Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 660

 

 

 

 

 

 

 

 

   2018          8           15                                      660

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч: Т.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Жаргалт холбогдох эрүүгийн 1805 0391 30737 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “MSD” ХХК-нд борлуулалтын жолооч ажилтай, сард 600 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, Жаргал.

 

  Шүүгдэгч Т.Жаргал нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний орой 17 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 100 тоотод Ч.Дүүрг гар утсаа өгсөнгүй гэх шалтгаанаас болж улмаар түүний нүүрэн тус газар 2-3 удаа алгадаж, цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Жаргал мэдүүлэхдээ:

2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эхнэр бид хоёр гадуур явж байгаад гэртээ ирсэн. Ч.Дүүр угаалгын өрөөнд байхад нь түүний өмдний арын халааснаас нь фэйсбүүк орох гэж гар утсыг нь авахад тэр уурлаад “миний гар утсыг аваад ир” гэсэн. Түүнээс болж бид хоёр маргалдахад Ч.Дүүр намайг хэл амаар доромжилж, хувцас урсан. Үүнээс болоод би Ч.Дүүрг 1 удаа алгадсан. Тэр үед эхнэр маань “намайг үхэхээс өмнө гар” гэхээр нь би сандарсан байсан тул гэрээсээ гарч явсан. Дараа нь түүнийг аргадсан боловч хүлээж аваагүй. Манай эхнэр өөрөө өрхийн эмнэлэгт ажилладаг тул өөрийгөө эмчилсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Дүүр мэдүүлэхдээ:

2018 оны 7 дугаар сарын 09-ний 17 цагийн орчим би хамтран амьдрагч Жаргалын хамт гэртээ байсан. Тухайн өдөр манай эгчийг Завхан аймгийн автобусанд суулгаж өгөхдөө Жаргал оройтож очсон учир түүнтэй үг дуугарахгүй байсан. Тэгтэл Жаргал миний гар утсаар фэйсбүүк орно гэхээр нь би өгөөгүйгээс болоод бид хоёрын дунд маргаан гарсан. Жаргал намайг утсаа өгөхгүй байна гээд миний нүүр, толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Би уурандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би Жаргалтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 8568 дугаар дүгнэлтэд:

1. Ч.Дүүргийн биед хамрын нуруу, зүүн хацар, баруун бугалаганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн 25 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Жаргал ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Т.Жаргал нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний орой 17 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 100 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч, хамтран амтдрагч Ч.Дүүрг “гар утсаа өгсөнгүй” гэж нүүрэн тус газар 2-3 удаа алгадан зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн хацар, баруун бугалаганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Дүүр, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 8568 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Жаргалт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Жаргал цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Жаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Жаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.Жаргал нь торгох ялыг 1 сар /нэг/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Жаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Жаргалт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Жаргалт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН