Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 658

 

 

 

 

 

 

 

 

   2018           8           15                                      658

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

хохирогч: Д.Лувса,

шүүгдэгч: Б.Бат, өмгөөлөгч Ч.Даваасүрэн /1476/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батд холбогдох эрүүгийн 1805 0345 90673 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, УСУГ-ын ШАЗА-д засварчин ажилтай, сард 532 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, найз охины хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16 дугаар гудамж, 64 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП 99030631, Дөчин овогт Баярмагнайн Бат.

 

             Шүүгдэгч Б.Бат нь 2018 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн нуур” зочид буудлын урд талд иргэн Д.Лувсаын эрүүн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Бат мэдүүлэхдээ:

Хохирогч манай найзыг дарамтлаад байсан болохоор нь би түүний ар талаас, шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Хохирогчид гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1 300 000 төгрөг өгсөн. Хохирогчийн ажилгүй байсан 1 сарын цалинд нэхэмжилж байгаа 1 000 000 төгрөгийг  1 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл хийхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.Лувса мэдүүлэхдээ:

Би 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажлынхаа хүмүүстэй “Tse”  нэртэй газар орж, хоол идчихээд хорооллын эцэс орж буудалд хонохоор явсан. Тэр үед танихгүй залуу таараад надаас “тамхи байна уу” гэхээр нь манай найз тамхи өгчихөөд явах гэхэд “та нар хаанахых юм” гэж биднийг өдөж, маргалдаж эхэлсэн. Намайг зогсож байхад хажуу талаас Бат гэх залуу цохисон. Тэгээд би машины ард орж зогссон. Цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Миний баруун доод эрүү хугарч, би эрүүний хагалгаанд орсон. Би нэг сар ажилдаа яваагүй тул 1 сарын цалинд 1 000 000 төгрөг нэхэмжилж байна. Бат 1 сарын хугацаанд 1 000 000 төгрөг надад өгнө гэснийг зөвшөөрч байна. Би эмчилгээ болон хагалгааны зардалд шүүгдэгчээс 1 350 000 төгрөг авсан. Одоо гомдол, саналгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Дорж мэдүүлэхдээ:

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хамт ажилладаг найз Лувса, Мөнхжин нарын хамт ажлаа тараад 19 цаг өнгөрч байхад хороололд “Цэ” пабад орж, Мөнхжин бид хоёр “Сэнгүүр” пиво хүний 4-ийг уусан. Лувса жимстэй “Сэнгүүр” пиво 4 шилийг уугаад Ундармааг хүлээсэн. 00 цаг өнгөрч байхад Ундармаа нэг найз охинтойгоо ирээд бид нар тэндээ хэсэг сууж байгаад гараад “Чонгуг кебаб” нэртэй газар орж хоол идээд, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн нуур” зочид буудал руу таксигаар яваад, үүдэнд нь ирсэн. Мөнхжин, Ундармаагийн найзтай түрүүлээд буудлын өрөө асуухаар орсон. Лувса, Ундармаа, бид гурав таксины мөнгөө өгөөд таксинаас буутал урдаас шаргал өнгийн болон улаан өнгийн фудболктой хоёр залуу ирээд тамхи асуусан. Лувса, Ундармаа хоёрын нэг нь тамхи гаргаж өгтөл шаргал өнгийн фудболктай залуу нь “чи хаанахых вэ” гээд Лувсааас асуутал “миний хаанахых байх чамд хамаагүй” гэтэл хажуунаас нь улаан өнгийн фудболкатай залуу “чи хэдэн ширхэг тамхи өгчих” гэхээр нь би хажуунаас нь шаргал өнгийн фудболкатай залууд нь “ахын дүү ингэж болохгүй, бид нарын хаанахынх байх нь чамд ямар ч хамаагүй, чи тамхиа авсан бол одоо зүгээр яв” гэтэл намайг заамдаад авахаар нь би түүний гарыг татаж салгатал Лувса “ёо ёо цохичихлоо” гээд хойшоо хараад тонгойж байсан. Тэгтэл өндөр залуу зам гараад зугтахаар нь би үүрч байсан цүнхээ Ундармааг барьж бай гэж өгөөд нөгөө залуугийн араас гүйгээд “хөөе байж бай” гэтэл эргэж харснаа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохиход миний нүдний шил газар унасан. Би сайн харж чадахгүй байсан учир нөгөө залууг барьж авах гээд урагшаа болтол бэлхүүс орчмоос нь бариад авсан. Тэгтэл араас хоёр найз нь гүйж ирээд нэг нь миний нуруу руу цохиод, нөгөөх нь намайг тавиулах гээд зууралдаж байсан. Мөнхжин араас гүйж ирээд бас салгах гэж оролдож байхад эргүүлийн цагдаа ирээд бид нарыг салгасан. Намайг шаргал өнгийн фудболкатай залуу нь заамдах үед Лувса хажууд “ёо ёо” гэж дуугарсан. Би хажуу тийшээ хартал Лувса зүүн тал руугаа хазайгаад баруун талын хацраа дарж байсан. Хажууд нь улаан фудболктай болон өндөр залуу хоёр зогсож байгаад өндөр залуу нь замын гол руу гүйсэн. Би цохичихоод зугтаачихлаа гэж бодоод араас нь хөөсөн. Улаан фудболктай болон өндөр залуу хоёрын нэг нь л Лувсаыг цохисон. Яг хэн юугаар цохисныг хараагүй гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Мижид мэдүүлэхдээ:

Том Бат, Отгонбилэг бид гурав шөнө 03 цагаас 04 цагийн хооронд гэр рүүгээ харихаар гарсан. Отгонбилэг арай түрүүлээд гарсан. Намайг гадаа гараад иртэл буудлын үүдэнд таксинаас бууж байсан 3 залуу, 2 эмэгтэй дээр Отгонбилэг очоод нэгнээс нь тамхи асуутал саравчтай малгайтай охин нь Отгонбилэгт нэг ширхэг тамхи өгөөд намайг харснаа “өө хоёулаа юм байна ш дээ, дахиад нэгийг авах уу” гэхээр нь би “өө яахын” гээд яариад зогсож байсан. Отгонбилэг хөх өнгийн цамцтай залуутай юм ярьж байснаа одоо шүдээ цохиулсан гэж гомдол гаргасан залуу цаана нь зогсож байхад нь “чи хаанахынх вэ” гэж асууж байсан. Тэгтэл Бат “Гүн нуур” зочид буудлаас гүйж гарч ирээд уг залууг цохичихоод замын гол руу гүйтэл нүдний шилтэй найз нь Баттулгын араас хөөгөөд бариад авсан. Тэр хоёр барилцаад харилцан цохилцоод авахаар нь би гүйж очоод нүдний шилтэй залууг 2-3 удаа цохиод эргээд хартал хөх өнгийн цамцтай залуу нь над руу гүйж ирсэн. Бид хоёр барилцаад 2-3 удаа харилцан цохилцсон. Тэгээд өөрсдөө салаад би замын урд талд буцаад гараад иртэл цагдаагийн алаг тэрэг ирсэн байсан. Бат “Гүн нуур” зочид буудлаас гарч ирээд цохиулсан гэж гомдол гаргасан залуугийн баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохиод замын гол руу зугтаад гүйсэн гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7825 тоот дүгнэлтэд:

1. Д.Лувсаын биед доод эрүүний ясны хугаралтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Бат нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Бат нь 2018 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн нуур” зочид буудлын урд талд ямар ч шалтгаангүйгээр хохирогч Д.Лувсаын эрүүн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь доод эрүүний ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Лувса, гэрч Д.Дорж, Э.Мижид нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7825 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Батд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Д.Лувса нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 1 300 000 төгрөг хүлээн авсан, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажиллаагүй сарын цалин болох 1 000 000 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг шүүгдэгч Б.Бат 1 сарын хугацаанд төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баттулгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Баттулыг 750  нэгжтэй тэнцэх хэмжээний 750 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Бат нь торгох ялыг 2 /хоёр/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Бат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1 300 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Батас 1 000 000 төгрөг гаргуулж хохирогч Д.Лувсаад олгосугай. 

 

7. Хохирогч Д.Лувса нь өөрт учирсан хүндэвтэр хохирлыг цаашид эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН