| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00566/И |
| Дугаар | 315/ШШ2026/00007 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2026/00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар багт оршин суух, утас ...., *******ийн *******ийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал ******* сумын Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан. Бог мал, хонь голдуу хариулж байсан. Тиймээс миний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 онуудад Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө хувьцаат компанийн бүх гишүүдийн хурлын 1992.03.18-ны өдрийн мэдээ, Дэлгэр фермийн худалдсан малын 1994.12.02-ны өдрийн бүртгэл, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.05.22-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.05.22-ны өдрийн Ц.*******ийн ажиллаж байсан Эх орны төлөө ХК нь 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэх бичиглэл бүхий тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.05.23-ны өдрийн 315/ШШ2025/00174 дугаартай шийдвэр, 1993.02.10-нд Ц.*******т ******* сумын Ширээт брокерын пүүсээс олгосон талархлын бичиг, Эх орны төлөө нэгдлээс 1991.04.20-нд олгосон хөдөлмөрийн дэвтэр зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь ******* сумын Эх орны төлөө ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө хувьцаат компанийн бүх гишүүдийн хурлын 1992.03.18-ны өдрийн мэдээ, Дэлгэр фермийн худалдсан малын 1994.12.02-ны өдрийн бүртгэл (Ц.*******т мал олгосон тухай), Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.05.22-ны өдрийн Ц.*******ийн ажиллаж байсан Эх орны төлөө ХК нь 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэх бичиглэл бүхий тодорхойлолт (хх 5-8х),
5. Гэрч *******ийн шүүхэд мэдүүлсэн: Ц.******* 1987 онд цэргийн албанд татагдаж, 1989 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс ирээд Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Малчнаар ажиллаж байхдаа хонин суурь хариулдаг байсан. Тухайн үед аавынхаа туслах малчнаар ажиллаж байсан. Эх орны төлөө нэгдэл 1994 онд бүрэн хувьчлагдсан. Ц.******* тэр болтол албаны мал маллаж байсан. Бид айл саахалт байсан учраас энэ бүх байдлыг нь сайн мэднэ.. гэх мэдүүлэг (хх-16х)
6. Гэрч *******гийн шүүхэд мэдүүлсэн: Би ******* сумын захиргаанд 1984-1988 он хүртэл ажиллаж байгаад 1988 онд Эх орны нэгдлийн малчин болж байсан. Ц.******* 1990 онд цэргийн албанаас халагдаж ирээд ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар ажилд орсон. Ц.******* өөрийн аав *******ийн туслах малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1994 он хүртэл ажилласан. Эх орны төлөө нэгдэл 1994 онд хувьчлагдаж татан буугдсан. Ц.******* бид хоёр хоёулаа Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-15х)
7. Иймд Ц.*******ийн Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн *******ийн Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА