| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0373/Э |
| Дугаар | 397 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Т.Оргил-Очир |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оргил-Очир /томилолтоор/,
шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Н-ын Б-т холбогдох эрүүгийн 1802000450043 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 12 дугаар хороо …….. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт Н-ын Б- /РД: ………../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Ривер Гарден хотхоны гадаа 0002 УНЛ улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 1 грамм жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1802000450043 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Б-ийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Н.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Ривер Гарден хотхоны гадаа 00-02 УНЛ улсын дугаартай Бенз маркийн тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 1 грамм жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Гэрч Д.А-ын … 2018 оны 06 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед “гэрийн чинь гадаа ирчихлээ, гараад ир” гэхээр нь гараад очтол суудлын Бенз машинтай зогсож байсан. Машинд нь суугаад ямар машин зарах гэж байгаа талаар нь асуугаад ярилцаж байхад Б- хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй гартаа жижигхэн бор өнгийн шавар мэт зүйл барьчихсан “үүнийг хэрэглэж үзэх үү, гоё байдаг гэсэн” гэхээр нь сониуч зан хөдлөөд “тэгье” гэж хэлсэн. Б- тугалган цаас гаргаж ирээд тухайн шавар мэт зүйлээсээ тавьж шатаагаад намайг “утааг нь сороод үз” гэхээр нь нэг удаа сороод машинд сууж байтал цагдаа нар ирж барьж авсан. Би анх ирэхэд нь цагдаа гэж мэдээгүй. Б-ийг хүмүүс зодох гэж байна гэж ойлгоод машинаас буугаад зугатаах гэж байгаад баригдсан. Гав гаргаж ирэхээр нь цагдаа байна гэж мэдсэн. Би машинд байсан гэх бодисноос өөртөө авах гэж байсан зүйл байхгүй. … Шавар мэт зүйлийг хэрэглэхээр ямар төрлийн мансууруулах бодисын агууламж илэрдэг болохыг мэдэхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №6621 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “№1 0,3 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. “№2 0,1 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. “№3 0,6 грамм” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Гялгар уутнаас дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 47-51-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №6623 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б- 2018.06.19” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. “Д.Анар 19.06.2018” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 55-56-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №564 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.Б- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
2. Одоо Н.Б- нь сэтгэцийн эмгэггүй байна.
3. Н.Б- нь сэтгэцийн эмгэггүй байна.
4. Н.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Н.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 06-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6. Н.Б- нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
7. Н.Б- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
8. Н.Б-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
9. Н.Б-т мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна. /хх-ийн 60-61-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-22-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-27-р хуудас/,
“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-34-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 99-р хуудас/,
Шүүгдэгч Н.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд стадион дээр болсон хөгжмийн наадам дээр Бенз машин сонирхож унаж хэрэглэдэг хүмүүсийн цуглаан болсон. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн эзэмшлийн 00-02 УНЛ улсын дугаартай суудлын бенз маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ очсон юм. Цуглаан тарах үед Анхаа гэж дууддаг улсын дугаарыг нь мэдэхгүй суудлын саарал өнгийн Бенз машин унадаг залуу надтай уулзаад өөрөөсөө шавар мэт зүйлийг гаргаж ирээд надад өгснөө “үүнийг хэрэглээд үзээрэй” гэхээр нь юу болох талаар асуухад “хэрэглээд үзээрэй” гээд өгөхөөр нь аваад өөрийнхөө бичиг баримт хийдэг хар өнгийн түрийвчний завсраар хийсэн. Өгсөн зүйл нь гялгар уутанд хийсэн шавар мэт бор өнгийн зүйл байсан. Анхаа гэдэг залуугаас өгсөн барималын шавар шиг зүйлийг “энэ чинь юу юм бэ, ямар учиртай зүйл вэ” гэхэд “тугалган цаасан дээр тавьж байгаад доороос нь шатааж гарсан утааг нь сорж хэрэглэдэг” гэж хэлсэн. … Би 2018 оны 06 дугаар сарын 18-ны орой 21-22 цагийн үед машинтайгаа гадуур явж байхдаа Анартай утсаар холбогдож машины бичиг баримт үзүүлэхээр болж “Ривер гарден” хотхоны гадаа уулзаж өөрийнхөө эхнэрийн бичиг баримтыг үзүүлэхэд Анхаагийн надад өгч байсан бор өнгийн барималын шавар шиг зүйл гарч ирсэн. Анар түүнийг хараад юу болох талаар асуухаар нь “надад үүнийг хэрэглээд үзээрэй гэж өгсөн юм, хоёулаа хамт хэрэглэж үзэх үү” гэж хэлсэн. Тэгээд хэрэглэж үзэхээр болж тугалган цаасан дээр тухайн бор өнгийн зүйлээс бага хэмжээтэй тасалж тавиад доороос нь шар өнгийн асаагуураар асааж тугалган цаасыг халааж дээр нь байгаа бор өнгийн зүйл нь хайлаад утаа гарахаар нь утааг үнэрлэж хэрэглэсэн…гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.
Иймд шүүгдэгч Н.Б- нь “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас “Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Н.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т “...мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэж заасан. Иймд шүүгдэгч Н.Б-ийг мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзнэ.
Энэ хэрэгт битүүмжилсэн Н.Б-ийн эзэмшлийн 00-02 УНЛ улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж үзэхгүй тул 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 0,3 грамм, №2 0,1 грамм, №3 0,6 грамм гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий зүйлийг зохих журмын дагуу устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б- нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, 1 /нэг/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.