| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2408030601675 |
| Дугаар | 2025/ДШМ/518 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/518
2025 05 06 2025/ДШМ/518
С.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/703 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнэ 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.О-д холбогдох 2408030601675 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овогт С-ы С.О-, Өвөрхангай аймагт 1979 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,
Шүүгдэгч С.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ... тоот гэртээ төрсөн эх болох Д.Н-г зодож, биед нь баруун бугалга, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж”, мөн хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх болох 83 настай Д.Н-г 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус тус зодож зөрчил үйлдсэний дараа дахин 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдэхдээ “ахмад настны” эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.С.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч овогт С-ы С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг ахмад настны” эсрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.О-д 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /30 хоног/-ыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан 7 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч С.С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар “240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг /30 хоног/ нэмж нийт 7 сарын хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын “2.2. Эрүүгийн хариуцлага” гэх хэсэг, 6 дахь хуудасны 4 дэх мөрөнд “Шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад оногдуулсан 7 /6 сар оногдуулсан/ сарын хорих ял дээр...” гэж буруу бичсэн байна. Мөн шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, ...” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон...” гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, шүүгдэгч С.О- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 03 дуугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсон байх ба энэ талаар шийтгэх тогтоолын “тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хэсэгт “... цагдан хоригдсон 43 хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй” гэж дурдсан атлаа “ТОГТООХ нь” хэсэгт “цагдан хоригдсон хоноггүй” гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Шүүгдэгч С.С.О-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан гэж хэлсэн боловч гомдол ирэхгүй байж байгаад хэрэг шүүх рүү явсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргасан. Шүүгдэгчийн хувьд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч С.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч С.О- нь :
2.1. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх болох 83 настай Д.Н-г 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдэхдээ “ахмад настны” эсрэг үйлдсэн,
2.2. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ... тоот гэртээ төрсөн эх болох Д.Н-г зодож, биед нь баруун бугалга, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж”, мөн хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь :
- гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5, 103/,
- хохирогч Д.Н-н “...2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 4-11 тоотод 14 цагийн орчим охин болох С.О- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэрт орж ирээд “чамайг ална” гээд миний цээж болон гэдэс руу өшиглөөд араас өшиглөөд байсан. Тэгээд намайг зодоод байж байтал манай бэр болох Ганчимэг салгаад цагдаагийн байгууллагад хандсан. Надтай хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амьдардаг...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирээд л намайг зоддог. Байнга зоддог. Сая 2, 3 удаа ийм үйлдэл гаргаад баривчилгаанд яваад ирсэн...Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй...2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед манай охин С.О- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу гэртээ орж ирээд намайг гэрээсээ хөөгөөд миний гэдэс рүү гараа атгаж байгаад 2, 3 удаа цохиод гараад явсан. Тэгээд 19 цагийн үед согтуу дахин орж ирээд миний зүүн гарын долоовор хуруу хугарсан. ...Би эх хүний хувьд С.О-д үнэхээр гомдож байна. С.О-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. С.О-ийг ороод ирэх бий гэхээс айж байна. ...” /хх-13-16, 106, 108/,
- гэрч Д.Г-ийн “...2024.08.10-ны өдөр би ээж Намхайгийн гэрт ороход С.О- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ээж Намхайг зүүн орноос татаад унагаачихсан нүүр хэсэгт нь гараараа цохиж байсан. ... Намхай миний хадам ээж бөгөөд С.О- төрсөн охин нь, ээж Намхайн зүүн гарын бугуй хэсэг нь хөхөрсөн, хүзүү нь улаан зурагдсан, цээж хэсэг нь мөн хөхөрч няцарсан байсан...Миний мэдэхээр С.О- ээжийгээ 4-5 удаа зодож байсан...” гэх мэдүүлэг /хх 22/,
- гэрч М.Э-ын “...эмээ маань сүүлд л ээж С.О-д зодуулсан гэж хэлдэг, 2024 оны 8 сард эмээ шүүх эмнэлэгт үзүүлсэн гэж хэлсэн, 2025 оны 1 сард эмээгийн нэг гарын долоовор хурууг хугалсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 194/,
- С.О- нь нь 2024.03.18-ны өдөр, 2024.06.10-ны тус тус ээжийгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэлд үйлдсэн болохыг нотолж буй Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 902, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1834 дугаар тус тус шийтгэврүүд /хх 42-45/,
- Аюулын үнэлгээ 8 буюу өндөр гэх үнэлгээний хуудас /хх 48/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 51-58/,
- Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 59-61/,
- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 30-34/,
-хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 38-40/,
-2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийн лавлагаа /хх-63-66/,
- 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “согтуу ирээд ээжийгээ зодоод байна” гэсэн согтуурсан мансуурсан хүний саатуулсан тэмдэглэл /хх-49/,
- шинжээчийн дүгнэлт: Д.Н-н биед баруун бугалга, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмыг 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна /хх-23-25/,
- Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Н- 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж эмчилгээ үйлчилгээ авсан баримт /хх-40/,
- шүүгдэгч С.С.О-ийн “...ээж намайг гэрээсээ хөөдөг тул бид хоёрын дунд маргаан байнга гардаг. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Болсон үйл явдалд харамсаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-188/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүгдэгч тухайн нийлмэл гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй дээрх нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжүүд тус тус хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно. Тодотговол:
С.О- нь Д.Н-н төрсөн охин бөгөөд тэд хамт амьдардаг болох нь тогтоогдсон байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-д зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
Д.Н- нь 1941 онд төрсөн буюу 84 настай байх тул бусдын хүчирхийллээс биеэ хамгаалахгүй чадваргүйд тооцогдоно.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т хуульчлан тодорхойлсон ба гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн нэг нь бусад хэн нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд хамаарах” үйлдлийг, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хамаарах” гэмт үйлдлийг тус тус тусгайлан хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон тухайн зөрчлүүд удаа дараа давтагдаж, байнга үйлдэгдсэн байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг”-т шилжүүлэн тооцох үндэслэл, шинж, үйл баримт бүрэн хангагдсан байна.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил бол “байнга” гэсэн шинжгүй буюу гэмт хэрэгт тооцогдох үйлдлийн шинж, үндэслэл бүрэн хангагдаагүй үйлдэл хамаарна гэж ойлгоно. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдох тухайн үйлдэл нь гагцхүү “байнга” давтагдаж үйлдэгдсэн байх нь үндсэн шалгуур, шинж, шаардлага болно.
“Байнга” үйлдэх гэдэг нь тухайн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдох тухайн нэг төрлийн үйлдлийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг хэлэх ба тухайн үйлдлүүд нь гэмт этгээдийн зан төлөвийн хэвшил болсон шинжтэй, цаг хугацааны хувьд засварлагатай эсхүл завсарлагагүйгээр тогтвортой давтагддаг байх гэсэн утга агуулгаар ойлгох нь хууль хэрэглээний практикт хэвшсэн байдаг.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” зодсон нь тогтоогдсон тухайн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж захиргааны шийтгэл хүлээсэн эсэхээс үл хамааран “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж” хангагдсанд тооцно.
Тус шүүгдэгчийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлүүд байнга тогтвортой давтагдаж, түүний зан үйлийн хэвшмэл шинж, хандлагыг агуулсан буюу төрсөн ээжийнхээ эсрэг элдэв аргаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовуурь, шаналгаат байдалд оруулж байсан болох нь тогтоогдсон, тухайн гэр бүлийн хүчирхийллийн үйлдлүүд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор үйлдэгдсэн байна.
Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцох шинж, үндэслэлийг бүрэн хангасан хамгийн сүүлчийн үйлдэл төгссөн үеэс Эрүүгийн хуулиар тогтоосон тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчилнэ.
Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хуульчлахдаа тухайн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдох үйлдэлд өмнө нь захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг үл харгалзан “байнга” гэж үзэн гэмт хэрэгт тооцсон буюу хоёрдмол утгагүйгээр тодорхой байдлаар тусгайлан зохицуулсан болно.
Гэмт хэргийн ба зөрчлийн ойлголт, шинж, хууль ёсны ба шударга ёсны зарчмын утга агуулга тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 2.1 дүгээр зүйл, мөн Зөрчлийн тухай хуулийн 1.2, 1.3, 2.1 дүгээр зүйлд тус тус тусгайлан хуульчлагдсан, гэмт хэрэг ба зөрчил нь илтэд ялгаа заагтай хууль зүйн ойлголтууд тул зөрчилд захиргааны шийтгэл хүлээсэн байх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зохицуулалтын утга агуулгад огт хамааралгүй, тусдаа ойлголт болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон болохыг дурдав.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоохдоо дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн, энэ нь шүүгдэгчийн үйлдсэн нийлмэл гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх прокурорын санал, дүгнэлтийг тус тус үгүйсгэх боломжгүй гэж үзнэ.
4. Харин анхан шатны шүүх нь дээрх шийдвэр гаргахдаа “шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх зэрэг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг зарим талаар хангаагүй” буюу шүүгдэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 44 /дөчин дөрөв/ хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцоогүй, эдлэх ялыг хэрхэн тоолох болон хорих ял эдлүүлэх дэглэмд баримтлах Эрүүгийн хуулийн заалтыг орхигдуулсан байх тул энэ талаарх зохих өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна.
Харин прокурорын эсэргүүцлийг агуулгын хүрээнд хүлээж авсан боловч цагдан хоригдсон хоногийг 43 гэж, мөн тогтоох хэсэгт цагдан хоригдсон хоноггүй гэж бичээгүй байхад бичсэн гэсэн нь буруу болохыг дурдах нь зүйтэй.
5. Шүүгдэгч С.С.О-ийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/703 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан 7 сар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.О-ийн цагдан хоригдсон 44 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.” гэж өөрчлөн найруулж,
5 дахь заалтад:”...дурдсугай.” гэснийг”...дурдаж, шүүгдэгч С.С.О-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт, өөрчлөлт тус тус оруулсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.О-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоногийг түүний эдлэх хорих ялд хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР