| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2208019250013 |
| Дугаар | 2025/ДШМ/481 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/481
2025 04 29 2025/ДШМ/481
С.Н-, Г.Г, Ц.Б-, Э.У-, Б.М-, Л.Г-, Ж.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Эрхэмбаяр,
шүүгдэгч, хохирогч С.Н-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
шүүгдэгч Г.Г, Ц.Б-, Э.У-,
шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Н-, Г.Г, Ц.Б-, Э.У-, Б.М-, Л.Г-, Ж.Б- нарт холбогдох эрүүгийн 2208019250013 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн С-гийн С.Н-, 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:... /;
2. Ж овгийн Ж-ы Ж.Б-э, 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хелло дистрибьюшн” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл-3, эх, түүний хамтран амьдрагчийн хамт ... тоотод оршин суух, /РД:.../,
Урьд: 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
3. С овгийн Л-ын Л.Г-, 2000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эх, дүү нарын хамт, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:.../;
4. О овгийн Э-ийн У, 1998 оны 01 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:... /;
5. Т овгийн Б-ийн Б.М-, 1997 оны 11 дүгээр сарын 10-нд Завхан аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, дүү нарын хамт ... тоотод оршин суух, /РД:.../,
Урьд: 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
6. М овгийн Ц-ын Ц.Б-, 1997 оны 07 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:... /;
7. Х овгийн Г-ын Г.Г, 1998 оны 07 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Таван богд фудс Пицца хат” хүргэлтийн ахлах жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ... тоотод оршин суух, /РД:... /,
урьд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;
Шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- нар бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Авто сургууль”-ийн автобусны буудлын урд талын “СU” сүлжээ дэлгүүрийн гадна:
- хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, энэ үедээ
- нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.Н-, Г.Г, Ц.Б-, Э.У- нар бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Авто сургууль”-ийн автобусны буудлын урд талын “СU” сүлжээ дэлгүүрийн гадна :
- хохирогч Э.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.У-, Г.Г нар нь бүлэглэн Ж.Ж.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Г, Э.У- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
С.Н-, Ц.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Б.М-, Ж.Б-, Л.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,
шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б-, Э.У-, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,
шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц.Б-, Л.Г-, Б.М-, Ж.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.У-, С.Н- тус бүрийг 10 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч Г.Г, Ц.Б- тус бүрийг 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахьг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.У-, Г.Г, Ж.Б- тус бүрийг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Л.Г-, Б.М- тус бүрийг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц.Б-, Л.Г-, Б.М-, Ж.Б- тус бүрийг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 45 хоног буюу 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 15 хоногоор тогтоож,
шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 45 хоног буюу 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 9 (ес) сар 15 (арван тав) хоногоор тогтоож,
шүүгдэгч С.Н-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 10 (арав) сараар тогтоож,
шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 8 (найм) сараар тогтоож,
шүүгдэгч Л.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 35 хоног буюу 1 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сар 5 (тав) хоногоор тогтоож,
шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 35 хоног буюу 1 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сар 5 (тав) хоногоор тогтоож,
шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 45 хоног буюу 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сар 15 (арван тав) хоногоор тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц.Б-, Б.М-, Л.Г-, Ж.Б- нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Г, С.Н-, Ц.Б-, Л.Г-, Б.М-, Ж.Б- нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-аас 2,370,000 төгрөг гаргуулж, хохирогч Э.М- (Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хсроо, Мандалын 3-56 тоотод оршин суух, РД:уп97052112, утас:94970521, 997599621)-д олгож,
Хохирогч Э.М- гэмт хэргийн улмаас учирсан цаашид хийгдэх эмчилгээ, хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.У-, С.Н-, Г.Г, Ц.Б- нараас жич нэхэмжлэх эрэгтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц Б.М-, Ж.Б- нарт авсан хувийн батллгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй үнэлэх ёстой. Гэвч энэхүү хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий хэргийн чухал нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй байдлаар тайлбарлаж дүгнэлт гаргаагүй. Гэмтлийн зэрэгт учирсан хохирлыг буруу үнэлж тайлбарласан учир нь хэрэгт авагдсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр С.Н- учирсан гэмтэл болох гарын алганы шарх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад шархууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Хөнгөн зэрэгт хамаарах гарын алганы шархыг шүүгдэгч нарын буруутай үйлдлээс болж үүсээгүй ба өмнө нь өөрөө зүсэж гэмтээсэн байдаг. Ийм байхад шүүх энэхүү шинжээчийн дүгнэлтийг буруу тайлбарлаж дүгнэсэн. Иймээс шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- нарт оногдуулсан 281 оот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж цагаатгаж өгнө үү... ” гэв.
Шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Шүүгдэгч С.Н- нь тухайн үед “Ган чанар хүрээ хийц” гэдэг компанид туслах ажилтан байсан. 2025 оны 01 дүгээр сараас үндсэн ажилтанаар ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой ажлын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргийг нь аваад ирсэн байна. Шүүгдэгч С.Н-эд анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Ажил нь Баянзүрх дүүрэгт байдаг. Ар гэрээ тэжээдэг ганц хүн байгаа. Анхан шатны шүүх бүсчлэлийг нь 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоож шийдвэрлэсэн. Үүнийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Н- тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр жирэмсэн байгаа. Би “Pizza hut” компанид хүргэлтийн ажил хийдэг. Уг ажлыг хийгээд 6 жил болж байна. Манай гэр Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Ажил, гэр гэсэн маршрут тогтоож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2011 оноос хойш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувиараа бизнес эрхэлж байгаа. Иймд ажил, гэр гэсэн маршрут тогтоож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ц.Б-тэй хамт ажилладаг. Ажил, гэр гэсэн маршрут тогтоож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэр жирэмсэн. Тухайн үед би эрүүл байсан. С.Н-эд учирсан гэмтлийг би учруулаагүй. Би зодооныг салгасан өөр зүйл хийгээгүй.” гэв.
Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг цагаатгаж өгнө үү.” гэв.
Прокурор О.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дүгээр талд шүүгдэгч С.Н-ийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт байдаг. Уг дүгнэлтэд учирсан гэмтлүүдийн талаар дурдахдаа “шинэ гэмтлүүд байна” гэсэн. Шинжээч эмч Сарангэрэлийн мэдүүлэгт “алганд учирсан гэмтэл дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 3 дугаар хавтаст хэргийн 156-158 дугаар талд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт авагдсан. Уг дүгнэлтэд “тухайн алганд учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл, бусад гэмтлүүд нь нийлбэрээрээ хөнгөн зэрэгт хамаарна. Дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гээд тодорхой дурдсан. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэн зөвөөр үнэлж, дүгнэсэн. Шүүгдэгч, хохирогч С.Н-ийн биед учирсан гэмтлийг хэн, хэн учруулсан болохыг хууль зүйн хувьд үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн зүгээс Л.Г-, Б.М-, Ж.Б- нарын үйлдэл аргагүй хамгаалалт байсан гэх нөхцөл байдлыг хэлж байна. Камерын бичлэгийг үзэхэд аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал харагддаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр:
Шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- болон Э.У-, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц.Б-, Л.Г-, Б.М-, Ж.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Тодруулбал,
2.1. Шүүгдэгч Г.Г, С.Н-, Ц.Б-, Э.У- нар бүлэглэж, мөн
2.2. Шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- нар бүлэглэж:
2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Авто сургууль”-ийн автобусны буудлын урд талын “СU” сүлжээ дэлгүүр гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, харилцан бие биедээ хүч хэрэглэх, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- тухайн шүүгдэгч нар харилцан 2 талж болж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдлүүдэд хамаарах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-197-228/,
- гэрч С.М:”...тухайн үед гаднаас 5 залуу орж ирээд гоймон идэх гээд аваад удаагүй байтал хар бараан хувцастай 2 залуу орж ирээд 0,5 литрийн Соёрхол авъя гэхээр нь би за түр хүлээгээрэй гээд хэлсэн. Тэгтэл тэр 2 залуу гоймон идэж байсан залуусын улаан гадуур хувцастай туранхай 1 залуутай хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл нөгөө сууж байсан улаан хувцастай залуу п...минь гээд орилж босч ирээд нэг залууг нь өшиглөсөн. Тэгтэл найзууд нь салгасан. Тэгээд буцаж барьцалдаж аваад дэлгүүрээс гараад явсан. Тэгэхээр нь би хамгаалалтын алба дуудсан. Тэр залуучууд барьцалдаж байхдаа манай дэлгүүрийн самбарыг эвдчихсэн...тэд гэнэт л зодолдсон, гадаа гарч, орилолдоод байх шиг байсан” гэх мэдүүлэг /1хх67-68/,
- гэрч С.О: “тухайн өдрийн 06:00 цагийн үед хамт ажиллаж байсан М- зодоон болоод байна гээд сэрээхээр нь өрөөнөөс гараад хартал үүдний самбар эвдрээд уначихсан байсан, самбараа авч хураагаад байж байтал UB security-гийн 2 хамгаалагч орж ирээд юу болсон талаар асуугаад камер шүүж үзээд байсан....” гэх мэдүүлэг /1хх-64/,
- гэрч И.С /CU менежер/ : “өглөө ажилдаа 08:00 цагт ирэхэд манай дэлгүүрийн худалдагч М-, Оюунболор нар үүдний самбар эвдэрчихсэн түрүүхэн зодоон болсон гэж хэлсэн... үдээс хойш манай дэлгүүр дээр намхан туранхай залуу ирээд эвдсэн самбараа авч яваад 9-ний өдөр шинэ самбар авчирч өгсөн...” /1хх62/,
- гэрч Э.А: “...Г.Г ахын 2 найз нь CU рүү ороо удалгүй орилолдоод, танихгүй 4 залуугийн хамт гарч ирээд зодолдох гээд байхад Г.Г ах бид 2 болиулах гээд очтол зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь зодолдож байсан 1 залууг салгах гээд өргөж аваад байж байтал 1 залуу үсдүүлчихсэн байхад Г.Г салгах гээд очтол хажуу талаас 1 залуу Г.Гын нүүр рүү өшиглөхөд газар унаад босож ирээд зодолдсон. Би бүгдийг нь салгах гээд дийлээгүй. CU ороод хамгаалагч асуусан, байхгүй гэхээр нь айлгах гээд цагдаа дуудсан гэж хэлээд салгасан...” /1хх-48-49/,
- Э.М хохирогчоор: “найз Ж.Б-э, Б.М-, Ж.Б-э, Л.Г- бид 4 байсан. Гаднаас 2 залуу орж ирээд бие биетэйгээ гараа хэрчлээ гэхээр нь би тэр хүнд оёулсан дээр гэсэн утгатай юм хэлэхэд маргаан үүсэж, улмаар Батка-г гадаа гаргаж ирээд унагаагаад зодсон. Би салгах гээд очиход 5, 6 залуу нийлээд бид 4-г зодсон...” /1хх13, 17-18, 20-21/,
- Ж.Б- хохирогчоор: “цээжин дээр бүргэд шивээстэй залуу маргаан үүсгэсэн. Гаднаас орж ирсэн 2 залуу нэг харахад М- рүү дайраад байсан. Тэгээд би яагаад байгаа юм бэ гээд 1 үл таних залууг нь өшиглөсөн. Гадаа гараад больцгооё гэхэд машинаас 3 залуу гараад ирсэн. Тэгсэн нэг нь Б.М-ыг цохиод авсан. Тэгээд зодоон эхлээд бужигнаад эхэлсэн. Хар өмд, адидас цамцтай залуу намайг газар унагааж цохисон. Хөлөөрөө өшиглөж миний цамцнаас чирсэн. 1 залуу нь цохиж түлхсэн. CU дотор анх орж ирсэн хар цамц хар өмдтэй залууг цохисон. Өөр хүнд гар хүрээгүй...” /1хх24-27-28/,
- Б.М- гэрчээр: “салгах гээд байхад гараас нь цус гарсан залуу намайг 1 цохиод, дахиад эрүүл найзад нь найзыгаа аваад яв гэхэд дахиад 1 цохисон... үл таних 3, 4 залуу зодоон эхлүүлсэн. Ж.Б-ийг 2 залуу цамцнаас нь 4 хөллүүлээд чирээд байхад нь салгахаар очиход намайг 1 залуу тэвэрч авч унагаасан, тэгээд тал талаас ирээд намайг дэвслээд байсан. Би CU ороод цагдаа дуудаад гараад ирэхэд Ж.Б-э байхгүй М-г 3 залуу зодож байгаад цааш явсан. Л.Г- бид 2 М-г аваад буцаад CU үүдэнд ирсэн...” /1хх-36-37/,
- Л.Г- гэрчээр: “...гартаа шархтай залуу та нарт хамаагүй юм гээд хувцсаа тайлаад зодолдох гээд байхаар нь би одоо гараа гээд гаргасан. Араас нь бид 4 гарсан, боль гээд хэлж байтал 2-3 залуу ирээд М-, Б.М- 2-г цохиод авсан. М- бид 2 зодолдоогүй, салгах гэсэн. М-г 2 залуу зодож байхаар нь очиж салгасан. Тэгэхэд намайг 1 залуу нь Хараа гэх архины шилээр нуруу руу цохиод, өөр нэг залуу хүзүү рүү өшиглөсөн. М-, Б.М-, Ж.Б-э 3-г тэр залуучууд зодсон. Тэгээд цагдаа ирээд байж байтал зодсон 1 залуу хүрч ирсэн.” /1хх-41-42/,
- С.Н- хохирогчоор: “CU ороод У- бид 2 юм ярьж байхад нэг хүн яриан дундуур ороод байсан. У- чамд ямар хамаатай юм гээд маргалдсан, У-ыг салгаж аваад гадаа гарахад араас гарч ирээд зодолдоод эхэлсэн. У- бид 2 тэр залуучуудтай зодолдоод байж байтал араас Ц.Б-, Г.Г 2 ирээд бид 4 тэр залуустай зодолдоод байж байтал машин барьж байсан Алтангэрэл ирээд бид нарыг салгасан...Г.Гыг цагдаад баригдсан гэсэн. Би тэнд байсан бүх залуутай зодолдсон. 2-3 залууг цохисон нүүр, эрүү хэсэг рүү нь 6-7 удаа цохисон, 2-3 өшиглөсөн. Ж.Б-э миний эрүү рүү өшиглөсөн, шанаа руу өшиглөсөн. Б.М- миний хэвлий рүү өшиглөж, баруун шуу руу дэвсээд дух хэсэг рүү 4, 5 удаа цохисон. Намайг М- цохиод байж байтал Л.Г- ирээд миний дагз руу цохиод, нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд би зүүн тохойгоо газар тулгаад унасан, миний тохой зулгарсан. Би Б.М-, Ж.Б-э, Л.Г- 3-г цохиж өшиглөсөн.” /1хх-33, 55-56/,
- Э.У- гэрчээр: “CU дотор хамаагүй цаашаа яваа гэхэд тэр залуу түлхсэн, араас нь 2 залуу ирээд намайг 2 удаа нүүр рүү цохисон. Тэгээд бид нар CU-ээс гартал нэг залуу таамбар дотор түлхэж унагаагаад цохисон, гадаа зодоон болсон. Би 3 залууд зодуулсан, нуруу өшиглөсөн, дээрээс дэвсэж, толгой руу өшиглөөд байсан.” /1хх-45-46/,
- Г.Г гэрчээр: “У-, С.Н- 2 CU рүү архи авах гээд орсон. 5-10 минутын дараа машины цонхоор харахад CU үүдэнд хэсэг зодоон болоод байхаар нь машинаасаа буугаад очоод хартал У-ыг 2 залуу зодож байсан. С.Н- дээгүүрээ нүцгэн үгийн солиогүй зодолдоод, намайг 1 залуу цохисон. Тэгээд би газар унасан, 2 залуу намайг өшиглөөд байсан. Ц.Б- машинаас бууж ирээд зодолдож байгаад одоо больё гээд салсан. Тэгээд бид хэд явж байтал араас хөөгөөд байхаар нь байрны голоор орсон...” /1хх-52-53/ гэсэн мэдүүлгүүд,
- С.Н- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх65/,
- Э.У- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх87/,
- Ц.Б- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... хүлээн зөвшөөрч байна.” /2хх117/,
- Г.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх128/,
- Л.Г- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх76/,
- Б.М- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... хүлээн зөвшөөрч байна.” /2хх97/,
- Ж.Б- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...хүлээн зөвшөөрч байна.” /2хх107/,
- дээрх олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн хүрээнд хэд хэдэн хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсанд хамаарах нотлох баримтуудаар,
2.3. Шүүгдэгч Г.Г, С.Н-, Ц.Б-, Э.У- нар нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Авто сургууль”-ийн автобусны буудлын урд талын “СU” сүлжээ дэлгүүрийн гадна хохирогч Э.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...Э.М- нь бусдад зодуулсан гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг биечлэн ирүүлснийг 2022.06.03-ны 09:00 цагт хүлээн авч...” /1хх-09/,
- хохирогч Э.М-гийн “...найз Ж.Б-э, Б.М-, Ж.Б-э, Л.Г- бид 4 байсан. Гаднаас 2 залуу орж ирээд бие биетэйгээ гараа хэрчлээ гэхээр нь би түүнд оёулсан дээр гэсэн утгатай юм хэлэхэд маргаан үүсэж, улмаар Батка-г гадаа гаргаж ирээд унагаагаад зодсон. Би салгах гээд очиход 5, 6 залуу нийлээд бид 4-г зодсон...” /1хх13, 17-18/...“...цагаан канттай хар өнгийн бэлтгэлийн цамцтай залуу намайг заамдаж аваад баруун гараараа миний нүүрний зүүн талын нүд хэсэг рүү 1 удаа хүчтэй цохисон... цагаан канттай залуу Ж.Б-ийн хойноос татаад газраар чирээд байсан, би салгах гэхэд цээж хэсэгтээ шувууны далавчны шивээстэй залуу миний араас баруун хацар, хавирга, мөр хэсэг рүү тус бүр 1 удаа нийт 3 удаа цохисон... өөр нэг шивээстэй залуу эхлээд 1 удаа баруун гараараа, дараа ахиж зүүн гараараа баруун шанаа хэсэг рүү 1 удаа цохиход би газарт унасан ба намайг ахиж татаж босгон 2 гараараа ээлжлэн цохисон. Гэтэл цаанаас цээжин дээрээ шувууны дүрс бүхий шивээстэй залуу гүйж ирээд дахин хэд хэдэн удаа өшиглөж хайс руу шахаж 4-5 удаа нүүр цээж рүү өшиглөсөн. Тэгээд арай хийж салаад цааш хараад алхаж байтал эхлээд намайг цохидог цагаан канттай хувцастай байсан залуу дээгүүрхээ тайлчихсан гүйж ирээд миний баруун талын шанаа руу нэг удаа цохиж өшиглөсөн. Тэгээд салаад CU-гийн үүдний ойролцоо ирэхэд цээжин дээрээ шувууны дүрстэй залуу хойноос ирээд юм ярьж байгаад миний зүүн талын нүүр нүдний доод талд 1 удаа толгойгоороо мөргөсөн ба би газарт унасан...” /1хх20-21/,
- шинжээчийн дүгнэлт: “Э.М-гийн биед зүүн хоншоорын хөндийн урд болон ар ханын цөмөрч сэлтэрч зөрсөн хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, дух, зүүн хацар, дотор салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан” гэх дүгнэлт /1хх-92-94, 100-101/, шинжээчийн дүгнэлт /1хх100-101/,
- хохирогч С.М-гийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /1хх-233-238, 240-241, 242/,
- Б.М- гэрчээр: “… М-г тэр залуус зодож байгаад цааш явсан. Л.Г- бид 2 М-г аваад буцаад CU үүдэнд ирээд цагдаа хүлээж байтал нэг эрүүл залуу 1 согтуу залуутай ирээд тэгээд цагдаа ирсэн…” /1хх-36-37/,
- Л.Г- гэрчээр: “... Араас нь бид 4 гарсан, боль гээд хэлж байтал 2,3 залуу ирээд М-, Б.М- 2-г цохиод авсан...М-г тэр залуус зодож байхаар нь очиж салгасан. Тэгэхэд намайг 1 залуу нь Хараа гэх архины шилээр нуруу руу цохиод, өөр нэг залуу хүзүү рүү өшиглөсөн. М-, Б.М-, Ж.Б-э 3-г тэр залуучууд зодсон. Тэгээд цагдаа ирээд байж байтал зодсон 1 залуу хүрч ирсэн…” /1хх-41-42/
- Ж.Б- хохирогчоор өгсөн: “цээжин дээр бүргэд шивээстэй залуу маргаан үүсгэсэн. Гаднаас орж ирсэн 2 залуу нэг харахад М- рүү дайраад байсан...зодоон болсон...” /1хх24-27-28/ гэсэн мэдүүлэг,
- С.Н- гэрчээр: “...гадаа зодолдоод байж байтал араас Ц.Б-, Г.Г 2 ирээд бид 4 тэр залуустай зодолдоод байж байтал машин барьж байсан Алтангэрэл ирээд бид нарыг салгасан… Би тэнд байсан бүх залуутай зодолдсон. 2-3 залууг нь бол цохисон нүүр, эрүү хэсэг рүү нь 6-7 удаа цохисон, 2-3 өшиглөсөн…Би Б.М-, Ж.Б-э, Л.Г- 3-г цохиж өшиглөсөн. /1хх55-56/,
- гэрч Э.Алтангэрэл: “...CU рүү ороо удалгүй орилолдоод танихгүй 4 залуугийн хамт гарч ирээд зодолдох гээд байхаар нь Г.Г ах бид 2 болиулах гээд очтол юу юугүй зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь зодолдож байсан 1 залууг салгах гээд өргөж аваад байж байтал 1 залуу үсдүүлчихсэн байхад Г.Г ах салгах гээд очтол хажуу талаас нь 1 залуу Г.Гын нүүр рүү өшиглөсөн чин газар унаад босож ирээд зодолдсон. Би бүгдийг нь салгах гээд дийлээгүй. CU ороод хамгаалагч асуусан, байхгүй гэхээр нь айлгах гээд цагдаа дуудсан гэж хэлээд салгасан. Тэгтэл Г.Г уучлалт гуйя гээд буцаад очсон. /1хх48-49/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх197-228/ болон шүүгдэгч нар бүлэглэн 2 тал болж зодолдон улмаар “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг” үйлдсэнд хамаарах нотлох баримтын эх сурвалжууд,
- С.Н- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх65/,
- Э.У- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх87/,
- Ц.Б- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... хүлээн зөвшөөрч байна.” /2хх117/,
- Г.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх128/ зэрэг нотлох баримтуудаар,
2.4. Шүүгдэгч Э.У-, Г.Г нар нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Авто сургууль”-ийн автобусны буудлын урд талын “СU” сүлжээ дэлгүүрийн гадна Ж.Ж.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Ж.Ж.Б-ийн: “… цээжин дээр бүргэд шивээстэй залуу маргаан үүсгэсэн. Гаднаас орж ирсэн 2 залуу нэг харахад М- рүү дайраад байсан. Тэгээд би яагаад байгаа юм бэ гээд 1 үл таних залууг нь өшиглөсөн. Гадаа гараад больцгооё гэхэд машинаас 3 залуу гараад ирсэн. Тэгсэн нэг нь Б.М-ыг цохиод авсан. Тэгээд зодоон эхлээд бужигнаад эхэлсэн. Хар өмд, адидас цамцтай залуу намайг газар унагааж цохьсон. Хөлөөрөө өшиглөж миний цамцнаас чирсэн. 1 залуу нь цохиж түлхсэн. CU дотор анх орж ирсэн хар цамц хар өмдтэй залууг цохисон. Өөр хүнд гар хүрээгүй...” /1хх24, 27-28/,
- шинжээчийн дүгнэлт: “Ж.Ж.Б-ийн биед баруун нүдний дээд доод зовхи, зулай, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан” /1хх106-107/,
- Б.М-ын гэрчээр: “... үл таних 3, 4 залуу зодоон эхлүүлсэн. Ж.Б-ийг 2 залуу цамцнаас нь 4 хөллүүлээд чирээд салгахаар очиход намайг 1 залуу тэвэрч аваад унагаасан, тэгээд тал талаас ирээд намайг дэвслээд байсан. Би CU ороод цагдаа дуудсан...” /1хх36-37/,
- Л.Г- гэрчээр:...М-, Б.М-, Ж.Б-э 3-ыг тэр залуучууд зодсон....” /1хх41-42/,
- гэрч Э.Алтангэрэл: “...Би бүгдийг нь салгах гээд дийлээгүй. CU ороод хамгаалагч асуусан, байхгүй гэхээр нь айлгах гээд цагдаа дуудсан гэж хэлээд салгасан...” /1хх48-49/ гэсэн мэдүүлгүүд,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх197-228/ болон шүүгдэгч нар бүлэглэн 2 тал болж зодолдон улмаар “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг” үйлдсэнд хамаарах нотлох баримтын эх сурвалжууд,
- Э.У- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх87/,
- Г.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх128/ зэрэг нотлох баримтуудаар,
2.5. Шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- нар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Авто сургууль”-ийн автобусны буудлын урд талын “СU” сүлжээ дэлгүүрийн гадна хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч С.Н-ийн “… CU ороод У- бид 2 юм ярьж байхад нэг хүн яриан дундуур ороод байсан. У- чамд ямар хамаатай юм гээд маргалдаж, эхлээд тэр залуу У- бид 2-г өшиглөөд маргалдаж байгаад У-ыг салгаж аваад гадаа гарсан чин араас гарч ирээд зодолдоод эхэлсэн...Ж.Б-э миний эрүү рүү өшиглөсөн, шанаа руу өшиглөсөн. Б.М- миний хэвлий рүү өшиглөж, баруун шуу руу дэвсээд дух хэсэг рүү 4, 5 удаа цохисон. Намайг М- цохиод байж байтал Л.Г- ирээд миний дагз руу цохиод, нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд би зүүн тохойгоо газар тулгаад унасан, миний тохой зулгарсан...” /1хх-33/,
- шинжээчийн дүгнэлт:“…С.Н-ийн биед дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зүүн гарын алганд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо…Биед учирсан дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэний зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба дээрх гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /1хх-159-161/,
- Г.Г гэрчээр: “…У-, С.Н- 2 CU рүү архи авах гээд орсон. 5-10 минутын дараа машины цонхоор харахад CU үүдэнд хэсэг зодоон болоод байхаар нь машинаасаа буугаад очоод хартал...С.Н- дээгүүрээ нүцгэн үгийн солиогүй зодолдсон../1хх-52-53/,
- гэрч Э.Алтангэрэл: “...CU рүү ороод удалгүй орилолдоод танихгүй 4 залуугийн хамт гарч ирээд зодолдох гээд байхаар нь Г.Г ах бид 2 болиулах гээд очтол юу юугүй зодолдоод эхэлсэн... Би бүгдийг нь салгах гээд дийлээгүй. CU ороод хамгаалагч асуусан, байхгүй гэхээр нь айлгах гээд цагдаа дуудсан гэж хэлээд салгасан...” /1хх48-49/,
- Э.У- гэрчээр: “…Гадаа зодоон болсон…” /1хх-45-46/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх197-228/ болон шүүгдэгч нар бүлэглэн 2 тал болж зодолдон улмаар “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг” үйлдсэнд хамаарах нотлох баримтын эх сурвалжууд,
- Л.Г- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх76/,
- Б.М- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... хүлээн зөвшөөрч байна.” /2хх97/,
- Ж.Б- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...хүлээн зөвшөөрч байна.” /2хх107/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
2.6. Дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдийг нотолж байгаа буюу тус хэрэгт цугларч, бэхжигдсэн бүхий л нотлох баримтын эх сурвалжийг харьцуулан шалгаж, дүгнэхэд:
а. Шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц.Б- нар бүлэглэж, мөн Л.Г-, Б.М-, Ж.Б- нар бүлэглэж тус бүр нийтийн хэв журмыг зөрчиж, харилцан бие биедээ хүч хэрэглэх, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц.Б- нар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Э.У-, Г.Г нар бүлэглэж, мөн шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- нар бүлэглэж тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болохыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурт нийцсэн, харилцан эх сурвалжаа давхар нотолсон байх тул дээрх нэр бүхий шүүгдэгч нарт тус тус холбогдох тухайн гэмт хэргийн шинжүүд бүхэлдээ бүрэн хангагдсан гэж үзнэ.
б. Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн дээрх нийлмэл гэмт хэргийн шинжүүдийг бүхэлд нь үгүйсгэн няцаах үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, нэг талаас шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц.Б- нар бүлэглэж, эсрэг талаас Л.Г-, Б.М-, Ж.Б- нар бүлэглэж олон нийтийн газарт нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, өөр хооронд үүссэн зохисгүй харьцаа, үйл ялих зүйлээр шалтаглан харилцан маргалдаж, доромжлол, хараалын элдэв үг хэллэгүүд хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх болон хууль бус олон янзын үйлдлүүдийг үргэлжлүүлэн хийж улмаар хэн аль нь илүү хүч чадалтай болохоо харуулах зорилгоор эсрэг талын хүмүүсийг харилцан дайрч давшлах, хүч хэрэглэх, зодолдох зэрэг догшин арга, хэлбэрээр олон нийтийг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг авирлаж, өөрсдийгөө бусдын эсрэг тавьж, айлган түгшээсэн гэмт санааны агуулга, чиглэл, үйлдэл хэрэгжсэн нөхцөлөөрөө “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж үйлдсэн нь, түүнчлэн “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдэхдээ нэгэн зэрэг бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь бүхэлдээ хөдөлбөргүй нотлогджээ.
Тийнхүү шүүгдэгч нар харилцан бүлэглэж, нийлмэл гэмт хэрэг үйлдэхэд гэмт сэдэлт, зорилго, үйлдлээрээ санаатай нэгдэж, тус бүртээ ичгүүр сонжуургүй авирлах байдлаар үйлдэл, оролцоогоо санаатайгаар нэгтгэсэн байх тул тухайн нийлмэл гэмт хэрэгт тэдний хамтран оролцсон төрөл, хэлбэр, тэдгээрийг тодорхойлох шинж хангагджээ.
Шүүгдэгч нар харилцан 2 тал болж бүлэглэж, тус бүртээ “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг” үйлдэх явцад:
- хохирогч Э.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Г.Г, С.Н-, Ц.Б-, Э.У-ын нарын гэм буруутай хамтын оролцоот үйлдлүүдтэй,
- хохирогч Ж.Ж.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Э.У-, Г.Г нарын гэм буруутай хамтын оролцоот үйлдлүүдтэй,
- хохирогч С.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- нарын гэм буруутай хамтын оролцоот үйлдлүүдтэй шалтгаант холбоотой, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг тус бүртээ бүлэглэсэн шүүгдэгч нараас өөр этгээд үүсгээгүй, өөр бусад шалтгаанаар хохирогч нарын эрүүл мэндэд гэмтлүүд учраагүй болох нь тогтоогдсон байх тул харилцан бүлэглэсэн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.
Хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалжаа заасан байх ба энэ нь тус хэрэгт цугларсан нотлох баримтын бусад эх сурвалжаар давхар нотлогдсон байх тул бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн, илтэд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй.
Харин анх С.Н-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах олон тооны шарх, гэмтлүүдийг тогтоохдоо нарийвчлан зааглахгүйгээр гаргасан /1хх-113-114/ байх боловч дахин шинжээч дангаар, мөн шинжээч нарын бүрэлдэхүүнээр давтан дүгнэлтүүд гаргуулахад“…С.Н-ийн биед учирсан зүүн гарын алганы няцарсан шархнаас бусад дух, зүүн шанаа, хацар, зүүн чихний дэлбэн, зүүн тохой, зүүн мөр, нуруу, баруун зүүн өвдөг, шилбэнд зулгаралтууд, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт” гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах үндэслэлтэй болох нь тогтоогдсон /1хх-156-158, 159-161/ байх тул тусгай мэдлэггүй атлаа таамаглах буюу төсөөлөлд найдах байдлаар няцаан үгүйсгэх үндэслэлгүй.
Учир нь, шүүгдэгч С.Н-, Г.Г, Ц.Б-, Э.У- нар бүлэглэж, мөн шүүгдэгч Б.М-, Л.Г-, Ж.Б- нарын үйлдсэн дээр дурдсан нийлмэл гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд анх тэднийг хэрхэн, яаж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болохыг таамаглах, үйлдсэн нь гарцаагүй гэж урьдчилан тооцох боломжгүй учраас тус бүрээс гэрчээр мэдүүлэг авсан байгааг үгүйсгэх үндэслэлгүй, зарим шүүгдэгчийн хувьд тухайн үед эрүүл мэндэд нь шарх, гэмтлүүд учирсан байх тул хохирогчоор тогтоож байцаах нь хууль зүйн шаардлага бөгөөд тэдэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
г. Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тэдний тус бүр бүлэглэн үйлдсэн нийлмэл хэргийн бодит байдлыг нотолж буй нотолгооны чадварт нөлөөлөхгүйгээс гадна зарим шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн болохоо зөвшөөрсөн /2хх65, 87, 117, 128, 76/ нь хэрэгт цугларч, бэхжигдсэн бусад үйл баримтаар давхар нотлогдсон байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүх нь шүүгдэгч Э.У-, С.Н-, шүүгдэгч Г.Г, Ц.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.У-, Г.Г, Ж.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус ял оногдуулж, улмаар хөнгөн ялыг хүндэд нь дүйцүүлэн, нэмж нэгтгэх замаар биечлэн эдлэх ялыг тогтоохдоо дээрх харгалзвал хууль зүйн зохих шалгуур, шаардлага, журмын талаар зохих дүгнэлт хийсэн, оногдуулсан ял шийтгэл нь тухайн шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн нийлмэл гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон, энэ талаарх прокурорын санал дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд зарим шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас “шүүгдэгч нарын хувьд хэд хэдэн дүүрэг дамжин ажиллах шаардлага” үүссэн тул хэд хэдэн дүүргийн хүрээнд зорчиж болохоор зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг өөрчлүүлэх талаар санал гаргасан байх боловч энэ нь хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтгүй байхаас гадна зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хэлбэр болох ”тогтоосон чиглэлээр зорчих” гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч тус бүрийн оршин суух газар болон ажиллаж байгаа газар хоорондын тээврийн хэрэгслээр хэрхэн яаж зорчдог талаарх маршрут шалгагдаж, тогтоогдсон байх утга агуулга, үндэслэлийг илэрхийлдэг, тус баримт байхгүй тохиолдолд шүүхээс таамаглан шийдвэрлэх үндэслэлгүй болно.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “зорчих эрхийг хязгаарлах ял” нь мөн хуулийн ерөнхий ангид заасан тус ялын бүх хэлбэрүүдийг багтаасан буюу зөвхөн ерөнхий нэршил, утга агуулгаар хуульчлагдсан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй нь Эрүүгийн хуулийн зөв хэрэглээ биш гэж үзнэ.
Тийм учраас, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх үндэслэлтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч нар нийлмэл гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн утга агуулга, үндэслэлийг зөвхөн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэн бичих, тогтоох хэсэгт журамлах шаардлагагүй төдийгүй хэдэн төрлийн ялыг дүйцүүлэх, нийт биечлэн эдлэх ялыг тогтоохдоо тухайн төрлийн ялыг тодорхой бичих, тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох ял дээр..., нийт биечлэн эдлэх ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох ялаар тогтоох гэх мэтээр биелүүлэхэд ойлгомжтой, тодорхой байдлаар тогтоосон байх нь зөв болохыг тэмдэглэв.
4. Иймд, дээр дурдсан үндэслэлийн хүрээнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээг зөвтгөхөд хамаарах зарим өөрчлөлтийг оруулж, харин шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан “шүүгдэгч нарыг цагаатгуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан:...” гэж,
4 заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-, Г.Г, С.Н-, Ц.Б-, Б.М-, Л.Г-, Ж.Б- нарт биечлэн эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ял буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г-, Б.М-, Ж.Б- нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР