Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02311

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02311

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02192 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Тулгаа, С.Нарантуяа, Г.Сундуйжав нарт холбогдох

 

-Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 877 328 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

-2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч С.Нарантуяагийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батсайхан

Хариуцагч: С.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн захирал А.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, Д.Чимэгбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.Тулгаа болон хамтран зээлдэгч С.Нарантуяа нар нь 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Хас банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 15 400 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, зээлийн жилийн хүү нь жилийн суурь хүү дээр 4,38 хувийн нэмсэнтэй тэнцүү буюу тухайн хугацаанд мөрдөх жилийн хүү 20,88 /суурь хүү 16,5%+4.38/ хувийн хувьсах хүүтэйгээр зээлсэн. Зээлийн зориулалт нь хашаа байшин худалдан авах байсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1 998 713 төгрөг, зээлийн хүүд 9 377 101 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 886 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 472 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк ХХК нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчээс шаардаж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан баталгаат ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Улсын бүртгэлийн Ү-2204031964 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамж 1866 тоот 90 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2204013546 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 1866 тоот, 18652311709484 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 700 мкв талбайтай өмчлөлийн газар. Харин Г.Сундуйжав нь Б.Тулгаа, С.Нарантуяа нарын Хас банктай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр мөн Хас банк ХХК-тай батлан даалтын гэрээг байгуулсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараахь төлбөрийг Б.Тулгаа, С.Нарантуяа, Г.Сундуйжав нараас зээлийн үндсэн төлбөр 13 401 287 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 442 263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33 778 төгрөг нийт 16 877 328 төгрөгийг нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлын хамт хариуцагч нараас гаргууж өгнө үү. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Улсын бүртгэлийн Ү-2204031964 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамж 1866 тоот, 90 мкв талбайтай 90%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2204013546 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 1866 тоот 18652311709484 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 700 мкв талбайтай өмчлөлийн газар, барьцааны дээр дурьдсан хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 10 дугаар сард Хас банк ХХК-ийн салбараас хашаа байшин худалдаж авах зээлийг үндсэн зээлдэгч Б. Тулгаа, хамтран зээлдэгчээр би оролцож авсан. Гэр бүлийн асуудлаас болж 2016 оны 6 дугаар сараас зээлийг төлөх асуудлыг тасалдуулж эхэлсэн. Байгууллагыг хохироохгүй байхын үүднээс 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх салбар дээр очиж бид хүсэлт гарган хэрхэн төлөх талаар бичиж өгсөн. 2016 оны 12 дугаар сарыг дуустал Б. Тулгаа нь зээлийн төлбөрийг 100 хувь, 2017 оны 1 дүгээр сараас 50, 50 хувиар төлөхөөр баталгаа өгсөн. Б.Тулгаа нь гаргаж өгсөн баталгааны дагуу төлөлт хийгээгүй байсан тул би 12 дугаар сард 2 сарын цалингаа бүтнээр нь гаргуулан авч 750 000 төгрөгийг банкинд тушаасан. Миний бие 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх салбарт өргөдөл гарган, үндсэн зээлдэгч Б.Тулгаа нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст ажилладаг цалинтай хүн учраас шаардлагыг адил тавин хувийн төлөлт хийлгэхийг шаардан, цалингаас нь суутгах гэрээг албан ёсоор хийж өгөх хүсэлт гаргасан. Уг өргөдөлдөө ч өөрийн тушаасан 750 000 төгрөгийг тус банкинд гаргаж өгсөн баталгааны дагуу 2017 оны 1 дүгээр сараас хийх 5 сарын 50 хувийн төлөлтөндөө тооцуулж, 6 дугаар сараас өөрийн төлөлтөө хэвийн хийгээд явна гэж бичсэн. Гэтэл миний бие нь охины биеийн байдлаас төлөлтөө одоог хүртэл хийж чадаагүй байгаа. Хас банк ХХК-ийн нэхэмжлэлд тусгасан 11 377 700 төгрөгөөс миний бие нь 10 154 600 төгрөгийг төлсөн. Би Б.Тулгаатай 2011 оноос гэр бүл болж амьдарч эхэлсэн. Амьдарч эхэлснээсээ хойш би хүний гэр оронд амьдарч байна энэ гэр оронгоо миний нэр дээр шилжүүлж өгөөч гэсний дагуу миний аав бэлэглэлийн гэрээгээр хашаа, байшинг Б.Тулгаагийн нэр дээр шилжүүлж өгсөн. Үүний дараагаар Сонгинохайрхан дүүргийн шүүхээр бэлэглэгчийг гомдоосон гэх үндэслэлээр буцаад аавын нэр дээр шилжсэн. Дараа нь энэ үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Хас банк ХХК-аас зээл авч 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Тулгаагийн данс руу 15 400 000 төгрөг орсон гэдэг баримт нь байгаа. Ингэж зээл авчихаад аавд минь нэг ч төгрөг өгөөгүй. Аав маань хажуу талд гэрээ бариад амьдарч байсан. Амьдарч байх хугацаандаа бид 2 аль аль нь ажилтай байсан. Би цалингаа Хас банк ХХК-аар авдаг байсан. Хас банк ХХК намайг цалингийн зээлтэй байхад давхар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг гаргаж өгнө гэж байхгүй. Энэ үл хөдлөх хөрөнгөөр зээлийг хангуулна гээд байх шиг байна. Энэ нь миний хөрөнгө биш манай аавын хөрөнгө юм. Одоо өндөр настай гэр оронгүй байгаа хүн. Би охиноо эмчлүүлэх шаардлагатай учраас цаашид миний хувьд энэ Хас банк ХХК-ийн зээлийг төлөх боломж үнэхээр байхгүй гэж үзэж байна. Би 15 000 000 төгрөгөөс 10 000 000 гару төгрөгийг төлсөн байдаг. Миний цалингаас шууд энэ данс руу орж байсан. Барьцаа хөрөнгийн хувьд бидэнд захиран зарцуулах эрх байхгүй гэж үзэж байна. Миний хувьд 15 400 000 төгрөгийн үндсэн зээлийг үүргийн дагуу төлнө. Нэмэгдүүлсэн хүү болон хүүг төлж чадахгүй. Би одоо хүүхдээ эмчлүүлж байгаа. Иймд надад зээл төлөх боломж байхгүй гэжээ.

Хариуцагч Г.Сундуйжав шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2009 онд өөрийн хүч хөдөлмөр тэтгэврийн мөнгөөр 6*7 харьцаатай байшин, иргэнд олгогдох 0.7 га газрыг эзэмшиж байгаад өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Гэтэл охин С.Нарантуяа Б.Тулгаа гэгч хүнтэй 2012 онд гэр бүл болон амьдралаа дээшлүүлэх зорилгоор хашаа байшинг минь бэлэглэлийн журмаар авч банкинд барьцаанд тавьж мөнгө зээлсэн байна. Хас банк ХХК-аас намайг дуудаж Таны хашаа байшин байгаа учраас та батлан даагч болно гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Миний бие банкнаас хэдэн төгрөг, хэдий хугацаатай зээлснийг ойлгож мэдээгүй цалингийн зээл төлнө гэсэн ойлголтыг надад өгсөн. Гэвч Б.Тулгаа нь миний зээ охиныг зодож танхайран зүй бусаар үгээр доромжилж, архи уун биднийг айлган сүрдүүлж байсан учраас орон сууцаа буцаан авах нэхэмжлэлийг шүүхэд гарган энэхүү хашаа байшин миний өмчлөлд шилжсэн. Энэ зээлийн гэрээг би хийгээгүй, нэг төгрөг ч гар дээрээ аваагүй, банк болон Б.Тулгаа нар нь цалингийн зээлээ төлнө гэж батлан даагчаар гарын үсэг зуруулсан нь намайг хуурч мэхэлсэн гэж үзэж байна. Б.Тулгаа нь гэрлэлт нэрийдлээр хөрөнгөжих гэсэн цаад утга санааг ойлгоогүй байжээ. Иймд зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагч Б.Тулгаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хашаа байшин худалдан авах зорилгоор 15 400 000 төгрөгийг зээлсэн. Хамтран зээлдэгчээр өөрийн эхнэр С.Нарантуяаг оруулж зээл авсан. Уг зээлийн мөнгөөр хадам аав болох Сундуйжавын хашаа байшинд засвар хийж үлдэгдэл мөнгөөр нь машин авч эхнэртээ өгсөн. Эхнэр бид 2 гэрлэлтээ цуцлуулж, хашаа байшинг буцаан хадам аав Сундуйжавт хүлээлгэн өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр С.Нарантуяа нь Хас банк ХХК-д өргөдөл гаргаж зээлийн 50 хувийн төлөлт хийхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлийн барьцааны хөрөнгийг буцаан Сундуйжавын нэр лүү шилжсэн, мөн зээлд батлан даагчаар Сундуйжав гэрээ хийсэн. Мөн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийг зогсоох талаар банкинд өргөдөл өгсөн. Энэ хугацаанаас хойш зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлгүй. Иймд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн С.Нарантуяагийн гаргасан хүсэлтийн дагуу мөн барьцааны зүйлээр үүргийг гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй. Миний хувьд энэ зээлийг авсан нь үнэн боловч үүнээс огт хэрэглээгүй. Энэ мөнгө Сундуйжавын дансаар орж ирсэн. Үүнээс 9 000 000 төгрөгийг н.Энхээ, н.Болдоо хоёрт өгсөн, 3 600 000 төгрөгт Хонда маркын гэр бүлийн жийп авсан. Үлдсэн 3 000 000 төгрөгөөр нь гэр орондоо засвар, үйлчилгээ хийсэн. Гэрээ хийсэн нь үнэн боловч мөнгө, төгрөгийг өөртөө хэрэглэсэн зүйл байхгүй учраас барьцаа хөрөнгөөр зээлийг төлүүлэх хүсэлтэй байна. С.Нарантуяа өөрөө амьдарч байсан хашаа, байшин юм. Аав нь хажууд нь тусдаа гэр бариад амьдардаг. Нэг гэрт орж байгаа юм чинь чиний нэр дээр шилжүүлж өгье зээл авъя гээд С.Нарантуяа энэ шийдвэрийг өөрөө гаргаж миний нэр дээр шилжүүлж өгсөн. Надад хэрэглэсэн зүйл бол байхгүй н.Энхээ, н.Болдоо гэх 2 хүнээс надтай амьдраагүй байхдаа нилээн хэдэн төгрөг авсан юм билээ. Би сар бүр зээлд 318 000 төгрөг хийдэг байсан. Би бэлнээр авчирч өгөөд С.Нарантуяа Хас банк ХХК-аар цалингаа авдаг болохоор уг данснаас банк татаж авдаг байсан гэжээ.

  Хариуцагч С.Нарантуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хас банк иргэн Б.Тулгаа, С.Нарантуяа нартай хийсэн гэрээ нь гэрээний зорилгыг зөрчсөн хуулийн утга агуулгад тохироогүй учраас зээл төлөгч нар нь зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болсон. Учир нь зээлийн гэрээний зорилго нь 22 000 000 төгрөгөөр орон сууц худалдан авах зорилготой гэж бичсэн боловч бодит амьдралд орон сууц худалдан авах биш харин Улсын бүртгэлийн Ү-2204031964 дугаар бүхий 90 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц хашаа, Улсын бүртгэлийн Г-2204013546 дугаар бүхий 1865231170984 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв талбайтай өмчлөлийн газар нь тухайн үедээ бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан Б.Тулгаагийн өмч хөрөнгө байсан юм. Гэтэл Хас банк ХХК Б.Тулгааг уг хөрөнгөө өөртөө худалдан авсан мэтээр гэрээ байгуулсан мөн Хас банк ХХК-ийн шаардсанаар аргагүйн эрхэнд хөрөнгөө тавьсан зэрэг нь зээлдэгч нарын эрх ашигт нийцээгүй гэрээ хийсэн байна. Энэ байдал нь дүр үзүүлсэн, хууран мэхэлсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй юм. Энэхүү гэрээ нь гэрээний зорилгоо тодорхойлоогүй, илтэд зорилгоо зөрчиж хийгдсэн, зээлдэгч нарт хохиролтой дүр үзүүлсэн гэрээ гэж үзэж байна. Иймд Хас банк ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №1760002344 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр, Х.Тэмүүжин нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.Тулгаа болон хамтран үүрэг гүйцэтгэгч С.Нарантуяа нар нь 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Хас банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 15 400 000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, зээлийн жилийн хүү нь жилийн суурь хүү дээр 4,38 хувийн нэмсэнтэй тэнцүү буюу тухайн хугацаанд мөрдөх жилийн хүү 20,88 /суурь хүү 16,5%+4.38/ хувийн хувьсах хүүтэйгээр хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1 998 713 төгрөг, зээлийн хүүд 9 377 101 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 886 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2204031964 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамж 1866 тоот, 90 мкв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2204013546 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 1866 тоот, 18652311709484 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 700 мкв талбайтай өмчлөлийн газар зэргийг барьцаалсан. Харин Г.Сундуйжав нь Б.Тулгаа, С.Нарантуяагийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан 1760002344 дугаартай зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр Хас банк ХХК-тай Батлан даалтын 1760002344 дугаартай батлан даалтын гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлсэн, хууран мэхэлсэн гэрээ гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлийн талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Хас банк ХХК, Б.Тулгаа, С.Нарантуяа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн харилцааг үүсч Хас банк ХХК зээлдэгч Б.Тулгаа, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Нарантуяа нарын 1760002344 дугаартай зээлийн дансанд 15 400 000 төгрөгийг олгож, зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар 2013 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн үндсэн зээлийг хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж ирсэн. Эндээс үзвэл хэлбэрийн болон агуулгын хувьд хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хууран мэхэлсэн гэрээ гэж үзсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хууран мэхэлж хийсэн хэлцлийн хувьд хууран мэхэлсэн этгээд тийнхүү хууран мэхэлж байгуулсан хэлцэлд заасан буюу тодорхойлсон үр дүн, зорилгодоо хүрэхийг эрмэлзсэн хэвээр байдаг бөгөөд бодит байдалд үл нийцсэн нөхцөл байдал, ойлголтыг нөгөө талд төрүүлсэн байх нь чухал. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй боловч гаргаж өгөөгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Тулгаа, С.Нарантуяа нараас 16 877 328/ арван зургаан сая найман зуун далан долоон мянга гурван зуун хорих найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тулгаа, С.Нарантуяа нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Б.Тулгаагийн өмчлөлд байгаа Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Сургуулийн гудамж 1866 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204031964 дугаартай 90 мкв хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2204013546 дугаартай гэр бүлийн хэрэгцээний 700 мкв талбайтай газрыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Сундуйжавт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13 401 287 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3 442 263 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33 778 төгрөг, нийт 16 877 328 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.9 дэх хэсэгт зааснаар С.Нарантуяагын Хас банк ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар дугаар сарын 09-ний өдрийн №1760002344 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312 537 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Тулгаа,С.Нарантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 156 268 5 төгрөг нийт 312 537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар С.Нарантуяагаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Нарантуяа давж заалдах гомдолдоо:

Миний бие нь Хас банк ХХК-аас 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 15 400 400 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатайгаар нөхөр Б.Тулгаагаа зээлж авахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж авсан. Тухайн үед нөхөр Б.Тулгаатай гэр бүл болж аав Г.Сундуйжав нь өөрийн хашаа байшингаа бидэнд бэлэглэж өгсөн байсан. Нөхөр Б.Тулгаа нь машин унаа авъя, банкнаас мөнгө зээлье гэж байсан ба банкны хүмүүстэй ярьж мөнгө зээлэх боллоо гээд хамтран үүрэг гүйцэтгэгчээр намайг гарын үсэг зуруулсан. Гэтэл нөхөр Б.Тулгаа нь надаас гэрлэлтээ цуцлуулж, банкны зээлийг аавын өмч болох хашаа байшингаар төлнө биз, би зээлийг төлөхгүй гэсэн санаа өвөрлөн өдий хүрлээ. Миний бие банкинд одоогоор 10 154 600 төгрөгийг төлөөд байна. Энэ хугацаанд бэлэглэлийн гэрээ хүчингүй болгож эцэг Г.Сундуйжавын өмчлөлд шилжихээр шүүхийн шийдвэр гарсан. Банкны зээлийн гэрээний талаар анхан шатны шүүх учир дутагдалтай дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа бөгөөд өмгөөлөгч нарын тодорхой саналыг хүлээн аваагүй, ямар нэг дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Цаашид багшийн 400 000 төгрөгийн цалингаар зээлийг төлөхөд үнэхээр боломжгүй боллоо. Иймд зээлийн гэрээг хүчингүйд тооцож, зээлийн хүү торгуулийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Б.Тулгаа, С.Нарантуяа, Г.Сундуйжав нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 877 328 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч С.Нарантуяа зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Б.Тулгаатай 2013 оны 10 дугаар сарын 9-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 15 400 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, зээлийн жилийн хүү нь банкны төгрөгийн /долларын жилийн суурь хүү дээр 4,38 хувийг нэмсэнтэй тэнцүү байхаар олгох бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн буюу 360 хоногийн суурь хүүгийн хэмжээ нь 16,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь, хэмжээ 20,88 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн, хариуцагч С.Нарантуяа зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гарын үсэг зурсан байна. /хх-ийн 10-12 тал/

Мөн өдөр талууд баталгаат ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Б.Тулгаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, сургуулийн 1866 тоотод байрлах 90 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 17-22 тал/

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч талаас хариуцагч нарыг үндсэн зээл 1 998 713 төгрөг, зээлийн хүүд 9 377 101 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 886 төгрөг, нийт 11 377 700 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нар уг үнийн дүнгийн асуудлаар маргаагүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч С.Нарантуяа, Б.Тулгаа нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Хариуцагч С.Нарантуяа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ... хүүхдээ эмчлүүлж байгаа, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй гэж тайлбарлаж, тухайн үед бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан эд хөрөнгө нь Б.Тулгаагийн өөрийнх нь өмч байсан, Хас банк ХХК-ийн шаардсанаар хөрөнгийг худалдан авсан мэтээр гэрээ байгуулж, уг хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Тулгаа нь ...зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг С.Нарантуяатай гэр бүлийн хамтын амьдралтай байхдаа амьдралын хэрэгцээнд хэрэглэсэн, шүүхийн шийдвэрээр миний нэр дээр шилжсэн байсан хашаа, байшин С.Нарантуяагийн аав болох Г.Сундуйжавын өмчлөлд шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэж тайлбарласан байна.

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, бичгийн баримт үйлдэж, гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк ... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 9-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн байх тул нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Г.Сундуйжав нь Хас банк ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.5-д зааснаар батлан даалтын гэрээ нь үүргийн гүйцэтгэлийн хангах нэг арга бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд банк Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даагчаас зээлийн үүргийг шаардах эрхтэй.

Харин хэргийн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч талаас хариуцагч нар зээлээ төлөх боломжгүй болсон гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч Г.Сундуйжавт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13 401 287 төгрөг, хүү 3 442 263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33 778 төгрөг, нийт 16 877 328 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, бодитоор хэрэгжсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хариуцагчаас уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй тул С.Нарантуяагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/00892 дугаар захирамжаар Г.Сундуйжавын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Тулгаа бэлэглэлийн зүйлийг Г.Сундуйжавт буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч солигдсон нь барьцааны үүргийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Тулгаа, С.Нарантуяа нараас зээлийн гэрээний үүрэгт 16 877 328 төгрөг гаргуулж, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Нарантуяагийн давж заалдах гомдлыг хангалгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/02192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч С.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО