Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/ма2018/01122

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30ы өдрийн 101/ШШ2018/01130 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Долгормаад холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 920 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Гэрэлмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Ариунжаргал

Хариуцагч: Э.Долгормаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Баярдалай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Гэрэлмаа, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Долгормаа нь 2017 оны 07 дугаар сарын 18-нд надаас 6 200 000 төгрөг бэлнээр авч, уг мөнгийг 1 сарын хугацаатай, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцох болзолтой зээлийн гэрээ байгуулсан. Гэвч Э.Долгормаа нь гэрээний үүргээ биелүүлээгүй, үндсэн зээл болон сарын хүүгээ ч төлөөгүй. Иймээс Э. Долгормаагаас үндсэн зээл 6 200 000 төгрөг, зээлийн хүү 620 000 төгрөг, алданги 3 100 000 төгрөг, нийт 9 920 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Э.Долгормаа, түүний өмгөөлөгч Т.Баярдалай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Долгормаа би Ж.Гэрэлмаагаас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг буюу нийт 6 удаа зээл авахдаа 14 500 000 төгрөгийг тус бүр 1 сарын 10 хувийн хүүтэй зээлж байсан. Харин зээлүүдийнхээ эргэн төлөлтийг тухайн сард оногдох хүүтэй нь хамт тооцон, мөн тухайн сарынхаа 30 хоногт хуваан сарын турш өдөр бүр тэнцүү хэмжээгээр төлөх нөхцөлтэйгээр хийж байсан ба би түүнээс авсан бүх мөнгийг хүүтэй нь төлчихсөн. Харин 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдөр буюу түүний нэхэмжлэлийн үндэслэл болгосон бичгийг бичүүлсэн өдөр Ж.Гэрэлмаатай зээлийн тооцооны талаар маргасан. Би 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 7 хоног Улсын баяр наадмын амралтаар Архангай аймаг явсан ба уг хоногуудад зээлийн төлөлт хийгдээгүйтэй холбогдуулан тэрээр манай хүүхдүүд рүү залгаж элдвээр дарамталсан байсан тул би 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөдөөнөөс ирээд түүнтэй очиж уулзсан. Гэтэл Ж.Гэрэлмаа намайг зээлээ төлсөнгүй олон хоногоор утас чинь холбогдохгүй зугтлаа гэж уурлаад өмнөх зээлийн үлдэгдэл чинь хүүгийн хамт 6 200 000 төгрөг болсон байна гэсэн.

Гэвч тэрээр дансныхаа хуулгыг авч ирж тооцоо нийлэхгүй атлаа надаас тасралтгүй мөнгө нэхсээр байсан 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Ж.Гэрэлмаа манай ажил дээр ирж 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдор 6 200 000 төгрөг бэлнээр авсан, хүүтэй нь төлнө гэж хэлсэн. Мөн Ж.Гэрэлмаа манай хүүхдүүдээс миний зээлийн төлбөрт шилжүүлсэн 3 000 000 гаруй төгрөгийг тооцоондоо оруулж хасалт хийгээгүй төдийгүй, хүү тооцон 6 200 000 төгрөг зээлсэн гэж бичүүлсэн болох нь Э.Долгормаа миний Хаан банкны 5029565746, 5561057521 дугаарын данс, хүргэн Б.Багатулгын 5111226256, хүү О.Жамбалцанжидын 5064785294, охин О.Зандраарагчаагийн 5029605033 дугаарын дансны хуулгаас шүүлт хийхэд тогтоогдож байгаа төдийгүй надаас үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Долгормаа нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Ж.Гэрэлмаагаас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг буюу нийт 6 удаа зээл авахдаа 14 500 000 төгрөгийг тус бүр 1 сарын 10 хувийн хүүтэй, мөн зээл тус бүрийг нэг сарын хугацаатай зээлсэн. Дээрхи мөнгийг хүүтэй нь төлж дуусгасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 дахь хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийн зэрэгцээ, ...мөнгийг...зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заажээ.

Гэтэл Ж.Гэрэлмаа нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Э.Долгормаа надад нэг ч төгрөг олгоогүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, болон мөн хуулийн 56.1.1, 60 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 6 200 000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлж байна, зээлээ төлөөгүй тохиолдод зээлийн барьцаанд хэвлэлийн тоног төхөөрөмж, канон, принтер, хулдаасан хэвлэлийн машин, фото машин зэргийг хураалгахад гомдолгүй, хуулийн байгууллагаар шийдүүлэхгүй үл маргах журмаар шийдүүлнэ, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр .6 200 000 төгрөг бэлэн авсан гэж бичүүлсэн зээлийн гэрээ гэх хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн бичгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Ж.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Долгормаагаас 9 920 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Э.Долгормаагийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Гэрэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 173 570 төгрөг, хариуцагч Э.Долгормаагийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 173 670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүй атлаа, хариуцагчийн уг зээлийг бэлнээр аваагүй гэх амаар мэдүүлсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнээс өмнө хийсэн 6 удаагийн зээлийг төлж барагдуулсан гэж 2 тал маргаагүй, энэ нь мөн дансны хуулгаар тогтоогдсон байхад 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээнээс хойш 4 удаагийн үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 27-нд 800 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-нд 600 000 төгрөг, мөн 130 000 төгрөг, 300 000 төгрөгийг шилжүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгийн нотлох баримт үнэлэх үе шатанд тогтоогдсон, маргаагүй. Иймээс 6 удаагийн зээлээ хариуцагч төлчихсөн, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөнгө бэлнээр аваагүй гэж тайлбарладаг атлаа уг өдрийн гэрээнээс хойш нэхэмжлэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн байгаа нь мөнгийг бэлнээр авсан гэдэг нь нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Гэрэлмаа нь хариуцагч Э.Долгормаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 920 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Шүүхээс нотлох баримт бүрдүүлэх журмаар авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар талуудын хооронд зээлийн харилцаа үүсч, нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгийг дансаар шилжүүлж өгч байсан, хариуцагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдээр дамжуулан дансаар мөнгийг буцаан төлж байсан үйл баримт тогтоогдож байна. /хх 97-132/

Өмнөх зээлийн гэрээнүүдийн мөнгийг дансаар шилжүүлж байсан гэдэг нь бэлнээр мөнгийг авлаа гэж бичиж гарын үсэг зурсан хэргийн 3 дугаар талд авагдсан бичгийн баримтыг шууд үгүйсгэх нөхцөл байдал болохгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хэргийн 3 дугаар талд авагдсан Зээлийн гэрээ ба баримт үйлдэх нь гэх гарчиг бүхий баримтад зээлийг 10 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцов, хугацаанаас нь өмнө төлсөн тохиолдолд хүү болон алдангийг 0.5 хувиар хүлээн зөвшөөрч байна гэж бичсэнээс үзвэл 6 200 000 төгрөгийн зээлд ямар хэмжээний хүү төлөх ёстой, үүрэг гүйцэтгэх хугацаа хэзээнээс тооцогдох зэрэг хугацааны асуудал ойлгомжгүй байна. Иймээс энэ зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү, алданги шаардах эрхгүй болно.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хариуцагч Э.Долгормаа болон гэр бүлийн гишүүнээс нийт 5 удаагийн зээлийн эргэн төлөлтөөр 2 170 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 123, 124, 127, 128, 140

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмнөх зээлийн гэрээний харилцаа дуусгавар болж шинээр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан тул хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн мөнгийг 6 200 000 төгрөгөөс дээр дурдсан баримтаар төлөгдсөн болох нь тогтоогдсон төлбөрийг хасч тооцоход 4 030 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 5 890 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30ы өдрийн 101/ШШ2018/01130 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Долгормаагаас 4 030 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гэрэлмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 890 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Э.Долгормаагаас 79 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гэрэлмаад олгосугай гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ж.Гэрэлмаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 670 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН