондоо хийе гэхэд ээж, дүү нар нэгэнт хөөж явуулчихаад тийм юм байхгүй гэртээ хийнэ гээд зөвшөөрөөгүй, хамаатан н.Готов ахад нь энэ талаар хэлэхэд манайхан ах дүү олуулаа, энд хамаатан садныг нь хүлээн авья, гэрт нь ажлынхан, хамаатан садан бусад хүмүүсийг хүлээн ав, 2 газар ёсыг үйлдэж болно гэснээр нь 2 газарт хийсэн, гэхдээ би болоод хүүхдүүд ээжийнд орж гарч, лам, номын үйл ажиллагаанд оролцож, буянаар цугласан мөнгө төгрөгийг өгсөн.
Нэхэмжлэгч тал хугацаандаа баримтаа бүрдүүлж чадаагүй нь өөр хэн нэгнээс шалтгаалсан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Гэрчээр дуудагдсан О.Жаргалсайханы мэдүүлэг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2022 оны 7 сарын 07, 12 сарын 23-ны өдрүүдэд нотариатад хандаж байсан хугацаа, мөн хуульд заасан өөр бусад цаг үеийн үйл явдлууд зэрэг нь өнөөдөр Өв хүлээн авах хугацааг сунгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүндэтгэн үзэх шалтгаан байхгүйг тодорхой харуулж байна. Нэхэмжлэгч ч нотариатчийн зөвлөсөнөөр хууль ёсны баримтаа бүрдүүлж хугацаандаа зохих этгээдэд хандаагүй нь мөн л нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүйн нотолгоо юм. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өв нээлгэх баримт бүрдүүлэх боломжит хугацаанд хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон гэх нөхцөл байдал байхгүй бөгөөд нэхэмжлэгч талын гаргаж буй нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан зүйлүүд нь зөвлөмжид дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан биш тул уг шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3. Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өвлүүлэгч Б. эхнэр Ц. 2022 оны 12 сарын 28-ны өдөр манай нотариат дээр ирж нас барсан нөхрийнхөө нэр дээрх хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасан. Тэр үед 1 жил өнгөрөөгүй байсан тул би хуулийн дагуу хүсэлтээ гаргаж болно, 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгодог талаар зөвлөсөн ба тэрээр хүсэлтийг хүлээн авч №1592 дугаарт бүртгэж гарын үсэг үнэн зөвөөр гэрчилсэн. Дараа нь Ц. 2023 оны 01 сарын 19-ний өдөр 1 жил өнгөрсөн тул өвлөх эрхийн гэрчилгээг авья гэж ирсэн. Би хууль журмын дагуу холбогдох нотлох бичиг баримтуудыг шалгаж үзэхэд хууль ёсны гэр бүл болохыг баталсан гэрлэлтийн гэрчилгээ эх хувиар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа, мөн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар зэргийг бүрдүүлж ирсэн байсан тул Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1-д зааснаар хууль ёсны эхнэр, хүүхэд гэсэн эрэмбээр нь хүүхдээс нь өвөөс татгалзсан хүсэлтийг нь авч эхнэр Ц. №***-д *** маркийн *** улсын дугаартай арлын дугаартай автомашин. Уг автомашиныг 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Их Ирээдүй капитал ББСБ-д барьцаалж зээл авсан байсан ба зээлийг хүү Т. төлж барьцаанаас чөлөөлсөн албан тоот бичиг авсан байсан. №***-д *** тоот хаягт байрлах 53,57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-**** улсын бүртгэлийн дугаартай, А., Т., Б. нарын 3 хүний дундын өмчлөлийн орон сууцны хамтран өмчлөгчид ногдох хэсгийг, ***-д *** тоот хаягт байрлах 92,95 м.кв 3 өрөө орон сууц, *** улсын бүртгэлийн дугаартай Ц., нарын 2 хүний дундын өмчлөлийн орон сууцнаас хамтран өмчлөгчид оногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээг тус бүр олгосон болно. Энэ үед өөр өвлөгч хүсэлт гаргасан эсэхийг /1 жил дотор/ Монголын нотариатчдын танхимын мэдээллийн сангаас шүүлт хийж лавлагаа авахад өөр бусад өвлөгчөөс өвтэй холбоотой хүсэлт гаргаагүй байсан тул Иргэний хуулийн 527-р зүйлийн 527.1, 527.3, 531 дүгээр зүйлийн 531.2, 528-р зүйлийн 528.2, 528.3-т заасныг үндэслэн Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч Н. нь өвлүүлэгчийн ээж хэдий ч хамт амьдарч байсан тухай өрхийн бүртгэлд тусгагдаагүй, хуулийн хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй байсан учраас Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.3-т зааснаар Өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзана гэж үзнэ гэж зааснаар өвөөс татгалзана гэж үзэж өвлүүлэгчийн эхнэрт нь хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Би энэхүү өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хэлсэнчлэн иргэн Ц.тэй хуйвалдсан, хууль журам зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн дурдсанаар өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр хуулбар, лавлагаа зэрэгт би эргэлзэж дахин магадлаж шалгах шаардлага тухайн үед байгаагүй. Би Нотариатын тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.2, 43-р зүйлийн 43.2.2 дахь заалтуудыг- зөрчөөгүй. Холбогдох бүх бичиг баримтуудыг авч тухайн асуудлыг шийдвэрлэсэн болно. Тэр үед нэхэмжпэгчийн нэхэмжлэлдээ бичсэнчилэн эхнэр нөхөр хоёр муудалцаж, талийгаач Б. нь ээж дээрээ ирсэн байсныг мэдээгүй, энэ талаар Ц. дурдаж яриагүй. Дараа нь иргэн Н. ирж уулзаж тухайн нөхцөл байдлыг ярьсанаар гэр бүлийн хоорондын зөрчилдөөнтэй байсныг нь мэдсэн. Нотариатч Ж. би хуулийн дагуу, хууль ёсны өвлөгч болох эхнэр Ц. нь өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531-р зүйлийн 531.2-т зааснаар Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа олгоно гэсэн заалтын дагуу олгосон. Хуульд энэ 1 жилийн хугацааг зүгээр ч нэг зохицуулалт болгож оруулаагүй. Өвтэй холбоотой асуудлаар өвлөгчид хоорондоо зөвшилцөх, өв хувиарлах хэлцэл хийх, өвлөх эрхийг шилжүүлэн авах гэрээ хэлцэл хийх зэргээр аливаа маргаантай эргэлзээтэй асуудлаа цэгцлэх хугацааг олгосон гэж ойлгодог. Энэ 1 жилийн хугацаа өнгөрсөн бол Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.1, 528.2, 528.3-д зааснаар уг хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн хуулийн тодорхой заалтыг баримтлаж өвийн асуудлыг шийдсэн. Нотариатч би хууль зөрчөөгүй, яагаад хариуцагч болж татагдаад байгаагаа ч ойлгохгүй байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 9-р сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тодорхойлохдоо Гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг ойлгохоор тодорхойлсон байна. Энэ асуудлыг шүүх хуулийн хүрээнд шийдвэрлэх байх. Надад холбогдох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4. Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын нотариатчдын танхимын 2023.01.31-ний өдрийн 122 дугаар албан бичиг, түүний хавсралт, Б. иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ, Н.ын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022.12.23, 2023.02.01-ний өдрийн төрөл садангийн лавлагаа, 2022.12.20, 2023.02.01-ний өдрийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаанууд, Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын 2022.12.20-ны өдрийн тодорхойлолт, 2023.02.06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Б. нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, УБЕГ-т төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт, Н.ын 2023.02.02-ны өдрийн хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.23-ны өдрийн 101/ШЗ2023/02646 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбарууд, нэхэмжлэгчийн итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
5. Хариуцагч Ц.эс хэрэгт өгсөн баримтууд: Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн 2019.12.16-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны Т.ын тоот дансны хуулга, 2021.01.27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн банкны 2023.03.15-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт, Төрийн банкны тоот Ц. харилцах дансны харилцагчийн хуулга, зээлийн дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтууд, Хас банкны цахим гүйлгээний мэдээллийн баримт.
6. Хариуцагч Ж.аас хэрэгт өгсөн баримтууд: байхгүй.
7. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Монголын нотариатчдын танхимын 2023.05.02-ны өдрийн 364 дугаартай албан бичиг, Нийслэлийн тойргийн нотариатч Ж. 2023.05.18-ны өдрийн тайлбараар 2022.12.28-ны өдрийн бүртгэлийн хуудас /гарын үсэг/, 2022.12.28-ны өдрийн Өв хүлээн авах хүсэлт, Б. нас барсны бүртгэлийн лавлагаа,, дугаартай эд хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2023 оны өвийн бүртгэлийн дэвтэр, 2023.01.19-ний өдрийн 16, 17 дугаартай бүртгэлийн хуудас /өв/, 2023.02.01-ний өдрийн 23 дугаартай бүртгэлийн хуудас /өв/, 2023.01.19-ний өдрийн, дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2023.02.01-ний өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2023.01.19-ний өдрийн 40 дугаартай тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Монголын нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн 2023.01.19, 2023.02.01-ний өдрийн лавлагаа, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023.01.19-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2023.01.25-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Т., Т. нарын төрсний гэрчилгээ, Б. болон Ц. нарын гэрлэгчдийн гэрчилгээ, 2023.01.19-ний өдрийн өв хүлээн авахаас татгалзах тухай *** *** дугаартай хүсэлт, А. иргэний үнэмлэхний лавлагаа, Т.ын иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн 2019.12.16-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Төрийн банкны 2012.06.11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ, уг гэрээний хавсралт, мөн өдрийн барьцааны гэрээ, 2023.01.19, 2023.02.01-ний өдрийн өөрийн хөрөнгийг үнэлсэн тухай, гэрч О. 2023.10.17-ны авсан мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.01.23-ны өдрийн *** дугаартай албан бичгээр *******,*******, /13334/,******* тоот орон сууцтай холбоотой нийт 40 хуудас нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүд.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.ын хариуцагч Ц. холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н. хариуцагч Ц. холбогдуулан талийгаач Б. хууль ёсны өвлөгчөөр Н.ыг тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгө болох *******,*******,*******,*******,ы тоот орон сууц, **** тоотын орон сууц, улсын дугаартай Subaru forester маркийн автомашин зэрэг эд хөрөнгүүдийн ногдох хэсэг 82,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хамтран хариуцагчаар Ж.ыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ц. 2023 оны 01 сарын 19-ний өдөр, дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, 2023 оны 02 сарын 01-ний өдөр дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Ж. нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, өв хүлээн авах хугацааг сунгуулах-аар нэмэгдүүлж, шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.
3. Хариуцагч Ц. Н. хууль ёсны өвлөгч биш, Иргэний хуульд заасан хугацааны дотор өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргаагүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.1. Хариуцагч Ж. хуульд заасан журмын дагуу нотариатын үйлдлийг хийсэн гэх үндэслэлээр өөрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Талийгаач Бэгзсүрэн овогтой төрсөн эх нь Н., хууль ёсны эхнэр нь Ц., Б. болон Ц. нарын дундаас 1988 оны 5 сарын 23-нд охин , 1993 оны 8 сарын 09-нд хүү нар төрсөн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн *** дугартай Төрөл садангийн лавлагаа, №020 дугаартай гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна./1хх-14, 75-76/
4.1. Талийгаач Б. 2022 оны 01 сарын 18-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх-75/
4.2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасны дагуу талийгаач Б. эхнэр Ц., охин Т., хүү Т., төрсөн эх Н. нарыг талийгаач Б. хууль ёсны өвлөгчид мөн гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Н.ыг талийгаач Б. хууль ёсны өвлөгчөөр тогтоох үндэслэлтэй.
5. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж заажээ.
5.1. Нэхэмжлэгч тал талийгаачтай холбоотой хөрөнгийн лавлагаа болон бусад лавлагааг олж авах боломжгүй байсан тул бичиг баримтаа бүрдүүлж өгч өв хүлээн авах хүсэлтээ гаргаж чадаагүй, ийм шалтгаан байсан учраас 1 жилийн дотор шүүхэд хандсан, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарлаж байна.
5.2. Нэхэмжлэгч Н. 2022 оны 7 сард Нийслэлийн тойргийн нотариатч О. хандаж талийгаач хүү Б. хөрөнгөөс өвлөх хүсэлтээ илэрхийлсэн, нотариатч хуульд заасан хугацаа болоогүй, өвлүүлэгчийн нэр дээр байгаа хөрөнгийн гэрчилгээ болон бусад баримт бүрдүүлэх тухай хариу өгсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, гэрч О.Жаргалсайханы мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5.3. Нэхэмжлэгч Н. талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн дотор буюу 2023 оны 01 сарын 16-ны өдрийн дотор талийгаач хүү Б. хөрөнгөөс өрт ногдох өв хөрөнгөд 165,000,000 төгрөгийг гаргуулахар шүүхэд хандсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шаты шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2646 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /1хх-30/
5.4. Нэхэмжлэгч тал өв хүлээн авах хүсэлттэй холбоотой хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлэх боломжгүй байсны улмаас өв нээлгэх хүсэлтээ нотариатад гаргаагүй гэж үзэхээр байх ба өвийн талаарх маргаанаа хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргаж байсан нь тогтоогдож байна.
5.5. Иймд дурдсан нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байх тул талийгаач Б. өв хүлээн авах хугацааг шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасны дагуу сунгаж шийдвэрлэх үндэслэлтэй.
6. Б., Ц. нарын хамтран амьдрах хугацаанд Б., Ц. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, **** тоот, 92,95 м.кв талбайтай 3 өрөө, орон сууц бий болсон болох нь зохигчдын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна. /1хх-85-91/
6.1. Б. 2019 оны 12 сарын 16-ны өдөр Их ирээдүй капитал ББСБ ХХК-иас 13,000,000 төгрөгийг зээлж улсын дугаартай *** *** маркийн автомашиныг худалдан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу өмчлөлийг тус ББСБ-ын нэр дээр бүртгүүлж, авто машиныг эзэмшиж байсан болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх-81-84/
6.2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн тооцооллоо ...талийгаач Б. 2 ширхэг орон сууц, авто машиныг Ц., Н. нар өвлөх эрхтэй гээд, 3 өрөө орон сууцыг 220,000,000 төгрөгөөр үнэлж 2 өмчлөгчид хувааж, 110,000,000 төгрөгөөс Н.д ногдох хэсэгт 55,000,000 төгрөг, 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр үнэлж 2 өмчлөгчид хувааж 45,000,000 төгрөгөөс Н.д ногдох хэсэгт 22,500,000 төгрөг, автомашиныг 20,000,000 төгрөгөөр үнэлж 2 өмчлөгчид хувааж, 10,000,000 төгрөгөөс Н.д ногдох хэсэгт 5,000,000 төгрөг, нийт 82,500,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлав.
6.3. Б. нас барсан, 2 хүүхэд нь насанд хүрсэн, гэр бүлтэй болж тусдаа амьдарч байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх 3 өрөө орон сууц, авто машиныг талийгаач Б., хариуцагч Ц. нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, тэдгээрийг 50, 50 хувиар өмлөх эрхтэй гэж үзэв.
6.4. Талийгаач Б. нас барсан тул түүний 3 өрөө орон сууц, авто машиныг өмчлөх 50 хувийг эхнэр Ц., охин Т., хүү Т., төрсөн эх Н. нар тус тус өвлөх эрхтэй байна.
6.5. Ц. өвлөх эрхийн гэрчилгээ авах үед охин Т., хүү Т. нар нь маргаагүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. Гэвч охин Т., хүү Т. нарыг өвлөх эрхгүй гэж дүгнэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу Б.д ногдох хөрөнгийг Ц., Н. нар өвлөх эрхтэй гэж дүгнэх боломжгүй.
7. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, **** тоот, 92,95 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зах зээлийн үнийг шинжээч 259,967,477 төгрөгөөр үнэлсэн болох нь шинээжчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /2хх-126-150/
7.1. Дээрх 3 өрөө сууцны ипотекийн зээлийг төлж дуусган, хариуцагч Ц. өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дангаар өмчлөх эрхээ бүртгүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /2хх-5/
7.2. Маргаан бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй 2 этгээдэд хуваахад талийгаач Б. орон сууцнаас өвлөгдөх мөнгөн дүн 129,983,738 төгрөг болж байх ба Б. хөрөнгийг өвлөх эрхтэй дээр дурдсан 4 этгээдэд хуваабал 1 өвлөгчид 32,495,934 төгрөг ногдоно гэж тооцон, хариуцагчаас Н.д ногдох хэсэг 32,495,934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
7.3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилоход 3 өрөө орон сууцны үнийг 2024 оны 12 сарын 05-нд 259,967,477 төгрөгөөр, хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилоход 2025 оны 09 сарын 25-ны өдөр 259,863,700 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба 103,777 төгрөгийн зөрүүтэй үнэлгээ гарсан байна. /2хх-126-150, 178-193/
7.4. Дээрх 2 шинжээчийн 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээний дүн ойролцоо гарсан байх тул эхний шинжээчийн үнэлгээгээр тооцож хэргийг шийдвэрлэсэн болно.
8. Авто машины зах зээлийн үнийг шинжээч 15,833,333 төгрөгөөр үнэлсэн болох нь шинээжчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /2хх-126-150/
8.1. Авто машины зээлийг төлж дуусган, хариуцагч Ц. өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өмчлөх эрхээ бүртгүүлсэн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
8.2. Маргаан бүхий авто машиныг өмчлөх эрхтэй 2 этгээдэд хуваахад талийгаач Б. авто машинаас өвлөгдөх мөнгөн дүн 7,916,666 төгрөг болж байгааг Б. хөрөнгийг өвлөх эрхтэй 4 этгээдэд хуваабал 1 өвлөгчид ногдох 1,979,166 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
9. Б., Т., А. нар эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** тоот, 53,57 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 12 сарын 22-ны өдөр бүртгүүлэн өмчилж байсан болох нь зохигчдын тайлбар, *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх-79/
9.1. Дээрх орон сууцыг өмчлөгч Б., Т., А. нар 2021 оны 01 сарын 27-ны өдөр Ж. 96,400,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 50,000,000 төгрөгийг худалдагч талын Хаан банкны тоот дансанд шилжүүлэх, үлдэх 46,400,000 төгрөгийг 2021 оны 02 сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 сарын 20-ны өдрийн хооронд нийт 36 сарын хугацаанд сар бүрийн 20-нд 1,289,000 төгрөгөөр Хаан банкны тоот дансанд шилжүүлэх, төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн нэр шилжүүлж өгөх, орон сууцыг 2021 оны 01 сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /1хх-182-183/
9.2. Талийгаач Б. нь нас барахаасаа өмнө Т., А.*** нартай хамтран өмчилдөг дундын өмчлөлийн орон сууцаа Ж.*** худалдсан, урьдчилгаа мөнгө 50,000,000 төгрөгийг болон үлдэх төлбөрийг хүү Т.од шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн, Т. 2021.01.27-ны өдрөөс 2023.01.25-ны өдрийн хооронд *** тоот дансаараа нийт 126,460,000 төгрөгийг орон сууцгы үнэд авсан болох нь тогтоогдож байх тул талийгаач Б. нас барахаас 1 жилийн өмнө маргаан бүхий 2 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгээ хүү Т.ын гэр бүлд орон сууц худалдан авахад зориулж өгсөн гэж үзэх үндэслэлтэй./1хх180-181/
9.3. Дээр үндэслэлүүдээр маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчийг Б., Ц. нар мөн гэж үзэх үндэслэлгүй тул талийгаач Б.д ногдох хэсгээс 22,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлгүй.
10. Хариуцагч Ц. 2022 оны 12 сарын 28-ны өдөр нотариатч Ж.д маргаан бүхий 2 ширхэг орон сууц болон 1 автомашины өв хүлээн авах хүсэлтийг гаргасны дагуу нотариатч нь дугаарт бүртгэж, ...1 жилийн хугацаа өнгөрөөгүй, хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж болно, 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгодог талаар... зөвлөж буцаасан болох нь хариуцагч талын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
10.1. Хариуцагч Ц. талийгаач Б.ийг нас барж 1 жилийн хугацаа өнгөрсний 2023 оны 01 сарын 19-ний өдөр дараа дахин өв хүлээн авах хүсэлтийг гаргасан дагуу нотариатч Ж. 2023 оны 01 сарын 19-ний өдрийн бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр улсын дугаартай Subaru forester маркийн автомашиныг, бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр ***, *** тоот, 53,57 мкв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг, 2023 оны 02 сарын 01-ний өдрийн бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр *** 28 тоот, 92,95 мкв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг тус тус бусад өвлөгч нар нь өв хүлээн авахаас татгалзсан үндэслэлээр Ц. өвлүүлэхээр гэрчилгээ олгосон болох нь *** тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, холбогдох баримтуудаар тогтоогдож байна. /1хх-59-94/
10.2. Нотариатийн тухай хуулийн 251 дугаар зүйлийн 251.2-т Нотариатч нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, мэдээлэл үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэл, татварын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах, зуучлах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ гэж заажээ.
10.3. Нотариатч Ж. нь Монголын нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлээс 2023 оны 01 дүгээр сарын 19, 02 дугаар сарын 01-ний өдөр өвлүүлэгч Б. регистрийн дугаараар хайлт хийхэд ямар нэгэн илэрц гараагүй болох нь Монголын нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. 1хх-73-74/
10.4. Нотариатч Ж. ...талийгаач Б. өвийг эхнэр Ц.эс өөр өвлөгч хүлээн авах талаарх хүсэлтийг хуулийн дагуу гаргаагүй... үндэслэлээр Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн өвлөх эрхийн *** тоот гэрчилгээ олгосоныг хууль зөрчиж олгосон гэж үзэхээргүй байх тул хариуцагч Ж.д холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
11. Дээр дурдсанаас, талийгаач Б. хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Н.ыг тогтоож, нэхэмжлэгч Н.ын өв хүлээн авах хугацааг сунгаж, хариуцагч Ц.эс эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *******, *** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцнаас Н.д ногдох хэсэгт 32,495,934 төгрөг, улсын дугаартай форестер маркийн автомашинаас Н.д ногдох хэсэгт 1,979,166 төгрөг, нийт 34,475,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.д олгож, нэхэмжлэлээс 48,024,900 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ж.д холбогдох Ц. 2023 оны 01 сарын 19-ний өдөр, дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, 2023 оны 02 сарын 01-ний өдөр дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Ж. нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 781,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.эс 34,475,100 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан талийгаач Б. хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Н.ыг тогтоож, нэхэмжлэгч Н.ын өв хүлээн авах хугацааг сунгаж, хариуцагч Ц.эс 34,475,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.д олгож, нэхэмжлэлээс 48,024,900 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ж.д холбогдох,, дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 781,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.эс улсын тэмдэгтийн хураамжид 330,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ