Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 110

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч А.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн А.О-т холбогдох эрүүгийн 1826000510109 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн  ******* овгийн А-О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн С.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Хохирогчид 1500000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч С.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 14-ний орой би найз Г-д очсон. Тэнд нэлээн хэдэн шил архи уусан. Г.О, Г бид гурав хамт архи уусан. Би нэг мэдсэн чинь гадаа О-т зодуулаад газар хэвтэж байсан. Миний нүд хөхөрч хавдаад, толгой тархи өвдөөд байсан. Мөн урд дээд талын шүд О-т зодуулаад уначихсан байсан. Би маргааш нь айлд хэвтэж байхад О нь Г ах, Ч ах нартай хамт ирж уулзаад уучлалт гуйсан. Би шүд хийлгээд өгчих, тэгвэл хамаа алга, цагдаа гээд яахав гэж хэлсэн. Тэгээд шүд 2000000 төгрөг болох юм шиг байхаар нь хэлсэн чинь мөнгөө одоо хүртэл өгдөггүй. Тухайн үед нь цагдаад өгчих байсан байна лээ. Би хүн чанар гаргаад шүдээ хийлгэчихвэл цагдаад хэлээд төвөг гэж бодсон юм. Тэгээд цагдаад хэлэлгүй удаачихлаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,

Хохирогч С.Э-н мөрдөн байцаалтанд дахин өгсөн: “...Би Д ах, А гэж дуудаад байдаг нэг залуу хоёртой хэрэлдэж маргалдах нь маргалдсан. Гэхдээ тэр хоёрт цохиулаад миний шүд нээх хөдлөөгүй байсан. Тэр хоёртой сүртэй ч юм болоогүй. Тэр хоёр цохиод миний шүдийг унагасан биш. Яах аргагүй О-т зодуулахад миний шүд унасан. ...Би А.Э-тай цэцэрлэгийн ард маргалдаж А.Э намайг тонгорч авч шидээд байсан. Нүүр рүү гар, хөлөөрөө цохиж аваагүй. Би ч цохиулаагүй. Тэгэхэд миний нүүр ам зүв зүгээр байсан. ...Би О-т зодуулах үедээ хутга гаргах тамир ч үгүй байсан. Би хутга гаргаагүй. Тэр хутганы талаар мэдэхгүй. Би О-т зодуулахаасаа өмнө хавдаж хөхөрсөн зүйлгүй байсан. О-т зодуулаад л миний нүүр нүд хөхөрч хавдсан. ...А.О-тай би урьд нь маргалдаж, зодолдож байсан асуудал байхгүй. Өш хонзон байхгүй л найзууд байсан. Тэгээд намайг зодчихдог юм байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

Гэрч А.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Г ахад бензиний бичиг хийж өгөх гээд замаараа хоёр хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авчихаад очсон чинь тэднийд Г ах, Х ах хоёр сууж байсан. Тэр хоёр "Болор" гэдэг нэртэй 0,75 граммтай архи хувааж уугаад сууж байсан. Намайг тэднийд сууж байхад Г ах О-г дуудсан. О удалгүй орж ирээд би ажилтай байна гээд гараад явчихсан. Нөгөө "Болор" гэдэг архи нь дуусчихсан чинь Х /жинхэнэ нэрийг нь С.Э гэдэг/ ах дахиад нэг шил "Болор" гэдэг архи гаднаас хүнээр авчруулсан. Тэрийгээ оруулаад А ах, Г ах, Х ах, би бид хэд уусан. Уугаад дуусч байхад О орж ирээд уулцсан. Тэдний яриаг нь чагнаад байтал Х ах О-г чи жаахан хүүхэд байхдаа, банди байхдаа Ө-н том улаан ямааг хулгай хийж байсан гээд байсан. О нь тийм юм ёстой байхгүй шүү, юу яриад байгаа юм, Ө-н мал манайд байдаггүй байсан гэсэн. Ө ахынх төв дээр байдаг байж байгаад өвөл нь О-д тавьдаг байсан гээд байгаа юм. Х ах О-г чи хүүхэд байхдаа намайг дийлдэггүй, надад зодуулаад явдаг банди байсан биз дээ, намайг ямар байсныг Г мэднэ, тийм ээ гээд Г ахаас асуугаад байсан. Х ах хоёулаа гаръя, гарч бие засаад ирье гээд О-тай гарсан. Э, Г ах, бид гурав үлдээд сууж байсан чинь Г ахын эхнэр цонхоор харсан байх хүүш гадаа нөгөө хоёр чинь зодоон хийгээд эхэллээ, түргэн гараарай гэсэн. Тэгэхээр нь бид нар гарсан чинь Х ах өвдөг дээрээ өвдөглөөд газар суучихсан ахыг чинь нүдчихлээ гээд сууж байсан. О нь цаана нь зогсчихсон байсан. Г ах О-г шууд очиж барьж аваад цааш нь гэр рүү нь явсан. ...Би яг зодоон хийснийх нь дараа Г ахын хашаанд үзэхэд С.Э ахын нүүр нь нэлээн халцарсан, 2-оос 3-н газар халцарсан байсан. Нүд нь улайчихсан байшингийн гэрэлд харагдаад байсан. Өөр зүйл мэдээгүй. Тэгсэн чинь сүүлд нь шүд унасан гэж Г ахад хэлсэн байсан. Зодоон хийснийхээ дараа яг тэр үед шүд уналаа гэж хэлмээр юм. Тэр үед С.Э ах шүд унагачихлаа гэж хэлээгүй шүү дээ. Өөр гэмтэл, бэртэл би мэдэхгүй. ...Миний биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Т.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сард байсан санагдаж байна. Яг хэдний өдөр байсныг би санахгүй байна. Тэр өдөр А.Онад руу утсаар яриад машины яндан гагнаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь аваад ир гэсэн чинь Отгонбаяр нэг яндан бариад ирсэн. Тэрийг нь гагнаж өгөөд арай дуусаагүй байхад би цэцэрлэг дээр ажилтай болоод явсан. Тэгээд эргээд ирсэн чинь О яндан гагнаж байсан газраа байхгүй байсан. Утсаар нь залгасан чинь манай гэрт орчихсон байсан. Би гэртээ орсон чинь С.Э манайд ороод ирчихсэн байсан. Тэгээд бид гурав гараад нөгөө янданг гагнаж дуусгаад байж байгаад би Э 1000000 төгрөг зээлээч гэсэн чинь тэг тэг гээд надад банкнаас мөнгө авч өгөх гэж Э, О, бид гурав гарсан. Тэгээд банкнаас мөнгөө авахуулаад байтал С.Э О-с нэг шил архи аваад өг гэж гуйгаад архи авахуулсан. Хайрхан гэдэг дэлгүүрээс 0,5 граммтай "Хар чингис" гэдэг нэртэй архи авахуулсан. Тэр архийг бид гурав гадаа машинд хувааж уусан. Тэгж байтал О сургууль дээр хуралтай гээд сургууль руу надаар хүргүүлээд буусан. Тэгсэн чинь С.Э "Болор" гэдэг архи уудаг хүн гээд надаар 0,75 граммтай "Болор" гэдэг архи авахуулсан. Би О-г юу хийж байгаа бол гэж бодоод нэг юм явчихсан юм чинь дуудчихъя гээд залгасан чинь хүрээд ирсэн. Тэгээд бид нар хувааж уусан. ...О "Хайрхан" дэлгүүр ороод нэг шил 0,5 граммтай "Ерөөл" гэдэг архи авч гарч ирсэнг нь дэлгүүрийн гадаа нь хөдөөнөөс орж ирсэн нэг ах байсныг дуудаад гурвуулаа хувааж уусан. Хөдөөнөөс Б ах ороод ирчихсэн байсан. Ба ах тэндээ үлдсэн. Бид хоёр гэр рүүгээ явах замдаа би мөнгийг нь өгөөд "Анги" дэлгүүрээс О-р нэг шил 0,5 граммтай "Ерөөл" гэдэг архи, ундаатай аваад манайх руу очиж уух санаатай явж байтал замд нөгөө Э, С.Э /хоч нь Х гэдэг/ хоёр чинь мотоцикльтой явж байсан. С.Э нь ардуур нь сундалчихсан явсан. Тааралдаад манайд очоод миний авахуулсан нэг шил 0,5 граммтай "Ерөөл" гэдэг архийг хувааж уусан. Уугаад сууж байхад А.Э /хоч нь Б гэдэг/ орж ирсэн. Тэгээд бүгдээрээ уугаад дуусаагүй сууж байхад С.Э О-г чи Ө ямааг хулгайлж байсан хулгайч гээд байсан. Тэгсэн чинь О нь би хүний ямаа хулгайлах хүн биш гээд хэзээ хулгайлсан гэж гүжирдээд байна хө, өдөр судартай нь цагтай нь хэлчих гээд маргалдаад байсан. Тэгсэн чинь манай эхнэр айлд байна, та нар гарч маргалд гэсэн. Тэгтэл С.Э, О хоёр айлд маргалдаад яахав гээд гарцгаасан. ...Манай эхнэр цонхоор хараад хүүш нөгөө хоёр чинь зодолдоод байна гэсэн. Тэгээд бид нар бүгдээрээ гараад салгасан. Би салгаад шууд О-г А.Э-тай хамт гэр рүү нь аваад явсан. Гэрт нь оруулж өгчихөөд бид хоёр манай гэрт буцаад ирсэн чинь С.Э нь Э-тэй явчихсан байсан. Тэгээд А.Э явсан. Би гэртээ амарсан. ...Би А.О, С.Э хоёрыг согтох нь согтчихсон байсан, гэхдээ тэгтлээ ухаанаа алдталаа согтоогүй байсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч А.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...О.Э, О хоёр манайхаас гараад 5-10 минут орчим болсон байх. Би гарснаас нь хойш санаа зовоод цонхоор харсан чинь хоорондоо юм яриад байсан. Тэгээд дахиад нэг харсан чинь С.Э, О хоёр бие биентэйгээ зууралдаад авчихсан байхаар нь би хүүш нөгөө хоёр чинь зодоон хийх гээд байгаа юм биш үү, хурдан араас нь гараарай гэж гэрт сууж байсан хүмүүст хэлсэн. Тэгсэн чинь манайд байсан миний нөхөр Г. Э, А.Э нар гарцгаасан. Би араас нь гарсан. Тэгсэн чинь С.Э /Х гэж дууддаг/ нь миний шүд алга байна, ус хийгээд ир гэхээр нь би буцаад гэрт орж ус авчирч өсөн. Тэгсэн чинь ус уугаад байгаа бололтой байсан. Гантөмөр От-г аваад гэр рүү нь хүргэж өгөх гээд явсан. Тэгээд би С.Э-с ус хийж өгсөн шанагаа аваад гэртээ орсон. А.О, С.Э хоёр согтох нь согтчихсон байсан. ...С.Э О-с хулгайч, айлын ямаа хулгайлсан гээд хэрүүл гуйгаад байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,

Гэрч Г.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би С.Э, А О хоёрыг хоорондоо маргалдаж зодоон хийсэн талаар сонсоогүй байж байгаад С.Э зодоон хийснээсээ хойш 3 хоногийн дараа байх манайд ирсэн. Тэгэхэд нь би харсан чинь С.Энхбаатарын нүүр нь хавдчихсан, хөх няц болчихсон юм манайд ирсэн. Дээд үүдэн шүд нь цохиулаад ойчсон байсан. Надад зодуулсан талаараа С.Э юм хэлээгүй. Яасан юм гэсэн чинь хунд зодуулсан гээд тоймтой юм надад хэлээгүй. Сүүлд нь би хүн амьтны ярианаас О-т зодуулсан гэдгийг нь мэдсэн. ...С.Э нь уул нь их гайгүй хүн байгаа юм. Хүнтэй гоё харьцаатай, уухаараа хүнээс жаахан хэрүүл гүйдаг зантай. Гэхдээ гайгүй, надаас бол хэрүүл гуйж үзээгүй. Би согтуу орж ирэхээр нь унт гээд аашилчихдаг. Миний үгэнд сайн ордог. Ааш зан нь сэргэлэн сайхан ааштай. ажилтай, хөдөөний ажилд маш сайн тийм залуу байгаа юм. ...А.О ч гэсэн ааш зан сайтай, ахаа гээд сүйд л явдаг сайн залуу байгаа юм. Энэ хоёр чинь уул иь багын найзууд баймаар юм, Хоорондо маргалдаж зодолдох нь битгий хэл бие биедээ туслаад явж байх ёстой залуучууд байгаа юм. О ч гэсэн ажилд сайн, барилддаг, үндэсний бөхөөр хичээллэдзг, олон шагнал урамшуулал авсан байх. Сумын заан цолтой, төлөв томоотой, хүнтэй сайхан харьцдаг, шударга, сайн л залуу байгаа юм. ...Би С.Э-г цохиж авч сүртэй юм болоогүй. Архи уугаад байх юм чи гэж сургамж өгөөд нэг алгадаж авсан. Гайгүй амьдралтай байж архи уугаад дүүгээ сургах санаатай С.Э-г нэг алгадсан. Тэрнээс өөрөөр цохиж, зодсон юм байхгүй. ...Би зүүн шанаанд нь баруун гараараа нэг алгадсан. Тийм болохоор шүд нь юу гэж хөдлөх билээ дээ. С.Э-н шүд намайг алгадах үед хөдлөөгүй байсан. Зүгээр байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч Ш.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Э, О хоёрыг зодоон хийсэн талаар мэдээгүй. Би хажууд нь байгаагүй. Зодоон хийсэн гээд байгаа өдөр нь С.Э Гансүхийнд хүнд зодуулчихсан гээд очсон гэсэн. Тэгээд Г намайг гэртээ байж байхад утсаар залгаад Х хүнд зодуулчихсан гэнэ, чи хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би очсон чинь Г-н хашааны гадна хаалганы зүүн талд нь газар хэвтэж байсан. Хажууд нь Гансүх зогсож байсан. Би очоод харсан чинь С.Э-н нүүр ам нь битүү хавдар, амнаас нь цус гоожоод байсан. Гансүх хоёулаа өргөөд гэр рүү нь оруулъя гэсэн. Тэгээд бид өргөөд Г-н гэр рүү оруулаад баруун талын орон дээр нь хэвтүүлсэн. Яасан юу болсон гэж асуусан чинь юм дуугарахгүй байсан. За за гэж хэлчихээд буруу хараад хэвтээд өгсөн. Цэнхэр хурган дээлтэй явсан. Тэр дээлийнх нь энгэр цус болчихсон байсан. Тэгээд би гараад явчихсан. Гэхдээ тэр өдрөө ойр ойрхон хоёр ч удаа очиж эргэж тойрч яаж байна гэж асуусан чинь юм дуугарахгүй байсан. Маргааш нь очиж харсан чинь хэвэндээ хэвтээд байсан, бас нэг их юм яриагүй. Надад О-тай зодоон хийсэн гэх шиг болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Гэрч Ж.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би С.Э, А.О хоёрыг хоорондоо маргалдаж зодоон хийсэн талаар А.О Г багшийн өрөөнд байж байхад орж ирээд утсаар нэг хүнтэй яриад байгааг нь сонсоход одоо очлоо гээд байхаар нь асуусан чинь А.О баларсан юм болоод оо, Х-той маргалдаад барилцаж аваад шүдийг нь цохьсон чинь хүрээд ир уулзъя гээд байна гэж хэлэхэд нь мэдсэн. Га-д байна гээд байх юм надтай уулзъя гээд байна гэхээр нь тэгвэл цуг очьё гээд Г багш бид хоёр О-тай цуг явсан. Г-д ороод Х-н шүд амыг үзсэн. Хоохноогийн урд шүднээс нэг шүд унасан байсан. Нүүр нь жаахан хавдартай байсан. ...А.О-тай нэг хамт олон болохоор нийллэг цайллаган дээр хамт ууж, идэж байх юм. Тэр үед харж байхад янз бүрийн зан гаргаад байхгүй, сайн залуу. Бөх барилддаг, үндэсний бөхийн багш ажил манай сургуульд хийдэг. С.Э-н шүд унасан гээд нэг шүд байхгүй л байсан. Яг аль шүд нь хөдөлсөн, унасан байсныг одоо би санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

Гэрч О.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...А.О ах С.Э ахыг зодсон тапаар би мэдэж байна. Намайг Г ахынхаас гараад ирэхэд С.Э ах газар хэвтчихсэн А.О ах дээрээс нь суучихсан, заамдсан байдалтай гараа зангидаад цохих гэж байсан. Яг цохьсон юм бол би хараагүй. Г ах араас гарч ирээд шууд А.О ахыг хориод болиулаад босгож холдуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

Шинжээч эмч Э.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...С.Э-н биед 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Үзлэгээр дээд ирүүнд зүүн нэг дүгээр шүд, баруун нэг дүгээр шүдний сулрал үгүйрэл гэмтэл тогтоогдсон. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанын хувь хэмжээг тогтоох хэсэгт 52.1-т зааснаар байнгын шүд заах буюу гэмтлээс шатлгаалан авагдаж үгүй болох гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. ...С.Э-н дээд эрүүний баруун, зүүн 1 дүгээр шүдийг өмнө нь суларсан эсэх талаар ямар нэг баримт байхгүй. Өмнө нь суларсан байсан ч цохилтын улмаас унасан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...1 шүдний үгүйрэл гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл, 1 шүдний 2 тийш ганхсан сулрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 82 дугаартай шинжээчийн:

“1. С.Э-н биед дээд эрүүнд зүүн 1-р шүдний үгүйрэл, баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47 хуудас/,

Хохирогч С.Э-н өргөдөл, гэрэл зураг /хх-ийн 3-4 хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-88/,

Шүүгдэгч А.О-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 168 тоот албан бичиг /хх-54/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-55/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/,

Хохирогч С.Э-н шүүхэд ирүүлсэн “А.О-с хохиролд прокурорын шатанд1200000 төгрөг, шүүхийн шатанд буюу шүүх хуралдаанаас өмнө үлдэгдэл 300000 төгрөгөө хүлээн авлаа. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул надгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлт  зэрэг болно.

Шүүгдэгч А.О нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Э-г зодож, түүний эрүүл мэндэд “эрүүнд зүүн 1 дүгээр шүдний үгүйрэл, баруун 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч А.О нь дээрх  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Э-н “шүүгдэгч А.О-т зодуулсны улмаас урд дээд талын шүд унасан” талаар мэдүүлсэн мэдүүлэг, А.О нь хохирогч С.Э-г зодсоны улмаас шүд нь унасан талаар харсан гэрч А.Э, Т.Г, А.Л нарын мэдүүлэг /хх-13-14, 15-16, 21-22/, хохирогч С.Э-н шүд нь унасан байсныг харсан гэрч Г.Д, Ш.Б нарын мэдүүлэг /хх-27-28, 29-30/,  хохирогч С.Э-н эрүүл мэндэд “эрүүнд зүүн 1 дүгээр шүдний үгүйрэл, баруун 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол” учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-47 хуудас/, шинжээч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /хх-50-51 хуудас/, хохирогч С.Э-н өргөдөл, гэрэл зураг /хх-3-4/, шүүгдэгч А.О-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч А.О-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овгийн А.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.О-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн,  хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзлээ. Шүүгдэгч А.О-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.О нь ял шийтгүүлж байгаагүй, хохирогч С.Э-т 1500000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/, хохирогч С.Э-н “хохиролд 1500000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 Шүүгдэгч А.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хангасан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүхэд гаргасан хүсэлт, хохирогч С.Э-н “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 1500000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгчтэй эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд прокурорын ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт А.О-г 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Шүүгдэгч А.О-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж,

Шүүгдэгч А.О-т оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Э-т 1500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт А.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт А.О-г 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч А.О-т оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Э-т 1500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.