| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2410000000128 |
| Дугаар | 2025/ДШМ/650 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 21.1.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/650
Г.Ч-, Г.Т-, Х.Д- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Билгүүн,
яллагдагч Г.Ч-, түүний өмгөөлөгч Л.Батжав,
яллагдагч Г.Т-, түүний өмгөөлөгч Г.Энхболд,
яллагдагч Х.Д-гийн өмгөөлөгч С.Болорчулуун,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/2413 дугаар захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Г.Ч-гийн өмгөөлөгч Л.Батжавын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ч-, Г.Т-, Х.Д- нарт холбогдох 2410000000128 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Б овгийн Г-ын Ч, 1994 онд Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар,
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг тэнсэж, 1 жил 1 хугацаагаар хянан харгалзаж тус тус шийдвэрлэсэн;
2.Ж овгийн Г-ын Т, 1994 онд Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эцэг, эх, эхнэрийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор бүлэглэн, давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг эх Р.Дарьсүрэнд даалгасан,
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн;
3.Х овгийн Х-гийн Д, 1976 онд Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Г.Ч- нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн найз Г.Т-ийн хамт амь хохирогч Х.О-ын амьдарч байсан Баянгол дүүргийн ... нийтийн байрны ... тоотод очиж, амь хохирогч Х.О-, Г.Т- нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар амь хохирогч Х.О-той маргалдаж түүний толгойн тус газар гараараа удаа дараа цохиж алсан,
Г.Ч-, Х.Д-, Г.Т- нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ... нийтийн байрны ... тоот хэргийн газраас Х.О-ын цогцсыг зөөвөрлөх, хэргийн газрыг цэвэрлэх, эд мөрийн баримт болох эд зүйлийг хог дээр хаях, бусдад шилжүүлэн өгөх, цогцос зөөвөрлөх үеийн камерын бичлэгийг унтраах зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар:
Г.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Т-, Х.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сэтгэцийн дүгнэлт гаргуулах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан, хуульд заасны дагуу дараа дараагийн гаргах боломжтой оролцогчийн хүсэлт, гомдол гаргах эрхийг зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын үндэслэлд хамаарна гэж үзээд хэргийг прокурорт буцаажээ.
Мөн “яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан “...шинжээч дахин томилуулах, талийгаачийн гар утсыг олж холболтуудыг шалгуулах, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” агуулга бүхий хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлагдахгүйн учир шийдвэрлэх хууль зүйн боломжгүй үндэслэлээр хэлэлцээгүй болно” гэжээ.
Яллагдагч Г.Ч-гийн өмгөөлөгч Л.Батжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх миний хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх, хууль ёсны зарчимд нийцээгүй. Учир нь, миний бие хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлуулаагүй. Шинжээчийн дүгнэлт нь дутуу гарсан, үүнийг тодотгосон шинжээчийн мэдүүлэг нь цаг хугацааны хувьд гурван өөр цагаар нэг зүйлийг тайлбарласан нь дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, анагаахын шинжлэх ухаанд нэгэнт нэвтэрч хэрэгжсэн эдийн шинжилгээгээр хугацаа тогтоолгох шаардлагатай байна.
1.Амь хохирогчийн зүүн чамархай, баруун дагз хэсгийн хатуу хальс доор үүссэн цусан хураанаас эд эсийн шинжилгээнд дээж авч, цусан хураа үүсэх цаг хугацааг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Г.Ч- нар анх орсон цаг хугацаанд талийгаачийг зодож гэмтэл учруулсан гэж үзвэл нас барсан байдалтай байсан хүртэлх 28 орчим цагийн хугацаа өнгөрсөн байна. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэх гэмтлүүд үүсээд 24-48 цаг болсон, энэхүү гэмтлийг аваад 72 цагийн дотор идэвхтэй үйлдэл хийж болох талаар шинжээч эмч мэдүүлсэн бөгөөд 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02:16 цагаас өмнө гэмтэл авсан байж болзошгүй тул цусан хураанаас эд эсийн шинжилгээнд дээж авч, цусан хураа үүсэх цаг хугацааг тогтоосноор хэн энэ хэргийг үйлдсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой.
2. Шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгт нас барах шалтгаан болсон гэмтлийг авсан хүн 72 цагаас дээш хугацаанд амьд явах боломжгүй, 72 цагийн хугацаанд үүсэх боломжтой, дээрх гэмтлүүд үүсээд 24-48 цаг болсон гэж мэдүүлснээс дүгнэхэд, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02:16 цагаас өмнө гэмтэл авсан байж болзошгүй. Иймээс талийгаач уг хугацаанаас өмнө хэнтэй уулзсан, хаагуур явсан талаарх мэдээллийг цуглуулж, шалгахад талийгаачийн гар утсанд үзлэг хийх болон гар утасны сүлжээ эзэмшигч компаниас лавлагаа авч, холболтууд, харилцсан хүмүүсийг тогтоож мэдүүлэг авах шаардлагатай байна. Иймд хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж өгнө үү.
Шүүх миний хүсэлтийг шийдээгүй нь талуудын гаргасан хүсэлтийг хэлэлцэж шийдвэр гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Шүүгч хэлэлцэлгүй орхих шийдвэр гаргах заалт байхгүй. Мөрдөн байцаагч, прокурорт бүрэлдэхүүнтэй шинжээч томилох, утсанд үзлэг хийлгэх, үүрэн телефоны компаниудаас лавлагаа авч. холбогдсон этгээдийг шалгуулах хүсэлт гаргах боломжийг дурдсан. Харин давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч буцсан тохиолдолд энэ хүсэлт дараагийн шатанд гаргах болон хангагдах үндэслэлгүй болно. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дэх зүйлийн 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас үзвэл, шүүх хэргийг хэлэлцэлгүй 60 хүртэл хоногоор хойшлуулсан ч дахин “бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах, амь хохирогчийн утсанд үзлэг хийлгэх болох үүрэн телефоны компаниудаас амь хохирогчийн амь хохирохоос өмнөх өдрүүдийн бусадтай хийсэн холболтуудын талаар лавлагаа авч, уг этгээдийг шалгуулах” хүсэлтийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Иймд миний урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаах үндэслэл, агуулгад нэмэлт өөрчлөлт оруулж, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Г.Ч- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.
Яллагдагч Г.Т- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.
Яллагдагч Г.Т-ийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.
Яллагдагч Х.Д-гийн өмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Г.Ч-гийн өмгөөлөгч Л.Батжавын гаргасан гомдолтой холбоотой тайлбар байхгүй. Яллагдагч Х.Д- нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. ...” гэв.
Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Г.Ч-гийн өмгөөлөгчөөс шүүхийн шатанд гаргасан хүсэлтийг хүлээн авч танилцсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч н.Номинцэцэгийн 684 дүгээр дүгнэлт байгаа. Уг дүгнэлтийг шинжээч эмчээр тайлбарлуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч тархины хатуу хальсан дор цусан хураа үүсэж, улмаар амь хохирогч нас барсан. Уг гэмтэл нь 24 цагийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл гэж үзсэн. Түүнчлэн гомдолд тархинд цусан хураа үүссэн шинж байдал, цусан хураанаас шинжилгээ авах заавал зайлшгүй шаардлагатай. Тухайн цаг хугацааг тогтоох шаардлагатай гэсэн. Шинжээч эмчийн мэдүүлгээр цусан хурааны шинж байдал, гялгар толигор зөөлөн байдлаа алдаж хатуу хальсанд өнгө тогтоох, салст салахгүй байх зэрэг шинж илэрдэг. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан нь эдгээр шинж тэмдэг илрээгүй тул шинэ гэмтэл гэж үзсэн. Шүүгчийн захирамж хуульд зөрчиж гарсан гэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүхийн шинжилгээ болон цаг хугацаатай холбоотой асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулж, эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд шинжлэн судална. Хэргийг прокурорт буцааж байгаа тул энэ талаарх хүсэлтийг прокурорт гаргах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гомдол гаргах эрхтэй гэж дурдсан шүүгчийн захирамж үндэслэлтэй. Иймд яллагдагч Г.Ч-гийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Ч-, Г.Т-, Х.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Ч-г хүнийг алсан, Г.Ч-, Г.Т-, Х.Д- нарыг бүлэглэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “сэтгэцийн дүгнэлт гаргуулах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан “шинжээч дахин томилуулах, талийгаачийн гар утсыг олж холболтуудыг шалгуулах, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” агуулга бүхий хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлагдахгүйн учир шийдвэрлэх хууль зүйн боломжгүй үндэслэлээр хэлэлцээгүй” гэх үндэслэлийг мөн заасан.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М- мөрдөн шалгах ажиллагааны шатанд “сэтгэл санааны хэмжээг тодорхойлох шинжээч томилсон тогтоол гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна (4хх 36).
Гэтэл мөрдөгч, прокуророос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хэрэв учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй, өөрөөр хэлбэл, уг хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь дээрх хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн оролцогч шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхийг зөрчсөн зөрчилд тооцогдоно.
Иймд оролцогчийн эрхийг хязгаарласан дээрх зөрчлийг арилгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулж, түүнийг цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эдлэх эрхээр нь хангах нь зүйтэй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Харин яллагдагч Г.Ч-гийн өмгөөлөгч Л.Батжаваас “бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах, амь хохирогчийн утсанд үзлэг хийлгэх, үүрэн телефоны компаниудаас амь хохирогчийн нас барахаас өмнөх өдрүүдийн бусадтай хийсэн холболтуудын талаар лавлагаа авч, уг этгээдийг шалгуулах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай” гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид уг агуулгаар нэмэлт өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өмгөөлөгчийн эдлэх эрхийг хуульчилсан. Тус зүйлийн 2.3-т зааснаар “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, ... нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах” эрхтэй ба уг эрхийг мөн хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно” хэмээн баталгаажуулсан.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой.
Мөрдөгч, прокурор, шүүхээс хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүрэг хэрэгжсэний дараа шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байх ёстой.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд, амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл хэзээ үүссэн болохыг зөв, хөдөлбөргүй тогтоосон гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал байх тул тусгай мэдлэг эзэмшсэн, мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна.
Иймд амь хохирогчийн нас барсан цаг хугацааг эргэлзээгүй тогтооход ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь хэргийн бодит байдлыг зөв үнэлэхэд зайлшгүй шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс үзэж өмгөөлөгч Л.Батжавын зөвхөн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/2413 дугаар захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Г.Ч-гийн өмгөөлөгч Л.Батжавын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
2.Яллагдагч Г.Ч-, Г.Т- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, яллагдагч Х.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН