| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2405051720056 |
| Дугаар | 2025/ДШМ/517 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/517
2025 05 06 2025/ДШМ/517
Г.Ч-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Анхбаяр,
шүүгдэгч Г.Ч-ийн өмгөөлөгч П.Ганбилэг,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/708 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбилэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Г.Ч-т холбогдох эрүүгийн 2405051720056 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Г-ын Г.Ч-, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1987 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “5 Огторгуй” ХХК-д ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../;
урьд, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 308 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 08 цаг 40 минут орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн урд хохирогч Э.Н-гийн эзэмшлийн “Айфоне 13 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.525.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Г.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ийг 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч- цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Ч-оос үнэлгээний төлбөр болох 59,600 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ч-ийн өмгөөлөгч П.Ганбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Ч- нь анхнаасаа буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мөрдөн байцаалтын шатнаас эхлээд л хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүйгээр тогтвортой мэдүүлж оролцсоор ирсэн. Шүүгдэгч Г.Ч- нь хохирогч нарын хохирлыг мөн л мөрдөн байцаалтын явцад төлж барагдуулсан, харин иргэний нэхэмжлэгчид төлөх ёстой үнэлгээний төлбөрийг төлөх талаар шүүгдэгч нь ямар нэг ойлголтгүй мэдээгүй байсны улмаас тухайн төлбөрийг төлж чадалгүйгээр шүүх хуралд орсон. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр тусгагдаж гарсан иргэний нэхэмжлэгч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нэхэмжилсэн 59,600 төгрөгийн төлбөрийг тухайн байгууллагад төлж, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөрийн үлдэгдэлгүй болсон. Шүүгдэгч Г.Ч- нь хууль зүйн мэдлэггүй, хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч аваагүйн улмаас өөрийн хувийн байдлын талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхэд буруу ойлгуулсан гэж үзэж шүүгдэгч Г.Ч-ийн хувийн байдлыг тодорхойлох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс гомдолтой хавсаргаж илэрхийлж байна. Г.Ч- нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Эрдэнэбаярын Алтантуул нь хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан, эмнэлгийн байнгын хяналт группт байдаг учир ажил хийх боломжгүй, хүүхдүүдээ шүүгдэгч Г.Ч-ийн тусламжтайгаар асардаг. 2011 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн том хүү нь одоо 14 настай, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн дунд хүү Ч.Б нь одоо 9 настай, 2024 оны 06 дугаар сарын 25-нд төрсөн бага охин Ч.Н нь одоо 10 сартай/ бага хүүхэд нь улаан бурхан өвчний халдвар авч эмнэлэгт хэвтсэн/ Шүүхийн шийдвэрийн 6 дугаар талд шүүгдэгч Г.Ч-ийг “... эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй” гэж дүгнэсэн нь шүүгдэгч нь хувийн байдлаа нотлох баримтаа хангалттай гаргаагүйгээс шүүхэд буруу ойлголт төрүүлсэн байна. Г.Ч- нь “Таван огторгуй” ХХК-д хангамжийн менежерээр ажиллаж, хот хөдөө ажил явагдах газарт очиж тогтмол 2.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг тул нийгмийн даатгалын лавлагааг мөн гаргаж байна. Прокурорын зүгээс шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогч нарыг эрт хохиролгүй болгосон нөхцөл байдлуудыг харгалзаж 600 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгчийн зүгээс дэмжиж оролцсон. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Ч-т албадан ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчид эцсийн боломж олгож өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан боловч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд түүнд 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхээс түүнийг гэмт зан үйлдлийг засарсан гэж үзээгүй. Удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзсэн тул прокурор эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Г.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Тодруулбал, шүүгдэгч Г.Ч- нь :
2.1. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудлын орчимд хохирогч Б.М-ын эзэмшлийн “Iphone 15 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.875.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол,
2.2. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 08 цаг 40 минут үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн урд хохирогч Э.Н-гийн эзэмшлийн “Iphone 13 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.525.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол тус тус учруулсан болох нь :
- хохирогч Б.М-ын: “...2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хичээлээ тараад гэртээ харих гээд чиглэл 58 дугаартай нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа Баянгол дүүргийн 16 дугаар хороо, модны хоёрын автобусны буудлын орчимд өөрийн халааснаас гар утсаа алдсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/,
- хохирогч Э.Н-гийн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 08 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн урд автобусны буудлаас 440 чиглэлийн автобусанд суусан, явж байхад халаасанд байсан гар утсаа шалгахад байгаагүй...гар утас усан цэнхэр өнгөтэй Айфоне 13 про загварынх, нүүрний шилэн наалт доод хэсэгт цуурсан, цагаан цэнхэр өнгө холилдсон кейстэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 121-122/,
- “Iphone 15 pro загварын 1 ширхэг гар утсыг 2.875.500 төгрөгөөр, Iphone 13 pro загварын 1.525.000 төгрөгөөр үнэлсэн” тухай “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-28-31, 131-134/,
- гар утас алдагдах үеийн үйл явдалд хамаарах камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-42, 148-149/,
- хохирогч Б.М-, Э.Н- нарт гар утас буюу хохирлыг барагдуулсан гэх тэмдэглэл /хх 37, 169/,
- шүүгдэгчийн“...Би 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед хорооллын өргөөгөөс машинаа авахаар модны 2 автобусны буудлаас ирээд үл таних хар куртиктэй эмэгтэй хүний халааснаас Iphone 15 pro загварын гар утас хулгай хийсэн. Тэгээд би хулгайн гар утсаа үл таних хүнд 350.000 төгрөгөөр зарсан...Мөн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээрээс цэнхэр өнгийн автобусны хойд хаалгаар суугаад хар өнгийн куртиктэй эмэгтэй хүний халааснаас Iphone 13 pro загварын гар утсыг хулгай хийсэн, танихгүй хүнд 200.000 төгрөгөөр худалдсан. ...” гэх мэдүүлэг /хх-100, 165/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Ч- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх зэрэг нотолгооны шалгуурт нийцсэн байх тул түүний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Харин үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох” үндэслэл, журмыг ялгаа заагтай дүгнэн хэрэглэхэд анхаарах зарим асуудал үүссэн байх тул дараах байдлаар тодотгов. Тухайлбал:
Шүүгдэгч Г.Ч- нь нэг төрлийн буюу хулгайлах 2 гэмт хэргийг өөр өөр цаг хугацаа, газарт үйлдсэн байх тул тухай бүртээ төгссөнд тооцогдох бөгөөд “үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг” гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд, нэг цаг хугацаанд, нэг эх сурвалжид, нэг орон зай, нэг нутаг дэвсгэрт завсарлагатай буюу завсарлагагүйгээр, эсхүл тэр даруйд үйлдлүүд үргэлжлэн хийгддэг “үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг”-ийн өвөрмөц шинж хангагдахгүй гэж үзнэ.
Харин тухайн нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байх боловч Эрүүгийн хуулиар:
- “нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн”-ийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцоогүй,
- мөн нэг төрлийн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулах үндэслэл, журам тусгайлан хуульчлагдаагүй байхаас гадна,
- тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж буй хулгайлах гэмт хэрэг бүрийн хохирлуудын нийт хэмжээ нь хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын “доод хэмжээ 300.001 төгрөг, дээд хэмжээ 50 сая хүртэлх төгрөг” байх шинжийг хангаж байгаа зэргийг бүхэлд нь харгалзан дүгнэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргүүдийг нэгтгэн “үргэлжилсэн нэг гэмт хэрэг”-т тооцож, нэг ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзнэ, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэхээс гадна хууль хэрэглээний практикт тогтсон болно.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч Г.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн, энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх прокурорын санал, дүгнэлтийг тус тус үгүйсгэх боломжгүй гэж үзнэ.
4. Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, харин шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбилэг гаргасан “...хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь үнэлгээний төлбөр болох 59.600 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Ч-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-аас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 55 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/708 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ийн цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь үнэлгээний төлбөр болох 59.600 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР